Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Сайд болохын тулд эхнэрээ худалдахаас сийхгүй болчихсон хэдэн гишүүн… DNN.mn

– Сэрүүн зүүдэлж, сэрж мартацгаа…


Энэ хэдэн гишүүн гадуур, дотуур янз бүрийн муу “юм” мөн ч их хийж байна даа. Монголын ард түмнийг удирдан чиглүүлж байгаа хүмүүс гээд байгаа шүү. Нэгэнтээ Ц.Нямдоржийн хэлсэн “Монгол Улс хөгжихгүй ш тээ” гэсэн товч, тодорхой ганц үг янгинатал бодогдох.

Улиг болтлоо УИХ-ын гишүүн, сайд хийж байгаа эдгээр хүмүүс урьд нь тэгээд улс орноо хөгжүүлчихгүй яасан юм бэ. Дахиад сайд хийж ямар гавьяа байгуулах гэсэн юм бол. Өнөөдөр хуралдах намын Удирдах зөвлөлөө ёстой нэг шантаажлах шиг болж байгаа байх даа. УИХ-д хоёроос дээш сонгогдсон гишүүдээс сайд болгоно гэж ямар нь тунхаглан зарласан юм бэ. Харин ч эсрэгээрээ УИХ-д анх удаа сонгогдсон, нэр цэвэр, нээнтэггүй, шинэ уураг тархинуудыг Хууль тогтоох хийгээд Гүйцэтгэх засаглалд давхар дээлтэй хүчийг нь сорих чухал цаг үе биш үү. Өнгөрсөн 25 жилийн Монголын улс төрийн амьдрал гэдэг бол тэр чигээрээ бузар булайгийн үүр уурхай, хуулийг уландаа гишгэгсдийн сонгодог төлөөллүүд юм. Хамгийн харамсалтай нь Монгол Улс хэзээ ч хөгжихгүй гэдэгт гүн бат итгэлтэй болчихсон хүмүүсийн цуглуулга бол өнөөдөр УИХ-д хоёроос дээш сонгогдсон нөхдүүд билээ. Шинээр сонгогдсон гишүүнд “Хөгжихгүй ш тээ, угаасаа хөгжихгүй” гэж хэлсэн Ц.Нямдорж бол Монголын улс төрд сүүлийн 30 жил оршин тогтнож байгаа ганц хүн. Монголд юу болохоор байсан ч болохгүй байгааг, яагаад урагш ахиж дэвжихгүй, уул уурхай дотроо тамын тогооны үлгэрээр амьдарч байгааг тэр л гадарлана.

УИХ-д хоёроос дээш сонгогдсон нөхдүүд бол гишүүний нэрээр бизнесээ тэлж, үр хүүхэд, ач зээгээ Монголын “юм”-аар хөл дээр нь босгож аваад барууны орнуудад амьдруулахыг хүссэн бэртэгчингүүд. Шулуухан хэлэхэд, олж авсан жаахан хөрөнгө мөнгө, улс төрийн туршлага, нийгэм дэх байр сууриа ганхуулахгүйхэн шиг, дээр нь сайдын нэр зүүгээд явах санаатай нөхдүүд билээ. Ийм л хэдэн хүн өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сайд болцгоох гэнэ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар та биднийг хүүхэд байхад л Сангийн яамны Төрийн бичгийн дарга байсан. Оюутан болох үед УИХ-ын гишүүн байсан. Эхнэр авах үед Сангийн яамны сайд байсан. Одоо бидний үеийнхэн 40 нас гараад явж байх энэ цаг дор УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга хийгээд явж байна. Энэ улс орны банк, санхүү, мөнгө хөрөнгөний бүх л эрх мэдэл, шийдвэрийг бүтэн 25 жил та мэдэж захирсан. Өнөөдөр Монгол Улс хөгжсөн нь хаана байна. Арван настай байхад минь ч сайд байсан, авгай авах үед минь ч сайд байгаа Ч.Хүрэлбаатар өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд болно гэнэ үү. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар та хууль тогтоох засаглалд хэд дэх жилдээ сууж байна. Эдийн засгийн байнгын хороог хэдэнтээ удирдав. Энэ улс орны төлөө, энэ олон жилд тэгээд юу хийж гийгүүлэв ээ. Өнөөдөр тэгсэн ХХААХҮ-ийн сайд болно ч гэх шиг. Түүний өрөөсөн дугуй Х.Болорчулуун та гурвантаа гишүүн болсон, одоо сайд болно гэв үү. Монгол Улсын Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт тэг зогсолт хийсэн өдрүүд үргэлжилж байна. Таны сонгогдсон Дорнод аймгийнхан баларч байна, Монголын хөдөө баларч байна. Та өөрөө УИХ-ын ХХАА-н байнгын хорооны дарга, юу хийж гийгүүлэв. Сайд болоод юу хийж чадах юм бэ. Эрчим хүчний төсөл тендерт Ц.Даваасүрэнтэй дөрөө харшуулж явдаг та яагаад гэнэт ХХААХҮ-ийн сайд болно гэж зүтгээд эхлэв. Хумсын чинээ ахиц дэвшлийг хөдөө аж ахуйн салбарт хийж чадахгүй “гурил” байж. Одоо наад бэртэгчин санаагаа боль, энэ яамны сайд болоод ингэнэ дээ гэсэн “ад”-ын бодлоос өөр танд юу ч байхгүй. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Шадар сайд болно гэв үү, өмнө нь ЗГХЭГ-ын дарга хийж байхдаа тэгээд юу хийж гийгүүлсэн хүн бэ. Одоо Монголыг хөгжүүлэх яг ямар мэргэн санаа орж ирээ вэ. Ингэж ард түмнээ доромжлохоо боль. За тэгээд Б.Чойжилсүрэн, Ц.Мөнх-Оргил, Г.Тэмүүлэн, Д.Тогтохсүрэн… өөр хэн хэн ч гэнэ вэ. Б.Чойжилсүрэн гишүүн ээ, таны мөнгө улс төрд угаагдаад одоо болсон. Их ч арвижсан. Ц.Мөнх-Оргил гишүүн ээ, таны УИХ доторх нөлөөлөл, хор найруулга одоо хангалттай. Сү та нар хүчтэй байж болно. Энэ удаа савраа тат. Г.Тэмүүлэн минь дээ, УИХ-д дахин сонгогдохоо бодоход сайдын суудал хүндэднэ. Аавыгаа санаа сэтгэл тайван амьдруулахыг бод. Д.Тогтохсүрэн гишүүн ээ, танд Өвөрхангай чигийн замын тендерүүд, нүүрсний уурхай, уурын зуухнууд хангалттай амьралд чинь, дахиад нэг сонгогдоход чинь хүрэлцэнэ. Тийм болохоор бүлгийн даргын ажлаа л бүтэн хий. Энэ мэтчилэн сайдын суудалд санаархан, муу бүгдийг сэтгэж яваа бүгдэд дор бүрд нь хэлмээр байна. Нэгмөсөн л Монгол Улсыг сүйрүүлэх гээгүй юм бол өмнө нь сайд байсан, гишүүн удаа дараа болсон нөхдүүд Засгийн Газрын шинэ бүтцээс хол очиж хуцацгаа. Одоо та нар Монгол Улсад гавьяа байгуулдаг, хөгжлийн замд хөтөлдөг гэж юу байсан юм. Сэрүүн зүүдэлж, сэрж мартацгаа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *