Categories
соёл-урлаг цаг-үе энтертаймент-ертөнц

С.Удвал: Дэлхийн алдартай контент бүтээгчийн видеоны нэг хэсэг нь Монгол байвал маш том реклам болно шүү дээ DNN.mn

Фитнес модель С.Удвалтай ярилцлаа.


-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг С.Удвал гэдэг. Фитнесийн тамирчин.

-Хэдэн жил фитнесээр хичээллэж байгаа вэ?

-Фитнесээр хичээллээд таван жил болж байна. Би өөрийгөө айхавтар том тамирчин гэж бодохгүй байгаа. Одоо зүгээр л фитнесчин. Анх маш туранхай, шим тэжээлийн дутагдалтай, чихрээр л хооллодог буруу хэвшилтэй байсан. Тиймээс л өөрчлөгдөхөөр шийдэж энэ спортоор хичээллэж эхэлсэн.

-Сүүлийн өдрүүдэд таны дэлхийн контент бүтээгч Nussier Yassin-тай авахуулсан зураг сошиалд нэлээд шүүмжлэл дагуулж байна. Энэ тал дээр тайлбар өгөөч. Яг юу болсон юм бэ?

-Nussier Yassin-ыг Монголд ирсэн байгааг харсан ч уулзаад хамтарч бичлэгт нь орно гэж төсөөлөөгүй. Нэг өдөр найз маань “Бид хөдөө ногоон зүлгэн дээр хөнгөн кардио дасгал хийж байгаагаар бичлэг хийх гэж байна.

Чамаас өөр хүн сайн мэдэхгүй байна. Зөвшөөрвөл өглөө эрт явъя” гэж санал тавьсан юм. Би итгэж чадаагүй баярлаад үсэрч, дэвхэцсэн. Маш их баярласан болохоор шууд л зөвшөөрсөн. Тэгээд өглөө 06:15-д хотоос хөдөлсөн. Очих ёстой газартаа 7:00 цаг өнгөрч байхад очсон. Хотоос очингуутаа л бичлэгээ хийж эхэлсэн.

Өглөөний дасгал болохоор бүгд эрч хүчтэй үнэхээр гоё байсан. Тэр үеийн сэтгэл хөдлөлийг юутай ч зүйрлэмээргүй. Nussier Yassin-ыг хажуугаас нь хараад ямар эмх цэгцтэй яриатай, төлөвлөгөөтэй, эрч хүчтэй, хөдөлмөрч юм бэ гээд л шүтэн биширдэг хүний хувьд маш их хүндэлсэн.

Энэ гайхалтай хүн Монголыг маань сурталчилж өгч байхад би бас хичээх хэрэгтэй шүү дээ. Бид 9:00 цаг өнгөрөөд бичлэгээ дуусгасан. Тэнд байсан хүмүүс өмнө нь танил байсан юм шиг л маш гоё уур амьсгалтай байсан.

Би ер нь сэтгэл хөөрөл ихтэй, үсэрч дэвхэцсэн, жаахан эршүүд охин л доо. Тэгээд гүйж очиж зургаа хамт даруулсан. Миний хувьд контент хийх хүсэлтэй явдаг болохоор зөндөө зүйлийг нь харж үлгэр дууриаллал авсан. Зургаа авахуулаад баярласандаа юу ч бодолгүй инстаграм, пэйждээ оруулчихсан.

-Тухайн үеийн процессыг ойлгоогүй иргэд цахимаар нэлээд шуугьсан. Энэ сөрөг хандлага танд хэрхэн нөлөөлөв?

-Мэдээж хэрэг эерэг сэтгэгдэл хүлээж байсан. Гэхдээ зургийнхаа тайлбар дээр алдаа гаргасан байна лээ. Сэтгэл хөөрлөөр юу бичсэнээ ч мэдэхгүй, зургаа оруулчихаад орхичихсон. Бид 11:00 цагийн үед хотод өглөөний цай ууцгаасан. Тэгээд л утсаа нээсэн чинь намайг үгийн муугаар хэлээд элдэвлээд шэйрлэсэн байсан.

Тухайн үед гайгүй байсан ч бүр ийм муугаар яригдана гэж бодоогүй. Тэр олон сая дагагчтай, нөлөөлөгч хүнийг Монголд танихгүй хүн олон юм байна лээ. 2-3 цагийн дараа фэйсбүүктээ ороход мэдээний сайтууд намайг харлуулж бичээд “сэвсэн” байсан. Хийгээгүй зүйлийнхээ төлөө гүтгэгдэж, үзэн ядагдах үнэхээр хэцүү юм байна. Өмнө нь ийм байдалд орсон хүмүүсийг ойлгодоггүй байсандаа гэмшсэн. Гэхдээ энэ бүхний дараа бусдыг арай илүү хайрлаж, ойлгох юм шиг санагдсан.

-Таны оролцсон энэхүү контент Монголын аялал жуулчлал, тэр тусмаа Монгол Улсыг олон улсад таниулах чухал контент болно гэсэн хүлээлт байгаа шүү дээ. Контентын талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Nussier Yassin Монголын онцлогийг харуулсан богино хэмжээний блог хийж байгаа юм билээ.

Би зүгээр л тэр жижигхэн хэсэгт нь оролцсон. Гэсэн ч маш их баяртай байгаа. Очих газар олон байсан ч Монгол Улсыг сонгоод ирсэн. Үнэхээр азтай. Юүтүбдээ 12 сая, фэйсбүүктээ 22 сая, инстаграмдаа 4,5 сая дагагчтай хүний видеонд Монгол нэг хэсэг нь байвал маш том реклам болно шүү дээ.

-Таны хувьд бие дааж контент бүтээх хүсэлтэй гэсэн. Сошиалд ч нэлээд нөлөөтэй. Ер нь залууст ямар зүйлийг илүү ойлгуулахыг хүсдэг вэ?

-Дасгал хөдөлгөөнийг амьдралдаа хэвшүүлэх талаас нь залууст нөлөөлөхийг хүсдэг. Тиймээс л хичээдэг.

-Залууст хандаж юу гэж хэлэхийг хүсч байна вэ?

-Хүн ер нь сэтгэлийн амьтан юм байна. Нэг л их өөртөө итгэлтэй байсан хүн ганцхан цагийн дотор сэтгэл санаа шалаар нэг болчихсон. Үүнээс гадна их зүйлийг ухаарлаа. Гэхдээ маш олон эерэг хүмүүс надад сэтгэлийн үгсээ хэлсэн байсан. Сайн хүмүүс нь муугаасаа олон юм байна лээ. Баярлалаа тэр бүхэнд.

 

У.АНХЦЭЦЭГ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *