Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт өнөөдөр буюу долдугаар сарын 24-ний 11:00-12:30 цагийн хооронд орсон хүчтэй аадар борооны улмаас А0102 дугаартай Чойр-Сайншанд чиглэлийн авто замын 449-450 дахь километрт байрлах Сайншанд гүүрний орох талын хэсгийн хөвөө их хэмжээгээр угаагдаж, зорчих хэсэгт нүхэн эвдрэл үүсжээ.
А39 дугаартай Сайншанд-Ханги боомт чиглэлийн авто замын 10 цэгт хөвөөний хажуу хэсэгт сархиаг үүссэн, замын зорчих хэсэг дээгүүр үерийн ус давж урссан бөгөөд 14:57 цагийн байдлаар 11-14 километрийн гурван байршилд авто замын зорчих хэсэг рүү үерийн ус давсан хэвээр байна.
Зам хариуцагч “Дорноговь АЗЗА” ТӨХК авто замын бэлэн байдлыг хангуулахаар шуурхай ажиллаж байгаа тул иргэд, тээвэрчид анхаарал болгоомжтой зорчино уу гэж Зам Тээврийн Хөгжлийн Төвөөс анхаарууллаа.