Увс аймагт өвөлжилт хүндэрч зудын эрсдэл бий болоход хүрчээ. Иймд малчдадаа сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлэх аяныг эхлүүлсэн байна. Уг хандивыг зохион байгуулж буй Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга С.Цолмонтой ярилцлаа.
-Танай аймгийн хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал ямар байна вэ. Зудын эрсдэл бий болоход юу нөлөөлөв?
-Одоогоор найман сум хүнд байдалтай байна. Дахиад арван сум хүндрэх төлөвтэй байгаа. Хүйтний эрч чанга байна. Ганц нэг градусаар нугаларч байгаа боловч эрч нь сулрахгүй хүндхэн өвөлжиж байна даа. Намар өвөлжөөндөө буугаагүй байтал эрт хүйтэрчихсэн учраас мал нэлээд хэмжээгээр хорогдлоо. Одоо 6400 гаруй мал хорогдсоноос 50 хувьд нь ямаа эзэлж байна. Сумдын бэлчээрийн даац 2-5 дахин хэтэрсэн, 80 хувь нь талхлагдсан. Өнгөрсөн жилийн хавар хуурайшилттай, зун нь хэт халуун, бороо хур бага байснаас өвс ногооны гарц муу байлаа. Одоо цас бага хэрнээ хөрсөн дээр өвс байхгүй учраас малын гэдэс хайрагдаж байна. Цаашид хүйтний эрч нэмэгдвэл мал их хэмжээгээр хорогдох янзтай
Мөн малчид өөрсдөө байгаль цаг уурын бэрхшээл, бэлчээрийн даац, чадал тэнхээндээ тохируулж малаа маллахгүй байна. Өөрөөр хэлбэл, малаа хэт их өсгөж байна. Уг нь энэ бол малчдын ухамсрын асуудал. Бэлчээрийн даац хэтэрсэн энэ үед малаа өсгөж үржүүлээд байхаар малчид өөрсдөө ч зуданд эрсдэх аюултай.Эдгээр хүчин зүйлээс шалтгаалж өнөөдөр Увс аймагт зуд нүүрлээд байна.
-Отроор хичнээн малчин аль, аль аймагт явж байгаа вэ?
-Манай аймгийн 76.8 мянган толгой мал өөр аймгуудын нутагт оторлож байна. Архангай, Ховд, Завхан, Төв, Булган, Сэлэнгээс гадна Хэнтий аймагт хүртэл орчихсон байх жишээний. Ялангуяа Увс аймагт нүүдлийн мал аж ахуй их хөгжсөн. Цаст өндөр Хархираа уулын цаад талаас Увс нуурын хөвөө хүртэл нэг талдаа 250 км газарт нүүдэллэдэг. Монголд байтугай дэлхийд нүүдлийн соёл иргэншлийг хадгалж байгаагаараа онцлогтой ард түмэн. Зарим айл энэ сарын 21-нд шар зурхайгаар цагаан сарын баяраа тэмдэглэх гэж байна. Цагаан сараа хийчихээд хаврын нүүдэл эхлэх шат руугаа орно. Ийм хүйтний эрч буугаагүй байхад нүүдлээ хийнэ гэдэг чинь бас л зудын эрсдэлд бүр ойртож очно гэсэн үг.
-Өвс тэжээлийн бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?
-Малчдын өвс тэжээлийн бэлтгэл 93 хувьтай байгаа. Сумдын нөөц 71.1 хувиар биелсэн. Өвөлжилтийн бэлтгэл 87.6 хувиар хангагдсан байгаа. Ер нь аймгийн аюулгүйн нөөцөө 100 хувь бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, 150 тн өвс авах ёстойгоос 200 тонныг бэлтгсэн. Мөн 50 тн тэжээл авах ёстойгоос 150 тн-ыг авсан байх жишээтэй. Одоо сумд аюулгүйн нөөцөө хөдөлгөөд эхэлчихсэн. Аймаг нь аюулгүйн нөөцөө сумдадаа өгөх гээд хуваарь гаргачихсаныг нь түрүүчээсээ аваад эхэлчихсэн байна.
-Мал төллөлтийн үеэр амаргүй байх нь ээ?
-Цаашдаа өвөлжилт хүндрэх нь баараггүй чиг хандлагатай байна. Гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд мал төллөж эхэлнэ. Малчид өвөлжөөндөө төллүүлдэггүй. Тиймээс Увс нуурын хөвөөнд ирж малаа төллүүлдэг уламжлалтай.
-Хандивын аян эхлээд хэд хонолоо. Иргэд хэрхэн идэвхтэй хамрагдаж байна вэ?
-“Өвөл, хаврыг өнтэй давахад хамтдаа тусалцгаая” гэж уриалаад малчдадаа халуун гараа сунгах хандивын аяныг эхлүүлээд ажиллаж байна. Түрүүчээсээ сумдад хандив хүрээд эхэлчихсэн. Иргэд аймгийн ХХААГ-т ирж бүртгүүлж байна. Жишээлбэл, Н.Гантулга гэдэг залуу 50 боодол ногоон тэжээл, Улсын тэргүүний тариаланч хамт олон “Аривжих-Увс” компанийн захирал Х.Сүхбаатар 600 пресс өвс, Тариалан сумын тариаланч сумын заан Х.Баатарсайхан 20 ногоон пресс, нэг тн будаа, нэг тн хүнсний ногоо зэргийг хандивлаад байна. Мөн Дэлхийн зөн олон улсын байгууллагаас долоон сумын 259 өрхөд тус бүрт нь 300 мянган төгрөгөөр бодож тусламж үүзүүллээ. АНУ-ын ХХААГ-аас найман сумын 80 өрхөд мөн хэмжээний тусламж үзүүлсэн байна. Зарим хүн бэлэн мөнгө ч өгч байна. Тэрийг нь сумдын үйл ажиллагаанд зориулна. Ажил хийхээр бас зовлонтой юм аа. Хаанаас хэн нэгэн нь орж ирээд хандив аваад байна гээд шалгачих юм болов уу гэсэн түгшүүртэй л байна, нуугаад юүхэв.
-Увсаас сонгогдсон УИХ-ын гишүүд халуун гараа сунгаж байна уу?
-Сунгах байлгүй дээ гэж найдаж л сууна. Гэхдээ тэд чинь тойрогтоо ирэхээс илүү улс төрийн өнцгөөс л хардаг. Бидний болон Монголын хөгжил дэвшилд ганцхан чөдөр болж байгаа улсууд бол эд нар. Хүнийг ялгаварлан гадуурхдаг. Энэ сум АН-ыг дэмждэг улсууд. Тэднийг дэмжихгүй. Тэр нь МАН-ыг дэмждэг сум. Тэднийг тэтгэхгүй гэдэг байдлаар сумаар нь хүртэл иргэдийг ялгаварлан гадуурхдаг. Энэ бол Монголын хөгжилд жинхэнэ тушаа болж байгаа асуудал.
-Малчид өөрсдийнхөө амьдралын төлөө л мал маллаж байгаа. Зуд турьхан болохыг улс орон даяар сануулж ирсэн байтал яагаад тоосонгүй вэ?
-Хамгийн гол нь малчдад соён гэгээрүүлэх мэдлэг олгох ажил учир дутагдалтай байна. Өөрсдийнх нь мал, малын мах, түүхий эдийн үнэ нэмэгдээд байвал сайн байна гэж үздэг. Тэгээд зуд турьхан болохоор туслаач гэдэг. Хэний мал маллаад байгаа юм бэ. Бидэнд нэг хонь зүгээр өгчихгүй шүү дээ. Тэгэхээр “Та нарыг ядарч зүдрэхэд ард түмэн, сайхан сэтгэлт албан байгууллага, хамт олон тусалж байгаа юм шүү. Та нар бас ийм, ийм шийдвэр гаргах ёстой” гэх байдлаар сургалт семинарь өгч баймаар санагддаг. Хоёр хүн байлаа гэхэд бэлчээртээ, цаг агаарын нөхцөл байдалдаа тааруулж малынхаа тоо хэмжээг барьж байх ёстой. Гэтэл өөд уруугүй малынхаа тоог өсгөөд л байдаг. Өөрсдөө цоорхой дээлтэй шахуу мал дагаад яваад байдаг. Цаана нь махны үнэ өсөөд байхад эдийн засгийн эргэлтэд оруулж чаддаггүй.
Мал нэг зуданд сүйрэхээ тулбал босч ирэхгүй явчихдаг шүү дээ. Тэгэхэд өөрийнхөө чадлаас хэтрүүлж мал маллаж, өөртөө ч өрөөл бусдад ч түвэг болж байгаа нь гашуун үнэн.
-Танай аймаг алслагдмал нутаг. Эдийн засгийн нөхцөл байдал ямар байна. Өвс тэжээл, бензин түлш ямар үнэ ханштай байгаа вэ?
– Манай аймаг хамгийн өндөр үнэтэй бензин түлш, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг. Өвс нэг боодол нь 15-16 мянган төгрөгийн ханштай байна. Царгас 20 мянган төгрөг. Саяхан Бөхмөрөн суманд өвлийн хадлан бэлтгэсэн. Намар намагтай байсан учраас орж хадаж чаддаггүй. Өвөл цас мөс хөлдсөн цагт орж хадаад 12 мянган боодол өвс бэлдсэн. АИ92 нэг литр нь 2900 төгрөг. АИ80 гэдэг бензин байхгүй боллоо. Ер нь цаашдаа ч байхгүй болох янзтай.
Ерөнхийдөө Увс аймаг жилдээ 3638 тн мах, 3000 тн гурил хэрэглэдэг. Худалдан авалтын эргэлтээрээ мах, хүнсний нөөц хэвийн хэмжээнд байна. Манай аймгийн эдийн засагт хамгийн сайнаар нөлөөлж байгаа хүчин зүйл бол тувачууд юм. Тэд оны өмнө олуулаа ирж худалдаа хийсэн. Хойно дайнтай байгаа болохоор олон хоногоор тува хүмүүс ирж байршсан нь эдийн засагт нэмэртэй байв. Тэдний сонирхдог зүйл нь арьс ноосон бүтээгдэхүүн. Бас уламжлалт монгол дээл, гутал, цагаан улт байдаг. Тэд адуу, үхрийн мах их авч иднэ. Тувад нэг кг мах 25 мянган төгрөгийн үнэтэй юм билээ. Манай малчдад маш их хэмжээний мах байна. Ахуйн аргаар хөлдөөсөн 12 мянган тн мах байгаа. Тувачууд өөрсдөө манайхаас мах авах маш их сонирхолтой. Өнгөрсөн намар Тувагийн дарга нь ирээд бидэнтэй уулзаад, яриа хэлцэл байгуулъя гэсэн. Хоёр талаасаа хамтраад махны үйлдвэр байгуулъя, тэр үйлдвэрээр дамжуулж махаа авъя гэсэн санал тавьсан. Тухайн улсын Засгийн газар нь юу гэж хүлээж авах нь уу. Ямартаа ч бид ярилцсан.
Тувагийн зах зээлд гаргах хүсэлтээ салбарын яаманд хүргүүллээ. Хоёр улсын хэлэлцээрийн дагуу энэ асуудал шийдэгдэх байх. Бидний зүгээс хүчин мөхөсдөнө. Нэмж хэлэхэд, ХХААХҮЯ хоёр, гурван удаа солигдож байна. Биднийг хүлээж авдаг хүнгүй боллоо. Үнэхээр хүнд сурталтай болсон нь бидэнд амаргүй байна. Одоо аймгийн ХХААГ-т бүрэн бүтэн машин алга. Яам үнэхээр хэдэн сэлбэг ч өгч чаддаггүй. Өдийг хүртэл би өөрийнхөө мөнгөөр сэлбэг авч тавиад явж ирлээ. Хөдөө явах гэхээр дугуй байдаггүй. Намар арга ядаад хүнээс хуучин дугуй авч явсан, одоо бүр таг боллоо. Дөрвөн дугуйгүй, кроп нь эвдэрчихсэн ийм л машинтай байна шүү дээ. Бензин шатахуун хүрэлцдэггүй. Хүний машинд хувиасаа шатахуун хийгээд хөдөө гадаа явдаг ажлаа амжуулж байна шүү дээ. Хэмнэлтийн горимоор биднийг эргүүлээд мөлжөөд байх юм. Хэмнэлт, таналт байгаа олохгүй байна. Үнэхээр хүнд байна аа, хүнд байна.