Монгол Улсын Засгийн газар 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 120 дугаар тогтоолыг баталсан. Мөн Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн А/677 тоот тушаалаар батлагдсан “Ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр орон нутгийн Засаг дарга нартай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сэлэнгэ аймаг руу туршилтын шууд нислэг үйлдлээ.
Өнгөрөгч оны 11 дүгээр сард Иргэний нисэхийн ерөнхий газрын мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж, мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө өгсөн бөгөөд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан тохиролцсоны дагуу ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тус аймгийн ЗДТГ-ын захиалгаар Геосан ХХК-ийн “JU-9993” бүртгэлийн дугаартай агаарын хөлгийн нисгэх баг техникийн нислэгийг амжилттай гүйцэтгэв.
Цаашид, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай байгуулсан “Хамтын ажиллагаа”-ны гэрээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аэродромын дэд бүтцийг үе шаттайгаар хөгжүүлэх бөгөөд ингэснээр алслагдсан аймаг, сумдад зорчигч, ачаа, шуудан тээвэр, эрэн хайх авран туслах үйл ажиллагаа, ойн хортон шавьжтай тэмцэх, байгаль орчин хамгаалал, хилийн эргүүлийн нислэг үйлдэхээс гадна хилийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.