Categories
мэдээ цаг-үе

Ш.Раднаасэд: АТГ-аас намайг дуудаж байцаагаагүй

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдтэй ярилцлаа.


-Та Хууль зүйн байнгын хорооны дарга. Сүүлийн үед авлига болон албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэргүүд их гарах боллоо. Иргэдийн хамгийн ихээр итгэдэг шүүхийн байгууллага авлигад автсан талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гишүүн хэлсэн байх жишээтэй. Энэ бүгдийг яаж эмх цэгцэнд нь оруулах ёстой вэ?

-Эхлээд нэг зүйлийг тодорхой болгох хэрэгтэй. Х.Нямбаатар гишүүнээс эхлээд шүүгчдийн хөрөнгө орлогыг ил тод болгохоос эхлээд дэвшилттэй зүйлс байна. Тэр хөрөнгө хууль ёсных мөн үү, биш үү гэдэг өөрөө ярвигтай. Тэдэн дунд бизнес эрхлэгч хүн ч байгаа байх. Бүр бизнесгүй ч байж магадгүй. Үүн дээр хууль хяналтын байгууллага шалгалт хийж байгаа байлгүй дээ. Шалгалт хийсний дараа сайн, муу гээд хоёр талтай ялгагдаад гараад ирэх ёстой. Энэ үед буруутай этгээдэд нь хариуцлагаа тооцдог байх шаардлагатай. Хоёрдугаарт, шүүгч, прокуророор очиж байгаа хүмүүс мэдлэг, боловсрол, ёс зүй болон ёс суртахууны хувьд өргөсөн тангарагтаа үнэнч байна уу, энэ хүн яаж томилогдов гэдэг шүүлтүүрийг бид бодох ёстой.

Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг таван хүн сууж байгаад бүх насаар нь шүүгчээр томилохыг санал болгодог. Миний хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийг өргөн бүрэлдэхүүнтэй болгох ёстой гэж боддог. Олон нийтийн оролцоотой байх ёстой. Зайлшгүй энэ л хүн чадна гэдэг мэргэжил болон ёс суртахууны соёлтой хүмүүсийг бид тавьж, дараа нь шүүхээс гарсан шийдвэр ариун тунгалаг байна гэдэг итгэл үнэмшлээ олж авах юм. “Цалин бага байгаа учраас шүүгч нар авлигад автаад байна” гээд байхаар нь цалинг нь нэмсэн.

Өнөөдөр төрд алба хашиж байгаа хүмүүсээс хамгийн өндөр цалинг шүүгч нар авч байна. Гэтэл шүүх асуудлыг мөнгөтэй талд нь шийдээд явж байгаа асуудал бий. Шүүгч гэж хэн байх вэ гэдэг асуудлаа бид эхлээд ярих ёстой. Тиймээс Шүүхийн захиргааны тухай хууль, шүүгчийн эрх зүйн байдалтай холбоотой асуудлууд дээр нухацтай хууль тогтоомж Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр хийгдэж байгаа гэж сонссон. Ингэж байж тодорхой болно.

Түүнээс биш шүүгч нар бүгдээрээ авлига авдаг, тэр нь авлига өгдөг гэдэг мэдээлэл алга.

-Шүүгч хүний амь, амьдралыг дэнсэлдэг. Шүүхийн шийдвэр яаж гарна түүгээрээ хүний хувь заяа хэмжигддэг. Гэтэл шүүгч нарыг хянадаг байгууллага алга. Тиймээс энэ бүхэн даамжираад байгаа юм биш үү?

-Ачааллын хувьд шүүгч нар дээр маш их хэрэг очдог. Шүүгч нарыг хянадаг, шалгадаг эрх зүйн тогтолцоо чухал. Тэр хүмүүс бага зэрэг айдастай байх ёстой биз. Түүнээс биш, би шүүгч учраас гүйцэтгэх ажиллагаа явуулж, мөрдөж, шалгаж болохгүй. Миний хойноос дагах, утас чагнаж болохгүй, намайг ингэж болохгүй би хуулиар хамгаалагдсан субъект гэдэг ийм нөхцөлд ажиллаж байна. Буруу хэрэг хийсэн бол түүнийг нь илчилдэг, шалгадаг статусыг бусад субъектэд нь өгөх хэрэгтэй. Мэдээж шүүх засаглал хараат бус байх ёстой. Шүүн таслах ажиллагаа явуулахад нь хэн нэгэн хөндлөгөөс нөлөөлж болохгүй. Шүүгч хуулийн хүрээнд чин шударгаар ажиллъя гэж байгаа бол шударгаар ажиллаж байгаа гэдгийг нь шалгадаг эрхийг нь өөр субъектэд өгөх зайлшгүй шаардлагатайг дахин хэлье.

Өнөөдөр хууль шүүхийнхэнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа АТГ дээр хийгдэж байгаа. АТГ гэж бүх зүйлийг шалгадаг хүчтэй байгууллага хэрнээ ажиллаж байгаа бүтэцийн хувьд бага байна. Дорвитойхон өөрчлөлт шинэчлэл хийхгүй бол хүнд. Ёс зүйн алдаа гаргасан шүүгч тухайлбал яадаг юм. Бүх насаараа томилогдсон тэр хүн жижиг алдаа гаргасан бол үүнийхээ хариуцлагыг хүлээдэг, шүүгчийнх нь эрхийг хасдаг гэх мэтчилэнгээр хариуцлагын механизмыг оруулж ирэхгүй бол ний нуугүй хэлэхэд шүүхтэй холбоотой яриа ард түмний дунд их байдаг. Энэ арга замыг таслан зогсоохын төлөө явах ёстой. Үүнийг өөрчилж байгаа нь тэр гээд буруу хүмүүсийг шүүгч болгох юм бол эргээд улс орондоо хохиролтой нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй.

Хүн хүний эрхэнд ордог хоёрхон статус байдаг. Нэг нь эмнэлэг, нөгөөх нь шүүх. Яг тэдний хэлснээр явдаг. Хүний эрхийн асуудлыг шийддэг байгууллагуудын алба хаагчдын сонгон шалгаруулахаас эхлээд бүх зүйл нь байж болох хамгийн төгс хууль тогтоомжийг бид хийж ажил явна.

-Та хуульч хүн. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой маргаан Үндсэн хуулийн цэц дээр хэлэлцэхэд УИХ-ыг төлөөлөн орж ялалт байгуулсан. Гэвч нөгөө талдаа Стандарт банкны барьцаанд байгаа 51 хувийн асуудал тун бүрхэг болчихлоо. Энэ тал дээр хуульчийн байр сууринаас хэрхэн хандаж байгаа вэ?

-Эрдэнэтийн 51 хувь дээр нэг зүйл ойлгомжгүй байгаа юм. Хүний өмнөөс хуурамч гарын үсэг зураад хууль бусаар гэрээ байгуулсан нь дотоодын болон гадаадын шинжээчдээр нотлогдсон тохиолдолд баталгаа гаргасан гэх гарын үсэг хуурамчаар үйлдсэн, хуудсыг нь өөрчилсөн бол нэр гараад байгаа хүмүүс хариуцлага хүлээх ёсгүй. Хуурамчаар гарын үсэг үйлдсэн тал хариуцлага хүлээх ёстой. Арбитрийн шүүхийн шийдвэр ч тэгж гарах ёстой юм. Гэтэл яагаад Эрдэнэт үйлдвэр хариуцлага хүлээнэ гээд шийдвэр гарсан бэ гэдэг нь сонирхол татаж байна. Эндээс өгсөн мэдээллүүд дутуу байснаас болж ийм байдал үүссэн байхыг үгүйсгэхгүй. Үүнийг хамгийн түрүүнд магадлах ёстой.

Хоёрдугаарт, Төмөр зам яг ижилхэн нөхцөлөөр Арбитрийн шүүхэд хандахад Монголын тал буруугүй гэж гарсан. Гэтэл Эрдэнэт дээр Монголын тал хариуцна гэчихлээ. Арбитрийн шүүхэд явуулсан бичиг баримтаа зэрэгцүүлээд харахад хэн алдаа гаргасан бэ гэдэг нь харагдана. Миний хувьд Эрдэнэт үйлдвэр Арбитрийн шүүхийн шийдвэр дээр давж заалдах ёстой гэж харж байгаа. Монголын тал Эрдэнэт үйлдвэр хариуцлага хүлээхгүйгээр буруу зүйл хийсэн хүмүүс нь хариуцлагаа хүлээдэг тэр зарчим руу явах ёстой.

-Ш.Батхүү гэж хувь хүний авсан зээлийг Эрдэнэт үйлдвэр төлнө гэх юм. Ийм зарчим байдаг юм уу?

-Баталгааны гэрээ гэж байдаг. Зээл аваад эргэн төлж чадахгүй бол бид төлнө гээд баталгаа гаргасан бол зайлшгүй төлөх ёстой. Гэтэл Ш.Батхүү гэдэг нөхөр хэн нэгний өмнөөс гарын үсгийг нь дуурайлгаж зураад, гэрээн доторх зарим хуудсыг нь сольсон гээд байгаа. Тэр сольсон хуудас дотор нь баталгааг нь бид хариуцна гэдэг ч юм уу, юу бичээд зээл авсан юм бол. Үнэхээр тийм зүйл болсон нь үнэн бол Эрдэнэт үйлдвэр хариуцлага хүлээх ёсгүй. Ш.Батхүү хариуцлагаа хүлээгээд явах ёстой. Арбитрийн шүүх ч гэсэн Монголын тал төл гэдэг шийдвэр гаргахгүй.

-Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой маргаан шийдэгдэх дөхөж байна уу. Үндсэн хуулийн цэц бол УИХ-ын 23 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй гээд үзсэн. Гэтэл шүүх дээрээ Засгийн газар ялагдчих гээд тун хэцүү байна л даа…

-Одоо нэг мөр болох байлгүй гэж харж байгаа. УИХ-ын гаргасан шийдвэрийг Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль зөрчөөгүй гээд эцсийн шийдвэрээ гаргасан. Засгийн газар тодорхой түвшинд ажиллах ёстой.

Цэцийн шийдвэр гарчихсан болохоор Засгийн газар процессын алдаа гаргачихгүй бол шүүх дээр ялагдах үндэс байхгүй.

-Тантай холбоотой Раднаасэдийн 99 авлига гэж нэрлэж байгаад 500 сая төгрөг авсан гэдэг асуудалд нэр холбосон. АТГ-аас таныг шалгаж эхэллээ гэдэг мэдээлэл гарч байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?

-Цаанаа зорилготой мэдээлэл түгээж байна. Говь-Алтай аймагт сонгууль их эрт болж байгаа юм байна даа л гэж харж байгаа шүү. Нэр дэвшсэн сөрөг намынхны хийж байгаа ажил болов уу. раднаасэдээс болж эрх ашиг нь хөндөгдөж, болохгүй бүтэхгүй зүйлийг нь хаасны төлөө энэ хүнийг дарах ёстой гээд ийм зүйл хийж байгаа байлгүй. Ц.Нямдорж гээд нэг хэсэг дайрсан. Дараа нь Ж.Батзандан гээд дайрсан. Одоо Раднаасэдийг гэж байгаа юм байлгүй.

-Таны дансанд 500 сая төгрөг нэг компаниас шилжиж орсон нь үнэн гээд байна. АТГ-аас мөн таныг дуудаж байцаалт авсан гэх юм. Үнэн үү?

-Тийм юм байхгүй. АТГ-аас намайг дуудаж байцаагаагүй.

-Хаврын чуулганыг ирэх долоо хоногт нээнэ. Энэ удаагийн чуулганаар Хууль зүйн байнгын хорооноос ямар хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх вэ?

-Байнгын хороо өнгөрсөн намын чуулганаар багагүй ачаалалтай ажиллаж, чамлахааргүй олон хуулиудыг батлан гаргасан. Чуулганы завсарлагааны хугацаанд ажлын хэсгүүд гарч хуулийн хэрэгжилт дээр хяналт тавин ажиллаж байна. Их хурал хууль батлаад байдаг. Гэтэл нөгөө талдаа хуулийн хэрэгжилт ямар байгаа болон хуулинд дутуу орхисон зүйлс юу байна гэдгээ эргэж харж байхгүй бол бид хууль баталсан нэр зүүж, нөгөө талд нь хуулийг мушгин гуйвуулахаас эхлээд сөрөг асуудлууд үүсдэг. Хуулийг даган олон журам гардаг. Хуулиасаа давсан жинхэнэ хүнд суртал бий болсноор хуулийн харилцаанд орж буй хүмүүсийн амьдралд зовлон нэмдэг. Тиймээс Их хурлаас батлагдан гарч буй хуулиуд дээр онцгой анхаарах ёстой гэдэг зарчмын байр суурь баримтлан ажиллаж байгаа.

Ирэх хаврын чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль түүнийг дагасан дөрвөн хуулийг багцаар нь хэлэлцэнэ. Хүн харахад тэр бүр мэдэгдэхгүй мэт боловч улс орны хэмжээнд улсын бүртгэл маш том хариуцлага байдаг. Нөгөө талдаа асар үр дагавартай л даа. Үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдтэй холбоотой олон бүртгэлийн асуудал дээр шинэ түвшинд гарсан цахим бүртгэлээс эхлээд шийдвэрлэхээр зүйлс уг хуулиудад туссан. Мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцэхээр жагсаалтад орсон. Монгол Улсаас орж гарч байгаа мөнгөний урсгалд татварын байгууллагаас тавих хяналт, ялангуяа хаалттай бүс гэгдэх оффшор бүст гарч мөнгөний асуудал анхаарал татах болсон. Хууль бусаар мөнгө олж түүнийгээ угаах явдлыг цэгцэлж хууль ёсны болгох тал дээр түлхүү анхаарах цаг хэдийнээ болчихоод байна. Өнөөдөр бид гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн тухай ярьдаг. Гэтэл цаана нь гэмт хэрэг үйлддэг зам нь нээлттэй үлддэг. Энэ замыг хаахгүйгээр үр дүн гарахгүй. Тиймээс мөнгө угаах асуудал дээр нэлээд нухацтай ажиллана. Хэлэлцүүлэх хуулийн төслөө Засгийн газар өргөн барьчихсан.

-Эрүү болон Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уу?

-Саяхан батлагдсан Эрүү болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Зөрчлийн хуулиуд болон түүний хянан шийдвэрлэх тухай хуулиудыг эргэн харахгүй бол ойлгомжгүй зүйлсээс болж иргэдэд чирэгдэл үүсч байгааг хэлж байна. Тиймээс үүнийг засаж залруулах тал дээр анхаарна. Хуулийг баталж, хэрэгжүүлнэ гэдэг бол ойлголт нэг байж зөв зүйтэй хууль болдог. Тэгэхгүй бол хууль хэрэгжүүлж байгаа байгууллагууддаа хүндрэл, бэрхшээл гарч байгаа. Ялангуяа Зөрчлийн хууль дээр харагдаж байна. Эрүүгийн хуулиудтай холбоотойгоор цагдаа, шүүх, прокурор, өмгөөллийн байгууллагууд болон Эрүүгийн хуулийн ихэвчлэн хэрэглэдэг байгууллагын төлөөллийг томоохон хэлэлцүүлгүүдийг хийсэн. Хууль хэрэгжүүлэхэд ямар хүндрэл байна вэ, хэрэглэх явцад хууль хооронд болон байгууллага хоорондын зөрчлүүд ямар зүйл дээр их гарч байгаа талаар хоёр өдөр хэлэлцсэн. Энэ хүрээнд гарсан тодорхой санал зөвлөмжүүдийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.

Удахгүй бид Зөрчлийн хуулиар томоохон хэлэлцүүлгүүдийг хийнэ. Уг хууль төр талаасаа 27 байгууллагын албан тушаалтны оролцоотойгоор хэрэгжиж байгаа. Мэдээж цаана нь иргэд, бизнес эрхлэгчид бий. 27 байгууллага дээр хууль хэрэгжиж буй явц, иргэдэд учирч байгаа хүндрэл бэрхшээлийг тал талаас нь ярьж нэмэлт, өөрчлөлт оруулахгүй бол болохгүй зүйлс байна. Эдгээр хуулиуд хэд хэдэн парламент, Засгийн газар, хэд хэдэн хүний гар дамжиж батлагдсан болохоор зарим зүйл дээр судалгаа дутуугийн улмаас алдсан зүйл байхыг үгүйсгэхгүй. Ялангуяа хүнд хариуцлага тооцох, хариуцлага хүлээлгэх тал дээр нарийвчилсан судалгаа байхгүй бол хэрэгждэггүй, хэрэгжлээ гэхэд иргэдэд хүндрэл учруулдаг.

Эдгээр гол хуулиудаас гадна бусад хуулиуд байнгын хороогоор хэлэлцэгдэнэ. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй хуулиудын нэг нь Казиногийн тухай хууль. Ажлын хэсэг ажиллаж байна.

-Казиногийн тухай хуульд ямар зүйл заалтууд тусаж байгаа бол. Казиногийн тухай хуулийг өмнөх парламент хэлэлцэнэ гэж байхад казиног дагаж муу муухай зүйлс манай улсад орж ирнэ, монголчууд бүх хөрөнгөө алдаад дуусна гэж байсан. Нөгөө хэсэг нь аялал жуулчлалаас эхлээд монголд хөрөнгө орох том боломж гэж байсан л даа…

-Нэгдүгээрт, казино байх уу, үгүй гэдэг нь өөрөө бодлого л доо. Хоёрдугаарт, монгол хүн энэ казинод орох уу, үгүй юу гэдэг нь нөгөө үндсэн асуудал нь. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Их хуралд өргөн баригдсан уг хуулийн төсөлд монгол хүн монголд байгаа казинод орохгүй байхаар хуулийн төсөл хийгдсэн. Казиног дагаж сайн, муу зүйлс орж ирдэг. Ялангуяа мөнгө угаахаас эхлээд нийгмийн сөрөг үзэгдлүүд гардаг. Ажлын хэсэг үүн дээр анхаарал хандуулж байгаа байх. БОАЖ-наас эхлээд холбогдох газрууд тодорхой түвшинд судалгааны ажил хийсэн.

-Казино байгуулахын давуу тал нь юу юм бэ. Мэдээж хуулийн төслийг боловсруулахын тулд эдийн засгийн тооцоолол хийсэн байж таараа…

-Манай орны татварын орлого нэмэгдэнэ. Учир нь казино байгуулах зөвшөөрөл нь өөрөө маш өндөр үнэтэй. Үүнийг дагаад орж буй тоглоомын төрлөөсөө хамаараад ширээ, автомат тоглоомын хэрэгсэл нь НӨАТ, Онцгой албан татварыг хилээр орж ирсэн даруйдаа төлөхөөр туссан. Жил бүр төлөх татварын хэмжээ нь өндөр. Казино байгуулагдаад ажиллалаа гэхэд эдийн засаг талдаа өгөөжтэй. Татвараар л гэхэд улсын төсөвт багагүй мөнгө хуримтлагдах тооцоо ирүүлсэн.

-Мөнгө угаах болон тер-роризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орно гэлээ. Яг бодлогын ямар өөрчлөлт орох вэ. Манай орныг мөнгө угаах эрсдэл бүхий орон гээд татварын хар жагсаалтад хүртэл оруулж байсан шүү дээ?

-НҮБ-ын Мөнгө угаах болон терроризмын эсрэг конвенцид Монгол Улс нэгдэн орсон. Энэ хүрээнд өөрсдөө эрх зүйн орчноо бүрдүүлэх ёстой байдаг. Бид хүлээсэн үүргийнхээ хүрээнд хуулиа батлаад, хэрэгжүүлээд явж байна. Одоогийн зохицуулалт өргөн хүрээнд хамардаг. Ялангуяа татвараас зайлсхийж хууль бусаар мөнгө олсон, түүнтэй холбоотойгоор хууль ёсны болгох хийгээд банктай холбоотой зохицуулалтууд нэлээд бий. Энэ чиглэл рүү нэмэлт, өөрчлөлт түлхүү орно. Өөрөөр хэлбэл Мөнгө угаахтай холбоотой санхүүгийн төв Монголбанкин дээр ажиллаж байгаа. Уг албаны үйл ажиллагааг өргөтгөх, сайжруулахаас гадна гадагшаа хууль бусаар шилжиж буй мөнгөний урсгалыг хянах хэмжээний болгох хэрэгтэй. Энэ урсгал дээрх хяналтаа сайжруулах чиглэлд хуулийн төсөл хийгдсэн.

-Иргэдийн амьдралд шууд утгаараа тусдаг хуулиуд гэвэл Эрүү болон Зөрчлийн хуулиуд. Эдгээр хуулиудад ямар нэмэлт, өөрчлөлт орох гэж байна вэ. 2002 онд Ц.Нямдорж сайд байхдаа уг хуулиудыг баталж байсан. Өөрөөс нь өөр хүн хуульд гар хүрлээ гээд багагүй бухимдаж байна гэдэг шүүмжлэл ноднин явсан. Дахин сайд болоод уг хуулиудын шинэчилсэн найруулгыг хуучин хэвээр нь байлгах гэж байна гэсэн хардлага байна л даа…

-Эрүүгийн хууль 2015 онд батлагдсан. Үйлчлэх хугацааг нь түр хойшлуулсан байсан тул өмнөх Засгийн газар нэмэлт, өөрчлөлт хийсэн л дээ. Эрүүгийн хууль хоёр их гүрний дунд оршиж байгаа Монгол Улсын хувьд тусгаар тогтнолын дархлаа. Түүнээс ганц хоёр гэмт хэрэгтний асуудал огт биш. Х.Тэмүүжин сайд байхдаа боловсруулаад Д.Дорлигжав сайд болоод бага зэргийн өөрчлөлт оруулж батлуулсан. С.Бямбацогт нэмэлт, өөрчлөлт хийсэн. Өөрөөр хэлбэл Х.Тэмүүжин толгойтой, Д.Дорлигжав цээжтэй, С.Бямбацогт хөлтэй хууль болсон гэсэн үг. Уг хуульд сайн зүйлс бий. 2002 оны хуулийг буцаан хуулинд суулгах гэж байна хэмээн хардах хэрэггүй. Мэдээж эрүүгийн хэрэг мөрдөхтэй холбоотой хугацаа хоног болон бусад дэвшилттэй зүйлсийг аваад явах боломжтой. Эрүүгийн хуульд олон хүн орж хийж, хэлэлцэж, олон гар дамжих тусмаа бурууддаг. Энэ хуулийн нэг үг, үсгийн цаана хэдэн мянган хүний амьдрал шийдэгдэж байдаг, айхтар хууль. Эрүүгийн хуулийг ярьж биш бодож хийдэг. Хүн бодлоо дуусгаж байж бичих ёстой. 2002 оны хуулийг Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, цагдаагийн байгууллага, эрдэмтэд гэсэн цөөн хүн уг хуулийг хийсэн. Харьцангуй давуу тал ихтэй. Гэмт хэрэг ир гарч, гэмт хэргийн нөхцөл хүндрэх гэж байхад үүнийг зогсоосон. Зарим нааштай үр дүнгүүдээ бид мартчих юм даа. Тухайлбал, мал, модны хулгай хэрээс хэтэрсэн зүйлсийг эмхэнд нь оруулсан чанга талдаа хууль. Тэгж байж нийгмийн зөв, бурууг тогтоон барьдаг. Эрүүгийн хууль нэг талдаа гэмт хэрэг хийсэн хүнийг гэсгээхээс гадна нийгмийн эрх зүйн ухамсрыг бий болгоход чухал нөлөөтэй байдаг. Одоогийн хуулинд ЦЕГ, АТГ, Улсын дээд шүүх, прокурор дээр тодорхой өөрчлөлт оруулах санал өгсөн. Ялангуяа өмгөөлөгч нарын зүгээс саналаа илэрхийлэх нь их байгаа. Тиймээс саналуудаа тусгаад нэмэлт, өөрчлөлт Их хурал руу орж ирэх байх. Тэгж байж энэ хууль батлагдлаа гэнэ. Түүнээс биш өнөөдөр баталсан хуулиа маргааш нь өөрчлөөд явна гэдэг буруу. Миний зарчмын байр суурь ядаж энэ хуулиа хоёр жил хэрэгжүүлчих юмсан гэж бодож байсан. Мэдээж янз бүрийн шүүмжлэх зүйлс байсан шүү. Хуулийг нэг, хоёр жил хэрэгжүүлээд бодит нөхцөл байдлыг харж байгаад дараагийн өөрчлөлтөө ярих байлгүй дээ гэж бодсон. Гэтэл хууль батлагдахаас эхлээд энэ хууль хэрэгжихэд хүнд гэдгийг зарим хүн хэлж байсан. Сая хэлэлцүүлгийн шатанд хуулийн байгууллагынхан саналаа хэлсэн. Засаж залруулах зүйлс харагдаж байна лээ. Алдаа гарсан л бол жижиг гэлтгүй засах ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *