Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид хар тамхи хэрэглэсэн хүмүүс байна гэсэн мэдээлэл зургадугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 01.30 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ. Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн мэдээллийн дагуу шалгахад 28 настай эмэгтэй О, 19 настай эрэгтэй Т, 34 настай эрэгтэй Э, 21 настай эрэгтэй Т нар сэтгэцэд нөлөөт бэлдмэл хэрэглэсэн байсныг үйлдэл дээр нь илрүүлжээ. Тус хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.