Сэлэнгэ аймаг руу бага оврын агаарын хөлгөөр шууд нислэг үйлдэхээр бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.
Энэхүү ажлын хүрээнд ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаны дарга Э.Энхзориг, Нисэх буудлуудын удирдах газрын Дотоод хяналтын тасгийн ахлах мэргэжилтэн И.Амарсанаа нар Сэлэнгэ аймагт ажиллаж, Засаг дарга Ш.Оргил болон ЗДТГ-ын албаны хүмүүст Иргэний нисэхийн ерөнхий газрын мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Уулзалтаар ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, бага оврын агаарын хөлгийн хөөрч, буух зурвас, хашаа хамгаалалт барьж байгуулах, нисэхийн мэдээллийн ажилтан бэлтгэхээс гадна бусад шаардлагатай хөрөнгийг тухайн аймаг, орон нутгийн төсөвт суулгахаар харилцан тохиролцлоо. Мөн хөөрч, буух зурвас дагуу хашаа хамгаалалт барих ажилд газар дээр нь очиж мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч, “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-тай хамтран ажиллажээ.
Сэлэнгэ аймагт бага оврын агаарын хөлгийн хөөрч, буух зурвас байгуулагдсанаар эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэх, эрэн хайх, авран туслах нислэгийн үйл ажиллагаа, ойн хортон шавьжтай тэмцэх, байгаль орчин хамгаалал, хилийн эргүүл, зорчигч, ачаа, шуудан тээврийн нислэгийг эхлүүлэхээс гадна хилийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.