Categories
мэдээ цаг-үе

С.Ламбаа: Энэ ертөнцөд байдаг бүх хувилбараар сонгуульдаж үзлээ

УИХын даргын ахлах зөвлөх, АНын Бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга, доктор, профессор С.Ламбаатай ярилцлаа.

АНын даргын тушаалаар бодлогын зөвлөл байгуулж ажлын албаны даргаар таныг томиллоо. АНын бодлогын зөвлөл ямар үүрэг гүйцэтгэх вэ?

-Намын дарга Ардчилсан нам бодлогын нам байна гэдгийг зарлаж, Үндсэн дүрмийн 4.3-т “Намын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх байнгын ажиллагаатай байгууллага Бодлогын зөвлөл байна”, 6.7.1-д “Бодлогын зөвлөлийн үйл ажиллагааг журмаар зохицуулна” гэсэн заалтын дагуу зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах журмыг баталсан. Бодлогын зөвлөл Үндсэн дүрмийн 6.7.2-т зааснаар Үндэсний Зөвлөлдөх хороо болон Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцэх бодлогын шинжтэй асуудлыг боловсруулах, төсөл бэлтгэх, намын гишүүд, байгууллагуудад хандан санал, зөвлөмж бэлтгэх, бодлогын асуудлаар хэлэлцүүлэг явуулах, намын удирдлага болон гүйцэтгэх байгууллагаас судалгааны захиалга авч хэрэгжүүлэх, бодлогын бүлгэмүүдийн үйл ажиллагааг уялдуулахад дэмжлэг үзүүлнэ. Мөн сая батлагдсан журмаар намын бодлого тодорхойлох, мөрийн хөтөлбөр боловсруулах, намын дүрэм бусад үйл ажиллагаатай холбоотой журам боловсруулах, намын боловсон хүчин, хүний нөөцийг бэхжүүлэх бодлого боловсруулж санал гаргах үүрэг хүлээсэн.

Бодлогын зөвлөлийг хэрхэн байгуулж ажиллуулах вэ?

-Бодлогын зөвлөл намын удирдлага, бүлгэмийн зөвлөлийн дарга нараас бүрдэж, намын дарга удирдана. Үйл ажиллагааны журамд зааснаар 12 бүлгэмийн зөвлөлийг АН-ын ҮЗХ-ны гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулж, бүлгэмийн зөвлөлийн хурлаас олонхийн санал авч нэр дэвшсэн хүнийг Бодлогын зөвлөлийн даргын тушаалаар бүлгэмийн даргаар томилно. Энэ хүн бодлогын зөвлөлийн гишүүн байх юм.

Та сая бодлогын 12 бүлгэмтэй байна гэлээ. Ямар ямар бүлгэмүүдийг байгуулах вэ?

-Төрийн байгуулалт, гадаад бодлого, аюулгүй байдал, Эдийн засаг, санхүү, худалдаа, Хууль эрх зүй, Хөдөлмөр нийгмийн хамгаалал, Үзэл суртал, соёл, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, Боловсрол, шинжлэх ухаан,Эрүүл мэнд, спорт, ХАА, байгаль орчин, ногоон хөгжил, Эрчим хүч, уул уурхай, Аж үйлдвэр, мэдээллийн технологи, Барилга, хотын хөгжил, Зам тээвэр, ложистик гэд салбарын бодлоготой уялдсан бүтэц бүхий бүлгэмүүд байна. Эдгээр бүлгэмүүд хариуцсан салбарынхаа талаар байнгын судалгаа хийж тодорхой асуудлыг боловсруулж бодлогын зөвлөлд оруулна.

Бодлогын зөвлөл, бүлгэм нь АНын ҮЗХны гишүүдээс бүрдэнэ гэхээр бас л хэдэн хүн тойрсон хаалттай бүтэц бий болж байгаа юм биш үү?

-Бүлгэмийн бүрэлдэхүүнд ҮЗХ-ны гишүүдийг оруулахын хамт салбарын тэргүүлэх мэргэжилтэн залуусыг татан оролцуулж, улмаар АН-ын хүний нөөцийг бэхжүүлэх бодлого баримтална. Миний хувьд бүлгэмүүдэд салбарын чиглэлээр өндөр боловсрол эзэмшиж, мэргэшсэн залуучуудыг татан оруулж тэдгээр залуучуудыг судалгааны том баг болгон ажиллуулна гэж бодож байгаа. Энэ бол манай намын хүний нөөцийг бэхжүүлэх үндэс болно.

Ардчилсан намын дарга өмнө нь Ардчилсан нам фракцгүй нам болно гэж зарласан. Одоо бодлогын нам болно гэж байна. Үнэхээр фракцгүй нам болж чадсан уу?

-Манай нам бол дэндүү олон намын нэгдэл. Тэр ч утгаараа нам толгойлж байсан лидер олонтой нам. Тэр бүхэн нам доторх фракц мэтээр харагдаж ирсэн. Сүүлдээ энэ фракцуудаас зарим нь салж албан тушаал, амбицынхаа сонирхлоор нэгдэж түүнийгээ “фракц” мэтээр зарлаж, нам дотор байр сууриа бэхжүүлэх гэж оролдсон. Энэ нь үнэндээ АН-ын хүчийг сулруулж хүмүүсийн намд итгэх итгэлийг сааруулж ирсэн. Тийм учраас З.Энхболд дарга АН-ыг фракцгүй нам болгоно гэж зарласан. Олон мянган гишүүдийн дэмжлэгийг авсан. Үнэндээ ҮЗХ-ны гишүүд ч гэсэн энэ фракцуудад хуваагдсан нь үнэн. Одоо салбарын бодлогоор ҮЗХ-ны гишүүд хуваагдаж бүлгэм болж бодлогын зөвлөлд нэгдэж ажиллая гэж байна. Энэ бол хамгийн зөв хувилбар. ҮЗХ-ны гишүүд хурал зарлагдвал ганц нэг цугладаг байдлаасаа салж намын бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд бүлгэм, бодлогын зөвлөлөөр дамжиж идэвхтэй ажиллах нөхцөл бүрдэнэ. ҮЗХ-ны гишүүд аймаг, дүүргээс сонгогдсон болохоор тухайн аймаг, дүүргийн хөгжлийн бодлогыг орон нутгийн намын байгууллагатай хамтарч боловсруулах ч үүрэг хүлээнэ. Ингэснээр тухайн асуудлаар суурь бодлого боловсрогдож тэр нь намын мөрийн хөтөлбөр болж хэрэгжинэ гэсэн үг.

Бодлогын зөвлөлийн хийх хамгийн нэн тэргүүний ажил гэвэл таны бодлоор юу байх вэ?

-Одоо Ардчилсан нам төр засгийн эрхийг барьж байна. Бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна. Тийм болохоор хамгийн эхлээд хийх ажил бол АН-ын болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг гаргаж, Монголын ард түмэнд сурталчлах ажлыг эрчимжүүлнэ. Дутуугаа гүйцээхийг УИХ, Засгийн газарт шаардаж ажиллана. Энэ ажил зөвхөн УИХ, Засгийн газрын түвшинд хийгдээд зогсохгүй аймаг, нийслэл, сум дүүргийн хэмжээнд ч хийгдэнэ. Аймаг, нийслэлийн намуудад ч ийм бүтцийг бий болгож хяналт тавьж ажиллуулна. Мэдээж энэ явцад 2016 онд болох бүх шатны сонгуульд орох АН-ын мөрийн хөтөлбөр боловсрогдоно.

Одоо ямар ажил өрнүүлж байна?

-ҮЗХ-ны гишүүдийнхээ нарийвчилсан судалгааг гаргаж, бүлгэмээ байгуулж байна. Гишүүдтэй эцэслэн тохироод Бодлогын зөвлөлийн даргын тушаалаар баталгаажуулна. Бодлогын зөвлөл байгуулах шийдвэр гарснаар ҮЗХ-ны гишүүд хөдөлгөөнд орж, санал бодлоо маш идэвхтэй илэрхийлж байна. Тэдний хүсэн хүлээж байсан ажил өрнөж, эхлэх гэж байна. Энэ утгаар авч үзвэл намын даргын энэ шийдвэр цаг үеэ олсон чухал шийдвэр болсон гэж үзэж байна.

АНын сонгуулийн мөрийн хөтөлбөр хэр зэрэг биелэлттэй байгаа вэ?

-Үнэнийг хэлэхэд манай нам бол шинэ шинэ бодлогыг дэвшүүлж хэрэгжүүлдэг нам. Өнгөрсөн 25 жилийн түүхэнд хийгдсэн олон ажил АН-ын бодлогоор хийгдсэн гэдгийг баттай хэлж чадна. 2012 онд гэхэд АН анх удаа “Монгол хүн 2020” гэсэн урт хугацааны хөтөлбөр боловсруулж, сонгуульд орсон. Ийм л урт хугацааны бодлого Монголд хэрэгтэй. АН-ын 2016 оны сонгуульд орох хөтөлбөр энэ хөтөлбөрийн үргэлжлэл болно.Замаа дуусгана, эхлүүлсэн их бүтээн байгуулалтын ажлаа дуусгана гэх мэтээр үргэлжилнэ.

Та бол УИХ,Засгийн газарт ажиллаж байсан туршлагатай улстөрч, бас таван нам нэгдэж АН байгуулагдахад нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн. Сүүлийн үед шинэ нам байгуулах аян эхэлж байна. Сонгууль дөхөхөөр ингэдэг л дээ. Та энэ үйл явцыг юу гэж үздэг вэ?

-Болдог юм болдгоороо л болж байна. Нэг талаас цаг хугацаа өнгөрөхийн хэрээр залуу үе маань өсч торниж, энд тэнд явж, галуу шувууны мах идэж, эрдэм боловсрол эзэмшиж, юм үзэж нүд тайлцгааж байна. Тэдэнд улс орноо хөгжүүлье, шинэ юм хийе гэсэн асар их хүсэл мөрөөдөл байгаа байх. Тэр хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж шинэ нам байгуулж байна. Нөгөө талаас албан тушаал, амбицандаа хөтлөгдсөн зарим хүмүүс шинэ нам байгуулахаар намаасаа явж байх шиг байна. Сонгуулийн өмнө дандаа л ийм юм болдог болохоор мань мэт нь огт тоодоггүй юм ш дээ. “Хат сууж халуун чулуу долооно” гэгчээр 25 жилд юу эсийг үзэхэв.

Тэгвэл та нам байгуулахад тийм ч таатай ханддаггүй юм аа даа?

-Ардчилсан Монгол Улсад хууль нь байна, эрх чөлөө нь байна. Ийм хууль гаргаж, эрх чөлөөг нь олгоход оролцож явсан улстөрч хүний хувьд яалаа гэж таагүй хандахав. Намуудын тоо 30 хүрэх гэж байгаа байх. Одоо хэд ч болох юм бүү мэд.

Одооны залуучууд нам л байгуулчихвал бидалаадөгнө гэх ухааны юм ярих юм байна ш дээ?

-Нам байгуулснаар асуудлаа шийдчихэж байгаа хэрэг огт биш. Ямар гээч нам болохыг би ч, та ч, тэд ч таашгүй. Зөвхөн Монголын ард түмэн сонгуулийн үеэр дүн тавина. Одоо монголчууд сонголтоо хийж сурч байгаа болохоор шинэ нам тэдний итгэлийг хүлээнэ гэхэд тун бэрх. Нам болж төлөвшихөд асар урт хугацаа шаардана. МАН /МАХН/ 90 гаруй жилийн түүхтэй Монголын ууган улс төрийн хүчин. Ганцаараа юм болохоор сайн ч муу ч түүхийн 70 жилд нь Монголын улс төрийн давцан д ээр дангаараа ноёрхсон. Харин 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд Монгол Улсад олон намын тогтолцоо бүрдэж улс төрийн тавцан дээр шинэ намууд өрсөлдөх болсноор МАН /МАХН/ “үйлээ” үзэж байна. Шинэ ардчилсан хүчнүүдийн байгуулсан шинэ цагийн намуудын эдэлж ирсэн зовлон бэрхшээлийг одоо л тэд амсаж байна. Салж бутарч, ялж ялагдаж, бүх л зовлонг туулж байна. Бид энэ зовлонг аль эрт туулаад өнгөрчихсөн болохоор харин ч шинэ цагийн тэргүүлэгч нам болчихоод байна.

Танай нам зовлон бэрхшээлийг туучиж явж л өнөөдөр өдий зэрэгт хүрсэн гэдэг ч үнэн шүү?

-Ганц намын дарангуйллыг халж, шинэ нам байгуулж 1990 оноос хойш 25 жил МАХН болон бусад шинэ намуудтай зургаан удаагийн УИХ-ын, Ерөнхийлөгчийн, орон нутгийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөж байна. Нэг намын дарангуйллыг халж ч гэж дээ, үнэндээ МАХН хуучин массаараа л үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Тийм болохоор бид мөн ч их зовлон бэрхшээлийг давж туулсан. 1990 онд Ардчилсан хувьсгалын манлайд тодорсон МоАХ, МШДХ, МСАХ гэсэн гурван том хөдөлгөөн МоАН, МҮДН, МСДН-ыг байгуулсан. Түүнээс хойш хичнээн ч салж нийлэв. 1996-2000 онд “Ардчилсан холбоо” эвсэл төрийн эрх мэдлийг аваад 2000 оны УИХ-ын сонгуульд МҮАН л ганц суудалтай үлдэж байлаа. 1996-2000 онд “Ардчилсан холбоо“ эвсэл муу ажилласандаа бус 2000 оны УИХ-ын сонгуульд МҮАН, МСДН, МШАН гээд ардчилсан хүчний намууд бүгд салж сонгуульд өрсөлдсөн учраас санал хувааж дундуур нь МАХН “монжсон”. Тийм учраас ардчилсан хүчний намууд бодит байдалд улс төрийн дүгнэлт хийж 2000 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр МАСМН, МҮАН, МСДН, МоАН, МШАН нэгдэж одоогийн Ардчилсан намыг байгуулсан. Түүнээс хойш бид УИХ-ын, Ерөнхийлөгчийн, орон нутгийн сонгуульд байр сууриа хадгалж чаддаг болж байна. Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд олонхи суудал авч орон нутгийн сонгуулиар 12 аймаг, 170 гаруй суманд ялалт байгуулсан. 2009, 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялалт байгууллаа. Энэ бол Ардчилсан нам төлөвшиж ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн хүчин болсныг гэрчилж байна. Мөн ч их хугацааг туулсан байгаа биз. Шинэ намууд энэ зовлонг гарцаагүй туулна.

-2012 онд АН хамгийн олон суудал авч төрийн эрх мэдлийг авсан хэдий ч хэлсэн амандаа хүрч чадахгүй байна гэсэн хатуу шүүмжлэлд өртөөд байгаа юм биш үү?

-Хүмүүс намайг шалтаг ярилаа л гэх байх. Үнэндээ АН зургаан удаагийн УИХ-ын сонгуульд нэг ч удаа олонхийн суудал авч байсангүй. Хоёр удаа арай олон суудал авсан гэдэг утгаараа төр засгийн эрх мэдлийг бусадтай хамтарч хэрэгжүүлж байна. 1996 онд 51 суудалтай нам олонхи болдог байхад 50 гишүүнтэй, 2012 онд 39 суудалтай нам олонхи болдог байхад 35 гишүүнтэй ялалт байгуулсан. 1996-2000 онд шинэ залуу улс төрийн хүчин ямар зовлон бэрхшээлтэй тулгарч, МАХН-ын сөрөг хүчинд хэрхэн тоглуулж байсныг монголчууд мартаагүй байгаа байх. Гэхдээ л олон чухал асуудлыг шийдэж чадсан жинхэнэ ардчилсан, халгиа цалгиатай парламент байсан юм шүү. Одоо ч гэсэн АН бусад нам эвсэлтэй нэгдэж, ая эвийг нь олж улс орныхоо эрх ашгийн төлөө ажиллах гэж зовж л байна.

Ард түмний сонголт юм болохоор яалтай ч билээ. Гэхдээ л танай намынхны явцуу эрх ашгаас болж хамаг асуудал үүсээд байгаа юм биш үү?

-Намынхны ч биш л дээ, улстөрчдийн гэвэл байгаа онох байх. Монголын ардчиллын төлөө гутлынхаа улыг эргэтэл зүтгэсэн АН-ын жирийн гишүүд дэмжигчид үүнд ямар ч буруугүй. Тэдний хүч хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд эрх мэдэлд хүрсэн зарим улстөрчдийн ганцаарчилсан тоглолт, нам доторх эрх ашгаараа бөөгнөрсөн фракц хоорондын зөрчил л асуудал үүсгэж ирсэн. Харин З.Энхболд дарга намын дарга болоод АН-ыг фракцгүй нам болно гэж зарласан нь хэрэгжүүлэхэд хүнд ч гэсэн өнгөрсөн алдааг засахад нэг алхам ургаш алхсан.

Өнөөгийн залуучууд намынхаа хуучцуулыг одоо улс төрөөс гар, зайгаа тавьж өг гэдэг болж. Та нэг удаа Да.Ганболд, Баавар мэтийн хүмүүсийг намын жагсаалтад оруулах ёстой байсан гэж ярьж байсан. Яагаад?

-Залуухан мод, цэцгийг хүртэл усалж арчилж байж ургуулдаг биз дээ. Ер нь 25-хан жилийн түүхтэй “хал үзэж хат суусан” намын лидерүүдээ “хуучцуул” гэж цоллох шаардлага байхгүй. Тэд залуучууддаа өмөг түшиг болж алдаа оноог нь шүүж тунгаах аваас залуучууд улстөрийн хат сууж сайн улстөрч болох нөхцөл бүрдэнэ. Монголчууд намаас гадна хэн нь хэн бэ гэдгийг хардаг болсон цаг. Хийсэн юмтай, хэлэх үгтэй, зөв үзэл бодолтой, монголчуудад танигдаж мэдрэгдсэн улстөрчид л ард түмнээсээ санал авдаг. Сонгуулийн хэд хоногт танигдана гэж байхгүй. Тийм болохоор залуучууд нь бидний үе ирсэн гэж хуучцуултайгаа сөргөлдөж, хуучцуул нь та нар болоогүй хүлээж бай гэж залуучуудаа түлхэх бус хамтын хүчээр л улс төрийн ялалтын төлөө зүтгэх учиртай. Тэр дотор залуучууд байр сууриа эзлээд л явах болно. УИХ бол хууль тогтоох байгууллага. Би хувьдаа энэ танхимд хий нь гарчихсан туршлагатай улстөрчид сууж байхад гэмгүй гэж боддог. Харин Засгийн газарт бол залуучууд орж, бүх хүч чадал, авьяас билгээ дайчилж, ёстой нөгөө “чөмгөө дундартал” зүтгэх хэрэгтэй.

Тэгээд л Та 2012 онд Б.Болорыг Архангайд дэвшүүлж өөрөө больсон уу?

-Тэгж ойлгож болно. 2008 онд бид Архангайд хамтарч ажиллаад Хамтарсан засгийн газар байгуулагдахад Б.Болор Гадаад харилцааны яамны дэд сайд болсон. 2012 онд Архангайд өөрийнхөө оронд дэвшүүлж дэмжсэн. Тэгээд л сонгогдсон. УИХ-ын гишүүнээр сонгогдоод Байнгын хорооны дарга, сангийн сайд болоод л явж байна. Залуучууд ингэж л байр сууриа эзлэх хэрэгтэй. Хамгийн гол нь иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээхийн төлөө чармайж ажиллах ёстой.

Танай намд сайн улстөрчид олон байгаа. Тэд хойч үеэ бэлтгэж байгаа биз дээ?

-Байлгүй яахав. Ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөөд УИХ-д удаа дараа сонгогдсон гишүүд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, сайдын алба хашсан эрхмүүдээ манай намаас төрсөн лидер улстөрчид л гэж боддог. Олон хүн байна шүү дээ. Тэд бэлтгэж байгаа байх аа. Хамгийн гол нь улстөрч хүний нэр хүндийг ямар нэг байдлаар сэвтээхгүй байх нь бидний хойч үеэ бэлтгэхэд чухал ач холбогдолтой.

УИХын ажлын хэсгээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачилсан. Гэтэл энэ их хурал нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй, хугацааны хувьд ч амжихгүй гээд байна л даа. Таны хувьд санал нийлж байгаа юу?

-Санал огт нийлэхгүй байгаа. Нэг ярихаараа хамгийн олон намын төлөөлөлтөй энэ парламент улс төрийн гацаанд орсон асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй гэнэ. Заримдаа бүр эсрэгээрээ олигархижсан энэ парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй, ер нь юу ч хийх хэрэггүй, тарах хэрэгтэй гээд орилно. Үнэндээ улстөрчид л өөрийнхөө эрх ашгийг дээгүүр тавьж, популизм хийж, төрийн нэр хүндийг унагаж “булшилдаг”. Энэ 76 чинь нэг хэсэг нь намын жагсаалтаар нөгөө хэсэг нь тойргоос сонгогдож, тангаргаа өргөсөн Улсын Их Хурлын гишүүд шүү дээ. Үндсэн хуулийн 69.3-т “Улсын Их Хурал ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж үл болно” гээд заачихсан учраас амжихгүй гээд байгаа байх. Амжуулъя гэж бодохгүй байна л даа. Хэрэв сэтгэл байсан бол аль хэдийнэ амжуулчих хугацаа байсан. Үнэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй парламент гэж өөрсдийгөө үзээд байгаа юм бол ард түмнээсээ асууж болох байсан. Үндсэн хуулийн 25.16-д “Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ” гэсэн заалт байдаг. Өөрөөр хэлбэл МАН-ын тавиад байгаа саналын дагуу ажлын хэсгийн өөрчлөлтийг зүйл заалт бүрээр нь ард түмнээсээ асуугаад олонхийн санал авсан заалтыг УИХ баталж болохоор байгаа. Энэ бол УИХ-ын онцгой бүрэн эрх. Харамсалтай нь санал асуулга явуулах асуудлаа ч шийдэж чадахгүй хугацаа алдаж байна.

Сонгуулийн хууль бас л явж өгөхгүй боллоо. МАН болон бусад намууд хар машиныг эсэргүүцэж жагслаа. Гол нь олон хууль өргөн баригдсанаас түвэгтэй байдал үүсчихээд байна уу?

-Ердөө л тэр шүү дээ. Намууд өөрсдийн сонирхлоор хийсэн хуулиудаа татаж аваад хэдэн жил ажилласан сонгуулийн нэгдсэн хууль дээрээ хамтраад ажилласан бол батлагдах бололцоотой байсан. Байдал нэгэнт иймдээ тулчихаар заавал өөрчлөлт оруулах гээд зүтгээд байх хэрэг юу байхав. Хууль нь байж л байна. Энэ ертөнцөд байдаг бүх л хувилбараар сонгууль явуулж үзлээ ш дээ. Одоо жаахан тогтвортой байж болноо доо. Мэдээж төсөв зардлаа хэмнэх, дөрвөн жилийн ихэнх хугацаанд нь сонгуультай ноцолдож хамаг цагаа бардгаа больё гэж УИХ-ын сонгуулийг орон нутагтай хамтатгая, сонгуулийн хугацааг богино болгоё гэх мэт зарчмын хэдэн өөрчлөлт хийхийг АН дэвшүүлсэн. Тэр нь хар машин, жижиг тойрог болоод явчихаар утгаа алдчихаж байна.

МАН болон бусад намууд хар машинаар тоолсноо гараар тоолж баталгаажуулдаг болох асуудлыг дэвшүүлж хурал орхиж, гадаа жагсаж, хар машиныг шатааж байна?

-Энэ 76 гишүүн цөмөөрөө хар машинаар тоолсон тооллогын дүнгээр УИХ-ын гишүүн болсон. Уг нь одоо мөрдөж байгаа хуулийн дагуу тухайн үед хэсэг бүр дээр хоёр гурван машины санал хураалтын дүнг гараар тоолж баталгаажуулж байсан. Тухайн үед МАН-ынхан өөрсдөө санаачилж ийм машиныг нэвтрүүлчихээд одоо эргэж буцаад байгааг нь огт ойлгохгүй юм. АН хар машинаар тоолж булхай хийх гээд байна гэх юм. Үнэхээр тэгж болдог байсан бол АН 2012 онд юу гэж 35-хан суудал авч, бусад нам эвсэлтэй нэгдэж, тэдний аманд орж, үйл тамаа цайж явахав дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *