Categories
мэдээ цаг-үе

С.Жавхлан: Би Монголын их хэрүүлчдийн хар гэрт сууж байна

“Өдрийн сонин”-ы 2017.09.09-ний мягмар гаригийн №201 (5768) дугаараас авч нийтлэв.

Image result for С.Жавхлан

УИХын гишүүн С.Жавхлантай ярилцлаа.


Улс төр тойрсон дуулиан Засгийн газрыг огцруулснаар эхэлж дараагийн шинэ Засгийн газар хэрхэн байгуулагдах бол гэдгээр үргэлжилж байна. Таны хувьд чуулганы хуралдаан дээр 10 хоногийн дотор дараагийн Засгийн газраа байгуулах ёстой гэсэн байсан. Тэр хугацаа өнгөрчихсөн үү. Өвөлжилтийн бэлтгэлээс эхлээд яалт ч үгүй Засгийн газраа яаралтай байгуулах шаардлагатай байгаа. Таны байр суурь ямар байгаа бол?

-Энэ Засгийн газар юу ч хийгээгүй. Зөвхөн хамаатан садан, өөрийн ард талын бүлэглэл хийгээд тойрон хүрээлэгчид нь голийтол таргалж, түмэн олон итгэл сэтгэлээрээ, амьдралаараа хохирч үлдлээ. Чуулганы хуралдаан дээр би өөрийн байр суурийг тодорхой хэлсэн. Монгол оронд хүнд хэцүү өвөл ирж магадгүй байгаа. Мөн түмэн олны аж амьдрал хэцүү байгааг бүгд харж байна шүү дээ. Мал тэвээрэг муутайн дээр, ургац алдаж болзошгүй хэмжээнд хүрчихлээ. Монголчууд цаг хугацаатай уралдаж байхад засаг төр нь хэрүүлээс өөр хийх ажилгүй байна гэдэг гутамшиг. Эрх баригч гээд цээжээ дэлдэж байгаа хүмүүс үнэхээр л ард түмнээ боддог нь үнэн юм бол дараагийн Засгийн газраа яаралтай эмхлэн байгуулах ёстой. Тийм үүрэг хүлээж тэд олонхийг бүрдүүлсэн.

Дараагийн Засгийн газраа 10 хоногт багтааж байгуулаарай гэж онцгой анхааруулж хэлснээс хойш өнөөдөр 10 дахь хоног нь болж байна. Өөрсдийнх нь хувийн бизнес, ажил төрөл нь болохоор ганц хоёр цагийн дотор бүтдэг. Монгол түмний эрх ашгийг болохоор хэдэн сараар нь эзгүй орхидог байж болохгүй. Багш, эмч нарын хийж буй мэдэгдлүүдийг хар. Уур бухимдал нь дээд цэгтээ хүрсэн байна. Ядаж ургац алдсан тариаланчид, өвөлжилтөндөө сэтгэлээ чилээн суугаа малчдаа харах нүд байна уу.

Уг нь ойлголцол чухал байх шиг байна. Гэсэн ч шуудайд хийсэн эвэр шиг л байх юм. Учир зүйгээ олох болов уу?

-Олон хавар нэгэндээ гэдэг шиг өнгөрсөн хавраас хойш хэрэлдсэн хэрүүлийнх нь бузар одоог хүртэл арилаагүй байна. Энэ бузар нь монгол түмнийг доройтуулж байна. Монголчууд энэ хүмүүсийг сонгож болсон шигээ буцаагаад буулгаад хаячихаж чадна. Ийм зам руу хүссэн хүсээгүй орж байна. Намынх нь хувь заяа цаашлаад Их хурал тарах хэмжээний асуудал яригдахдаа тулчихлаа.

Засгийн газрыг огцруулаад дараагийн Засгийн газрыг байгуулах нь албан тушаалын тэмцэл мэт дүр зураг харагдаад байна. Засгийн газрын асуудлыг ямар өнцгөөс харж байна вэ?

-Энэ бол бие биенийгээ барьж идэж байгаа хэлбэр. Эцэг дээдсийн гэрээс шастирт бий. Муу сэтгэлт хувь үзэлтэй булхай хүмүүс монголыг 30 жил харлуулна. Үүний дараа тэд өөрсдийгөө барьж иднэ. Дараа нь харин харлан доройтсон монголчууд хөхөрч дэлхийн цээжин дээр тэнгэрийн улс тодорно гэсэн цадиг бий. Үүний дагуу л явж байна. Харж л байя.

Энэ удаагийн Засгийн газар нэг жил гаруйн хугацаанд ажиллаад огцорлоо. Харин дараагийн Засгийн газраас та ямар хүлээлттэй байгаа вэ?

-Ний нуугүй хэлэхэд хүндээ сэтгэл нь чухал. Эх оронч сэтгэл чухал байна. 27 жилийн турш төр нэрийн дор нам баяждаг, нам нэрийн доор бүлэглэл баяждаг, бүлэглэл нэрийн доор амин хувиа бордож явдаг ийм тогтолцоотой явж ирлээ. Тиймээс төрийнхөө яс, цусыг цэвэрлэх цаг болсон.

Гэхдээ энэ бүгдээ ойлгодог нь хэр олон байгаа бол. Таны хувьд бие даагч гишүүн. Олон дотор ороход ганцаардах үе байх юм уу?

-Ганц дайчин гарцаарддаггүй гэдэг үгтэй. Хүний олон нь цөөнөө барьдаггүй юм. Миний хэлж ярьж буй зүйлс зүгээр л амнаас гарчихаж байгаа үгс биш. Аливаа зүйлийг харж, мэдэрч байж хэлж байна. Харамсалтай нь энэ хүмүүс хэлсэн үгийг минь анзааралгүй алдаа гаргаж байгаа бол өөрсдийнх нь хохь.

Яаж таахалзаж татвар нэмж байлаа. Тэр үед нь би хэлж л байсан. Танай нам Ерөнхийлөгчийн сонгуульд хүн дэвшүүлээд ялна гэвэл санасны чинь гарз шүү гэдгийг хэлсэн.

Ёстой л санасны гарз л болсон. 10 хоногийн дотор хэрүүлээ орхиод хурдан Засгийн газраа эмхэл, монгол түмэн чинь болохоо байлаа гэдгийг хэлж, намын чинь хувь заяаны асуудал яригдахдаа тулна гэдгийг сануулсан. Энэ бүхэн удахгүй яригдах гэж байна.

Дараагийн Засгийн газар байгуулагдлаа гэхэд муу ажиллабал мөн л огцруулах асуудал хөндөгдөх байх. Хэрэв тэр тохиолдолд улс төрийн тогтвортой байдал, гадны хөрөнгө оруулагчид, бизнесийнхэний итгэл улам л алга болох байх. Эдийн засагт нөлөөлөх сөрөг үр дагавар нь ямар байх бол?

-Шинээр байгуулагдах Засгийн газар 60 тэрбумын гээд байгаа шиг хуучин тохиролцоогоороо гарч ирэх юм бол удахгүй унана. Одоо засагт гарч ирэх хүмүүсээсээ шалтгаалан дараагийн засгийн асуудал яригдана.

Мөнгө сүлд, тоо гэсэн хоёр талтай байдаг. Тиймээс сүлд талаас нь аваад явчих тийм залуусыг эрх баригчид гаргаж ирэх ёстой. Тоо талаасаа явсан хэн бүхэн л бүдэрч булайгаа дэлгэж буй цаг үеийг бид харж байна.

Өнөөдрийн Их хурлын тал дээр ямар бодолтой явдаг вэ. Парламентад суудалтай хоёр том нам нь дотроо хэд хэд хуваагдаад төрийн ажил явахаасаа илүү гацах нь элбэг байдаг. Түрүүн та Их хурал тарах асуудал ч яригдаж мэднэ гэлээ шүү дээ. Парламентын гадна байхдаа та улс төр хийдэг байсан. Одоо харин халуун тогоон дотор байгаа хүн

-Монгол Улсын Их хуралдайн цагаан өргөөнд биш Монголын их хэрүүлчдийн хар гэрт би сууж байна. Энд даарч гадаа гарч түмнийхээ сэтгэлд дулаацаж явна. Гадна байхад харж байсан дүр зураг, бодол минь огт зөрсөнгүй. Монгол төрийн яс, цус цэвэрштэл Жавхлан тэмцэх болно. Ямар л зам туулдаг бай тэр бүгдийг нь Жавхлан туулна.

Гэхдээ манайхан чинь эх орончийн дүрээр гарч ирээд албан тушаалч юм уу ямар нэгэн байдлаар хойш ухрах тохиолдол гардаг. Та ч мөн тэр зам руу орохгүй гэх баталгаа бий юу?

-Жавхлан хаана ч юунд ч байсан бай, Монголоо гэсэн голч сэтгэл дээрээ цаг мөнхөд байна. Надад бусад шиг нам бүлэглэл байх биш дээ, ямар.

Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурах үед таныг ямар нэгэн байдлаар аль нэг талдаа гараач гэдэг санал тавьж байв уу?

-Намайг чуулганы хуралдаан дээр үг хэлэхээр инээж хөхрөөд шоолоод байдаг нөхдүүд гуйсан гуйсан.

Та тэгэхээр нь юу гэв. Гэхдээ та бол засаг огцруулах кноп дарсан хүн шүү дээ?

-Жавхлан зөвхөн өөрийн хувь үзэл дээрээ байх болно. Тэдэнд “Та нарын наад хэрүүлийн бузарт оролцохгүй” гэдгээ хэлсэн.

Манай улс 1990 оноос хойш ардчиллын замаар замналаа. Алдаа, оноо байсан л байх. Төрийн зарчим хийгээд цаашаа явах замыг хэрхэн хардаг вэ?

-Том нь жижгээ барьж иддэг энэ зарчмыг ардчилал гээд байгаа юм. Монгол үгээр бол “ардыг-чилээж-ал” гэсэн үг. Монгол Монголчлолын замаар явах цаг болсон. Өмнө нь монгол орон “Ардын хувьсгал” гэдэг үгэн бамбай дор явж байгаад “Ардчилал” гэдэг үгээр 27 жил хооллолоо. Одоо болсон. Бид Монголчлолыг дэлгэрүүлэх ёстой. Монголчууд өвгөдийнхөө шастир бүрийг, зан заншил бүрийг, сэтгэл бүрийг дэлгэх цаг ирсэн байна. Хүссэн хүсээгүй муу тогтолцоо өөрөө нуран унаж байгаа. Бүтээхийн тулд сөнөө гэж үг байдаг. Энэ тогтолцоо нурж байгаа болохоос биш монголчуудын сэтгэл нураагүй шүү. Дампуу улстөрчид өөрсдийгөө барьж идэж байгаа болохоос бид зөв цагтаа, зөв нэгдэж чадвал зөв зам голдрилдоо орно. Үнэн ялах цаг ирж байна. Үг үнэн бол үйлдэл үнэн байдаг. Үг нь худлаа байсан хүмүүсийн үйлдэл нь худлаа байсан гэдэг нь одоогийн энэ дүр зургаас харж болно. Үгийнхээ үнэнээр үйлдлээ тэгшлээд явдаг тэр зам руу бид орох гэж байна. Үүний өмнө буруу хүмүүс нь булайгаа дэлгэлцэж байгаа юм.

Таны хэлсэн 10 хоногийн хугацаа дууссан. Цаашид та ямар нэгэн арга хэмжээ авах уу. Ямар үйлдэл гарах бол гэдэг нь сонин байна л даа

-Жавхлан хүмүүсийн ой тойнд ороогүй зүйлийг хийдэг. Төрөө цэвэрлэх янз бүрийн төлөвлөгөө Жавхланд байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *