Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Одонтуяа: Аж ахуйн нэгжүүдээ бодитой дэмжихгүй бол татварын суурь өргөжихгүй DNN.mn

УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.


-Улс орны эдийн засаг амаргүй байна. Эрх баригчдын зүгээс ковид, дайнтай холбоотой тайлбарлаж байна. Ийм үед төр засаг ямар бодлого баримтлах ёстой вэ?

-Эрх баригчдын эдийн засгаа сэргээх гэсэн бодлого байгаа онохгүй зургаан жил өнгөрлөө. Ковидын хуулиа он дуустал сунгасан нь энэ нөхцөл байдлыг үргэлжлүүлэх, түүний ард ковидын нөхцөл байдал гэсэн нэрийн дор эдийн засгийг эдийн засгийн бус арга механизмаар удирдаж ирлээ. Үүний том илрэл нь төсвийн данхайлт, улсын өр, төгрөгийн ханшны уналт, инфляциар дамжин ард иргэд бидэнд мэдрэгдэж байна. Гурван их наяд, 10 их наядын хөтөлбөр зарласан нь бодит эдийн засагт хэр их нэмэр болсныг дүгнэж ярих цаг болсон. Үүний тайланг тавьж хэлэлцэхийг шаардаад ч бүрхэг хэвээр үргэлжилсээр байна. Өнөөгийн нөхцөлд төсвийн данхайсан зардлыг бууруулах хэрэгтэй. 2021 оны төсөвт бидний шүүмжилж сануулж ирсэн хөшөө, театр, музей гэсэн нэртэй хагас их наядын хэмнэлтийг хийх боломж байсан. Хойшлуулж болох энэ мэтийн хөрөнгө оруулалтыг түр царцаагаач гэж олон хэлсэн. Тоть шиг хэдэнтээ давтлаа. Хүнийг өвдөхөөс урьдчилан сэргийлэх нь хүнд өвдсөн үед эмчлэхээс хамаагүй бага зардалтай, эмчилгээний үр дүн ч эерэг байдагтай адил. Эдийн засаг хүндрээд байна гээд байхад “Бид мэдэж байна” гээд төсвийн зарлагаа галзууртал нэмчихээд одоо юу ч байхгүй болсон учир нэг ч хөрөнгө оруулалт хийхгүй гэж хоёр тийш савладаг, туйлширдгаа болих хэрэгтэй. Эдийн засгийг аль болох савлуулахгүй тогтвортой өсөлттэй байлгах нь чухал. Аж ахуйн нэгжүүдээ бодитой дэмжихгүй бол татварын суурь өргөжихгүй байна. Богино хугацаанд татварыг хойшлуулж, шаардлагатай бол бууруулах нь дунд, урт хугацаанд аж ахуйн нэгжүүдийг байр сууриа олох, шаардлагатай хөрөнгө оруулалтаа хийх боломж олгоно. Жишээ нь, НӨАТ таван хувь болгон бүгд ижил тэнцүү төлөх үүрэгтэй байвал эдийн засагт сайнаар тусах нь тодорхой. Гэтэл эргээд сугалаагаар дамжуулан И-баримт бүртгэлээ эрчимжүүлэх гэж буй ядарсан арга. Татварын бодлого сугалаанд ялагдаж байна гэсэн үг. Мөн төсвийн зардалд бүтээмжийн өсөлт хийхгүйгээр бий болгосон олон албан тушаал, ажлын байрууд байна. Эдгээрийг цомхотгож, төрийн үйлчилгээ бүтээмжтэй болмоор байна. Эдийн засаг агшихад нэгэнт данхайсан том зардлыг аж ахуйн нэгжүүдийн татвар дийлэхгүй нь тодорхой. Бодлогын хүүг оройтож нэмлээ. Ханшийн уналтаас сэргийлж буй боловч зээлийн хүү өсөх нь иргэд, аж ахуйн нэгжийн зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын идэвхийг бууруулна. Гол ажил бол экспортын орлогоо яаж ийгээд нэмэгдүүлэх юм даа. Төр болон хувийн хэвшлийнхэн орлогын гацалтаасаа хөдлөх нь чухал. Бэлэн байдал нь ч харьцангуй сайн байгаа гэж бодож байна. Ингэсэн тохиолдолд ханшийн уналт хязгаарлагдан хэрэглээний үнэд учруулах дарамт буурна.

-Намрын чуулган эхэлж байна. Эдийн засаг хямралтай байгаа энэ үед чуулганаар хэлэлцэх асуудлаас 2023 оны төсвийн тухай хууль анхаарал татсан сэдэв боллоо. Ирэх оны төсөвт шинээр ямар ч бүтээн байгуулалтад хөрөнгө тусгахгүй гэсэн мэдээлэл байна. Ер нь яавал ухаалаг сахилга баттай төсөв батлах вэ?

-Төсөв эцэслэгдэж танилцуулагдаагүй болохоор нарийн дүгнэлт өгөхөд эрт байна. Төсвийн алдагдлаа өмнөх онуудтай харьцуулахад нэлээд багасгаж байгаа гэсэн. Энэ нь сайн үзүүлэлт юм. Эдийн засаг дахь төрийн оролцоо хамгийн бага байх ёстой. Тодруулбал, төрийн мэдэж зарцуулдаг мөнгө бага л байх ёстой. Төрийн нэрийн дор нэмэгдүүлж буй орон тоо, үйлчилгээ, төрийн өмчит аж ахуйн нэгж гэсэн болгон төсвийн зардлыг нэмэгдүүлнэ. Гэтэл төр эдийн засагт бодит юм бүтээдэггүй, зөвхөн татварын орлогыг зарцуулдаг. 2017 онтой харьцуулахад төсвийн зарлага бараг хоёр дахин нэмэгдсэн. Ирэх оны төсвийг алдагдалгүй батлах хэрэгтэй. Хөшөө, хаалга, театр болон эдийн засагт орлого шууд авчрахгүй хөрөнгө оруулалтыг хасах хэрэгтэй. Мэдээж эдийн засаг сэргэх үед тэдгээрийг гүйцээж хийхэд ямар ч асуудалгүй. Дотоод болон гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжих вэ. Нөгөө талдаа төрийн өмчит алдагдал хийдэг аж ахуйнуудаас салах, хувьчлах, олон нийтэд санал болгох ажил ч хийгдмээр байна. Ингэсэн тохиолдолд төрийн мэдлийн дор үр ашиггүй ажлууд хумигдаж, эдийн засгийг эрүүлжүүлэхэд эерэг нөлөө гарна. Өнгөрсөн хугацаанд цахимжлаа, И монголиа орлоо, яам байгууллаа гэсэн мөртлөө тэр үр дүнгээс шалтгаалан зардлын хэмнэлт, бүтээмжийн өсөлт гэсэн нэг ч зүйл яригдсангүй. Аливаа өөрчлөлт шинэчлэлт дэвшил авчирсан бол дараа дараагийн зардлыг бууруулж, бүтээмжийг өсгөсөн байх ёстой. Ирэх оны төсөвт орлогыг бодитой төлөвлөх нь чухал. Бид орлогоо хэт өөдрөг төсөөлөн том тоо тавьж гүйцэтгэлээ хийж чадахгүй жилийн хугацаанд төсвөө хэд хэд тодотголоо. Нэг талаар төлөвлөж чадахгүй байна гэсэн үг.

-Манай улс уул уурхайн хараат эдийн засагтай орон. Доллар олох өөр ямар боломжууд байна вэ. Валютын нөөцийг яаж бүрдүүлэх вэ?

-Доллар олох манай эдийн засгийн гол салбар бол уул уурхай. Экспортын орлого ологч гол бүтээгдэхүүн. Хэдийгээр нэмэлт өртөг бүтээх нь хангалтгүй байгаа ч өнөөгийн байдлаар буюу ухаад ачиж буйгаа хагас боловсруулах, урт хугацаандаа эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлох бодлого хэрэгтэй. Нүүрс, зэс, алтны салбарын бодлогыг улам нээлттэй болгож, хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Харин одоогийн үйлдвэрлэгчдийг дараагийн боловсруулалтын хөрөнгө оруулалт хийхэд бодлогын дэмжлэг чухал. Түүхий эдийн үнэ зах зээлийн үнийн хэлбэлзэлд өртөмтгий байдаг бол боловсруулсан бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байдаг. Засгийн газраас явуулж буй боомтын сэргэлтийн бодлогыг бүрэн дэмжиж байна. Бидний экспортын бүтээгдэхүүний тааламжтай байгаа энэ цагийг сайн ашиглах хэрэгтэй. Төмөр зам, авто замын бүтээн байгуулалт үүнд чухал үүрэгтэй. Дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдал ч уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээнд хүчтэй нөлөөллөө. Богино хугацаанд экспортоо төлөвлөсөн хэмжээнд хүргэхийн тулд боомтын үйл ажиллагаа, хил нэвтрүүлэлт, ач тээврийн зохицуулалтыг тасралтгүй, цаг бага шаарддаг болгох нь зөв. Бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа учраас хэдийгээр биет хэмжээгээр төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй ч мөнгөн дүнгээр зорилтот түвшинд дөхөхөөр байгаа. Энэ бол сайн мэдээ. Үүгээр хязгаарлагдалгүй чөлөөт бүс, гадаадын хөрөнгө оруулалт, хайгуул олборлолтын салбарыг эрчимжүүлэх ажлуудыг ч зэрэгцүүлж хиймээр байна.

-Чуулган эхлэхтэй зэрэгцээд хүүхдийн мөнгөний асуудлыг хөндөөд эхэллээ. Амьдралын түвшнээс хамаараад ялгавартай олгоно гэх юм. Эрх баригчид төсвөө танах болохоор хүүхдийн мөнгийг болиулна гэдэг. Энэ зөв гаргалгаа мөн үү?

-Халамжийн хавтгайруулсан бодлого явуулснаа хүүхдийн мөнгөнөөс боллоо гэж ойлгож болохгүй. Хөдөлмөрийн насны залуусыг халамжийн бодлогоор залхуу болгож байгаа тухай л иргэд шүүмжилж байгаа. Хүүхдийн мөнгийг халамжийн мөнгөтэй хольж ойлгож болохгүй. Хүүхдийн мөнгө халамжийн мөнгө биш учраас халамжийн хуулиар зохицуулагддаггүй. Ялгавартай олгох нь Үндсэн хууль зөрчих асуудал яах аргагүй үүснэ. Иймээс хүүхэд бүрт хүүхдийн мөнгө өгөх хэрэгтэй.

-УИХ дахь эмэгтэй гишүүд Гэр бүлийн тухай хуулийг санаачилж өргөн барьсан. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад байхгүй байна. Хууль батлагдсанаар ямар өөрчлөлт хүлээж байна?

-УИХ дахь эмэгтэй гишүүд гэр бүл, хүүхэд хөгжил, эрүүл мэнд, боловсролын зэрэг нийгмийн тулгамдсан асуудал ихтэй хуулиудыг барьж авч ажиллаж байна. Таны асуусан Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэл нь хүүхэд хамгаалал, гэр бүлийн гишүүдийн хүлээх үүрэг, хүүхдийн тэтгэмж олгох зэрэг олон нэмэлт өөрчлөлтийг агуулсан. Хууль батлагдсанаар гэр бүлийн харилцааны зарим асуудлыг зохицуулснаар гэр бүлийн гишүүдийн эрх үүрэг, хууль ёсны ашиг сонирхол тэнцвэртэй хангагдах, гэр бүлийн тулгамдаад байсан хэд хэдэн асуудал шийдэгдэнэ. Жишээ нь, хүүхдийн тэтгэмж төлөх байдал хангалтгүй байсан бол түүнийг хугацаа алдалгүй барагдуулах, хүүхдэд зарцуулах тэтгэмжийг хэрэгцээт хугацаанд нь төлүүлэх, төлөхгүй тохиолдолд алданги тооцох зэргээр хариуцлагыг өндөрсгөж байна. Хууль хэлэлцэх шатанд илүү нарийн заалтуудыг олон талаас хэлэлцэж эцэслэнэ.

-Засгийн газрын бодлогуудаас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газрын бодлогын хувьд цэцэрлэгийн асуудлыг сайн шийдэж чадсан. Ингэснээр эцэг, эхчүүд ажил хийж орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Төр өөрөө ажлын байр нэмэгдүүлэх биш, ажлын байр нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой юм. Гадаад нислэгийн тоог зоригтой нэмэгдүүлсэн нь эдийн засгийн эргэлтэд эерэг нөлөө үзүүллээ. Мөн солонгос иргэд визгүй зорчиж эхэлснээр аялал жуулчлалын салбарт нэлээд дэмжлэг боллоо. Түүнчлэн төсвийн хэмнэлтийн хууль батлагдсанаар нэлээдгүй зардлыг багасгалаа.

-Танай намын асуудлаар ярилцлагаа үргэлжлүүлье. АН-ын дотоод хямрал шийдэгдэхгүй удлаа. Сөрөг хүчингүй эрх баригчид яаж галзуурдгийг харж байна. АН яаралтай эв цавандаа орохыг нийгэм хүлээж байгаа. Намаа эвлүүлэх тал дээр жирийн гишүүд хэрхэн идэвх санаачилгатай ажиллаж байгаа бол?

-Нам хуваагдсанд жирийн гишүүдийн оролцоо огт байхгүй, тэдэнд ямар ч буруу байхгүй. Зөвхөн дээрээ лидерүүдийн хооронд хуваагдал явагдсан. Эсвэл зөвшилцөөд явцгаах, эсвэл зайгаа тавьж өг гэхээр хэн нь хэнийгээ дийлдгээ үзнэ гээд хоёр жил үзэлцлээ. Жоомоо алах гээд байшингаа шатаачихлаа. Эндээс хохироогүй үлдсэн нэг ч Ардчилсан намын гишүүн алга. Хамгийн том хохирол гарз нь Монголын Ардчилал. Хүнээр зүйрлэвэл сэхээнд орчлоо.

-Намын дотоод маргаанд цэг тавих зорилготой АН-ын залуус үе, үе дуу хоолойгоо нэгтгэж харагдах юм. Энд тэнд л уулзалтууд болж байна. Эдгээр үйлдлүүд АН-ыг нэгтгэхэд нөлөөлж чадах уу. Тэдний үйлдлээс ямар үр дүн хүлээж болох вэ?

-Бидэнд хоёрдогч, гуравдагч зам гэж байхгүй. Эвлэлдэн нэгдэж, ардчиллыг хамгаалах ганц л зам бий. Үндэсний эрх ашиг, улс орны хөгжлийн шаардлага биднээс эв нэгдэл, хариуцлагыг нэхэж байна.

-Ер нь АН улс төрийн бүх акциудаа орхиод ёроолдоо хүртэл унасны дараа ард түмэн ардчиллыг хүсч үгүйлсэн тэр цагт сэргээх ёстой гээд байгаа юм уу?

-“НЭГНЭЭ УГТАН АЛХаЦГААЯ” гэдэг уриалга гаргасныг өнцөг булан бүрт гишүүд маань давлагаалан дэмжсэнд баяртай байгаа. Өнгөрсөн хугацаанд эвлэрүүлэх гэж нэлээд хичээсэн. Сүүлдээ олон жил хамт зүтгэсэн дотны найз нөхөд, андуудтайгаа ч намын асуудлаас болж санал зөрж муудалцаад авсан. Би эхнээсээ хоёр талаасаа хамтарсан ажлын хэсэг гаргаад эвлэрлийн хурлуудаа хийе гэдэг байр суурьтай байсан. Гэтэл “Үгүй ээ, наашаа л ирж нэгдвэл нэгд, үгүй бол үгүй” гэдэг байр суурийг талууд хатуу баримталсаар их ч цаг хугацааг алдлаа.

-АН-ын дотоод байгууллагууд бүгд хоёр хуваагдчихлаа. Хамгийн удаан тэссэн нь эмэгтэйчүүдийн байгууллага болон залуучуудын холбоо байсан. Гэтэл С.Эрдэнэ таныг төдийгүй УИХ-ын нэр бүхий гишүүдийг намаасаа хөөж, УИХ дахь АН-ын бүлгийг татан буулгаж байгааг мэдэгдсэн. Хуулинд юу гэж заасан байдаг юм бэ?

-Өнгөрсөн хугацаанд хоёр хуваагдаж ардчиллын лидерүүд рүүгээ шороо цацалцаж, өөр хоорондоо захиалгат хар пиар явуулснаа улс төр хийлээ гэж ойлговол том эндүүрэл. Бүтэн нэртэй ч хүн үлдсэнгүй. Үндэсний эрх ашиг, улс орны хөгжлийн шаардлага биднээс эв нэгдэл, үсрэнгүй хөгжлийн төлөөх далайцтай бодлого, хариуцлагыг нэхэж байна. УИХ дахь АН-ын бүлгийн хувьд дотроо ойлголцохгүй санал зөрөх зүйл зөндөө л байдаг. Бүлгийн даргаар Д.Ганбатыг ажиллах хугацаанд УИХ-ын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах үүднээс нэг ч удаа шалтгаангүйгээр бүлгийн хурлыг таслаагүй идэвхтэй байсан. Одоо О.Цогтгэрэл даргын ажлыг ч бүх талаар дэмжээд л ажиллаж байна. Учир нь УИХ-аар түүхэн чухал хуулиуд хэлэлцэгдэх гэж байна. Тухайлбал, Сонгуулийн холимог тогтолцоо, Улс төрийн намын хууль, Улс төрийн намын санхүүжилтийн хуулиуд орж ирнэ. Улс төрийн намуудын төлөөллийн хувьд энэ гурван хуульд онцгой анхааран ажиллх шаардлагатай юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *