Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт, Сэлэнгэ мөрний урд эрэгт өөр хоорондоо 4.2 км зайтай орших чулуун зэвсгийн үеийн 2 суурин бий. Тэдгээрийг тухайн газар орны нэрээр “Бухын манханы” суурин, “Өлзийбүрэнгийн арын” суурин хэмээн нэрлэнэ.
Эдгээр дурсгалт газрууд нь чулуун зэвсгийн ил суурингийн төрөлд хамаарна. Тус дурсгалуудын газрын гадарга дээр орших хэв шинж нь элсэн манхан дундаас чулуун зэвсгийн олдворууд илэрч олддогоороо энэ бүс нутагт байх бусад чулуун зэвсгийн суурин газраас онцлогтой. Мөн чулуун зэвсэг хийх түүхий эдээ сонгохдоо ихэвчлэн хар өнгийн хас чулууг голлож зарим цөөн олдворууд нь цахиурын төрлийн чулуу, голын хайрган чулууг ашиглаж байсан зэргээрээ адилсаж байгаа нь эрт цаг үед өөр хоорондоо харилцаа холбоотой байсныг гэрчилнэ.
Бухын манханы чулуун зэвсгийн суурингаас нийт 746 ш олдвор түүвэрлэсэн бөгөөд анхдагч цуулалтын ангилалд 54 ш, зэвсгийн төрөл зүйлд 55 ш, цуулдасны үйлдвэрлэлд 637 ш эдлэл хамаарч байна. Өлзийбүрэнгийн арын чулуун зэвсгийн суурингаас нийт 14 ш эдлэл түүвэрлэн цуглуулсан бөгөөд анхдагч цуулалтын ангилалд багтах 5 ш эдлэл, зэвсгийн төрөл зүйлийн 9 ш эдлэл байна. Эдгээр суурингаас олдсон зэвсгийн төрлийн олдворууд нь хянгар, хусуур, хутга, харуул, сүх, хүнхэр зэвсэг, хатгуур, хосолмол зэвсэг, цохиур чулуу, чоппер, чоппинг, цавчих зориулалттай зэвсэг зэрэг багтаж байгаа бол анхдагч цуулалтыг илтгэх эдлэлүүдийн гол төлөөлөл болох үлдэц нь дотроо цохилтын нэг талбайтай, зэрэгцээ цуулалтын зарчимтай хавтгай үлдэц, говийн үлдэц, тайрсан хэв шинжийн үлдэц хэмээн 3 ангилагдана. Эдгээр үлдцүүд нь Хангайн бүс нутагт он цаг нь тогтоогдсон чулуун зэвсгийн соёлт давхарга бүхий дурсгалууд болох Төлбөр-15, Орхон-7 чулуун зэвсгийн суурингуудаас илэрч олдсон эдлэлүүдтэй цуулалтын арга, хэв шинжээрээ ижилсэж байгаа юм.