Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Одонтуяа: Хийхээр төлөвлөсөн олон ажлаараа одонгоо угаана даа

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяатай ярилцлаа.


-Баянгол дүүрэг анхны одонтой дүүрэг боллоо. Одонгийнхоо найрыг яаж хийх вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар манай дүүрэг Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хэмээх нэр хүндтэй шагналыг хүртлээ. Энэ сарын 16 -нд “UB palace”-д Баянголчууд төрийн дээд одонгоо гардан авлаа. Тэр өдөр тугаа залах парад зохион байгуулж, дүүргийнхээ иргэдийг урьсан. Иргэд маань маш их баярлаж байна. Орой нь манай дүүргийн үе үеийн засаг дарга нар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Тамгын газарт ажиллаж байсан ахмадууд олон олон хүндтэй зочдыг урьж хүндэтгэл үзүүлсэн. Хуучны дурсамжит зураг, баримтат кино үзэж өөрсдийн хийсэн бүтээснээрээ их бахархаж байсан. Хүн ер нь дурсах, дуурсагдахын хооронд амьдардаг гэдэг. Хийхээр төлөвлөсөн олон ажлаараа одонгоо угаадаг байх даа (инээв). Энэ дүүргийн Засаг дарга болохдоо л их дэврүүн хүсэл мөрөөдөл тээж ирсэн. Олон жил шийдэж чадахгүй байгаа ажлыг цэгцэлчихье гэж. Шинээр баригдсан олон сайхан барилгадаа иргэдийнхээ олон жил хүсэн мөрөөдсөн үйлчилгээг явуулах хэрэгтэй. Би хүмүүстээ байнга хэлээд байгаа. Сайхан байшинтай байх яахав, сайхан үйлчилгээтэй болох ёстой гэж.Цаг хугацаа хурдан өнгөрч байна. Маш хурдтай ажиллах хэрэгтэй. Тэргүүний дүүрэг боллоо гээд зүгээр суух цаг биш.

-Одонтой дүүргийн иргэд өөдрөг хүсэл тэмүүлэлтэй болсон байх. Нийслэлчүүдийн хувьд ч одон авсан дүүрэг онцгойрч ялгарах байх гэсэн хүлээлт байгаа. Харин та бүхний зүгээс ямар ажлуудыг хийх вэ?

-Эрдэнэ дарга өмнөх жилүүдэд “За хоёулаа дүүргийн Эрүүл мэндийн асуудлыг нэг шийдсэн шиг шийднэ гэдэг байсан. Том том зорилтуудыг зоригтой эхлүүлдэг хүн шүү дээ. Ер нь Ардчилсан намынхан боломжиндоо биш зорилгодоо тулгуурлаж ажилладаг хүмүүс шүү дээ. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтад санаа зовохооргүй боллоо. Өнгөрсөн 5 жилд том, жижиг 14 эмнэлэг барьсан байна. Зам, дэд бүтцийн хувьд том уулзваруудаа бүрэн шинэчилсэн ч хороолол дундах замууд их муудсан байна. Санаснаар бол битүү камержуулмаар байна. Олон жил хотын үзэмжийг гутааж байгаа контейнеруудыг цэвэрлэмээр байна гээд олон зорилт байна. Бүгдийг хэрэгжүүлж чадахгүй ч нэлээд асуудлыг зоригтой эхэлж байгаа. Иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх асуудлыг нэгдүгээрт тавина.Тэр хүрээнд соёл амралтын газар, худалдааны гудамж зэргийг тохижуулж, орчин үеийн дүүрэг болгомоор байна.

-Шөнийн гудамжийг байгуулах төлөвлөгөө бий юу.

-Манай дүүрэгт хэд хэдэн газарт шөнийн гудамж байгуулах боломж байгаа. Гурав, дөрөвдүгээр хорооллын үндсэн гудамж бол хамгийн хөл хөдөлгөөнтэй газар. Эхний ээлжинд энэ гудамжаа тохижуулъя гэж төлөвлөж байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөлтөөр хорооллын дундуур BRT буюу ил метро шиг тусгай зориулалтын автобус явна. Тэгэхээр голын хэсгүүд өөрчлөгдөнө гэсэн үг. Энэ гудамжаа тохижуулж чадах юм бол өдөр ч, шөнө ч худалдааны гол гудамж болно. Тэнд бүх төрлийн шоу арга хэмжээ явагдаж, дуу хуур, хөгжим эгшиглэж, олон орны амтат хоолоор үйлчилдэг, залуучууд нь сайхан чөлөөт цагаа өнгөрөөдөг газар болгох юмсан гэж мөрөөддөг, бас төмөр замын цэцэрлэгт хүрээлэнгээ тохижуулж, амралт зугаалгын бүс болгохоор Төмөр замын удирдлагуудтай ярилцсан. Одоо зураг төслийг нь хийж байгаа.Төмөр замын цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын шар байшингууд бүгд дахин төлөвлөлтөд орох юм. Энэ гудамжийг амралтын өдрүүдэд хаагаад машингүй гудамж болгож иргэд нь алхдаг, дугуй унадаг, гадаа сайхан сууж хоол, унд иддэг тийм орчныг бүрдүүлэх юмсан гэж боддог. Гэвч нэн түрүүнд тэнд амьдардаг иргэдийн эрх ашгийг бодолцохгүй бол бас ажил явахгүй. Одоо хотын төвд байгаа шөнийн гэрэлт гудамжны сайн, муу талыг судалж л байна.

-Гэр хороолол руу ийм худалдаа, үйлчилгээ төвлөрсөн гудамжуудыг байгуулж болох уу?

-Гэр хорооллоо хичнээн гоёж, сайхан болгоё гэсэн ч дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй, хөрсний бохирдол ихтэй гээд бодохоор орчин үеийн хотын айл шиг болохгүй шүү дээ. Нэн түрүүнд гэр хорооллынхоо дахин төлөвлөлтөд анхаарч байгаа. Хуучин хувцсыг хичнээн сайхан нөхөөд шинэ хувцас өмссөн юм шиг сэтгэл сэргэх үү? Одоо чинь 21-р зуун биздээ. Өнгөрсөн жилүүдэд олон зуух тараагаад агаарын бохирдлыг бууруулахад үр дүнгээ өгөөгүй гээд л шүүмжлүүлж байгаа тийм болохоор аль болох олон айлыг орон сууцжуулах хэрэгтэй, харин хөнгөлөлттэй зээлийг нь л шийдэж өгөхөд төр анхаарвал болно. Нэг хүндрэлтэй зүйл нь улсын болон нийслэлийн төсөв эрс багассан. Өмнөх жилүүд шиг олон бүтээн байгуулалт өрнүүлж чадахгүй л байна.Тиймээс олон улсын байгууллагууд, гадаадын түншүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж, цэцэрлэг, хороогоо тохижуулах ажлуудыг нэлээд хийж байгаа.

-Ингэхэд Баянгол дүүрэг сургууль цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг сайжруулсан гээд мэдээлээд байдаг. Та дүүрэгтээ өрнүүлсэн бүтээн байгуулалтуудаасаа сонирхуулахгүй юу?

-Манай дүүрэг олон улсын байгууллага болох Азийн сангийн судалгаагаар дүүргүүдийн өрсөлдөх чадварын үнэлгээгээр дүүргүүдээс нэгдүгээрт шалгарсан. Нийт 150 үзүүлэлтээр дүгнэсэн юм билээ. Иргэдийн аюулгүй байдал, амьдрах орчин, засаглал, эрүүл мэнд, эдийн засаг зэрэг үндсэн таван бүлгийн 150 үзүүлэлтээр дүгнэсэн. Энд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл бол өнгөрсөн таван жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт хийсэн хөрөнгө оруулалт. Баянгол дүүргийн эрүүл мэндийн VII төв өдөрт 700-1000 хүнд үйлчилж байна. Сүүлийн 25 жил баригдаж байгаагүй хүүхдийн эмнэлгээ бас барилаа. Саяхан ахмадын эмнэлгээ ашиглалтад орууллаа. Мөн 2012 онд “Эмүжин” эмнэлэгтэй болсон. Удахгүй мэс заслын тасаг, хүүхдийн хоёрдугаар больницийг нээнэ. Манай дүүрэг бусад дүүргийн хаана ч байхгүй эрүүл мэндийн том хөрөнгө оруулалтыг хүртэж байгаа дүүрэг болж байгаа. Хүн амынхаа тоонд харьцуулахад олон улсын жишгээр орны стандарт хангасан анхны дүүрэг болж байгаа нь тун чухал л даа.Хуучин манай иргэд, хүүхдүүд Сонгино Хайрхан Дүүргийн эмнэлгийн коридорт л хэвтдэг байсан.

Боловсролын салбарт бас нэлээд ажлууд явуулсан. Хүүхдүүдэд зориулж нийт 54 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Энэ мөнгөөр найман сургуулийг өргөтгөсөн. Бид газаргүй учраас сургуулийг өргөтгөөд дээр нь давхарлаж байна. Хоёр шинэ сургууль барилаа. Нэг сургууль нь нэг ээлжиндээ 950, нөгөөх нь 1500 хүүхэд авах хүчин чадалтай. Мөн найман цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулсан. Сургуулиа арван мянган суудлаар нэмж, 11 том уулзварыг шинэчилсэн байна. Гэр хорооллоо 100 хувь гэрэлтүүлсэн. Эндээс харахад яах аргагүй дүүргийн иргэдийн амьдрах орчин сайжирч байгаа юм.

-Иргэд нь ажилтай орлоготой байснаар энэ дүүрэг аз жаргалтай байна. Ил задгай худалдаа эрхэлдэг хүмүүсийг яаж дэмжих юм бэ. Гар дээрх худалдааг албан ёсны болгоод татварыг нь дүүрэг өөртөө төвлөрүүлж болдоггүй юм уу?

-Би хувь хүнийхээ үүднээс ч Засаг даргынхаа хувиар ч бизнесийг ихэд дэмждэг. Зөвшөөрөгдсөн газар зөвшөөрөл аваад, түрээс, татвараа төлдөг, хог хаягдлын гэрээг хийдэг, орчиндоо бохирдол үүсгэдэггүй бизнесийг бүх талаар дэмжинэ. Харин иргэдээс энэ гудамжинд байгаа ил задгай худалдааг болиулаач гэсэн хүсэлт их ирдэг боллоо. Долдугаар сарын 1-нээс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хүлээх хариуцлагатай холбоотой заалт чангарсан. Иргэд биднээс юу хүсээд байна вэ гэхээр чөлөөтэй алхах гудамж, амарч зугаалах орчин, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайг байгуулж өгөөч ээ гэдэг. Нөгөө талаас гудамжинд ил задгай худалдаа эрхэлж байгаа хүмүүсийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг өөрөө амаргүй асуудал болоод байна. Манай Иргэдэд үйлчлэх төвийнхөн маань хорооллын гудамжинд ил задгай бараа зарж байгаа иргэдэд ажлын байр санал болгодог. Зарим нь ажилд ордог. Зарим нь татгалздаг. Зөвхөн бараагаа зармаар байна гэсэн хүмүүстээ бид хорооллын “АПЕКС”, “Барс” зэрэг том худалдааны төвүүдтэй яриад лангуу хямд түрээслэх боломжийг нь хангаж өгье гэдэг л дээ. Сарын түрээс нь 30-50 мянган төгрөг байхаар талбай гаргаж өгөхөөр нөгөө хүмүүс маань дотор ордоггүй зэрэг асуудлууд бий.Тэгэхээр одоогийн үйлчилж байгаа журмаар ил задгай бараа зарахыг хориглосон. Чанартай хүнсний худалдааг бол зөвшөөрдөг. Дахин нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Бид чинь 21-р зууны хотод тэр тусмаа улсын нийслэлд амьдарч байна. Гадаадын бусад хот шиг эмх цэгцтэй болмоор байна.

-Та “Хүүхдэд ээлтэй дүүрэг болно” гэж зарлаж байсан. Энэ хүрээнд ямар ажлуудыг хийх юм бэ?

-Зүгээр уриа лоозон маягаар ажлаа явуулахгүй. Бодит ажил хийж, бүтээн байгуулалтаар баталгаажуулдаг. Хүүхэд хөгжлийн соёлын төвийг барьж байгууллаа. Энд та бидний, эцэг эхчүүдийн хүсэн хүлээсэн дугуйлангууд хичээллээд эхэлчихсэн. Жүдо, шатар, тоо, бүжиг, хөгжмийн зэрэг дугуйлангууд явагдаж, хүүхэд бужигнасан халуун дулаан энергитэй газар болсон байна. Бас хүүхдийн усан спортын цогцолборыг ашиглалтад оруулсан. Дугуйн зам хийлээ. Мөн нэг ээлжиндээ 460 хүүхэд авах хүчин чадалтай зуслангаа Тэрэлжид бариад дуусах дөхөж байна. Энэ бол жилийн дөрвөн улиралд ажиллах зуслан юм. Манай монгол хүүхдүүд дэлхийн хаана ч академик боловсролоор гологддоггүй. Тоо, физик, оюун ухаанаар дандаа тэргүүн байрыг эзэлдэг. Харин хүмүүжил, төлөвшлөөр гологддог. Иймээс ”Эх орон 36” хөтөлбөрийг явуулдаг. Хүүхдийг яавал эх оронч үзэлтэй, хүмүүжилтэй, төлөвшилтэй болгох талаар сургалт хийдэг. Бид өнөөдөр нийслэлчүүдийн соёлд том үсрэлт хийхгүй бол дүүргүүд сайхан хөгжиж, орчин үеийн хот болж чадахгүй. Дээрээс нь хотын дарга Засгийн газрын гишүүн байх ёстой. Засгийн газар, Нийслэлийн бодлого нь уялдахгүй байна.

-Та НИТХ-ын төлөөлөгчөөр, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Гэтэл дүүргийн Засаг даргаар ажиллах шийдвэр гаргахад иргэд хэрхэн хүлээн авсан бэ?

-Иргэд маань дүүргээ мэддэг, дүүрэгтээ сэтгэлтэй хүн Засаг дарга болсонд баяртай байгаа л гэдэг юм. Яг үнэнийг хэлэхэд УИХ-ын эрэгтэй гишүүд л уулзахаараа, тааралдахаараа л үнэмшихгүй гайхсан байдалтай асуудаг байсан. Дүүргийн ажил маш их хэцүү ажил шүү дээ. Чи тэгээд хийх гээд байгаа юм уу гээд л. Надад юу гэж ойлгогдсон бэ гэхээр эрэгтэй улс төрчид албан тушаал буухаас жаахан ичдэг юм шиг. Би чинь ээж хүн. Ээж хүн хаана л тусламж хэрэгтэй байна, эмх цэгцгүй, хоол ундгүй, өвчтэй хүн байна тэнд л ээж нойр хоолоо хугаслаад ч хамаагүй зүтгэж л байдаг. Анх улс төрд орох шийдвэрээ гаргах гээд аавдаа хэлэхэд За охин минь улс төрч болно гэдэг чинь бусдын төлөө л бүх юмаа зориулж зүтгэхийг хэлдэг юм ш дээ. Өөрт таалагдах, таалагдахгүй гэсэн ойлголт байхгүй” гэж хэлж байсан. Одоогийн улс төрчдөөс хувийн ашиг хонжоо хайж ордог нь олон болсон нь харамсалтай. Тэгээд ч энэ дүүрэгт зайлшгүй хийж дуусгах олон ажил байсан. Дүүргийн ажил бол тэр чигээрээ бүтээлч сайхан ажил.

-Баянгол дүүргийн Засаг даргаар өмнө ажиллаж байсан Д.Оросоо яагаад УИХ-д ажиллах болсон юм бол?

-Өмнөх дөрвөн жилд Баянгол дүүрэгт Засаг даргаар ажиллаж байсан Д. Оросоо маань Үндсэн хуулийн чиглэлээр олон жил судалгаа хийсэн мэргэшсэн хуульч хүн учраас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллах шаардлага гаргасан. Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд манай нам туйлын хариуцлагатай хандахгүй бол энэ 65 яаж ч мэдэхээр байна шүү дээ. Иргэд 60 тэрбумаас хойш МАН-д итгэх итгэл байхгүй болсон. Би Оросоо даргыг гайхдаг. Өнгөрсөн дөрвөн жил 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Баянгол дүүрэгт хийхэд яаж энэ бүгдийг амжуулж чадав гэж залуу хүн гэхэд үнэхээр сайн ажилласан. Гэтэл одоо улсын төсвөөс том хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа үе таарч байгаа ч хийх ажил бас л барагдахгүй их л байна. Өнгөрсөн 4 жилд УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийнхэн сайн баг болж богино хугацаанд хүчтэй ажилласан.

-Та дуусаагүй олон ажил байсан гэлээ. Тэгээд ажлаа аваад дуусгаж чадсан уу?

-Бид энэ жил Гэрлэх ёслолын ордонтой боллоо. Мөн өнгөрсөн зургадугаар сард 60 ортой Ахмадын эмнэлгээ ашиглалтанд оруулсан. Саяхан ажлыг нь шалгахаар очтол тал талаас ахмадууд барьж авч үнсээд л “С.Эрдэнэ дарга та нар дэндүү буянтай хүмүүс юмаа. Биднийг ийм сайхан эмнэлэгтэй болгох гэж” гээд л сүйд болцгоосон. Тэр үед юу бодогдсон бэ гэхээр хэрэгтэй зүйлийг нь хийж бүтээх, тэрийг сонсох ямар сайхан юм бэ л гэж бодсон. Аав ээж минь бурхан болсон болохоор ахмадууд үнсэхээр аав ээждээ үнсүүлсэн юм шиг болдог юм байна лээ.

Дээр үед интернетээс уншиж байсан. Гадаадын нэг жижиг буудалд дэрний меню байдаг. Жуулчдад тэр нь их онцлог байдаг гэж. Тэгээд дүүргийнхээ эмнэлгүүдийг дэрний цэстэй бол гэсэн үүрэг өгсөн. Хүн дэр таарахгүй бол тухтай хэвтэж чадахгүй шүү дээ. Арвайтай, цайтай, эмийн ургамалтай дэр гээд л авсан байна лээ. Сайхан байшинтай байх нэг хэрэг, сайхан үйлчилгээтэй байх хэрэгтэй гээд л байнга харьцаа хандлагын сургалт хийдэг. Гадаадаас мэргэжилтнүүдийг их урьж авчирдаг.

Бид спорт цогцолборыг 2018 онд ашиглалтад оруулна. Нийслэлийн бусад дүүрэгт байхгүй том усан бассейн, спорт заалуудтай болно.

-Ойрын үед улс төр ширүүн байгаа. МАН дотроо хуваагдаж засгаа унагасан явдлыг улс төрчийн хувьд юу гэж үзэж байна вэ?

-Ер нь төрийн албыг наймаалцдаг энэ бүх зүйл цаашид Монголын төрд буруу жишиг тогтооно. Монгол Ардын нам оройтсон ч гэсэн шинэчлэл хийх гээд оролдож байна. Энэ бол улс төрийн намын хувьд зоригтой чухал алхам л даа.

-Таныг гишүүн байхад УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг нийгмийн бүхий л асуудлаар дуу хоолойгоо олон түмэндээ хүргэдэг байсан. Энэ удаагийн парламент хамгийн олон эмэгтэй гишүүнтэй байгуулагдсан. Гэтэл эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн асуудлууд гарсаар байтал дуугарахгүй байна. Тэд хэтэрхий хувийн бизнес рүүгээ анхаараад байгаа юм болов уу?

-С.Зориг агсны хэлсэн алдартай үг байдаг шүү дээ. “Улсын эрх ашгийн дор намын эрх ашгаа тавь. Намын эрх ашгийн дор хувийн эрх ашгаа тавь” гэдэг. Тэгэхээр энэ хүмүүс улсынхаа эрх ашгийн дээр намынхаа эрх ашгийг тавьчихаад байх шиг байна. Бид нар дуугарвал болохгүй. Намын дарга загнана гэдэг ч юмуу. Уг нь дотроо дуугарах сэтгэл нь байгаа ч намаасаа эмээгээд чимээгүй байгаад байгаа юм болов уу л гэж боддог. Энэ парламент олон эмэгтэй гишүүнтэй болоход би хувьдаа баярлаж байсан. Өмнөх дөрвөн жилд эхлүүлсэн бидний ажлууд үргэлжлэх нь гэтэл таг шүү. Одоо манай хуучин байсан эмэгтэй гишүүд рүү иргэд яриад “Та нар байхдаа бүлэг дээрээ, чуулган дээрээ дуугараад байдаг байсан. Одоо охид, бүсгүйчүүдийн эрх ихээр зөрчигдөж байхад тэднийг өмгөөлж хамгаалах хүн байхгүй болчихлоо” гэдэг. Манай Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос ажлын хэсэг гаргасан. Бид охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг нэгдэнэ. Их хурлын гишүүн хүчингийн хэрэг хийснийг нь хэрэгсэхгүй болгочихож байна. Бага насны охидууд амиа хорлох нь нэмэгдэж байна. 13 настай охины амийг дөрвөн залуу хөнөөчихөөд байхад архины хордлого гээд эмнэлгийн дүгнэлт гаргаад сууж байна. 2 жилийн өмнө Төв аймгийн нэг сумын Засаг дарга ажилтан эмэгтэйгээ тамлан зовоолоо. Энэ мэт олон хэрэг дарагдаж байна. Тэгэхээр бид дуугарна, дуугараад зогсохгүй тэмцэнэ.Охид бүсгүйчүүдийн хүчирхийллийн эсрэг бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэх иргэд, иргэний нийгмийн байгууллагууд байвал Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоонд хандахыг уриалж байгаа шүү. Үнэхээр охид эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг хийчихээд тэрийгээ хайцаалаад нуун дарагдуулж, хөнгөн ял авах зэргийг бид хүлээн зөвшөөрөхгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *