Categories
мэдээ цаг-үе

Ш.Мөнхбаяр: Урлаг уран бүтээлчийг хүмүүжүүлж, уран бүтээлч нийгмийг хүмүүжүүлдэг

“Толбо”, “Үзэсгэлэнт 12 сар”, “Явуулын хүн”, “Бүү март”, “Амжих уу хайр аа” зэрэг уран сайхны кинонуудад гол болон туслах дүр бүтээсэн жүжигчин Ш.Мөнхбаяртай ярилцлаа.


-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та багаасаа л жүжигчин болохыг мөрөөдөж байсан байх. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Манайх гэдэг айл долоон хүүтэй. Би айлын отгон хүү нь. Ах нар маань инженер, эдийн засагч болон цэрэг хүчний байгууллагад ажилладаг хүмүүс. Харин би л ганцаараа урлагийн хүн. Аав минь санхүү, эдийн засгийн хүн байсан. Тийм болохоор эдийн засагч болох хүсэлтэй байлаа. Намайг арван жилээ төгсдөг жил буюу 2001 онд Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургууль манай аймагт элсэлтээ авах гэж ирсэн. Тэр үед манай найзууд хамт шалгалт өгье гэсэн. Тэгээд хамт өгсөн л дөө. Гэвч тэнцээгүй. Тэгтэл удалгүй шалгалтынхан намайг дуудаж, чамд урлагийн царай зүс, бие бялдар материал байна гэж хэлсэн. Тухайн үед том ах минь шалгалтын багш нараас “манай дүү үнэхээр авьяастай бол ав. Авьяасгүй бол хэрэггүй” гэж шулуухан асуугаад л би сургуульдаа орсон доо.

-Та эдийн засагч болох хүсэлтэй байсан гэлээ. Ер нь танай удамд урлагийн хүн бий юү?

-Манай аав хөгжим тоглодог байсан. Харин өвөө, эмээ хоёр минь уртын дууг гайхалтай сайхан дуулдаг хүмүүс байлаа. Миний хувьд уртын дуу сайн дуулж чадахгүй. Богино дуу л дуулна шүү дээ.

-Та анх ямар дүрээр камерын өмнө гарч байв?

-Анхны гол дүр бол “Үнэнээс хол” уран сайхны кинонд мөрдөгчийн дүр дээр ажиллаж байсан. Цаашлаад “Толбо”, “Үзэсгэлэнт 12 сар”, “Явуулын хүн”, “Бүү март”, “Амжих уу хайраа” зэрэг уран сайхны кинонуудад гол болон туслах дүр бүтээсэн дээ. Харин олон жүжгүүдэд туслах дүрээр тоглож байсан.

-Театрт ажилладаг байхдаа ямар жүжиг дээр ажиллаж байв?

-“Үнсгэлжин” жүжгийн Жононгийн дүрд тоглож байсан. Миний өмнө Дооёо ах Жононгийн дүрд тоглож байсан. Тэгээд жүжгээ шинэчлэх хэрэгтэй гээд намайг сонгосон л доо. Хамгийн сонирхолтой нь дэлхийд “Үнсгэлжин” жүжгийн 100 дахь тавилт нь болж байна, Мөнхбаяр аа чи 100 дахь Жонон болж байна аа” гэж Түвшин найруулагч хэлж байсан. Тэр үг сэтгэлд тодхон байдаг шүү. Тэгээд их бэлгэшээгээд уртаа ширээ засаад уран бүтээлчдээ дайлж ёсолсон. Сонсох нь ээ түүнээс хойш гол дүр авсан жүжигчид дандаа тэгж ёсолдог уламжлал тогтсон гэсэн.

-Ойрд та ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Шинэ ондоо ямар ямар ажил төлөвлөв?

-Би энэ онд “Гэр бүл” гэх төслийг хэрэгжүүлэх гэж байгаа. Үүгээр телевизийн таван цуврал контент хийгдэнэ. Сүүлийн үед гэр бүл салалт их болсон шүү дээ. Миний бодлоор гэр бүлийн хоёр хүн хамгийн их нээлттэй, бие биетэйгээ ярилцаж байх хэрэгтэй. Бие биенээ ойлгох хүсэл мөрөөдлийг нь дэмжиж байж гэр бүл бат бөх оршино. Харилцаа хамгийн зөв байх ёстой гэсэн агуулгатай контентийг манай гэр бүл эхлүүлэх гээд явж байна. Энэ бас нэг талаараа гэр бүлийг бат бөх байлгах гэгээлэг, зөв монгол хүнийг харуулахаар зорьж байгаа контент юм. Дээрээс нь гадаадад байгаа монголчууд яаж амьдарч байна, Монголд байгаа монгол айл яаж амьдарч байна гэдгийг харуулах юм л даа. Улс эх орны хундаам суурь нь гэр бүл. Гэр бүлээс улс эх орны хөгжил бүх юм эхэлнэ гэж боддог. Үүнийг бат суурьтай байлгахын тулд уран бүтээлч хүний хувьд зориг гарган хийх гэж байгаа.

-Эхнэртэйгээ та хэзээ танилцаж, гэр бүл болсон бэ?

-Би эхнэртэйгээ Улсын Драмын Эрдмийн театрын үүдэнд анх танилцаж байсан. Одоо хоёр хүүтэй. Тэр ч утгаараа би театрт их хайртай.

-Та номтой хэр ойрхон хүн бэ?

-Угаас урлагийн хүн гэдэг үргэлж л ном уншиж байх ёстой шүү дээ. Дэлхийн сонгодог, Орос, Америк, Өрнө дорнын уран зохиол бүгдийг уншиж байх хэрэгтэй. Миний ном унших сэдэл дунд ангиас эхэлсэн гэх үү дээ. Монгол хэл, уран зохиолын багш унших маш их даалгавар өгсөн. Тэр үеэр л Эрдэнэтийн номын санд суугаад жишээ нь Жек Лондонгийн “Цагаан соёот”, Эрнест Хемингуэй “Өвгөн тэнгис” хоёр гээд олон зохиолуудыг шимтэн уншсан. Одоо ч найзынхаа бэлэглэсэн “Хосын жор” номны амтанд орчихсон байгаа.

-Урлагийн хүмүүс олон хүүхэд залуусын үлгэр дуурайл болдог гэдэг утгаараа үг, үйлдэл нь зөв байх ёстой. Та үүн дээр ямар зарчим баримталдаг вэ?

-Би уул руу гарах их дуртай л даа. Ууланд алхаж байхдаа боддог юм. Би урлагийн хүн болоогүй бол өөр ямар мэргэжилтэй, ямар хүн болох байсан бол гэж. Урлаг хүнийг хүмүүжүүлдэг. Чи өөрөө зөв байх ёстой. Үнэн байх ёстой. Цэвэрхэн байх ёстой. Нэг ёсондоо уран бүтээлчийг урлаг хүмүүжүүлж байна. Уран бүтээлч сайн ажиллаад сайн бүтээл гаргахын хэрээр нийгмийг хүмүүжүүлж байдаг. Миний хувьд ч мөн зөв байхын тулд алхам бүртээ суралцаад л явж байгаа.

-Таны амьдралдаа баримталдаг зарчим?

-Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, бүх зүйлийг дүүрэн хангалуун л гэж бодвол болно. Жижигхэн машинтай байхдаа том машинтай болох юмсан гэж бодох биш, энэ машин минь ёстой явахгүй газар гэж байхгүй дээ гэж бодоод илүү эерэг талаас нь харвал бүх зүйл сайхан. Харин тайзан дээр байхад баримталдаг зарчим бол үнэн байх, сэтгэлээсээ байх. Нэг удаа би ханиадтай тайзан дээр гарч байлаа. Тэгээд жүжиг дуусаад нүүрээ цэвэрлэж байхад миний ханиад зүгээр болчихсон байсан. Ийм үед л яг ойлгодог л доо. Энэ чинь зүгээр нэг жүжиг тоглосон биш тэр зохиол дээр байгаа баатрын амьдралаар л амьдарсан гэсэн үг л дээ.

-Та юунаас илүү их урам зориг авдаг вэ?

-Байгалийн сайхнаас л илүү урам зориг авдаг. Уул хадаар алхах их дуртай. Нөгөөтэйгүүр нөхөрлөл гэдэг хамгийн том хариуцлагыг бий болгодог. Тийм учраас найз нөхөдтэйгөө уулзах бие биендээ урам зориг өгөх бол хамгийн сайхан зүйл.

-Та ирээдүйд ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

-Яг тийм ийм гэхээсээ илүүтэйгээр ямар ч кинонд тоглосон надад өгсөн үүрэг даалгаврыг зуун хувь гүйцэтгэх юмсан л гэж бодож хичээдэг.

-Залуу дүү нартаа ямар зөвлөгөө өгөх вэ?

Нэгдүгээрт, аял гэж хэлнэ. Дотооддоо ч тэр, гадаадаар ч тэр. Аялахад олон газраар явж олон хүнтэй уулзаж танилцана. Тэр бүрт өөрөө, өөртөө үнэтэй зөвлөгөө өгдөг. Хоёрдугаарт, өөртөө маш зөв зорилго тавь. Ямар ч гэсэн өөртөө зөв л зорилго тавьчихвал нөхөрлөл нь ч зөв байдаг, үйлдэл нь ч зөв байдаг, ойр орчим бүх зүйл нь зөв болчихдог байхгүй юу.

Залуу жүжигчин Ш.Мөнхбаярт МУСГЗ яруу найрагч Ү.Хүрэлбаатар шүлэг тэрлэжээ.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *