Categories
мэдээ цаг-үе

Ш.Лхагвасүрэн: Хар тамхитай холбоотой гэмт хэрэг үйлдвэл бүх насаар нь хорих ялаар шийтгэх нь оновчтой

Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор, профессор Ш.Лхагвасүрэнтэй ярилцлаа.


-Манай улсад хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг зургадугаар ангийн хүүхэд хэрэглэх болсон гэсэн. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-19 жил хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой судалгаа, шинжилгээний ажлыг хийж байна. Анх 1999 онд Монголд хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой судалгааг хийж байхад 45 хэрэглэгчтэй учирч байлаа. Тухайн үед урьдчилан сэргийлэх ажил эхэлсэн бол өнөөдөр ийм аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрэхгүй байсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Цагдаагийн ерөнхий газрын судалгааны төв, Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс мэргэжилтнүүд оролцож, Сурагчдын холбоо нийлж, 1067 хүүхдийн дунд судалгаа явуулсан. Судалгаагаар 201 хүүхэд хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн статистик гарсан. Манай улсад хар тамхи, мансууруулах төрлийн бодисын бүх төрлийн хэрэглээ хүүхдүүдийн дунд байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, зургадугаар ангийн хүүхдээс эхлээд арванхоёрдугаар ангийнхан хүртэл багтсан байдаг. Нийт хүүхдүүдийн дундаас тооцоолж гаргахад 140 мянган хүүхэд хэрэглэдэг байж болзошгүй. Судлаачдын ажигласнаар нэг хэрэглэгчийн цаана дөрвөн хүн байдаг гэж үзэх нь бий. Нэг хэргийн цаана арван хүн байдаг юм.

-Хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэг жилээс жилд өсч байгаагийн гол шалтгаан нь юу юм бэ?

-Хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэг өндөр байгаа. Сүүлийн арван жилийн хугацаанд 388 гэмт хэрэгт 1112 хүн холбогдсон. Энэ нь манай улсын хэмжээнд өндөр түвшинд тооцогдоно. Манай нийгэмлэг одоогийн байдлаар 15 судалгаа хийсэн. Манайд өнөөдөр 820 хүн бүртгэлтэй байдаг. Үүний цаана судалгаагаар илрэхгүй байгаа, далд хэрэглээ их бий. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн бүхий л хэрэглээ манайд бий болчихсон байна. Сүүлийн үед залуужих болсон. 13 настай хүүхэд газ үнэрлэж, хэрэглэж байгаад амиа алдчихсан. Нэг ёсондоо мансуурах зорилгоор ахуйн хэрэглээний зүйлийг буруу хэрэглэсэн. Жил бүр хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа. Үүнийг дагаад энэ төрлийн гэмт хэрэг огцом өссөн. Энэ нь нийгмийн аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчихлээ. Тиймээс урьдчилан сэргийлэх ажил түлхүү явагдах ёстой. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага гэмт хэрэгтнүүдийг цагдан хорьж, баривчлах ажиллагааг сайн хийж байгаа. Гэтэл урьдчилан сэргийлэх ажил хоцорч байна гэж үзэж буй. Мөн хар тамхи, мансууруулах төрлийн бодисын талаар иргэдийн дунд мэдлэг муу байгаатай холбоотой.

-Урьдчилан сэргийлэх ажлын нэг хэсэг нь хуулийн чанга бодлого мөн үү?

-Урьдчилан сэргийлэх ажлын нэг хэсэг нь хуулийн чанга бодлого мөн. Үүний эсрэгээр шинэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн заалт суларчихсан байна лээ. Өмнөх хуулийн заалтаас дордчихсон байх юм. Манай хоёр хөршийн хар тамхи, мансууруулах төрлийн бодистой тэмцэх тухай хууль нь маш өндөр санкцтай байдаг. Тодруулбал, ОХУ-д тухайн иргэн биедээ хар тамхи, мансууруулах төрлийн бодисоос хэдэн граммыг авч явсан бэ гэдгээс хамаарч, шууд цаазаар авах хуулийн заалттай. БНХАУ-д биедээ 50 грамм бодис авч явсан бол шууд цаазын ялаар шийтгэдэг юм билээ. Манай улсад граммыг нь огт зааж өгөхгүй байна. Тэгэхээр хуулийг завших асуудал гарч ирээд байна. Тиймээс хар тамхи, мансууруулах төрлийн бодисын граммыг нь зааж, хуулийн гаргалгаанд өөрчлөлт оруулах ёстой.

-Хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг зарим оронд хэрэглэхийг хүлээн зөвшөөрсөн байдаг юм билээ. Хүмүүсийн дунд энэ төрлийн бодисын тунг нь тааруулж, хэрэглэвэл болно гэх зэргээр ярьдаг. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Хар тамхи, мансууруулах төрлийн бодисын тунг тааруулж хэрэглэнэ гэж огт байдаггүй юм. Манайхан архи, согтууруулах ундааг нэг удаа уугаад зогсдоггүй. Үүнтэй адил. Нэг л удаа хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хэрэглээд эхэлсэн бол тунг тааруулж хэрэглэнэ гэж бараг л байхгүй. Хэрэглээ нь өсөн нэмэгдээд л явчихдаг. Өнөөдөр манайд 30, 40 тунгаар хэрэглэдэг хүн бий. Тэрээр өглөө арав, өдөр арав, орой арав гэх зэргээр хэрэглэдэг. Өдөрт хамгийн багаар бодоход 100 гаруй мянган төгрөг зарцуулдаг. Жилд хэдэн мянган сая төгрөг зарцуулна. 10, 20 жил хэрэглэсэн бол хэдэн наяд төгрөг хэрэглэнэ гэсэн үг биз дээ. Жишээлбэл, өсвөр насныхан хар тамхи, мансууруулах төрлийн бодисын нэг тун нь 350 мянган төгрөгөөр олдохгүй байна гэж ярьдаг юм билээ. Тэгэхээр энэхүү аюулт бодисыг хэрэглэхийн тулд залуус хэрэг зөрчил гаргаж эхэлдэг. Мөнгө олохын тулд худал ярина, хулгай дээрэм хийнэ, хүн алахыг завддаг. “Хүн алахаасаа буцахгүй” гэдгийг манай эмэгтэй үйлчлүүлэгч хэлсэн. “Мөнгөтэй хүнийг ална” гэсэн. Яагаад тэр вэ гэхэд “Мөнгө нь хэрэгтэй байна” гэж хэлсэн. Яагаад зарим оронд хэрэглээг хүлээн зөвшөөрдөг юм бэ гэхээр хар тамхины хэрэглээгээ дийлэхээ больсон гэсэн үг. Хүлээн зөвшөөрөхгүй бол шорон, хорих анги, эмнэлэг нь дүүрчихсэн байдаг. Тэгэхээр “Хор багатайг нь хэрэглэ” гэдэг ч юм уу. Асуудал дээр нь очоод үзэхээр хар тамхи хэрэглэдэг орчин бий. Тэрхүү орчинд нь хүлээн зөвшөөрдөг. Түүнээс биш улс орон даяараа хүлээн зөвшөөрчихсөн орон бол Голландаас өөр газар байхгүй. Голландад улс орноороо хүлээн зөвшөөрсөн ч гэсэн одоо тэнд гарахгүй гэмт хэрэг гэж алга. Бүх гэмт хэрэг гардаг. Гудамжинд нь хар тамхи хэрэглэгч манай хогийн цэгийн гуйлгачид шиг сууж байдаг. Шүлс нь гоожоод, уналт таталт өгөөд байж байдаг юм билээ. Тэр хүмүүсийг хэрэглүүлэхээс өөр аргагүй. Хэрэглээг нь зөвшөөрдөг. Манай улсад бүр тэр тусмаа огтхон ч хүлээн зөвшөөрч болохгүй. УИХ-ын гишүүн Н.Оюундарь хэлсэн. Тэрээр “Бараг л хэрэглээг зөвшөөрчихвөл яасан юм бэ” гэж байсан. Үгүй. Үүнийг огт хүлээн зөвшөөрч болохгүй. Гуравхан сая хүний хэдхэн хувь нь л сэтгэл мэдрэлийн өвчтэй болоход бид нар яах юм бэ. Хагасыг нь мэдрэл муутай болгох хууль баталчихвал юу болох вэ. Тэр нь дор хуульгүй байсан дээр. Хар тамхи таван шинжлэх ухаантай холбогддог. Тодруулбал, анагаах ухаан, хууль эрх зүй, философи, социологи, сэтгэл зүй зэргийг хамарна. Энэхүү таван шинжлэх ухааныг хамарч авч үздэг. Тэгэхээр сүйрнэ гэсэн үг.

-Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн хүмүүс ямар байдалтай болдог вэ?

-Тэднийг гадна талаас нь хараад ялгаварлан гадуурхдаг. Хар тамхи архи, тамхинаас 60 дахин илүү хор хөнөөлтэй. Хортой зүйлийг хэрэглэхээр тухайн хүний эрүүл мэнд, гоо сайхан алдагддаг. Турж эцнэ, хөгширнө, ДОХ-той болно гэх зэрэг сөрөг зүйлүүд давамгайлдаг. Тухайлбал, өнгөрсөн онд анх манайд ирсэн хүн амиа алдсан. 40 гаруй насны эрэгтэй хүн байсан. Тухайн хүний ихэнх эрхтэн үхэжсэн байсан. Нэг хөл нь үхэжсэн, суга таягтай. Нөгөө хөл нь үхжээд хэвтэрт орсон. Нас барах өдөр нь чих нь харласан. Бүх эрхтэн нь үхжилтэд орсон. Ингээд амиа алдсан. Хэрэглэгч бүхий л хугацааны турш зовдог. Насан туршдаа зовно. Олдохгүй зүйлийг арай гэж олж аваад хэрэглэнэ. Дараа нь дахин хэрэглэхээр цаг минут тутам үгүйлнэ. Тэрээр арав гаруй жил тэгж явсан. Нас нь ч богиноссон. Хэрэглэсэн цагаасаа л 12 жил амьдарч, амиа алддаг. Хорт хавдар тусч, ямар ч мэдрэмжгүй болдог. Амтлах, үнэрлэх мэдрэмжээ алддаг. Сонсголгүй болно. Тэрхүү амиа алдсан 40 гаруй насны хүн “Чихэнд машин давхиад л байна” гэж ярьдаг байсан. Манайх хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг хүмүүстэй ажилладаг байгууллага. Тэдгээр хүмүүс биедээ хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг авч яваад баригддаг. Тэд нар донгоор өвчилсөн хүмүүс. Тэд хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хэрэглэхгүй бол бие, сэтгэлийн хамаарал нь дон гэх аюултай сэтгэцийн өвчтэй холбогддог. Тэрхүү бодис нь байхгүй бол амьсгалын зам нь боогдоод амиа алддаг юм. Энэ төрлийн бодисыг сонирхож хэрэглэсэн нь давамгайлдаг. 18 жил энэхүү ажлыг улсын хэмжээнд хийлээ. Өнгөрсөн хугацаанд болоод байсан. Үндэсний хөтөлбөр батлуулсан, Үндэсний хороотой болсон. Ингээд ажил урагштай явна гэсэн боловч, санхүүжилт авч чадахаа больсон. Манайд үйлчлүүлж буй иргэдэд манайх санхүүжилтгүй, “Ирэх хэрэггүй” гэж хэлж чаддаггүй. Тэтгэврийнхээ хүрээнд хэдэн төгрөгийн зээл авч болгохыг зорьж, тэмүүлж ажиллаж байна. Мэргэшсэн байгууллагыг огт дэмжихгүй байна гэдгийг хэлье. Манайд ирсэн 14 хүн хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээнээс төгс ангижирч чадсан. Хоорондоо гэр бүл болсон хүмүүс ч бий. Нэг гэр бүлийн хүүхэд эрүүл өсч бойжсон. Харин нэг гэр бүлийн хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй төрж, хүн болж чадаагүй. Энэ нь нөхөн үржихүйд нөлөөлсөн хэрэг.

-Өсвөр насныхан энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн нь суурь хүмүүжилтэй нь холбоотой юу?

-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхийн үүрэг чухал нөлөө үзүүлдэг. Хүмүүс өөрсдөө мэдлэгтэй байх ёстой. Хүүхдийнхээ дотны зөвлөгч нь байх ёстой. Эрдэмтэн “Ээж, аав гэртээ байхгүй ч гэсэн хүүхдээ хүмүүжүүлж байдаг юм” гэж хэлсэн. Ингэхээр хүүхэд аав, ээжийн үлгэр дуурайллаар хүмүүждэг. Бид аав, ээжийнхээ үгнээс гардаггүй тийм л хүмүүжлээр хүмүүжиж ирсэн. Гэтэл сүүлийн үед хүүхдүүд аав, ээжийнхээ үгэнд орохоо больсон. Энэ нь тухайн хүүхдийн ээж, аавын буруу. Хүүхдээ анхнаас нь зөв хүмүүжүүлж чадаагүй хэрэг. Өөрсдөө ч үлгэр дуурайлал үзүүлж чадахгүй байна. Эцэг эхийн зөвлөлийн дарга гэж хүн ДОХ, хар тамхи хоёрыг ялгахгүй байна лээ. Хүүхэд тань хаана, юу хийж байна гэдгийг сайтар анхаарах хэрэгтэй. Дотны зөвлөх, туслагч нь байх ёстой. Бага ангид нь сургуульд зөөж, хүргэж өгчихөөд дунд ангиас нь орхичихдог тал ажиглагдах болсон. Харин ч бага багаар анхаарч, нийгэмд зөв хүн болгож, төлөвшүүлэх ёстой. Монголчууд хүүхдээ гэрлэсэн үед нь ач, зээгээ хүмүүжүүлэх сайхан уламжлалтай ард түмэн. Иймээс аав, ээжүүд анхаарах хэрэгтэй. Хүүхдүүд ч гэсэн муу зүйлээс өөрийгөө татаж авч сурах ёстой. Зөв шийдвэр гаргавал зөв сайхан амьдарна. Хар тамхитай холбогдвол шорон, үхэл хоёр дээр очно гэсэн үг.

-Энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын тулд ямар бодлогоор ажиллах вэ. Хуульд ямар өөрчлөлт оруулах нь зохимжтой юм бэ?

-Ялын бодлогыг чангатгах ёстой. Өмнөх хуулиудаас авах зүйл бий. Тухайлбал, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль гэж бий. Тус хуулийг баримталж, огт ажиллахгүй байна. Тус хуульд хууль бусаар хэрэглэхийг хориглосон байдаг. Хуулийн 13.1.6 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг эмнэлгийн бус зориулалтаар хэрэглэхийг хориглоно” гэсэн байдаг юм. Иймээс хэрэглээг хориглосон заалт зайлшгүй байх ёстой. Хуулиар зөвхөн эмнэлэгт өвчин намдаах зориулалтаар хэрэглэх ёстой гэсэн үг. Хорт хавдартай хүмүүст өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг. Бүхий л судалгаагаар гадаадад сураад ирсэн залуус их хэрэглэж байна. Тэд хорт муу зуршлаа бусдад тарааж буй. Ерөнхийдөө хар тамхи, мансууруулах бодистой холбоогүй улс орон гэж үгүй. Өвчин бий учраас өвчин намдаагч байна гэж үздэг. Өвчин намдаагч, нойрсуулагч зэрэг нь бүгд эмнэлгийн хэрэглээ. Нойрсуулах эм нь сэтгэцэд нөлөөт эм бодис шүү дээ. Үндэстэн дамнаж, зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэх, хялбар аргаар мөнгө олох зорилгоор хил давуулж, наймаа хийвэл хуулийн дагуу маш чанга шийтгэх ёстой. Давтан үйлдвэл бүр чанга байх ёстой. Манайх цаазын хуульгүй. Тиймээс ялын хамгийн дээд хэмжээг өгөх нь оновчтой. Бүх насаар нь хорих хэрэгтэй. Хятадын хуульд бүх насаар нь хорих ялаар шийтгэдэг. Манай улсын Л.Байгалмаа хар тамхины хэргээр Хятадад насаараа хорих ялаар шийтгүүлсэн. Ялын бодлогын хэмжээ чанга байх хэрэгтэй. Тухайн хүнийг хорихоор хар тамхи хэрэглэхгүй, ярихгүй, сонсохгүй таг болчихно гэж үздэг. Тиймээс чангатгах нь зөв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *