Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Шоргоолжнууд өвдсөн нэгнийхээ хөлийг тайрч амийг нь авардаг DNN.mn

Германы Вюрцбургийн их сургуулийн Эрик Франк тэргүүтэй судлаачдын авсан шоргоолжнууд өөр нэг шоргоолжныхоо амийг аврахын тулд гэмтсэн хөлийг нь хазаж, тайран эмчилж буй бичлэгтэй хамт, “Шоргоолжны үүрэн дэх хүсэл тэмүүлэл: хөлийг нь тайрч амийг нь авардаг” нэртэй хэвлэгдсэн BBC агентлагийн нийтлэлийг толилуулж байна.

Вюрцбургийн их сургуулийн судлаачид шоргоолжны дэд зүйл болох “мужаан” гэгддэг хүрэн шоргоолжны нэгэн гайхалтай зан араншинг нээжээ. Эрдэмтдийн баг шинэ судалгаагаар эдгээр шоргоолжнууд нэгнийхээ амийг аврахын тулд гэмтсэн хөлийг нь хазаж тайрдаг болохыг илрүүлсэн байна. Вюрцбургийн их сургуулийн экологич, судалгааны багийн ахлагч Эрик Фрэнк “Энэ бол амьтдын хаант улсад анх удаа шоргоолжнууд нэгнийхээ амийг аврахын тулд түүний биеийн гэмтсэн хэсгийг салгаж, тайрч байгааг баталсан явдал юм. Энэхүү судалгаа нь амьтад, бие биедээ “хагалгаа” хийдэг болохыг харуулсан шинэ тохиолдол болж байгаа бөгөөд энэ нь урьд өмнө хэзээ ч мэдэгдэж байгаагүй амьтны өгөөмөр зан авирыг харуулж байна” гэжээ.

Шоргоолжны колонид урьд нь шархадсан нөхдөө асран халамжилдаг, өөрийн колонийг хамгаалахын тулд амь насаа золиосолдог нь мэдэгдэж байсан ч шинжээчдийн үзэж байгаагаар энэ бол ингэж шууд, амь насыг нь аврах гэсэн хөндлөнгийн оролцооны анхны баримтжуулсан тохиолдол болж байгаа аж. Судлаачид шоргоолжны “нийгэм” болон хүний нийгэм, ялангуяа тэдний нийгмийн бүтэц, харилцаа нь хүмүүстэй гайхалтай ижил төстэй байгааг эртнээс тэмдэглэж ирсэн. Шинэ ажиглалт нь шоргоолжны зан үйл, тэд нарийн төвөгтэй “хүнлэг” үйлдэл хийх чадвартай гэдгийг ойлгуулсан шинэ нээлт болсон байна.

Шоргоолжнууд хүмүүстэй адил янз бүрийн зан авир гаргадаг. Зарим зүйл нь өөрийн үүрэнд навч, мөчир цуглуулан бэлдэж дээр нь мөөг ургуулж, зоог бэлддэг. Бусад нь үүрэндээ “aphids” гэх шавьж байршуулан тэжээж асран, тэдний “сүү” гэж нэрлэгддэг шим тэжээлээр баялаг шингэнийг цуглуулж хооллож байдаг. Хэдийгээр адилхан зүйл шоргоолж боловч хэрэв өөр өөр шоргоолжны үүрнээс гаралтай бол тэд хүмүүстэй адил зөрчилдөөн үүсгэж бүр нэгнийхээ аминд хүрдэг. Шоргоолжнуудын хамгийн сонирхолтой зүйл нь боол шоргоолж бий болгох явц юм. Тэд бусад шоргоолжны үүр рүү хүмүүстэй адил гэнэдүүлэн довтолж, залуу авгалдайнуудыг олзолж, өөрсдийн колонид авчран өсгөж томруулан боол болгодог. Тэд боол шоргоолжнуудыг өөрийн колонийн хэвийн ажиллагааг хангаж байх ажилчид болгож ашигладаг. Гэхдээ тэдний гол зорилго бол өрсөлдөгч колонийн нөөцийг дээрэмдэж өрсөлдөх чадваргүй болгох явдал” гэж Энэтхэгийн Гоа хотын Аранягийн хүрээлэн буй орчны судалгааны төвийн шавьж судлаач доктор Байдя хэлэв. Ийм тулалдааны үеэр дайралтад өртсөн колонийн шоргоолжнууд өөрийн үүрээ маш хүчтэй бүр амь хайргүй хамгаалдаг. Гэсэн ч түрэмгийлэгч шоргоолжнууд хатан шоргоолжийг нь олзолж авбал хамгаалагчид болох цэрэг болон ажилчин шоргоолжнууд эсэргүүцлээ орхиж, колони шууд бууж өгдөг” гэж тус төвийн судлаач Саханашри хэлэв. Учир нь шоргоолжны колонид ихэнх шоргоолжнууд эмэгчин байдаг ч үржих чадвартай нь ганц нэг л байдаг аж. Тэднийг “хатан хаан” гэж нэрлэдэг. Харин шоргоолжны колонид эрчүүд цөөхөн байдаг бөгөөд тэд нэг л зорилготой. Шоргоолжны колонийн оршин тогтнох эхлэл, төгсгөл болдог өөр үүрний хатан шоргоолжнуудтай “нөхөрлөх” явдал. Хатан шоргоолж колони үүсэх, оршиход зайлшгүй шаардлагатай зүйл. Хэрэв тэр үхвэл колонийн оршин тогтнол аюулд орно. Тиймээс бусад шоргоолжнууд довтолгооны үеэр түүнийг хамгаалахын тулд амь насаа эрсдэлд оруулах нь элбэг байдаг гэж доктор Байдяа онцлов.

Үржлийн улирал эхлэхэд хатан хаан болон үржих боломжтой эр шоргоолжнууд далавчтай болж үүрээ орхин “гэрлэх нислэгт” оролцдог бөгөөд энэ нь хатан хаан агаарт байгаа өөр колонийн эрийг сонгож хослон, үр төлөө цус ойртохоос хамгаалах зан үйл юм. Хатан нийлсний дараа газардаж, далавчаа гээж, газар доор шинэ үүр байгуулж, өндөглөж эхэлдэг. Өндөг нь шинэ колонийг өргөжүүлэх ажилчин шоргоолж болж хувирдаг. Энэ үйл явц нь колони цаашид оршин тогтноход хатан хааны гол үүргийг онцолж, яагаад түүнийг олзлогдоход колони бүхэлдээ сүйрэхэд хүрдэг болохыг тайлбарладаг.

Колонийн шоргоолжнууд нь эрх үүргийн тодорхой шатлалтай байх бөгөөд өөр өөр шоргоолжнууд өөр өөр үүрэг гүйцэтгэдэг. “Шоргоолжны харилцааны стратеги бол үнэхээр нарийн төвөгтэй зүйл” гэж доктор Байдяа тайлбарлав. Эдгээр стратеги нь нийгмийн төлөө буюу шоргоолжнууд өөрийн колонийг хамгаалахын тулд амиа золиослоход бэлэн байгааг тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, шоргоолжнууд өөрийн колонийн сайн сайхан байдлыг өөрийн амьнаас дээгүүр тавьж чаддаг. Үүнийг доктор Байдяа тайлбарлахдаа “Бүх амьд организмын гол зорилго бол эрүүл үр удмаа төрүүлж, удмынхаа генийн үргэлжлэлийг хангах явдал юм. Шоргоолжны колонид бүх шоргоолжнууд үндсэндээ эгч дүүс байдаг. Харин хатан бол нөхөн үржихүйн цорын ганц “бие хүн” бөгөөд колонийн ирээдүй түүний өндөгнөөс шууд хамаардаг. Тиймээс ажилчид болон цэргүүд хатныг тэжээх, хамгаалах, авгалдай өсгөх, шинэ шоргоолжнуудын хөгжлийг удирдан чиглүүлэхэд анхаарлаа хандуулдаг” гэж хэлэв.

Шоргоолжнууд өөрсдийн мэдрэхүйн антенуудад ихээхэн найддаг. Жишээлбэл, шоргоолж өөрийн замд таарсан ганцаараа авч явах боломжгүй хэтэрхий том хүнснийг олж илрүүлээд түүний байршлыг өөрийн феромоноор тэмдэглэдэг. Энэхүү химийн бодисыг бас зам дагуу түрхэж, энэ нь GPS системийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд колонийн бусад гишүүд антеныхаа тусламжаар уг том хоол хаана байгааг мэдэж очиж авдаг. Хэрэв шоргоолжнууд антенаа алдвал жолоодох, харилцах, аюулыг мэдрэх чадвараа алддаг. Үндсэндээ антенууд нь шоргоолжны амьд үлдэхэд чухал үүрэгтэй зүйл гэж доктор Дармаражан хэлэв. Байшин, зуслан, харш бүхэн орох хаалгатай. Харин шоргоолжны үүр олон хаалгатай. Тэдний тоо нь колонийн хэмжээнээс шууд хамаарна. Том байх тусам илүү олон байна. Ухаалаг шоргоолжнууд бөөгнөрч, түгжрэхгүйн тулд хэдэн арван, бүр хэдэн зуун гарц гаргадаг. Эдгээр хаалгыг урилгагүй зочдын дайралтаас хатуу ширүүн цэрэг шоргоолжнууд хамгаалж байдаг. Мөн бороо ороход тэд хаалгыг хаадаг. Үүнээс гадна орц, гарц нь шоргоолжны гол агааржуулалтын систем юм. Мөн шоргоолжны үүр өндөг, авгалдай, хүүхэлдэй байрладаг өрөөтэй. Сувилагч шоргоолжнууд тэднийг цаг наргүй асран халамжилдаг. Эдгээр асрагч нар ирээдүй үедээ хамгийн тохь тухтай нөхцөлийг бүрдүүлж чаддаг.

Шоргоолж бол хэмнэлттэй бас ухаалаг амьдардаг. Колонио өсгөхийн тулд хүнсний тогтвортой хангамж хэрэгтэй гэдгийг тэд мэддэг. Иймээс шоргоолжны үүр хүнсний том агуулахуудтай байдаг. Манаач шоргоолжнууд хоолоо хамгаалж, нартай үед агаарт гадаа гаргаж, агааржуулж, хатааж байдаг. Мөн олон мянган оршин суугч байхад тэднээс маш их хог хаягдал үлддэг. Хэрэв колонийн оршин суугчид тэднийг хаа хамаагүй орхидог байсан бол шоргоолжны үүр аль хэдийнэ хогийн овоолго болж хувирах байсан. Тиймээс ажилчин шоргоолжнууд хог хаягдлаа цуглуулж, зохион байгуулалттайгаар тусгай камерт байрлуулдаг. Тэд мөн нас барсан ах дүүсээ тэнд аваачдаг. Ерөнхийдөө ийм өрөө нь шоргоолжны үүрний гүнд тусгай агааржуулалттай тасалгаануудад байрлаж байдаг.

Баавгай, мэлхий, тарвага, шоргоолжны нийтлэг зүйл юу болохыг та мэдэх үү? Тэд бүгд ичдэг. Шоргоолжнууд үүрэндээ тухтай унтаж өвлийн хүйтнийг өнгөрөөдөг. Тэд унтлагын өрөөгөө үүрнийхээ яг төвд байрлуулж, бие биетэйгээ наалдан унтаж, дулаанаа хадгалдаг. Шоргоолжнууд урт өвлийн дараа хаврын нарны дулаан туяанд шарах дуртай. Үүний тулд тэд дээд давхарт тусгай нарлах тагтнууд гаргадаг. Нарны гэрэлд дулаацсан шоргоолжнууд өөрийн дулааныг завгүй ажилтай бусад шоргоолжны биед тараан өгч тус болдог.

Шоргоолжны үүрний хамгийн чухал хэсэг бол хааны танхим юм. Тэнд колонийн тэргүүн ба үүсгэн байгуулагч хатан хаан амьдардаг. Түүний гол ажил бол “хүүхэд” төрүүлэх явдал. Тэрээр дулаан, тайван байхыг илүүд үздэг бөгөөд шоргоолжны үүрээ ховорхон орхидог. Хатан хааны амьдралд шаардлагатай бүх зүйлийг өндөр халамж бүхий түүний гэр бүлийн бусад гишүүд гүйцэтгэдэг аж.

Орчуулсан

Г.АМАРСАНАА

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *