ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга Н.Сувдмаа сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол өнгөрсөн тавдугаар сард бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар тус өвчин зургаан бүсийн 76 улс оронд бүртгэгдээд буй. Манай улс сармагчны цэцэг өвчнийг зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэн хариу арга хэмжээ авч ажиллаж байна.
Энэ хүрээнд бид тус өвчний талаар эрсдэлийн үнэлгээ хийгээд байна. Үнэлгээ хийхэд сармагчны цэцэг өвчин манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх болон тархах эрсдэл “Дунд” гэж гарсан. Үүнтэй холбогдуулан цэврүүт өвчний талаарх асуумжийг хил гааль болон бусад холбогдох газруудаас авч байгаа. Мөн ДЭМБ-ын зөвлөмжийг үндэслэж Эрүүл мэнэдийн сайд сармагчны цэцэг өвчний үед илрүүлэх тандалт, оношилгоо, эмчилгээний түр зааврыг баталсан. Бид уг өвчнийг илрүүлэх тандалтыг эрчимжүүлэх талаар хэд хэдэн албан тоот, зөвлөмжүүдийг холбогдох байгууллагуудад хүргэсэн. Сармагчны цэцэг өвчин Европын холбооны бүс болон Америкийн бүсэд хамгийн ихээр бүртгэгдэж байгаа. Тиймээс онцын шаардлагагүй тохиолдолд халдвар бүртгэгдсэн газраар аялахгүй байх, аялах шаардлага гарвал энгийн зөвлөмжүүдийг мөрдөж, амны хаалт зүүж, зай барьж, гараа тогтмол савандаж угаах хэрэгтэй гэдгийг зөвлөж байна” гэлээ.