Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонези Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэгтэй Улаанбаатарт ажлаар ирээд байхад нь уулзаж ярилцлаа.
-Индонезид суугаа Элчин сайдын хувьд та өнгөрсөн хугацаанд Монгол, Индонезийн харилцааг хэрхэн дүгнэж байна вэ?
-Манай ЭСЯ 2014 онд байгуулагдаад удаагүй байхад аравдугаар сард Индонезийн Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Бид шинээр байгуулагдсан Засгийн газартай хамтын ажиллагааг илүү өргөн байлгахаар ажиллаж байна. 2015 онд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа дэвшилттэй байлаа. Тухайлбал, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ази, Африкийн буюу Бандунгийн Бага хурлын 60 жилийн ойн арга хэмжээнд оролцох үеэр Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо, Төлөөлөгчдийн танхимын дарга Сэтья Нованто, Гадаад хэргийн сайд Рэтно Марсуди нартай тус тус уулзаж, бүхий л салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн.
Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдаан өнгөрөгч оны аравдугаар сард болж, хоёр орны хамтын ажиллагааны цаашдын хэтийн төлөвийг тодорхойлсон. Уг хуралдааныг угтуулан есдүгээр сард хоёр орны Хөдөө аж ахуйн яам хоорондын Хамтын ажиллагааны ажлын хэсгийн хуралдаан болсон юм. Энэ салбарын бараа бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэх боломжийг судлах, хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжихээр тохиролцож чадсан. Хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, Индонезийн парламентад Индонези, Монголын найрамдлын бүлэг анх удаа байгуулагдсан. Тус бүлгийн төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна л даа. Түүнчлэн миний санаачилгаар Индонезийн парламент, Засгийн газрын эмэгтэй гишүүд, сайд нар болон тус улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газруудын эмэгтэй тэргүүн нарын “Ирээдүйг цогцлоох эмэгтэйчүүдийн төсөөлөл” сэдэвт олон улсын эмэгтэйчүүдийн хэлэлцүүлгийг өнгөрөгч оны гуравдугаар сард зохион байгуулсан. Энэ нь цаашид жил бүр зохион байгуулагддаг арга хэмжээ болсон. Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр саяхан батлагдсантай холбогдуулан хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
-Манай орон Индонезид Элчин сайдын яамаа нээснээр ямар давуу талууд бий болсон бэ. Индонези улсын онцлогийн талаар та юу хэлэх вэ?
-Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд Азийн орнуудтай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт олон талт хамтын ажиллагаанд оролцох зэрэг заалт байдаг. Энэ хүрээнд Зүүн Өмнөд Ази дахь хамгийн том орон болоод тус бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүлэх орон болох Индонезитэй бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал юм. Индонези нь Зүүн Өмнөд Ази дахь хамгийн том эдийн засгаас гадна дэлхийн гурав дахь том ардчилал гэдгээр манай оронтой нийтлэг ардчилсан үнэт зүйлсийг эрхэмлэдэг орон. Ер нь хоёр орны хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж бий. Үүнээс гадна манай хоёр орон эртнээс найрсаг харилцаатай байсан бөгөөд энэ жил Монгол, Индонезийн дипломат харилцааны 60 жилийн ой тохиож байгааг мөн тэмдэглэх хэрэгтэй юм.
-Энэ жил Монгол, Индонезийн дипломат харилцааны 60 жилийн ой тохиож байна гэлээ. Энэ хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?
-Хоёр орны дипломат харилцаа нэг жарныг тохиолдуулан бид харилцан хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Манай орны хувьд энэ оны хамгийн чухал үйл явдал болох АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд зохион байгуулах бүхий л арга хэмжээнд Индонезийн төр засгийн төлөөллийн оролцоог хангаж ажиллахаар зорьж байгаа. Энэ жилийн бүх айлчлал, арга хэмжээ дипломат харилцааны 60 жилийн ой гэсэн тодотголтой байх тул хоёр тал ихээхэн ач холбогдол өгч ажиллана. Энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж буй Индонезийн Төлөөлөгчдийн танхим буюу парламентын Индонези, Монголын найрамдлын бүлгийн ажлын айлчлал нь 60 жилийн ойн хүрээнд болж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Тэгээд ч 60 жилийн ойг тохиолдуулан бид эх орноо сурталчлан таниулах таатай нөхцөл бий болж байна. Өнгөрсөн жил манай ЭСЯ-ны нэрэмжит гольфийн тэмцээн зохион байгуулсан. Энэ жил энэхүү уламжлалаа үргэлжлүүлэн Монголын гольфчдыг оролцуулсан илүү өргөн хүрээтэй арга хэмжээ зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн хэд хэдэн соёлын арга хэмжээ зохион байгуулахаар холбогдох байгууллагуудтай ярилцаж байгаа. Ер нь манай ЭСЯ өнгөрсөн жил Монголын соёлын өдрүүдийг Жакарта, Сурабаяа хотуудад зохион байгуулж, мөн “Asia’s Got Talent” тэмцээнт нэвтрүүлгийн хоёрдугаар байрт шалгарсан “Хөсөгтөн” хамтлагийн тоглолтыг Индонезийн болон гадаадын иргэдэд хүртээл болгосноор тэд Монголын тухай илүү их мэддэг болсонд бид бахархдаг. Монголчууд Индонезийг Бали арлаар илүү сайн мэддэг.
-Манай иргэд Индонези руу хэзээнээс визгүй зорчих вэ?
-Манай ЭСЯ байгуулагдсан цагаасаа иргэддээ Индонези руу зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөөр ажиллаж ирсэн. Тус улсын төр засгийн төлөөлөлтэй бүх шатанд уулзах бүртээ энэ асуудлыг тавьж, шийдвэрлүүлэхийг зорьж байгаа. Хоёр орны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааны үеэр Индонезийн тал асуудлыг судалж, хариу өгөхөө албан ёсоор мэдэгдсэн. Индонезийн Засгийн газар гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор визийн нөхцөлийг хөнгөвчлөхөөр ажиллаж байна. Одоогийн байдлаар тус улсад 90 орны иргэд визгүй зорчиж байгаа. Ирэх дөрөвдүгээр сараас энэхүү тоог 174 болгохоор бэлтгэж байгаа бөгөөд үүнд Монгол Улс ороод байна. Өнгөрсөн жил Индонезид гадаадын 9.5 сая жуулчин зочилсон бол 2016 онд энэ тоог 12 саяд, 2020 он гэхэд 20 саяд тус тус хүргэх зорилтыг тус улсын Засгийн газар тавьж байна. Энэ тоо нь хөрш орнуудтай нь харьцуулахад төдийлөн их биш. Учир нь зөвхөн 2015 онд л гэхэд Сингапур 16 сая, Малайз 26 сая, Тайланд 28 сая жуулчин тус тус хүлээн авсан байдаг. Иймд Индонезийн Засгийн газар визгүй зорчих орнуудын жагсаалтыг баталмагц манай иргэд тус улсад визгүй зорчих эсвэл хил дээр авах боломжтой болно. Манай ЭСЯ энэ тухай шуурхай мэдээлэх болно.