Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлч Э.Энэрэл шагналаа гардаж авлаа

Монгол Улс дахь
Канадын элчин сайдын яам “Балдорж” сантай хамтран ажилласан нь БАЛДОРЖ шагналын
энэ жилийн шалгаруулалтын нэг онцлог байсан билээ. Энэ хүрээнд “Охид,
эмэгтэйчүүдийн эрх, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдэвт шилдэг
нийтлэлийг шалгаруулж, 1000 ам.доллароор урамшуулсан юм. Дээрх болзолт сэдвийн
хүрээнд нийт 15 сэтгүүлч бүтээлээ ирүүлснээс сэтгүүлч Э.Энэрэл “Сэтгүүлчдийн
хандлага өөрчлөгдөж байж нийгмийн ойлголтыг засна” нийтлэлээрээ энэхүү шагналын
эзэн болсон юм. Хүндэтгэх шалтгааны улмаас тэрбээр ёслолын өдөр шагналаа авч
амжаагүй тул Канад улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дэвид Спрул, “Балдорж”
сангийн тэргүүн Б.Номинтүшиг нар өчигдөр түүнд гардуулан өглөө. Уг арга хэмжээ Канадын
Элчин сайдын яамны байранд болов. Канад улсад жендерийн тэгш байдлыг бататган,
эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хөхиүлэн дэмжих нь ядуурлыг бууруулах хамгийн үр
дүнтэй арга, энэ асуудлыг хүн төрөлхтний зөвхөн нэг хэсэг нь дангаараа шийдэх
боломжгүй, бүгдээрээ дуу хоолойгоо нэгтгэх ёстой гэж үздэг аж. Тиймээс тус
улсын Элчин сайдын яам Монголын сэтгүүлчдийн бүтээл туурвилаар дамжуулан олон
нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, тулгамдсан уг асуудлыг шийдвэрлэхэд дэлхийн бусад
орон, тэр дундаа Канад улсын туршлагыг хуваалцах зорилго тавьсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *