Categories
мэдээ улс-төр цаг-үе

Сонгуулийн саналын хуудастай холбоотой асуудлаар улс төрийн намууд СЕХ-д шаардлага хүргүүллээ DNN.mn

УИХ-д суудалтай намууд болон өмнө эрх барьж байсан намын дарга, төлөөллүүд сонгуулийн саналын хуудастай холбоотой асуудлаар СЕХ-д хоёр шаардлага хүргүүлж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл өглөө.

Тэрбээр “126 гишүүнийг хоёр байдлаар сонгоно. Ингэхдээ тойргоос 78 гишүүнийг сонгоно. Харин жагсаалтаар буюу намын нэр дугуйлах байдлаар 48 гишүүнийг сонгох учиртай. Үр дүнд нь нэг нам хязгааргүй эрхтэйгээр эрх барьдаг биш маш олон сөрөг хүчнүүд бий болно гэсэн хүлээлттэй байгаа юм.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд СЕХ зайлшгүй анхаарах ёстой асуудлууд байна. Тухайлбал, зургаадугаар сарын 28-ны өдөр сонгуулийн санал хураах үед саналын хуудасны асуудал гарч ирж байгаа юм. Саналын хуудас нь хоёр тусдаа хуудас байх ёстой юм гэдэг үндэслэлийг бид гаргаж ирлээ.

Өөрөөр хэлбэл 78 тойргоос нэр дэвшигч нарын нэр нэг хуудас дээр тусдаа, жагсаалтаар нэр дэвших хүмүүсийг нь дахин тусдаа хуудаст нэрсийг нь бичих ёстой гэж үзэж байна. Хэрэв саналын хуудас хүчингүй болсон тохиолдолд нэг хуудас дээр аль алинг нь тэмдэглэсэн бол жагсаалт маань хүчингүй болох гээд байгаа юм.

Энэ удаагийн сонгуульд гадаадад амьдарч байгаа монголчууд сонгууль өгнө. Ингэхдээ жагсаалтаар нэр дэвшиж байгаа буюу намын нэрсийг дугуйлах байдлаар саналаа өгнө. Эдгээр үндэслэлээр бол саналын хуудас дээрх хоёр төрлийн санал хураалт бол тусдаа байх ёстой гэдэг шаардлагыг албан ёсоор СЕХ-д хүргүүлж байна.

Хоёрдугаарт, Сонгуулийн саналын хуудаст намуудын нэрсийг Дээд шүүхэд бүртгүүлснээр нь дараалуулж бичдэг. Энэ удаагийн сонгуульд 30 орчим улс төрийн намууд болон эвсэл оролцоно гэж ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Энэ долоо хоногтоо багтаагаад СЕХ-д хүсэлтээ өгөх ёстой.

Гэтэл маш урт сонголттой, сонгуулийн тойрогт томорчихсон болохоор нэг тойргоос арав хүртэлх нэрс дугуйлах арван мандаттай маш урт жагсаалт гарч ирээд байгаа юм. Энэ дунд иргэд төөрөх, будилах, аль нам нь хэн билээ гэдэг үл ойлголцол үүсэх гээд байгаа юм. Тиймээс иргэдэд энгийн ойлгомжтой мэдээлэл өгөх зорилгоор саналын хуудас дээрх нам, эвслийнх нэрийг тавьсны дараа тухайн намын дарга нь хэн бэ гэдэг мэдээллийг, нэрийг, зурагтай нь хамт тавья гэж байгаа юм. Мөн нам, эвслийнх нь лого, бэлгэдлийг нь оруулъя. Ингэснээр энэ нам бол ийм намын даргатай юм байна гэж хараад саналаа өгөхөөр ойлгомжтой болгохгүй бол иргэд будлах гээд байна. Үр дүнд нь ардчилсан сонгууль маань ойлгомжгүй байдлаас болоод хүсээгүй үр дүн гарах болно” хэмээн мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *