Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ш.Мөнгөншагай: Бодлогын хүүг нэмсэн нь инфляци, үнийн өсөлт хөөрөгдөлтэй буюу эдийн засаг хүндэрсэн гэсэн үг DNN.mn

Эдийн засагч Ш.Мөнгөншагайтай бодлогын хүүгийн талаар ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Монголбанк бодлогын хүүгээ өсгөлөө. Өмнө хэдтэй байгаад сүүлд хэд болгож өсгөсөн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Монголбанкны зүгээс энэ онд нийтдээ зургаан удаа бодлогын хүүг өсгөлөө. Оны эхээр бодлогын хүү зургаа орчим хувьтай байсан бол хамгийн сүүлд буюу өнгөрсөн баасан гаригт тус хүүг 13 хувь хүргэлээ. Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр 10 хувьтай байсан бодлогын хүү одоо 13 хувьд хүрсэн байна. Ирэх оноос ч бодлогын хүүг өсгөх магадлал өндөр байна.

-Бодлогын хүү гэж ер нь юу вэ. Энэ онд зургаан удаа өсгөлөө гэж байна. Өсгөх нь эдийн засагт ямар ач холбогдолтой юм бол?

-Төв банкнаас арилжаалж буй хамгийн богино хугацаатай үнэт цаасны хүүг бодлогын хүү гэдэг. Онолын дагуу мөнгөний бодлогын хүү нь банкны хадгаламж болон

зээлийн хүүд нөлөөлдөг. Бодлогын хүү нь Төв банкнаас банкуудад санал болгож буй эрсдэлгүй санхүүжилтийн хэрэгслийн хүү учир банкууд бодлогын хүүг бусад санхүүгийн хэрэгслүүдийн хүүтэй харьцуулах замаар шийдвэр гаргадаг. Тухайлбал, бодлогын хүү нэмэгдсэнээр банкууд эрсдэл багатайгаар харьцангуй өндөр өгөөж олох боломжтой болж, банкууд шийдвэр гаргалтаа өөрчилж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, Монголбанкны бодлогын хүү нь банк хоорондын захын хэлцлийн жигнэсэн дундаж хүүгийн хөтөч хүү болдог гэсэн үг. Яагаад өсөөд байна вэ гэхээр энэ нь инфляцийн үзүүлэлтээс шалтгаалж байгаа юм. Өнөөдөр инфляци хоёр оронтой тоонд явж байна. Энэ нь тогтвортой биш улам өсөөд байгаа учраас инфляцийг барихын тулд бодлогын хүүг нэмж байгаа хэрэг. Мөн байнга нэмэгдээд байгаагийн учир нь эдийн засгийн хэт халалт буюу үнийн хөөрөгдлийг багасгах, тогтворжуулах, төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад оршиж байгаа юм. Мэдээж нэг талдаа бодлогын хүүг нэмснээр төгрөг чангарна гэсэн үг. Тэр утгаараа зах зээлд нийлүүлэгдэж байгаа төгрөгийн урсгал эрс багасна. Зарим банкууд зээл олголтоо хойшлуулна гэсэн үг. Өнөөгийн эдийн засагт ам.долларын ханш өдөр ирэх тусам чангарч байгаа. Тиймээс үүний хариуд төгрөгийн ханшийг чангаруулах бодлого буюу бодлогын хүүг нэмэхээс өөр сонголтгүй болж байгаа юм. Товчхондоо бодлогын хүүг нэмж байна гэдэг бол инфляци өндөр, төгрөг суларсан гэсэн үг.

-Бодлогын хүү 13 хувьд хүрсэн нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлт үү. Өмнө манай улсад бодлогын хүү хэд хүрч байсан юм бэ?

-Энэ оны хувьд өндөр үзүүлэлт л дээ. Гэхдээ өмнө 14, 15 хувьд ч хүрч байсан удаа бий. Тэр нь 2008 оны дэлхийн эдийн засгийн гүнзгий хямралаас болоод манай улсын эдийн засагт цочир хүндрэл үүсгэж байсан үе. Тухайн үед буюу 2009 оны эхээр Монголбанк бодлогын хүүгээ 14 хувьд хүргэж байсан. Сүүлд буюу 2016 оны сүүлээр мөн хямралаас болж 15 хувьд хүргэж байсан. Тэгэхээр одоо 13 хувьд хүргэж байна гэдэг бол эдийн засаг асар хүндэрсний илрэл гэж ойлгож болно. Мөн инфляци, үнийн өсөлт зах зээлийн зарчмаасаа хэт хөөрөгдөлтэй байна гэсэн үг. Үүний цаана төрийн бодлого аль нэг түвшиндээ ноцтой алдаа гарсан гэж ойлгож болно. Тэр нь иргэдийн тэмцээд байгаа нүүрсний хулгайчдаас ч болсон байж мэдэх юм. Эдийн засаг, зах зээл гэдэг бол тэнцвэртэй байдлаасаа ашиг олдог, эсвэл нэг талдаа бөөгнөрчихөөрөө уналтад ордог эмзэг ухагдахуун. Тиймээс үүнийг төрийн бодлогоор оновчтой зохицуулж явах учиртай.

-Бодлогын хүүг нэмснээрээ давуу болон сул тал юу байна вэ?

-Бид банкинд мөнгөө хадгалуулахад хадгаламжийн хүүг бидэнд санал болгодог бол банкууд төв банкинд мөнгөө хадгалуулахад бодлогын хүүг санал болгодог. Төв банкийг дампуурах эрсдэлгүй гэж үздэг учир бодлогын хүү нь хамгийн эрсдэлгүй хүүд тооцогддог. Төв банк бодлогын хүүгээр дамжуулан зах зээл рүү нийлүүлэх мөнгөний хэмжээг ихэсгэх үү, багасгах уу гэдгээ шийддэг. Тухайлбал, цар тахлын улмаас сүүлийн 1-2 жилийн хугацаанд томоохон гүрнүүдийн төв банкууд бодлогын хүүгээ буулгаж, зах зээл рүү нийлүүлэх мөнгөний хэмжээгээ нэмсэн. Манай улсын хувьд цар тахал эхлэхээс өмнө бодлогын хүү 11 хувьтай байсан бол 2020 оны эцсээр зургаа болтол нь буулгасан. Үүний улмаас хадгаламж болон зээлийн хүү дагаж буурснаар зах зээлд эргэлдэх мөнгөний хэмжээ ихэссэн. Үүнээс болоод төгрөгийн ханш суларч, үнийн хөөрөгдөл, инфляци огцом өссөн гэж хэлж болно. Тэгэхээр бодлогын хүүг бууруулснаар эдийн засаг сэргэх боловч инфляци хөөрөгдөх сул талтай. Харин чангаруулснаар инфляци тогтвортой болох боловч эдийн засаг агших сул талтай гэсэн үг. Тэгэхээр үүнийг тохируулах шаардлагатай. Тиймдээ ч бодлогын хүү гэж нэрлэсэн байж таарна. Ердөө нэг зоосны хоёр тал л гэсэн үг. Бууруулсан ч, нэмсэн ч адилхан давуу болон сул талтай л гэж ойлгож болно.

-Бодлогын хүүг өнөөдөр нэмлээ гэхэд маргааш эдийн засагт илрэх нөлөөлөл гэж байх уу. Ер нь үр нөлөө нь хэдий хэр хугацааны дараа мэдрэгддэг юм бэ?

-Мэдээж өнөө, маргаашдаа эдийн засагт нөлөөлнө гэж байхгүй. Нөлөөлсөн ч бодит үр дүн үзүүлэхгүй. Бодлогын хүүг нэмснээс хойш 4-5 улирлын дараа эдийн засагт нөлөөлөл нь илэрч эхэлдэг. Харин эсрэгээрээ тэрхүү нөлөөлөл нь алга болтлоо 3-4 жил шаардлагатай байдаг. Ингэхээр бодлогын хүүг алсын харааны бодлогоор нэмж, эсвэл буулгах ёстой. Гэхдээ сая нэг хувиар бодлогын хүүг нэмлээ. Энэ бол эдийн засагт тийм ч том нөлөөлөл үзүүлэхгүй гэсэн үг. Өнөөдрийн үнэ, инфляцийг жилийн дараа яг энэ хэвээр нь байлгахад л бага зэрэг нөлөөлнө.

-Өнгөрсөн намар 12 хувьтай байсан бодлогын хүүг 13 хувь болгож нэмэгдүүлсэн нь мэдээж огцом өсөлт биш. Бодлогын хүүг нэмэгдүүлснээр төгрөг чангарч, ам.долларын ханш тогтворжино гэж ойлголоо. Тэгвэл бодлогын хүүгээ огцом нэмэгдүүлчихвэл яах вэ. Ам.долларын өсөлтийг эрчимтэй багасгах боломжтой юм биш үү?

-Өмнө нь Монголбанк бодлогын хүүгээ 10.5 хувиас 15.0 хувь болгож маш огцом нэмж байсан. Тухайн үед бодлогын хүү өсөхөөр төгрөг сайжирч, доллар буурна гэсэн үндсэн тайлбартайгаар Монголбанк хүүгээ өсгөж л байлаа. Хүү өсвөл өөрийн мөнгөний ханш сайжирна гэдэг бол энгийн, боломжийн ойлголт. Гэхдээ энэ бол онолын нэг талын ойлголт. Тухайлбал, Оросын төв банк 2014 оны сүүлээр ганц шөнийн дотор бодлогын хүүгээ 10.5 хувиас 17.0 хувь хүртэл огцом ихээр нэмсэн. Гэсэн ч рублийн ханш тухайн үед улам унаж байсан түүх бий. Ер нь хүүг хурдан унагаж, удаан өсгөдөг арга илүү ойлгомжтой шийдэл. Тухайлбал, АНУ бодлогын хүүгээ 0.25 хувиас 0.5 хувь хүртэл нэмэхээ бараг 5 жил олон талаас нь ярьж байж шийдэж байсан түүх, туршлага бий. Харин тэд хүүгээ 5.5 хувиас 0.25 хувь болтол огцом буулгахдаа огт эргэлзээгүй. Европт ч гэсэн ийм практиктай. Тэгэхээр буулгахаас илүү нэмэх нь илүү эрсдэлтэй гэсэн үг.

-Эдийн засагч хүний хувьд цаашид Төв банк бодлогын хүүгээ нэмэх шаардлагатай гэж харж байна уу?

-Манай улсад бодлогын хүүг нэмэх, эсвэл буулгах гэдэг бол эдийн засгийг өөрчлөх гол хөшүүрэг биш. Гэхдээ бодлогын хувьд нэмж, буураад явж байх нь мэдээж чухал. Гэхдээ бид эдийн засгаа бодитой нэмэгдүүлье л гэж байгаа бол үйлдвэрлэгч орон болох схем рүүгээ нэн яаралтай орох ёстой. Маш энгийн зүйл. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг. Бидний бэлэнчилсэн сэтгэлгээ аливаа зүйлийг байнга гаднаас харах болж. Нэг зүйл хэрэгтэй болбол өөрсдөө яаж хийх вэ гэж бодохоос илүү үүнийг гаднаас яаж хямдхан авчих вэ гэдгээ л бодож байна. Улс даяараа иймэрхүү сэтгэхүйтэй болчихсон нь л бидний алдаа. Бодлогын хүүгийн нөлөөлөл эдийн засагт тодорхой хугацааны дараа үйлчилдэг. Ер нь нэг шийдвэр гаргалаа гэхэд тэр дороо үйлчилдэг, өөр болчихдог зүйл гэж байхгүй. Үүнтэй адилхан бид бага багаар дотооддоо хэрэгцээгээ хангаж байх нь чухал. Өнөөдөр нэг ч гэсэн үндэсний компани, аж ахуйн нэгж дотооддоо бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаалж л байвал алсдаа эдийн засгийн хараат байдлаасаа салахын үндэс суурь нь болно. Тиймээс энэ дагуу л төрийн бодлого илүү эрчимтэй явах учиртай. Муу ч сайн ч гэсэн өөрсдийнхөө хийсэн зүйл рүү нулимдаггүй байхад л болох юм. Цаашид бодлогын хүү нэмэгдэх эсэхийг Төв банкныхан хуралдаж байж шийдэх байх. Миний харж байгаагаар бодлогын хүү дахин нэмэгдэх хандлагатай гэж үзэж байгаа. Ирэх онд бодлогын хүү магадгүй 15 хувьд хүрэх болов уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *