Одоогоос 18 жилийн өмнө Малайз улсад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан хар өдөр энэ сарын 19-н юм. Талийгаачийн аав С.Шаарийбуу охиндоо зориулан мод тарьж байхад нь уулзлаа. Тэрбээр “Маргааш галав юүлэхийг мэдэж байсан ч өнөөдөр алимны мод тарь” гэсэн ухаант үг байдаг юм аа гэснээр бидний яриа эхэллээ.
– Малайзын шүүх 16 жилийн дараа улс төрийн захиалгат хэргийнхээ бурууг хүлээж, таны нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээ жил орчмын өмнө мэдэгдсэн. Өнөөдөр хүртэл юу болж өнгөрөв?
– Малайзын шүүх 15 жилийн дараа иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдэж, 2020 онд шийдвэрээ танилцуулсан юм. Олон ч хүн надад “Болж дээ, үр дүнд хүрлээ дээ” гэх зэргээр санаа бодлоо илэрхийлсэн. Би ч хүмүүст талархалтай байдаг.
Гэсэн ч тэр өдрөөс хойш юу ч шийдэгдээгүй өнөөдрийг хүрч байна. Харин ч Малайзын Засгийн газар иргэн надтай давж заалдсан. Давж заалдах хурлаа хийдэггүй, товлодоггүй явсаар хоёр жил өнгөрч байна.
Охиныг минь аймшигтайгаар энэ хорвоогоос холдуулсан өдөр энэ сарын 19-н. Би энэ өдрийг мартаж болохгүй асуудал гэж байдаг юм аа гэж өөртөө болон олон хүнд дахин нэг хэлэхийн тулд чамтай уулзаж байгаа юм.
– Малайз улс давж заалдсан үндэслэлээ юу гэж тайлбарлах юм бэ?
– Тодорхойгүй. Манай Засгийн газар ийм шалтгаанаар давж заалдаж байна, өмнөх шүүхийн шийдвэр ингэж гарлаа гэж албан ёсоор ямар ч тайлбар, мэдээлэл ирүүлдэггүй. Таг болсон. Надаас өөр хөөцөлдөх, хэлэх хүн байхгүй.
– Манай талаас Хууль зүй, дотоод хэргийн яам зэргээр дамжуулаад хөөцөлдөж болдоггүй хэрэг үү?
– Монгол, Малайз хоёр орны хооронд эрх зүйн гэрээгүй болохоор боломжгүй гэж Хууль зүйн яамнаас албан бичиг ирүүллээ. Гадаад харилцааны сайд саяхан намайг хүлээж авсан. Гадаад яам дипломат үйл ажиллагаа явуулдаг. Хуулийн үйл ажиллагаа явуулж, хэн нэгэн хүний хэрэгт орооцолдоод байх боломжгүй. Юуг бичих, ярих нь тусдаа. Тодорхой цензуртэй байдаг болохоор яах вэ, хүлээж авсан нь сайн хэрэг.
Малайзад манайхаас ямар ч төлөөлөл байхгүй. Сүүлийн 13 жил Малайз улсын тал Монгол Улсад итгэмжлэх жуух бичгээ бариагүй. Малайзыг хариуцсан Монголын Элчин сайдад ч итгэмжлэх жуух бичгийг нь бариулаагүй. Ингэхээр хоёр талаасаа ямар ч үйл ажиллагаа явуулах эрх нээгддэггүй. Монгол, Малайз хоёр визгүй зорчдог. Ер нь Малайз хамгийн хариуцлагагүй орон. Би ганцхан өөрийнхөө хүүхдийн тухай яриагүй. Олон монголчууд тэнд амь насаа алдсан. Бүр дайн болж байгаа юм шиг буудуулсан, захын үүдэн дээр дүүжлүүлсэн, сураггүй алга болсон нь ч цөөнгүй бий.
Хүний наймаанд маш олон монгол эмэгтэй очиж хэлмэгдсэн. Би хэдэн арав гэж яриагүй шүү, түүнээс олон тоогоор хэлж байна. Тэр хүмүүс надад ханддаг юм. Манай хүүхэд ингэчихлээ, би ингэж зүдэрч зовж явна гээд. Хүний эрхийн төрийн бус байгууллагуудтай хамтарч эх оронд нь авчирч байсан удаатай.
– Хүний наймаа одоо ч бий гэгддэг…?
– Өчнөөн жил, одоо ч үргэлжилж байгаа. Хүний наймаанд орсон хүн юунд хэрэглэгдээд, эцэст нь яаж хаягддагийг мэднэ. Ингэж баригдсан монголчууд Малайзын шоронд өдөрт өвдгөөрөө сөхөрч суугаад тэдний шүтдэг шашны мөргөлийн үг, төрийн дуулал хоёрыг малайз хэл дээр өдөрт гурван удаа өвдөглөж байгаад дууддаг. Тэгээд өвдөг нь цус нөж болж, ялаа шумуулд баригдаад сүүлдээ хатуурчихсан байдаг.
Би энэ хэргийн төлөө 18 жил явж байна. Чамгүй хугацаа. Өнөөдөр хүртэл үр дүнд хүрээгүй байна. Малайз Монголын харилцааны тухай хамгийн сайн мэдэх хүн нь би. Өөр хүн төдийлөн мэдэхгүй. Тэгэхээр ийм хариуцлагагүй юм бол энэ оронтой ядаж визгүй зорчдогоо болиоч. Бүрмөсөн биш юм гэхэд тодорхой хугацаагаар түдгэлзүүлээд үз гэж төр засаг. Гадаад яаманд санал хүргүүлж байна.
– Болох юм уу?
– Тийм улсыг ямар нэгэн байдлаар доргиох хэрэгтэй. Улс төрийн болон дипломат ямар нэгэн уулзалт өнгөрсөн 18 жилийн хугацаанд нэг ч болоогүй. Төрийн айлчлал гэж хоёр талаас хийж байгаагүй. Ийм харилцаа гэж байх уу. Ийм хөлдүү царцуу харилцаа байхгүй байсан нь дээр. Ямар ч гэсэн бид тоншоод үзэх хэрэгтэй. Ингээд хүлцэнгүй гөлийгөөд, бид хэрэг хийчихсэн биш, хоёр гараа өргөөд сууж байх ямар албатай юм бэ.
– Гадаад харилцааны сайдтай уулзсан гэлээ. Энэ хэргийн талаар нааштай зүйл яригдав уу?
– Нэг ч гэсэн улс оронтой бид эв зүйтэй байх зорилго байдаг гэж хариулна лээ. Гэхдээ бид хэнтэй хэрхэн нөхөрлөх, ямар байдлаар түүнтэй найзлах вэ гэдэг нь асуудал шүү дээ. Монгол хүнд төрөхөд нь төрсний гэрчилгээ өгөөд, 16 нас хүрэхэд нь иргэний үнэмлэх олгодог. Энэ бол таныг төрснөөс энэ хорвоогоос явах хүртэл чинь энэ улсын иргэн бөгөөд хамгийн үнэт зүйл гэдгийг баталгаажуулж буй хэрэг.
Бид таны боловсрол, эрүүл мэнд, амьд явах эрхийн бүхий л зүйлийг хариуцна гэж өгч байгаа баталгаа. Би хүн. Монгол төр давхар иргэнээ алдсан хохирогч мөн. Энэ утгаараа надтай адил байдлаар Малайзад хандах ёстой. Үүрэгтэй бас эрхтэй. Тэгэхгүй байгаа нь харамсалтай. Яах вэ захидал явуулдаг юм. Малайзын тал хэзээ ч хариуг нь өгддөггүй. Тийм муухай аргатай. Аль юм болгон бид Малайзад өртэй юм шиг, найрсаг найзын сэтгэлээр хандах вэ дээ. Үнэхээр хангалтгүй байна гэж би харамсаж байгаа юм. Түүнээс биш би төрөө шүүмжлээд яах вэ дээ.
– Бараг хорь орчим жил гэдэг маш урт хугацаа. Ийм урт хугацаанд явсан таны зам ямар байсныг төсөөлөх хүн үгүй биз. Үгчлээд яривал ямар дүр зураг буух бол?
– Малайзын Засгийн газар 2006 онд миний охиныг цааш нь харуулахдаа Монгол Улсыг төрийнхөө түвшинд “дайсан” гэж үзсэн байдаг. Манай орны аюулгүй байдалд онц ноцтой аюул учруулахаар Монгол Улсын иргэн тэр хүнийг маш хурдан ул мөргүйгээр устгах ёстой гээд тэр үүргийг Ерөнхий сайд нь цагдаа нараа дуудаад өгсөн байдаг. Бүр тодруулбал Ерөнхий сайдын зөвлөх Багиндагийн захиалгаар Батлан хамгаалах яамандаа даалгавар өгч зэвсэг гаргуулан үйлдсэн. Тэгэхээр бид дайсан нь байж таарсан бололтой.
Хүн ер нь бүх хүнтэй сайн байх албагүй. Тийм бололцоо ч байдаггүй. Хүнд таалах таалагдахгүй, болох болохгүй юм зөндөө л байдаг. Бүх хүнийг надад өрөвч сэтгэлээр хандаасай гэж би хүсдэггүй. Намайг, охиныг минь ч элдвээр бичиж, хүүг нь ч зүгээр байлгаагүй. Өчнөөн жил сошиал ертөнцөөр хайр найргүй балбууллаа. Бичиж л байг л дээ. Гэхдээ хэн хүнд ямар нэгэн асуудал хэзээ нэгэн цагт заавал таарна. Эрт үү орой юу гэдэг цаг хугацааны асуудал болохоос биш хүн амьдралын өмнө асуудалтай тулах, шууд хэлэх юм бол зовлон жаргал хоёрыг эдлэх гэдэг хэмжээтэй юм шүү дээ. Хэн бүхэнд таарна. Надад л эрт тааралдаж, олон жил зүдэрч яваа ч хүмүүст сургамж болдог байх аа гэж боддог юм. Сэтгэл зүйн хувьд маш дарамттай. Сүхээр цохисноос дор эд шүү дээ. Явж явж хэвлэл мэдээлэл л тус болж ирлээ.
– Шүүх хурлууд ч олон улсын анхаарлын төвд болж ирсэн байх аа?
– Би юунд эмзэглэдэг вэ гэхээр 2008 онд анх шүүх хуралд очсон юм. Азийн жижигхэн хөгжил муутай орон социализмыг хэчнээн ч жил дагаж навсганасан. Одоо ардчиллыг юу нь ч мэдэхгүй байж гүйж ирцгээсэн ийм улстай яаж ч хандсан яадаг юм гэсэн байдлаар хандаж байгаа нь харагдаж байсан.
Кинон дээр гардаг шиг том биетэй хар арьстай нөхдийг шүүхийн гадна жагсаагаад зогсоочихсон. Тэдгээр нь цаанаа биеэ тоочихсон. Би тамхи татдаггүй л дээ. Гэхдээ би зориуд тамхи асаагаад хөлнийх нь завсраар нясалж билээ. Би монгол хүн гэж хэн байдгийг харуулъя гэж бодсон юм. Удалгүй шүүх хурлын үеэр зодоон болж байж тэдний хүмүүс тусдаа, манай тал тусдаа суудаг болгосон юм.
АНУ-аас “Манай иргэн та эх орноосоо яваад таван cap боллоо. Танд ямар нэгэн юм тохиолдсон уу, асуудал гарсан бол хэлээрэй, эх орондоо эргэж ирээрэй” гэсэн агуулгатай мессэж байна лээ. Иргэн гэдэг ийм үнэтэй байдаг юм байна шүүдээ
Тэнд хийсэн хэвлэлийн хурал дээр би “Монголчуудыг дэлхий мэднэ. Монгол хүнээр оролдож болдоггүй юм шүү гэдгийг би мэдрүүлнэ. Битгий доромжлоорой” гэж ярилцлага өгч байсан юм. Дараа нь нэг очиход сэтгүүлч надаас “Та амьдралдаа инээж үзсэн үү” гэж байна. Би хариуд нь “Би танай нутагт онгоцны буудал дээр буугаад л миний инээд алга болчихдог юм. Гэхдээ байнга уурлаж явдаг хүн биш шүү. Би хорвоод инээдэг, уурладаг, баярладаг цусан зүрхтэй, усан нүдтэй хүн. Гэхдээ танай энд надад инээх шалтгаан алга” гэдгээ хэлсэн.
– Эцэст нь энэ бүхэн явж явж хүний эрхийн асуудал болж хөндөгдөж байгаа юм биш үү?
– Би саяхан Америкийн иргэн болчихсон монгол найзтайгаа тааралдаж жаахан хамт суусан. Биднийг ярьж суух зуурт гар утсанд нь мессэж ирж байна. Тэр нөхөр маань Монголд ирээд таван cap болж байгаа юм байна. Гэтэл АНУ-аас “Манай иргэн та эх орноосоо яваад таван cap боллоо. Танд ямар нэгэн юм тохиолдсон уу, асуудал гарсан бол хэлээрэй, эх орондоо эргэж ирээрэй” гэсэн агуулгатай мессэж байна лээ. Иргэн гэдэг ийм үнэтэй байдаг юм байна шүүдээ.
Гэтэл манай хэдэн зуун мянгаар тоологдох иргэн гадагшаа гараад 20, 30 жил бор зүрхээрээ ажиллаж амьдраад явж байна. Тэдэнд анхаарал тавьж байна уу. Тийм эзэнгүй байж болох уу. Монгол хүн өдөрт ямартаа ч нэг удаа уулан дээр гарч бодоо дурандаад, богоо хариулаад орой хотонд нь авчирч хэвтүүлдэг билээ. Гэтэл хүнээ ингээд мартчихаж болох уу.
Ийм нөхцөлд хүний эрх гэж ярихад ч хэцүү санагдана… Дөрвөн жил болоход “Та минь биднийг сонгоод өг” гээд өнгө өнгийн туг барьж, харайж ирээд хошхируулж гуйгаад л сонгогдож аваад алга болдог. Тэр үед таны эрхийг хангана, гайхалтай болгоно, бүхнийг шийднэ гэсэн уриа лоозон нь тэр л байдаг биз дээ.
Ер нь гадаадад амьдарч байгаа иргэдэд ямар нэгэн асуудал болоход надтай холбогдох нь олон. Гадаадад амьдарч байгаа монголчуудын эрх зүйг хамгаалах албан ёсны бичиг баримт байдаггүй. Тиймээс гадаадад амьдрагсдын эрхийг хамгаалах хуультай болох юм сан гэж боддог юм бэ. Амьдрал, эрүүл мэнд, иргэншил, үр хүүхэд нь үүх түүх, хэл соёлоо сурахад нь хэрэгтэй. Яг амьдрал дээр очоод өмгөөлөгч аваад ажиллах гэхээр “Танайх иргэнээ хамгаалах тухай ямар нэгэн эрх зүйн акт байна уу” гэж асуудаг гэсэн.
Ингэж бид гадаадад хэлмэгдэж явах харамсалтай. Тиймээс болдогсон бол гадаадад амьдарч байгаа хүмүүсийн нэрийн өмнөөс босдог, ноёны бөх гэдэг шиг УИХ-ын гишүүн та болооч гэсэн санал ирж л байдаг юм. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгтэй, хэрэггүй олон хуульд оролцож яах юм. Гадаадад амьдарч байгаа монголчуудын эрхийг хамгаалах ганц чухал хууль батлуулчихад болно оо гэцгээдэг.
– Малайзын талтай та хувиараа холбогдож байна уу. Таны өмгөөлөгч байдаг байх аа?
– Саяхан Малайзад байгаа миний өмгөөлөгчөөс Сангитаас захидал ирсэн. Тэрбээр “Би ганцаардаж хүчин мөхөстөж байна. Монголын төр засгаас жаахан ч гэсэн нөлөөлөл маш чухал байна” гэсэн агуулгатай захидал байсан. Түүний аав дэлхийд нэртэй шударга хуульч Карпалл Синх анх миний хэргийг өмгөөлж байсан ч 2012 онд “машины осол” гэдгээр амиа алдсан.
Гэмт хэргийг үйлдсэн хоёр этгээдийн нэг нь Австрали руу зугтаачихсан. Үүнд хамгийн гол буруутан нь монгол хүн байдаг. Олон улсын хурал дээр Малайз хүн монгол хүний амь насыг егүүтгэсэн байвал түүнд цаазын ял оноож болохгүй, тэр ч битгий хэл хүнд ял оноохгүй байхыг хүссэн илтгэл тавьсан нь олон улсын хэвлэлүүдээр гарсан шүү дээ. Бөөн асуудал болсон. Тэгээд л цаазын ял авчихсан байсан хэрэгтнүүдийг чөлөөлчихсөн.
Малайзын өнөөгийн ерөнхий сайд Анвар Ибрахим шударга үнэний төлөө тэмцэгч бөгөөд шоронгоос гарч ирээд 2012 онд надтай уулзаж, “Шантарвал тэмцэх хэрэггүй, үнэн хэзээ нэгэн цагт ялдаг. Тэмцэнэ ээ, хоёулаа” гэж байсан юм. Би түүнд захидал бичсэн. Хүлээж авсан тухайгаа хариу ирүүлсэн. Гэхдээ аливаа асуудалд цаг хугацаа, хэмжээ, тэсвэр гэж байх ёстой. Би цөхөртлөө явлаа. Заримдаа “Хариуг хариугаар л авахаас өөр гарцгүй юм байна” гэж бодогддог үе бий. Зэрлэг асуудал л даа…
“Та ер нь яажшуухан амьдрав даа” гэхэд “Би бригадын бага сургуулиас МУИС хүртэл 50 жил багшилсан хүн. Сүүлийн 20 жилд Монголын бүх алдарт академичдын 100 жилд зориулсан баримтат кинонууд бүтээж амжлаа. Түүнээс гадна төрийн есөн хөлт цагаан сүлдийг шинэчлэн бүтээхэд голлон оролцсон болохоор хэн бүхэнд тохиохгүй хувь шүү гэж бэлгэшээж явдаг” хэмээн дурсав. Төр таныг ивээх болтугай.