МУГЖ С.Жавхлан эсэргүүцлээ илэрхийлж, Чингэсийн талбайд үсээ хуссан юм. Түүнтэй хамт МУГТ Ц.Шаравжамц болон бусад хүмүүс үсээ хусууллаа. С.Жавхлан “Бид энэ төр засгийг дорвитой шийдвэр гаргаж, эх орон, газар нутгийнхаа төлөө явахыг хүлээж суусаар залхлаа. Хэн нэг нь дуугарч, хэлнэ биз гэж хойш суух биш иргэн бүр энэ тэмцэлд нэгдэх хэрэгтэй. Эх орон, газар шорооныхоо төлөө бид тэмцэж эсэргүүцлээ илэрхийлэхгүй бол Төрийн ордонд суусан 76 ямаа хийхгүй” гэв. Түүнийг дэмжиж Хохирогчдын холбоо, Гал үндэстэн холбоо, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулаа аваръя хөдөлгөөнийхөн иржээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумаас дуучин С.Жавхлангийн энэ үйлдлийг дэмжиж 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг иржээ. Тэд ч мөн үсээ хусч, төр засагт дуу хоолойгоо хүргэж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.