Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сэтгэл заслын эмч, доктор Р.Энхтүвшин: Сэтгэл зүйн хэрэгцээ нь хангагдахгүй байгаа учраас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна

-АМИА ХОРЛОХ ОРОЛДЛОГО ХИЙЖ БАЙГАА ТООГООР ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРЧҮҮДЭЭС ХОЁР ДАХИН ИЛҮҮ БАЙДАГ-


Сэтгэл заслын эмч, доктор Р.Энхтүвшинтэй ярилцлаа.


-Ихэнх цагийг гэр бүлтэйгээ өнгөрүүлж байгаа энэ үед бид юуг анхаарвал зохистой вэ. Магадгүй олон цагаар гэртээ байх нь стрессийн түвшинг нэмэгдүүлэх эрсдэлтэй юү?

-Завгүй амьдралын хэмнэлээр гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа сүүлийн жилүүдэд буурсан нь ажиглагдаж байна. Энэ нь чухамдаа эдийн засгийн хөгжил, хэт суурин амьдралаас улбаатай байх талтай. Эерэг талаас нь харвал орхигдсон цаг хугацааг нөхөх боломж энэ цагт үед нээгдэж буй. Харин сөрөг өнцгөөс тодорхойлбол, хөл хорио нь нийгмийн сэтгэл зүйн хэрэгцээг хомстуулж байна. Тодруулбал, эмэгтэй хүн өдөрт 8000 үгээр бусадтай ярилцах хэрэгцээтэй байдаг. Хүүхдүүдийн хувьд өөрийгөө илэрхийлж, найзуудтайгаа тоглосноор сэтгэл зүйн хэрэгцээгээ хангадаг байна. Тэгэхээр сэтгэл зүйн эрүүл мэндэд харилцаа тус болдог гэсэн үг. Хэрэв энэ хэрэгцээ бүрэн хангагдаж чадахгүй бол стресст автах эрсдэлтэй. Асар хүчтэй сэтгэл хөдлөл, хариу урвал дандаа сөрөг үйлдэл хийхэд хүргэнэ.

-Хүн болгоны өөрийгөө тайтгаруулах, стрессээс ангижрах арга харилцан адилгүй болов уу?

-Зарим хүмүүс найзуудтайгаа уулзаж, наргиж цэнгэж стрессээ тайлж болно. Энэ хэрэгцээ хязгаарлагдсан учраас гэртээ ууж идээд эхэлбэл гэр бүлийн харилцаа хэцүү болох нь ээ. Ер нь ихэнх хүчирхийлэл архи тамхи, мансууруулах бодистой холбоотойгоор үйлдэгддэг. Архи уух үед өөрийгөө удирдах, хянах чадвар дарангуйлагдаж эхэлдэг учраас далд байсан хуучны үл ойлголцол сэдрэх эрсдэл бий. Хэрэв өмнө нь гэр бүлийн дунд маргаан үүсч байсан бол дахин сэдэрч даамжрах нөхцөл бүрдэнэ. Сэтгэл санаа савлагаатай байх үед ухамсарт тархи дарангуйлагддаг учраас бодит шийдвэр гаргах чадамжгүй болдог. Энэ маш их стресстэй байгаагийн илрэл юм. Тиймээс ч ухамсартай хүн бодоход ямар аймшигтай юм бэ гэхээр үйлдэл гаргасан байх нь бий. Чухамдаа шаардлагатай хэрэгцээ нь хангагдахгүй байгаа учраас үүнийг бухимдлаар гаргадаг гэсэн үг. Хамгийн гол нь өөрийн хэрэгцээгээ хангаж чадахгүйн улмаас стресс үүсээд байгаа юм.

-Сэтгэл зүйн таагүй байдал цааш даамжирвал сөрөг үйлдэл, үр дагаварт хүргэх аюултай. Тэгэхээр шаардлагатай хэрэгцээ нь дутагдсан учраас нэгнийгээ тэвчихийн аргагүй байдалд хүргэж, цаашид амиа хорлоход нь ч нөлөөлөх нь ээ?

-Амиа хорлох оролдлого хийж байгаа тоогоор эмэгтэйчүүд эрчүүдээс хоёр дахин илүү байдаг. Харин эрчүүд тийм үйлдэл хийх хүртэл урт хугацааны томоохон шалтгаан нөлөөлдөг гэсэн үг. Судалгаанаас харахад, амиа хорлох оролдлого хийж байсан хүмүүсийн 36.5 хувь нь үйлдэл хийхээсээ өмнө их бага хэмжээнд согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг. Өөрийгөө хянах чадваргүй болоод ирэхээр гэнэтийн шийдвэр гаргаж ч болно. Тэгэхээр үүнд нэг биш олон хүчин зүйл нөлөөлж байгаа гэсэн үг. Тиймээс ч бид стрессээс ангижрахын тулд өдөр тутам хөдөлгөөнтэй байх ёстой. Ихэнх цагийг сууж өнгөрүүлэх, их хэмжээгээр хооллох тусам стресст өртөх магадлал өндөр байдаг. Нэг ёсондоо стресс менежмэнт хийхгүй байна л даа. Мөн энэ цаг хугацаанд дэлгэцийн донтолт эрс нэмэгдэж байна шүү дээ. Дэлгэцийн донтолтыг нүүр тулсан харилцаа л аварч үлдэнэ. Нийгэм байтугай дэлхий стресстэж байна гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ цаг үед хийцгүйрлээс гарахын тулд шинэ дадлыг өөрт бий болгох нь чухал. Тиймээс шинэ зуршил тогтоох гэж оролдох хэрэгтэй гэсэн үг. Хэрэв цаг хугацааг зорилгогүй өнгөрөөвөл өөртөө таашаал авч чадахгүй. Ингэж өдөр бүр үр дүнгүй өнгөрөөд байвал хүн илүү их стресстдэг. Тэгэхээр үр бүтээлтэй байх тусмаа стресстэх магадлал буурдаг гэсэн үг.

-Хүчирхийллийг өдөөгч эрсдэлт хүчин зүйлийг тодруулбал?

-Хүчирхийлэл нь огцом уур уцаараас үүсдэг. Энэ нь сэтгэл хөдлөлийн сөрөг шинж тэмдгээс гарч ирж болно. Органик эмгэгтэй хүмүүс огцом уурлаж уцаарладаг. Мөн гадны нөлөөллүүдэд тэсвэртэй байх чадвараас хамаарч уурлаж хариу үйлдэл үзүүлэх нь бий. Догшин ширүүн зан авиртай үедээ аюултай үйлдэл хийх магадлал өндөртэй хүмүүс ихэвчлэн органик суурьтай байдаг. Ширүүн ойлгомжгүй байдлууд нь илүү тодорч байна гэсэн үг.

-Гэр бүлийн гишүүд аль болох өдөр хоногийг үр бүтээлтэй өнгөрүүлбэл хэрүүл, үл ойлголцол багасна гэсэн үг үү?

-Эцэг эхчүүд өдөр болгон 50 минутыг үр хүүхдүүдтэйгээ зарцуулах ёстой гэсэн стандарт бий. Одоогийн байдлаар найз нөхөдтэйгөө уулзах, тоглох, хошигнох зэрэг хүүхдийн хэрэгцээ нь хязгаарлагдаж байгаа учраас эцэг эхчүүдийн хувьд давхар хариуцлага нэмэгдэж байна. Тэгэхээр өмнөхөөс ч илүү чармайх шаардлагатай гэсэн үг. Иймээс өдөрт багадаа 2.5-3 цагийг хүүхдэдээ зарцуулах хэрэгтэй болж байгаа юм.

-Тэгэхээр гэр бүлийн гишүүд нэг нэгнийхээ хэрэгцээг нөхөх шаардлагатай байх нь ээ?

-Өдөр шөнөгүй гэртээ байгаад ирэхээр хүмүүсийн хувьд далд байсан зүйлс сэдэрдэг хэмээн түрүүн дурдсан. Зарим хүмүүс бараг ажил дээрээ очиж амардаг байсан бол гэртээ илүү их цагийг өнгөрүүлэх шаардлагатай болж буй. Гэтэл гэрт нь илүү дарамттай хэцүү санагдахыг үгүйсгэхгүй. Гаднаас нь харахад зүгээр л ажиллаж амьдраад яваа мөртлөө өөр бусад хэрэгцээгээр стрессээ тайлдаг байсан нөхдүүд байх магадлалтай. Тэдний хувьд нөхцөл бололцоо нь хангагдахаа больчихож байгаа юм. Ингээд хуучин зүйлс нь сэдэрч даамжирсаар хүчирхийллийн процесс энэ зүйлээс гарч болдог,

-Хорио цээрийн дэглэм тогтсон энэ үед өсвөр насныхан сэтгэл санаагаар унах нь түгээмэл байна гэсэн мэдээлэл уншиж байсан юм.Тэдний зүгээс хүүхэдтэйгээ хэрхэн харилцах хэрэгтэй вэ?

-Эцэг эхчүүдийн хувьд өөрсдийн статусаас буух хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, зааж зааварласан харилцааг өсвөр насныхан ойлгож чадахгүй. Өсвөр үеийнхэн нууцаа хэнтэй хуваалцдаг вэ гэдэг асуултад 95 хувь нь найздаа гэж хариулдаг. Өөрөөр хэлбэл, ээж аавдаа гэж хариулах нь тун бага байсан. Тэгэхээр бид найзынх нь түвшинд очиж, тэднийг сонсох хэрэгтэй болоод байна шүү дээ. Асуудлыг хүндрүүлэхгүйн тулд аль болох найзын өнцгөөс хандах нь чухал. Сонсохын ач холбогдол нь хүүхдийг нээлттэй болгож, хараа хяналтдаа байлгах боломжийг нээж өгдөг. Тэгэхээр гэр бүлийн харилцаанд нэгнийгээ сонсох, хүндлэх ярилцах нь чухал.

П.САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *