Categories
мэдээ цаг-үе

С.Оюун: 17 жил залбирч, хүлээж байна

УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюунтай ярилцлаа.

-Ээлжит бус чуулган хуралдана гэдэг яриа байна. Та энэ талаар дуулав уу. Ээлжит бус чуулган хуралдах онц шаардлагагүй гэсэн гишүүд ч байна. Таны байр суурь аль талд нь байгаа вэ?

-Түрүүчийн ээлжит бус чуулганы үеэр би гадаадад томилолттой байж таарсан. Дахин ээлжит бус чуулган зарлах нь зөв гэж үзэж байгаа. Учир нь маш олон хууль хэлэлцүүлгийн шатанд яваа. Тиймээс аль болох эртхэн шиг эдгээр хуулиуд батлагдах нь зөв. Тухайлбал, миний ажлын хэсгийг нь ахалсан хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах Хог хаягдлын тухай хууль юм. Ц.Оюунгэрэл нарын гишүүд өргөн барьж би ажлын хэсгийг нь ахалж байна. Энэ маш чухал хууль. Яагаад гэхээр манай улс хог хаягдлын менежментийг хэрэгжүүлж чадаагүй. Нийслэлийн хэмжээнд сайжирч байгаа ч гэсэн хөдөө орон нутагт тэр бүр сайн байж чаддаггүй. Химийн буюу эмнэлгийн хог хаягдал, батарей гэх мэтчилэн электрон хог хаягдлын менежмент манайд нэвтрээгүй байсан. Үүнийг уг хуульдаа цогцоор шийдэж байгаа.

Мөн Органик хуулийн ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд нэгдүгээр хэлэлцүүлгээ хийчихсэн. Хоёрдугаар хэлэлцүүлэгт оруулж баталмаар байна. Энэ мэтчилэн маш олон хуульд бий. Эдгээр хуулиуд бүгд батлагдах ёстой.

Ээлжит бус чуулганаар ганц хоёр хүний асуудал шийдэхээр хуралдах юм бол дэмий л байх. Эрх биш бодлогын зүйлсээ хэлэлцэх л байлгүй.

-Ш.Түвдэндорж гишүүн Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барина гэж байсан. Магадгүй ээлжит бусаар хэлэлцэх болов уу. Таны хувьд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ер нь сонгууль ойртсон үед Сонгуулийн хууль өөрчлөх нь буруу. Ялангуяа хоёр сар гаруйхны өмнө батлагдсан хуульд өөрчлөлт оруулах нь тийм ч зөв зүйл биш. Ш.Түвдэндорж гишүүний өргөн барьсан хуулийн төслийн агуулгатай танилцаж амжаагүй явна. Ямар ч байсан пропорционалийн 28 мандатыг 22 болгох гэж байгаа юм шиг байна лээ. Сонгууль дөхчихөөд байхад энэ Их хурал дэмжихгүй байх аа. Нэгдүгээрт, тоглоомын дүрэм ойлгомжтой байх ёстой. Сонгууль болгоны өмнө тогтолцоогоо өөрчлөөд байх нь буруу. Олон жил ярьж байгаад улс төрийн намуудыг төлөвшүүлэх үүднээс Монгол Улсад пропорциональ систем 2012 онд нэвтэрсэн. Сонгогчдын өгч буй саналыг аль болох хувь тэнцүүлэн тусгах гэсэн дэвшилттэй санаа л даа. Өнөөдрийг хүртэл олон сонгууль явагдсан хэдий ч арай илүү санал авсан нь дийлэнх суудлыг авч, сонгогчдын өгсөн санал тэр хэрээрээ тусч чаддаггүй гэдэг шүүмжлэл явдаг байсан тул холимог систем нь дээр гэдэг үүднээс нэвтрүүлж байсан юм. Гэтэл одоо үүнийгээ оролдох гээд байгаа нь буруу. -Нийслэлээс сонгогдсон нэг гишүүнд хэтэрхий их ачаалал байдаг тул ийм шийдвэр гаргах гэж байгаа гэсэн. Та ч гэсэн нийслэлээс сонгогдож байсан хүний хувьд мэдэж л байгаа байх?

-Нийслэлийн мандатыг нэмэхийг дэмжиж байгаа. Гэхдээ заавал Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр шийдэх боломжтой байсан. Нэгдүгээр сард тогтоолын төсөл өргөн бариад хэлэлцэгдэж чадаагүй. Үүнтэй адил тогтоолын төсөл маягаар нийслэлийн мандатын тоог нэмж, орон нутгийн мандатыг багасгах нь зөв. Учир нь хөдөө орон нутгаас нийслэлд ирэх хүмүүсийн тоо маш ихээр нэмэгдэж, нийслэлийн тойргоос сонгогдсон гишүүд орон нутгаас сонгогдсон Их хурлын гишүүдээс хэд дахин илүү тооны сонгогчдыг төлөөлж байгаа юм. Энэ утгаараа нийслэлийн иргэдийн эрх ашиг тэр хэмжээгээрээ хохирч байна гэсэн үг. Орон нутгаас сонгогдсон гишүүн 50 мянган хүн төлөөлж байгаа бол нийслэлийн гишүүд 250 мянган хүн төлөөлж байх жишээтэй. Ядаж л иргэддээ хүрч ажиллахаас эхлээд түвэгтэй зүйл бий. Сонгуулийн хуульд ч гэсэн сонгогчдыг төлөөлөх тоо тэнцүү байна гээд заачихсан. Нэгдүгээр сард тогтоолоор үүнийг шийдэх гэсэн боловч Ардын нам үүнийг эсэргүүцсэн. Орон нутгаас сонгогдсон гишүүд Их хуралд олонх байдаг болохоор үүнийг шийдэхэд хэцүү байдаг.

Пропорционалийн хувьд тухайлан тойргийг төлөөлөхгүй байгаа юм шиг боловч улс орноо бүхэлд нь төлөөлж байгаа юм. Намуудын бодлого төлөвших, боловсон хүчин, лидерүүдээ гаргаж ирэхэд энэ тогтолцоо хэрэгтэй. 2000 оны сонгуулиар тухайн үеийн МАХН нийт сонгогчдын 53 хувийн саналыг авсан. Тэгсэн хэрнээ парламентын суудлын 90 гаруй хувийг авсан байдаг. Энэ нь мажоритар тогтолцооноос болсон зүйл. Энэ бол ялагч нь бүгдийг авна гэдэг тогтолцоо. Мажоритар систем бол хоёр намын тогтолцоо руу хүчтэй түлхдэг. Хоёр нам 30, 30 хувийн дэмжигчидтэй байлаа гэхэд үлдсэн хувиуд дээр нь жижиг намууд байдаг. Гэтэл тэд хаягдчихдаг. Ингээд ирэхээр олон ургальч үзэл, олон намын тогтолцоо хумигддаг юм.

-Үүний гарц нь юу байх бол?

-Пропорциональ системийг нэг сонгуульд л ашиглалаа. Үүнийхээ үр дүнг үзэж, ойлгож амжилгүй жагсаалтын ард нуугдаж байна гэх мэтчилэн ярьдаг. Жагсаалт гэдэг чинь намын бодлогоос эхлээд дээр хэлсэн олон чухал зүйлийг багтаадаг.

-Сонгуулийн хуулийг батлахдаа сонгуульд өрсөлдөгч улс төрийн намууд тойргоос нэг суудал авч байж таван хувийн босгыг хөндөх юм билээ. Энэ сонгууль жижиг намуудад бол бараг л хаалттай юм биш үү?

-Тэр үнэн. Олон жил төрийн жолоог атгаж ирсэн улс төрийн хоёр том нам жижиг намуудыг “жийх” бодлого барьсан. Манай намын хувьд 2012 оны сонгуулиар сонгогчдын таван хувийн дэмжлэг авсан. Нийслэлд 8.5 хувийн дэмжлэг авсан л даа. Пропорциональ системээр сонгуулиа явуулдаг орнуудад 5-8 хувийн дэмжлэг гэдэг бол чамлахааргүй амжилт. Нийт сонгогчдын 10 хувь гэхэд л 10 сонгогчийн нэг нь саналаа өгч байна гэсэн үг. Гэхдээ 5-10 хувийн санал авч нэмэр болохгүй байж, шантааж хийдэг гэсэн өнцгөөс ханддаг.

ИЗНН гэхэд ганц, хоёр суудалтай гэлтгүй бодлогын нам байхыг хичээдэг. Цөөхөн суудалтайгаас үл хамаараад биднийг дэмжсэн 5-8 хувийн санал өгсөн сонгогчид бий. Ногоон хөгжлийн бодлого, Сайн засаглалыг ч дэмжсэн ч байдаг юм уу ямар нэгэн учир шалтгаан байгаа болоод л дэмжсэн байж таараа. Бид Их хуралд байгаа хоёр суудлаараа түүнийг төрийн бодлого болгохын төлөө бүтээлчээр ажиллахыг хичээдэг. Ямартай ч энэ хугацаанд чамлахааргүй олон зүйлийг урагшлуулсан.

2004 онд “Эх орон ардчилал” эвсэл байгуулагдахад эвслийн түнш нам болсон. М.Энхсайхан дарга тухайн үед “21 Дарь эх” гэдэг 21 бодлогыг мөрийн хөтөлбөр болгосон. Үүн дээр нь бид Авлигатай тэмцэх бодлого, Сайн засаглал байгуулах бодлогыг мөрийн хөтөлбөрт нь шигтгэсэн. Сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулагдсан тул Засгийн газрын хөтөлбөрт нь тусгаад, ажлын хэсгийг нь ахалсан. Энэ мэтчилэн цөөхөн суудалтай ч гэсэн бүтээлчээр ажиллах боломж бий. Хий хоосон шүүмжлэхээсээ илүүтэйгээр Засгийн газарт ороогүй ч гэсэн орсон бол ингэж ажиллах байсан гэдгээ бүтээлчээр хэрэгжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Улс төрийн намын зорилго нь бодлого төлөвлөх байдаг. Уг бодлогоо шат шатандаа нэвтрүүлэхийн төлөө явах ёстой.

-АН, ИЗНН нэгдэх асуудлаа хэлэлцэхээр ажлын хэсэг байгуулсан. Гэвч ИЗНН-ын дүүргийн дарга нараасаа эхлээд зарим дарга нар нь АН-тай нэгдэхгүй гэдэг байр суурийг илэрхийлж байна. Танай нам дотор хоёр янзын байр суурь байгаад байх шиг байна л даа?

-Нам дотор нэгдэх нь зүйтэй. Нэгдэж болохгүй. Дангаараа сонгуульд орох ёстой гэхчилэн янз бүрийн байр суурьтай хүмүүс байна. Өнгөрөгч нэгдүгээр сард АН-ын зүгээс ИЗНН-д анх удаа нэгдэх санал тавьсан. Албан ёсоор нэгдэх санал тавьсан болохоор манай нам энэ асуудлыг хэлэлцэх үүрэгтэй. Түүнээс биш би дуртай, дургүй гээд хойш тавьж болохгүй. Улс төрийн намын тухай хуульд зохицуулалт нь байдаг. Намуудын дүрэмд ч бий. Нэгдэх асуудлыг намын Их хурал шийднэ. Ганц хоёр дарга дангаараа шийдвэр гаргахгүй. Намын Их хурлаараа шийдэхээс өмнө заавал намын гишүүдийн дунд хэлэлцүүлэг явуулахаар заасан.

АН-ын дарга З.Энхболдтой хэлэлцүүлэг өрнүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан. Эл хүрээнд аймаг, дүүрэгт анхан шатны хэлэлцүүлгээ эхлүүлсэн. Энэ долоо хоногт хэлэлцүүлгүүд дуусах ёстой. Гарсан саналуудаа нэгтгэн намын удирдлагууддаа танилцуулна. Ингэхийн тулд Үндэсний хороогоо хуралдуулна. Эндээс Их хурлаа хуралдуулах эсэхийг шийднэ. Нэгэнт нэгдэх асуудал Их хурлаар хэлэлцэгддэг тул бид Их хурлаа зарлана. Эцсийн шийдвэр тэгж гарна.

-Нэгдэнэ гэхээр ИЗНН татан буугдаад АН-ын нэрийн дор нэгдэх үү?

-Хоёр нам нэгдэхийн тулд татан буугдаад АН-д орно гэсэн үг. 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж, парламентад байнга суудалтай явж ирсэн улс төрийн хүчин бүр байхгүй болох гэж байна. Татан буулгаж, арчих гэж байна гээд эсэргүүцэж байгаа хүмүүс бий.

Одоо үйлчилж байгаа сонгуулийн систем, Сонгуулийн хууль, улс төрийн тогтолцоо энэ бүгдийг харахаар ИЗНН-ын гишүүд, дэмжигчдийн бодлогыг шинэ шатанд гаргахын тулд бодлого ойрхон АН-ын бүтэц дотор өөрийн гэсэн орон зайтай болоод төрийн бодлогод нөлөөлөх нь зөв. ИЗНН-ын бодлого хэрэгжих том боломж гэж харж байгаа. Гэхдээ намын дарга гээд би шийдэхгүй. Намын Их хурлаараа шийднэ.

Бид 5-10 хувийнхаа хүрээнд төрийн бодлогод нөлөөлж чадаж байгаа ч С.Оюун гэдэг лидер биш энэ намд байгаа чадалтай, олон жил тууштай намдаа зүтгэсэн залуучууд, эмэгтэйчүүдэд боломж олгохын тулд АН-ын дотор тодорхой орон зайтай бүтцүүд нь орж байж явах нь би биш манай намын дараагийн үед илүү ашигтай гэж харж байгаа.

Олонд танигдсан хэн нэг лидер нь тойрогт нэр дэвшиж гарч ирээд таван хувийн босго давж 1-2 хүнийг гишүүн болгоод төрийн бодлогод нөлөөлөх үү. Эсвэл тогтмол сонгогчдын 30-аас дээш хувийн санал авдаг АН-д нэгдэж ороод асуудалд нөлөөлөх үү. Миний хувьд бол АН-д нэгдэж бодлогод нөлөөлөх нь илүү зөв гэж харж байна.

-Хэдэн дарга нар гэдэг нүдээр танай намынхан харвал яах вэ?

-Тэгж хардаг хэсэг бий. С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг гэсэн хэдэн дарга нар орон зайтай болчихно. Бид АН-д ямар ч орон зайгүй болчихно гээд байгаа юм. Би бол өөр өнцгөөс харж байгаа. Дахиад ганц хоёр лидер гарах биш чадалтай залуусаа гаргах бодолтой байна. Нийгэм шинэ “царай”-г хүсээд байгаа биз дээ. Хуучин улстөрчид биш шинэ хүмүүс гарч ирээсэй гэж үнэхээр хүсч байна л даа. Тэгэхээр би биш манай намын чадалтай гишүүд орж ирэхэд тогтолцоо нь өөрөө хэцүү болохоор АН-ын бүтэц рүү орж шат шатны бодлогод нөлөөлөх нь зөв гэж боддог. Бид 15-16 жил улс төрд зүтгэчихлээ. Нийгэм биднийг биш залуучуудыг хүсээд байгаа болохоор шинэ залуу үе, шинэ бодлогыг улстөрчийн хувьд дэмжиж байгаа юм. Гэхдээ намын даргын хувьд ингээд хэлчихвэл “Та намын дарга байж намын шийдвэр гараагүй байхад ийм зүйл ярилаа” гээд шүүмж явж л байна. Үүнийг нам дээрээ ч сайн ярьж байгаа, үүнийг хэлэхээс өөр аргагүй.

-Цаашдаа яах юм. Эцсийн шийдвэр хэзээ гарах бол?

-Гуравдугаар сард багтаад манай Үндэсний хорооны хурал болно. Биднийг шийдвэр гаргахаас өмнө АН ч гэсэн ажлын хэсгийн хүрээнд авсан үүрэг, амлалтуудаа хэрэгжүүлэх ёстой. АН-ын бүтцэд Төв нам гэж байдаг юм билээ.

Мөн анхан шатны байгууллагууд дээр нь ч гэсэн орон зайтай болж, бүтцүүд нь орох ёстой. Түүн дээр квотууд байх ёстой. Жишээлбэл, ҮЗХ-ны 10-аас доошгүй гишүүн байна гэхчилэн заагаад тодорхой хугацаанд үйлчилнэ. Мэдээж АН-ын хувьд олон жил болсон нам гэдэг утгаараа шинэ хүн орж ирэнгүүт шахаж магадгүй. Тэгэхгүйн тулд тухайн квот нь тодорхой хугацаанд үйлчлээд явах нь зөв. Хугацаа нь дууссаны дараа өрсөлдөөд өөрийн гэсэн байр суурьтай лидер болоод явах боломжтой. 2000 оны сонгуулийн дараа МСДН АН-тай нэгдсэн. МСДН АН-даа уусаад хэн ч биш болно гэж ярьдаг байсан ч одоо хуучин МСДН-ын гишүүн АН дотор лидерүүдийн нэг хэвээрээ л байна. Тэгэхээр тэр хүмүүсийн идэвх, зүтгэлээс их зүйл хамаарна.

-АН-тай нэгдэнэ, нэгдэхгүй гэж нам дотроо талцаж байхаар эвсээд сонгуульд орчих боломжгүй юм уу?

-Эвсэхийг дэмжинэ. Гэсэн ч АН-ынхан эвсэхгүй зөвхөн нэгдэнэ гэдэг санал тавьдаг. Эвсэхээр болоод явж байтал нөгөө нам нь гэрээгээ цуцалчихвал сонгуульд орж чадахаа байна гэдэг ч юм уу болгоомжлол байдаг юм шиг байна лээ. Үүнээс заавал болгоомжлох шаардлагагүй гэж боддог. Өмнө нь эвсч байсан тохиолдлууд байдаг. Эвсэх ч гэсэн боломжийн хувилбар.

-Таныг намын жагсаалтад орно, орохгүй. Бүр нэр дэвшихгүй гэхчилэн янз бүрээр л ярьж байна. Та 2016 оны сонгуульд өрсөлдөх үү?

-Би намын жагсаалтад орохгүй. Нэгдэх үү, эвсэх үү, дангаараа явах уу гэдгээ шийдсэний дараа сонгуульд хэрхэх вэ гэдэг шийдвэрээ гаргана.

-Сүүлийн үед олны анхаарлыг татаж байгаа сэдэв бол С.Зориг агсны эхнэр Б.Булганыг саатуулан байцааж байгаа асуудал болоод байна. Б.Булганы ээж нь манай сонинд ярилцлага өгч, охиныхоо талаар тодорхой мэдээлэл ярьсан. Сонгууль болгоны өмнө энэ хэрэг сөхөгддөг. Б.Булгантай болон ар гэрийнхэнтэй нь холбоо барьсан уу?

-Хэрэг илрээсэй гэж 17 жил залбирч, хүлээж байна. Ний нуугүй хэлэхэд энэ хэрэг нь нууцлалын зэрэгтэй шалгагддаг юм билээ. Энгийн хэрэг шиг хохирогчийн гэр бүлийнхэнд нь мэдээлэл өгөөд байдаггүй. Үнэнийг хэлэхэд мэдээлэл хомс байна. Нэлээд хэдэн жил Б.Булгантай холбоогүй байсан. Холбогдож амжаагүй явна. Ээжийнх нь ярилцлагыг “Өдрийн сонин”-оос анхааралтай уншсан. Үнэхээр хэргийг илрүүлэх гэж байгаа бол зөв яваасай л гэж Баяр ах бид хоёр хүсч байгаа.

-Зөв яваасай гэдэг нь…

-Зөв таамгаа зөв мухарлаасай, зөв шийдээсэй гэж байгаа юм. Тэгэхгүй бол энэ хугацаанд нэлээд олон хүнийг сэжигтнээр татаж шалгасан. Тэр сэжиг нь нотлогдож чадаагүй. Хэрэг илрээсэй гэж боддог хэдий ч энэ тал дээр санаа зовж байна.

Харамсалтай нь бидэнд хүртэл энэ хэргийн талаарх мэдээллийг маш бага өгдөг. Энэ хэргийг хаалттай, нууцын зэрэглэлд шалгаж байгаа ч гэсэн УИХ хяналтаа тавих үүрэгтэй. Өмнөх парламентуудын үед ч гэсэн Их хурал хяналтаа тавиачээ гээд ажлын хэсэг гаргаад тодорхой хэмжээнд хяналт тавихаасаа илүүтэйгээр дэмжлэг үзүүлдэг байсан.

Миний хүсэлтээр УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо хяналт тавьж байх ёстой. Миний ойлгосноор улирал тутамд тогтмол хэргийг хянаж байгаа прокуроруудын мэдээллийг хаалттайгаар сонсож байх ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *