Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Дордуулсан долоон өөрчлөлт тэр чигээрээ үлдлээ

УИХ өнгөрсөн пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн баталсан билээ. Тэгвэл энэ талаар сөрөг хүчин болох Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнээс байр суурийг нь сонслоо.


-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн баталлаа. Эцэг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эцсийн хэлэлцүүлэгт Ардчилсан нам яагаад оролцсонгүй вэ?

-Улс төрийн намуудын хүчний харьцаа харилцан адилгүй байгаа. Үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн Монгол Ардын нам өөрийн эрхийн хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж байна. Гэхдээ Үндсэн хууль гэдэг аль нэг намын улс төрийн хөзөр, ашиг хонжоо хардаг зэвсэг биш юм аа. Үндсэн хууль нь Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгаас эхлээд л бүх харилцааг зохицуулдаг хамгийн дээд бичиг баримт. Энэ чухал баримт бичигт хэн дуртай нь гар хүрээд байдаггүй юм аа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг анх хэлэлцэж эхэлснээсээ хойш л хууль зөрчиж эхэлсэн. Энэ асуудалд манай намын зүгээс эмзэглэж байгаа.

-Тухайлбал ямар хууль зөрчсөн бэ?

-Бид өмнө нь энэ талаар ярьж байсан. МАН Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг удаа дараа зөрчлөө. Процессийн маш олон алдаанууд гаргалаа. Орж байгаа нэмэлт, өөрчлөлтийг нь аваад үзье. Одоогийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт үр нөлөө өгөхөөр яг ямар өөрчлөлт орчихов. Яг улс орны эдийн засгийг сайжруулж, Монгол Улсын хөгжилд хэрэг болно гэсэн Үндсэн хуулийн өөрчлөлт орж чадсангүй шүү дээ. Гэрэлтэй гэгээтэй юм даа гэж бодож байсан гайгүй ганц нэг заалт нь хасагдчихсан. Зүгээр л Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэдэг нэр зүүх гэж, мөн Үндсэн хуулийг өөрчилсөн гэдэг улс төрийн хонжоо харсан ийм л алхам боллоо. 2000 онд өнөөгийн МАН буюу тухайн үеийн МАХН мөн л олонхоороо хүч түрж, тухайн үеийн Үндсэн хуулинд халдсан шүү дээ. Тэгэхдээ бидний ярьж заншсан дордуулсан долоон өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан. Өнөөг хүртэл тэр дордуулсан долоон өөрчлөлтийг засч янзлаагүй л явж байна. Өнөөдөр мөн л Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дордуулсан долоон өөрчлөлтөө засч янзлах болов уу гэж харж байлаа. Гэвч өнгөрсөн пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар гол гол асуудлууд бүгд уначихлаа. Ялангуяа Ардчилсан намын зүгээс оруулсан саналууд бүгд уналаа. Бодоод үз л дээ. Дордуулсан долоон өөрчлөлтийг засах гэсэн нэг ч оролдлого Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орсонгүй. Нөгөө долоо тэр чигээрээ л үлдсэн.

-Тэгвэл ач холбогдолтой ямар заалт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орсон бэ?

-Яг энэ нь л ач холбогдолтой юм байна гээд сугалаад аваад ярьчих заалт үнэндээ алга даа. Ийм өнгөцхөн байдлаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэнд харамсаж байна. МАН эрх барьж байгаагийн хувьд 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр амлалтаас нэгийг нь ч биелүүлээгүй. Тэгэхээр сонгогчдын өмнө очихдоо ядаж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэдэг үгтэй очихын тулд ийм үйлдлийг хийлээ л гэж харж байна.

-Танай намын зүгээс улс орны улс төр, нийгэм, эдийн засагт үр дүн өгч болохоор ямар өөрчлөлтүүдийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс хүлээж байсан бэ?

-Нэгдүгээрт, улс төрийн тогтворгүй нөхцөл байдлыг үүсгээд байгаа хууль, эрх зүйн алдаатай бодлого, цоорхойг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засах ёстой байсан. Хоёрдугаарт, нийгэм эдийн засгийн цоож, цуурга болчихсон маш олон асуудлуудыг энэ Үндсэн хуулийн шинэчлэлээр нээж өгөх ёстой байсан. Чадсангүй. Жишээ нь, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд маш олон өөрчлөлтүүд хүлээгдэж байсан. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиас эхлүүлээд л тулгамдаж байсан асуудлаад зөндөө бий шүү дээ. Жишээ нь, нийслэл Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын 60 орчим хувь амьдарч байгаа. Гэтэл энэ том хот өнөөдөр аймгийн статустай байж байх жишээний. Түүнчлэн 300 мянган хүн амтай дүүрэг гурван мянган хүн амтай сумын статустай байна. 20-30 мянган хүн амтай хороо хэдэн зуун хүн амтай багтай ижил байна. Өдгөө эрх зүйн хувьд зохицуулалт хийх, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг харах юм бол өөрчлөлт хийх маш олон заалтууд байсан л даа. Харамсалтай нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ийм чухал асуудлууд яригдсангүй. Нөгөө л шилжилтийн үеийн Үндсэн хуулийн заалтууд бараг бүгдээрээ л үлдчихлээ шүү дээ. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага хэвээрээ үлдлээ гэж үзэж байгаа.

-Зарим хуульчдын ярьж байгаагаар найман жил Үндсэн хуулинд гар хүрч болохгүй гэж ярьж байгаа шүү дээ…

-Энэ бол хууль, эрх зүйн ямар ч үндэслэлгүй яриа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулинд найман жил гэж байгаа л даа. Гэтэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль чинь өөрөө Үндсэн хууль биш байхгүй юу. Үндсэн хуулийг дагаж гарсан органик хууль шүү дээ. Тэгэхээр тэр хуулинд дараагийн парламент өөрчлөлт оруулаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн хугацааг өөрчлөх бүрэн боломжтой. Тэгээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг дахиж яриад яг ард түмний хүсэн хүлээгээд байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг маш өндөр түвшинд боловсруулж, ард түмний санал хэлэлцүүлгүүдийг авч, улс төрийн намууд төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын бүгдийнх нь оролцоог хангасан зөвшилцлийн дээд бичиг баримт болгож, өөрчлөлтийг оруулж батлуулах боломж нээлттэй хэвээр үлдлээ л гэж харж байна даа.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх оноос нэмэгдүүлэх гэж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би нэг зүйлийг хэлье. 2012-2016 онд Ардчилсан нам засаг барихдаа Ирээдүйн өв сангийн тухай хууль батлуулж, ипотекийн зээлийн эргэн төлөлтийн 3.5 их наяд төгрөгийг төвлөрүүлж байв. Энэ мөнгө Норвегийн баялгийн сангийн зарчмаар ажиллаж, Засгийн газрын баталгаат төслүүдэд буюу жишээ нь, зам, орон сууц, сургууль, цэцэрлэг гэх мэтэд хөрөнгө оруулж хөрөнгөө арвижуулах учиртай байсан. Учир нь, өнөөдрийг хүртэл иргэдийн нэрийн данс нэг ч төгрөггүй “Хоосон бичилт”-ээр явж байгаа. Одоогийн байдлаар Монголын төр иргэддээ 12 их наяд төгрөгийн өртэй байгаа. Бид анх удаа энэ санг 3.5 их наяд төгрөгийн бодит мөнгөн хөрөнгөтэй болгосон ч МАН төрийн эрхийг аваад цэвэр улс төрийн зорилгоор Ирээдүйн өв сангийн тухай хуулийг цуцалж, 3.5 их наяд төгрөгийг Улсын төсөвтэй нийлүүлээд элсэнд асгасан ус мэт алга болгосон. Энэ мөнгө хаашаа алга болсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас асуух хэрэгтэй. 2008-2016 онд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө банкуудад нэг ижил хүүтэйгээр байршсан. Тэд 2008-2012 онд Нийгмийн даатгалын сангийн 400 орчим тэрбум төгрөгийг зүгээр л банкуудын Харилцах дансанд байршуулсан байв. Энэ тохиолдолд хүү бараг бодогдохгүй бөгөөд дөрвөн жилд дөнгөж 47 тэрбум төгрөгийн хүүгийн ашиг олсон байв. Энэ бол зүгээр л улсаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэдээ ил цагаан “Дээрэмдэж” байгаа хэрэг юм. Харин бид засаг аваад энэ луйврыг зогсоосон. Бүгдийг ном журмынх нь дагуу хийж Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулсан. Үр дүнд нь 2012-2016 онд 270 тэрбум төгрөгийн хүүгийн ашиг олсон. Луйварчдын ашигтай “Бизнес”-ийг зогсоосны хариуд элдэв гүтгэлэг тараасан даа. Гэхдээ гүтгэлэг биш Статистик тоо үнэнийг хэлдэг юм шүү. Бид луйварчдын дөрвөн жилд 200 гаруй тэрбум төгрөг завшдаг байсан дээрмийн сүлжээг хаасан. Харин МАН эрх аваад тэр сүлжээг үргэлжлүүлсэн. Алдагдлаа иргэдийнхээ нуруун дээр ачаа нэмж хаахыг увайгүйгээр оролдож байна. Бодит үнэн ийм л байна шүү дээ.

-АН-ын ҮБХ хуралдаж, УИХ-д нэр дэвших сонирхол бүхий хүмүүсээсээ 100 сая төгрөгийн татвар авахаар шийдвэрлэсэн. Та энэ талаар “Өөрийг нь дэмжих 100 найзгүй хүн улс төрд орох шаардлагагүй” гэсэн. Энд тайлбар өгөхгүй юу?

-Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд намын гишүүдээсээ татвар авч болохыг хуульчилсан байгаа. Манай намын дүрэмд ч харшлах зүйл үгүй. Ер нь тэгээд үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс дүрэм, журмынхаа хүрээнд татвар, хураамжаа тогтоод үйл ажиллагаагаа санхүүжүүлэх асуудал хаана ч байдаг шүү дээ. Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын нэг чухал зүйл нь гишүүн төвтэй нам болсонд оршиж байгаа.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *