Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны XXIII Их хурлаас гарсан шийдвэрийн талаар танилцууллаа. Хурлаар Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагын баг бүрэлдэхүүнийг сольсон бөгөөд МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ажлаа өгч, түүний оронд Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатыг томилжээ. Хурлаас гарсан зарим шийдвэр, хийж хэрэгжүүлэх бодлогын МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат танилцуулав.
Тэрээр “Монголын Үйлдвэрчний холбооноос Монгол Улсыг хөгжүүлэх алсын хараа, хөгжлийн хөтөлбөрт зарим нэмэлт өөрчлөлт орууллаа. Үүнд, цар тахлын нөхцөл байдлын үед чанартай, байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр өөрчлөлт оруулж ажиллах шаардлагатай байна.
Нийгмийн тэгш бус байдлыг арилгах ялангуяа хүн амын дийлэнх ядуурал руу гулсан орж байгаа энэ цаг үед Үйлдвэрчний эвлэлийн холбоо баялгийн шударга хуваарилалтыг бий болгох тэр дундаа дундаж орлоготой иргэдийг 80 хувьд хүргэх бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлж оролцоно. Ингэхдээ цалин хөлсийг 2025 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэх зорилтыг тавьсан. Цаашлаад Монгол Улсын иргэний дундаж цалинг 2030, 2040 он гэхэд ойролцоогоор Скандинавын орнуудтай ижил буюу 10 сая төгрөгт хүргэх бодлогыг баримталж, энэ хүрээнд Засгийн газартай хамт ажиллаж, шахаж шаардах болно.
Мөн халамжаас хөдөлмөрийн бодлогод шилжих төрийн бодлогыг дэмжиж байгаа. Үүнтэй зэрэгцэн ажил, хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийнхээ цалин орлогыг нэмэгдүүлэх, мөн баялгийг хуваарилахдаа халамж гэхээс илүү ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн цалин орлогыг урамшуулах бодлогыг дэвшүүлэн тавьсан.
Хөгжлийн бэрхшээлтэй, ажил хөдөлмөр эрхлэх бололцоо хомс иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар дэмжих болно. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилчдын ур чадварыг нэмэх, ирээдүйд байхгүй болох ажлын байрнаас урьдчилан сэргийлэх асуудлыг тавьсан.
Түүнчлэн, төрийн үйлчилгээний албан хаагчдыг хэвээр нь байлгах тухай хатуу шаардлага тавьсан. Үүнд Засгийн газар, УИХ-аас тодорхой шийдэл гаргаж арванхоёрдугаар сарын 25-ны дотор өгөхгүй бол бид хуулийн дагуу олгосон дараагийн тэмцлийн арга хэлбэр лүү шилжих болно. Алдаатай, дутуу тооцсон ийм хууль шийдвэрээ засаж залруулах ёстой. Цаашид энэ байдал даамжирвал магадгүй Үйлдвэрчний эвлэлийн байгууллага тэдгээрийн гишүүд хяналтаас гарах эрсдэлтэй байгаа юм шүү гэдгийг урьдчилан хэлмээр байна.
Мөн тэтгэврийн реформын шинэчлэл хийх болно. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг насаараа бид төлдөг гэвч эрчүүдийн 50 хувь нь үр шимийг нь хүртэж чадахгүй гунигтай тавиланд байсаар байна. Иймд бид тэтгэврийн реформын ажилд манлайлан оролцоно” гэлээ.