МУСТА, ОУ-ын усан будгийн мастер зураач С.Мөнхбаатартай ярилцлаа.
-Та хэрхэн уран зурагтай холбогдов. Багын мөрөөдөл байв уу?
-Зураач болно гэдэг мөрөөдөхөөс илүү цаанаас өгөгдөлтэй авьяас гэдэг зүйл байх ёстой гэж үздэг. Би зураач болно гээд шууд зураач болно гэдэг их төвөгтэй. Би багаасаа зурдаг байсан. Сүүлд 2015 оноос усан будгийн төрлөөр дагнаж бүтээлээ туурвисан. Усан будгаар зурахад ерөнхий уран зургийн мэдлэгээс эхлээд усан будгийн техникийг сурах хэрэгтэй болдог. Энэхүү зургийн төрлөөр тасралтгүй хичээллээд таван жил болж байна. 2005 оноос хойш ОУ-ын Улаанбаатар их сургуульд одоог хүртэл дизайны багшаар ажиллаж байгаа.
-Уран бүтээлч хүн бүтээлээсээ өөр өөр мэдрэмжийг авдаг байх. Таны хувьд бүтээлээсээ ямар мэдрэмжийг олж авдаг вэ?
-Би бүтээлээ туурвихдаа аль болох энгийн зүйлээс чамин чухал зүйлийг гаргахыг зорьдог.Энгийн хүний дүр төрх, нүдний харц,амьдарч буй байгалийн зураглал орчин зэргээс сайн сайхныг олж хараасай гэж хүсдэг. Усан будаг хүнийг татах, автуулах ид шидтэй юм шиг санагддаг.
-Ихэвчлэн ямар төрөл жанраар зургаа зурдаг вэ?
-Ерөнхийдөө хөрөг зургаар бүтээлээ зурдаг.
-Та бие даасан үзэсгэлэн гаргаж байв уу?
-Бусад уран бүтээлчтэй хамтарсан үзэсгэлэн гурав, бие даасан үзэсгэлэн дөрвийг гаргасан. Гадаад, дотоодын маш олон үзэсгэлэнгүүдэд оролцож байсан. Саяхан л гэхэд Солонгост болох том хэмжээний үзэсгэлэнд оролцох гээд зургаа явуулчихсан. Мөн Шеньжинийн олон улсын хоёр дахь финальд оролцсон. Хөл хорионоос болоод нэлээд хэдэн үзэсгэлэн цуцлагдсан байгаа.
-Усан будгаар зурахад их мэдрэмж шаарддаг байх. Зургаа зурахдаа хэр уддаг вэ?
-Усан будгаар зурах үйл явц бусад зургуудыг бодвол хурдан. Зурах гэж буй санаа зохиомжоо олох гэж жаахан уддаг. Өнгө тооны шилжилтүүдийг дээрээс нь усаар зурж байгаа учраас ус хатна, ууршна. Зурагнаасаа шалтгаалаад 4-5 цаг, заримдаа 10 цаг тасралтгүй суух шаардлага гардаг. Усан будаг өөрөө зургаа хатаахгүйгээр үргэлжлүүлээд зураад явдаг болохоор хүлээгддэггүй онцлогтой.
-Анхны ОУ-ын уралдаанд оролцож байсан бүтээлийнхээ талаар дурдахгүй юу?
-2015 онд Шеньжиний анхдугаар үзэсгэлэнд оролцож байсан. Тэр үед “Охины хөрөг” гээд судалбарын төрөлд гуравдугаар байранд орсон. 50-иад орны 2000 гаруй зурагнаас 150 зураг шалгарч байсан.
-“Бүргэдийн шивнээ” зураг тань Дэлхийн усан будгийн мастеруудын тэмцээнд тэргүүн байр эзэлж байсан. Гүн утга агуулгатай зураг шиг санагддаг.
-Тэгэлгүй яахав. Казах түмний ёс уламжлалыг харуулсан. Настай хүн, бүргэд хоёр насаараа хамт ижилсэн дассан тухай өгүүлэхийг зорьсон. Халхаар бол морьтойгоо ярилцдаг гэж ярьдаг даа, түүнтэй адил. Энэ зураг маань 2018 оны Хятадын Шанхай хотын онлайн төрөлд нэгдүгээр байранд орж байсан.
-“Солиот эх” киноны жүжигчдийн зургийг зурсан байсан шүү дээ. Яагаад зурах болсон бэ?
-Анх киног нь үзээд маш сайхан сэтгэгдэл төрж байсан.Кино нь сэтгэлд хүрэхээс гадна киноны зураглал, дүрслэл, уран бүтээлчдийн гаргасан дүр төрх нь их таалагдсан учраас цаасан дээр буулгаж үзье гэж бодсон.Тэр маань зөвхөн миний уран бүтээл биш. Кино уран бүтээлчдийг алдаршуулж олонд хүргэхийг зорихоос гадна усан будгийн техникийг давхар сурталчлах зорилгоор зурсан. Жүжигчин И.Одончимэгийн уйлж байгаа хэсгийг киноны кадраас буулгаж байсан.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Хөл хорионы үеийг ашиглаад хоёр ном гаргачихаад байна. Оюутнууддаа цахимаар хичээлээ заахын хажуугаар цаг ашиглаж номоо бүтээсэн. Өмнө нь “Усан будаг судалбар” номоо гаргачихсан байсан.
-Ном гаргасан гэсэн шүү дээ. Хэдий хэр хугацааг зарцуулав?
-Манайд уран зургийн чиглэлийн номнууд гадаад, дотоодын зураачдын зургийг эш татан тайлбарласан байдаг. Миний хувьд энэ номоо өөрөө гардаж хийсэн. Бүх зургийг өөрөө зурж, гаднаас эш татаж авсан ямар нэгэн зураггүй гэдгээрээ онцлогтой. Монголд байхгүй ном гэж хэлж болно. Оюутан залуус, зураачдад маш их хэрэгтэй ном гэж бодож байгаа. Усан будгийн техникийг Монголдоо сурталчилж, олон зураачдыг гаргаж ирэх туйлын зорилготой. Зураач хүнд өөрийн дадал техник, ямар шинж чанар байгаа талаар бусдад зөвлөгөө өгч харуулсан ном байгаа.
-Манай улсад усан будгийн төрөл хэр хөгжсөн бэ. Энэ төрлийг цаашид хөгжүүлэхэд юун дээр анхаарах хэрэгтэй гэж бодож байна?
-1960-аас 1970-аад онд усан будгаар зурах төрөл байсан. Энэ нь нэг хэсэг орхигдож 2010 оноос дахин сэргэж эхэлсэн. Тэр утгаараа ОУ-ын усан будгийн нийгэмлэг таван хүнтэйгээр байгуулагдаж байсан.Залуусын төлөөлөл усан будгийг зурж, сонирхож, бүтээж эхэлснээрээ энэ урлаг цаашид хөгжих боломжтой болно.
-Одоогоор усан будгийн төрлийг сонирхдог хүмүүс хэр их ажиглагдаж байна вэ?
ОУ-ын Усан будгийн нийгэмлэг 2012 онд байгуулагдсан. Тэр цагаас хойш энэ төрлөө хөгжүүлчихлээ гэж бодож байгаа. Байгууллагууд зөвхөн усан будгаар зурах сонирхолтой мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүсийг хамруулсан дэлхийн хэмжээний гэж хэлж болох үзэсгэлэнг зохион байгуулуулдаг. Сүүлийн үед залуус их сонирхож байгаа.
-Энэ төрлөөр зурахад юун дээр анхаарах хэрэгтэй вэ. Цаасны сонголт чухал уу?
-Нэгдүгээрт, зургийн өндөр мэдрэмжтэй байх хэрэгтэй. Зураг зурна гээд шууд зурчихаж болохгүй. Хоёрдугаарт, цаасны чийгшил маш чухал. Цаас болгон өөрийн гэсэн граммтай байдаг. Бичгийн цаас л гэхэд 80-100гр байдагтай адил усан будгийн дундаж цаас 300 граммтай байна. Цаасан дээр ус чийглээд яаж зурах уу, эсвэл чийглэхгүй зурах уу гэдэг олон техникүүдийг сурч байж зургаа зурж эхэлнэ. Энэ тухай номондоо тодорхой тусгасан.
-Зураг хадгалахад хадгалах горим чухал уу?
-Ус хүргэхгүй бол удаан хугацаанд хадгалагдана. Гэмтэхдээ амархан байдаг учраас нар, чийгнээс л хол байлгавал болчихно доо. Орчин үед хадгалах арга техник өөр өөр байдаг болсон учир хадгалахад асуудалгүй болж байгаа.
-Одоо ямар уралдаанд оролцохоор төлөвлөж байгаа вэ?
-Хятадад 10 дугаар сард болох том үзэсгэлэнд оролцоно. Өөрийгөө илүү сорьсон мэргэжлийн өндөр түвшинг шалгаруулсан үзэсгэлэнд орохыг зорьж байгаа. Энэ нь надад маш их туршлага бий болгох юм.
-Уран бүтээлээрээ юу өгүүлэхийг зорьдог вэ?
-Урлаг дэргэд байдаг. Уран бүтээлийг холоос хайх хэрэггүй гэдэг санааг л ойлгуулахыг хичээдэг. Тиймээс маш энгийн зүйлийг бодож олон нийтэд бүтээлээ туурвидаг.
-Зураг зурахад орчин чухал уу. Та ямар үед зурах сэдэл санааг олж авдаг вэ?
-Бусдын том том уран бүтээлүүдийг үзэх дуртай. Мөн байгальд гарч тайван, төвлөрсөн орчинд бүтээлээ хийдэг. Зураг зурна гэдэг өөрөө анхаарал төвлөрөлт шаарддаг учраас намуухан тайван орчинд байхыг илүүд үздэг.Нарийн детальчилж зурдаг учраас дуу чимээнд бодол санаа сарнидаг.