Categories
гадаад

Сансрын аялал жуулчлал эрчимжиж байна DNN.mn

Их Британийн тэрбумтан Ричард Брэнсоны эзэмшдэг, сансрын аялал жуулчлалын “Virgin Galactic” компанийн “VSS Unity” сансрын нисэх онгоцны арилжааны анхны нислэг амжилттай болжээ.  Уг сансрын нисэх онгоцыг АНУ-ын Нью-Мексико муж дахь “Америка” сансрын буудлаас хөөргөсөн бөгөөд нислэгийн явцыг сансрын хөлгийн бүхээгээс дэлхий нийтэд шууд дамжуулав. Хөлөг хөөрснөөс цаг орчмын дараа 13600 метрийн өндөрт “Eve” нисэх онгоц тээгчээс салж, өөрийн хөдөлгүүрийг асаан дээшилж 85 км өндөрт хүрсэн байна.  Нислэг бүхэлдээ нэг цаг хагас орчим үргэлжилсэн бөгөөд уг нислэгт “Virgin Galactic”-ийн сансрын нисгэгч сургагчаас гадна Италийн гурван нисгэгч-офицер оролцжээ.

Италийн офицерууд жингүйдлийн нөхцөлд хэд хэдэн шинжлэх ухааны туршилт явуулсан байна. Түүнчлэн сансрын нисэх онгоц хамгийн өндөр цэгт хүрэх үед тэд Италийн Агаарын цэргийн хүчний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн далбаагаа мандуулжээ.

Хэдийгээр уг сансрын нисэх онгоцны бүхээгт жуулчид байгаагүй боловч Италийн Батлан хамгаалах яам офицеруудынхаа зардлыг төлсөн тул энэ нь арилжааны нислэгт тооцогдож байгаа юм байна. Ингэснээр “Virgin Galactic” компани 250-450 мянган долларын үнэтэй тасалбар худалдаж авсан хүмүүсийг сансарт илгээх боломжтой гэдгээ баталж байгаа бөгөөд нийтдээ 800 орчим хүн уг нислэгийг хүлээн дугаарлаж байгаа ажээ.Энэ нь сансрын аялал жуулчлал эрчимжиж эхэллээ гэсэн үг юм.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *