Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлчдийн аюлгүй байдал, эрхзүйн орчны судалгааны урьдчилсан үр дүнг танилцууллаа

Глоб интернэшнл төвөөс хэрэгжүүлж буй “GSP+” механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхүүлэн дэмжих нь” төслийн хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн эрхзүйн орчин ба сэтгүүлчдийн аюулгүй байдалд хийж буй мониторингийн эх шатны үр дүнгээ 11 дүгээр сарын 2-ны буюу “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг тохиолдуулан танилцууллаа.

Монголын сэтгүүлчдийн аюулгүй байдлын өнөөгийн түвшин ба Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлийн хэрэгжилт судалгааны ажлын хүрээнд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг тандах зорилгоор үндэсний хэмжээнд 300 сэтгүүлчийг хамруулахаар төлөвлөжээ. Судалгааг энэ оны есөн сард хийж эхэлжээ. Одоогийн байдлаар судалгааны санал асуулгын мэдээлэл бүрдүүлэлт 30 хувьтай байгаа аж.

Урьдчилсан байдлаар сэтгүүлчдийн амь насанд аюул заналхийлдэг, сэтгүүлчид өдөр тутамд ажлаа хийхэд шахалтад өртдөг, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг заналхийлэл, халдлага үйлддэг зэрэгт судалгаанд оролцогчдын олонх нь “санал нийлж” байна, “маш их санал нийлж байна” гэсэн хариултыг өгсөн байна. Гурваас дөрвөн сэтгүүлч тутмын нэг нь дор хаяж 2-3 удаа олон нийтэд түгээсэн, мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгээсээ болж ямар нэгэн дарамт шахалт, заналхийлэл, сүрдүүлэгт өртөж байсан гэх хариулт өгчээ. Түүнчлэн гэр бүлийнх нь гишүүдийг айлгаж, дарамжталж байсан гэсэн тохиолдлууд таваас багагүй бүртгэгдсэн байна.

Мониторингийн эцсийн үр дүнг 2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр албан ёсоор танилцуулах юм байна.

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *