Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Таны санаачилсан Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногт байнгын хорооны дэмжлэг авч, хэлэлцэхээр болсон. Гэтэл ардчилсан намынхан өөрсдөдөө зориулж хууль гаргах гэж буй мэтээр ярьж байгаа нэг хэсэг ч байна. Төслийнхөө талаар товчхон сонирхуулахгүй юу?
-Ардчилал шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн бүхэл бүтэн өөрчлөлтийг Монголын төр хүлээн зөвшөөрч байгаагийн нэг хэлбэр болгож энэхүү хуулийн төслийг санаачилсан. Тэрнээс хэсэг бүлэг хүнийг тусгай хангамж эдлүүлэх гээгүй. Ер нь нийгмийн шилжилт хөдөлгөөн, хувьсгалт өөрчлөлт шинэчлэлтийг санаачлан гардан зохион байгуулсан хүмүүст тухайн нийгмээс хүндэтгэл үзүүлдэг, тодорхой төрийн хайр халамж хүртээдэг тогтсон уламжлал байсан. Жишээлбэл, 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалд оруулсан хувь нэмрийг үнэлж Богд хаан тухайн үед олон ноёд, харц ардуудад хүртэл цол хэргэм болон мөнгөн шагнал олгож байсан түүхтэй. Мөн 1921 оны ардын хувьсгал, дараа нь 1939, 1945 оны чөлөөлөх дайн гээд бүгд л тухайн үеийнхээ нийгмийн өөрчлөлт томоохон хувьсал хөдөлгөөний үр дүнд бий болсон үйл явдлууд шүү дээ. Үүнтэй адил 1989 оны ардчилсан хувьсгал гэдэг бол Монгол оронд том өөрчлөлтийг авчирсан. Гэтэл сүүлийн үед ардчиллын үнэт зүйлийг унагаахыг оролдсон хандлага газар авч байна. Тэртээх 1989-1990 онд монголчууд ямар нийгэмд амьдарч байлаа даа. Хүн үгээ хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг байсан юм уу. Юун гадаадад битгий хэл, дотоодод чөлөөтэй зорчиж чаддаг байсан бил үү. Төв аймгийн Эрдэнэсант орохын тулд замын хуудас авч зорчдог байсан. Ер нь хагас колони маягтай байлаа. Иргэдийн амьдрал, цалин хөлс ямар байлаа гээд яг тэр үеийн бодит амьдралыг биеэрээ мэдэрч, нүдээрээ харсан хүмүүс өнөөдөр дундаж болон дунджаас дээш насныхан болсон байна.
Тэд тухайн үеийн нийгмийн бодит байдлыг одоо байгаатай харьцуулах боломж гараагүй. Тэгсэн хэрнээ өнөөдөр хуучнаа санагалзсан коммунистууд, хуучинсаг хүчний явуулга тархи угаалтад хэт автсан, өөрсдөө бодит байдал дээр харсан мэт ардчилал руу улайрч, дайрч довтолж байгаа нь харамсалтай. Аливаа алдаа оноогүй хувьсал өөрчлөлт гэж байдаггүй шүү дээ. Тиймээс өнөөдөр асуудалд авах, гээхийн ухаанаар хандах ёстой. Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа бол ардчилал юм. Цагаан морин жил ардчилсан хувьсгалаар анх удаа бид хэнээс ч хараат бусаар төрөө байгуулж, үзэл бодлоо илэрхийлж, гуравдагч хөрштэй харилцаж эхэлсэн. НҮБ-ын гишүүн орон гэдэг эрхээ жинхэнэ утгаар нь эдэлж эхэлсэн. Хэн нэгний заавар зөвлөгөөгөөр явахаа больсон. Тиймээс ардчилсан хувьсгалын үнэ цэнийг өнөөдөр Монголын төр үнэлэх ёстой. Ардчилсан хувьсгалын анхдагч нар гэхээр заавал тухайн үеийн Ардчилсан холбоо, АН-ын гишүүд байх юм шиг яриад байна л даа. Тэр дотор чинь нийгмийн хувьсгалын өөрчлөлтийг, ардчиллыг хүлээн зөвшөөрч, шууд болон шууд бусаар дэмжсэн олон мянган хүн байсан. Тэднийг шударгаар тогтоож, судалж, төрөөс хүндэтгэл үзүүлэх ёстой. Тэр утгаараа энэ хуулийг санаачилж өргөн барьсан. Тухайн үеийн ардчилсан хувьсгалын үйл хэргийг зүгээр үл тоосон байдлаар хаях юм бол монголчуудын хувьд хожмоо гэмшээд ч барахгүй алдаа болох юм.
-Ардчилсан хувьсгалд оролцсон хүмүүсийн амьдрал ахуй өнөөдөр ямар байгаа талаар судалгаа бий юу. Тэдэнд төрөөс ямар тусламж, дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж үзэж байна?
-Урьдчилсан байдлаар судалгаа хийхэд ардчилсан хувьсгалд оролцсон 1500 орчим хүн байна. Хууль батлагдаад, түүнийг дагаж хэрэгжүүлэх журам гараад, ажлын хэсэг байгуулагдахаар мэдээж судалгаа дүгнэлтүүд хийнэ. Тухайн үеийн оролцогч нар хэн байв. Хэн ямар үүрэг гүйцэтгэж байв гэх зэргээр нарийн судалгаануудыг гаргана. Энэ нь хуульд хамрагдах хүмүүсийг судлах гэхээсээ илүү бүхэл бүтэн ардчилсан хувьсгалын үйл хэргийн том судалгааны ажил болно. Үүн дээрээ үндэслээд оролцогч нарыг зүй ёсоор үнэлэх ёстой. Ардчилсан хувьсгалд анх санаачилж оролцсон, судалгаа дүгнэлтээр тодорсон хүмүүстээ нэг удаагийн буцалтгүй тусламж олгоё гэж байгаа. Нэг өрөө байр буюу түүнтэй тэнцэх мөнгөн дэмжлэг үзүүлье. Орон сууцны дундаж хэмжээ нь 40 орчим метр квадрат бүхий талбайтай нэг өрөө байр байна гэж тооцож байгаа. Эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний мөнгийг тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлэгдэх тэтгэмжийг олгоё гэсэн төслийг оруулж ирсэн.
Тэртээх цагаан морин жилийн хувьсгалд оролцсон хүмүүсийн маань ахуй амьдрал янз бүр л байгаа. Зах зээлийн нийгэмд хүн амьдралаа яаж авч явахаас шалтгаална шүү дээ. Үнэхээр амьдрал нь дорой байдалтай нэг хэсэг байна. Боломжийн дундаж түвшинд хүрсэн хүмүүс бий. Бүр баян сайхан амьдралтай цөөнх хэсэг ч байна. Энэ бол ардчилсан хувьсгалын зарчим. Өмнөх социалист нийгэм биш шүү дээ. 28 жилийн өмнөх манай нийгэм эдийн засгийн байдал, өнөөдрийнхтэй харьцуулбал газар, тэнгэр шиг ялгаатай. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд үндсэндээ эдийн засаг хурдтай тэлсэн. Үндэсний баялаг, ДНБ-ий хэмжээ хэд дахин нэмэгдсэн. Статистикийн үзүүлэлтүүдийг аваад үзэх юм бол дандаа өссөн байгаа. Хоёрдугаарт, хүний эрх талаасаа гайхамшигтай өөрчлөлтүүд гарсан. Гэтэл нийгэмд сүүлийн үед ардчиллыг дандаа шүүмжилж, үгүйсгэж, харлуулах хандлага газар авчээ. Ийм байдлаасаа бид татгалзах хэрэгтэй. Нийгэмд болохгүй зүйл байгаа юу гэвэл байна. Өнөөдөр ардчилсан Монгол Улсад аливаа асуудлуудыг засч залруулаад явах олон боломж байна. Харин хар бараан талаас нь харуулах гэж зориод байвал улс орон хөгжихгүй.
-Нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа асуудлуудыг Үндсэн хуультай холбодог болжээ. Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай юу?
-Өнөөдөр бидний алдаж, онож байгаа нь өөрсдийн л хийж байгаа ажил. Тэр алдаа оноог нь дэнсэлж, хэт нэг тийш нь хэлбийлгэчихгүй барьж байгаа зүйл бол Үндсэн хууль. Тэгэхээр Үндсэн хуулиараа хамаагүй оролдож болохгүй. 1992 оны Үндсэн хууль бол дэлхийн жишигт нийцэж чадсан. Мэдээж, нийгэм цаг үеийнхээ байдлыг дагаад өөрчлөх шаардлага байгаа. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай журмын хуулиа баримтлах ёстой. Манай намын хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцээд, дургүйцээд татгалзаад байгаа зүйлгүй. Гэхдээ Үндсэн хуульд Үндэн хуулийн бус аргаар хүрч болохгүй гэдэг зарчмын байр суурин дээрээ зогсож байгаа. Хэрэв Үндсэн хуулиндаа Үндсэн хуулийн бус замаар хүрээд байх юм бол “эцэг” маань хуулийн баталгаа алдагдана. Ардчилсан Үндсэн хуулийн баталгаа алдагдвал улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал олон баталгаа алдагдахын дохио. Тиймээс Үндсэн хуулиар хамаагүй оролдох нь сайн зүйл биш.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл анх орж ирэхдээ Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж, Ерөнхий сайд улсаа удирдах хэмжээний байхаар зарчмын асуудлууд тусгасан байснаасаа бага багаар ухарсан. Цаад зорилго нь 65-ын бүлэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар өөрсдийнхөө ноёрхлыг авч үлдэхээр санаархаж байна гэж тайлбарлах хүмүүс байгаа. Харин та ямар бодолтой байна вэ?
-Үндсэн хуулийн гол өөрчлөлтийн санаа эхлээд орж ирэхдээ хуучин коммунист хяналтын тогтолцоогоо бий болгохоос өгсүүлээд Ерөнхийлөгч гэлтгүй төрийн институт хоорондын харилцааны үндсэн зарчмуудыг өөрчилж, алдагдуулах гэсэн, одоо байгаа өөрсдийнхөө нөхцөл байдалд нийцүүлэх санаархал зорилго агуулагдаж байна гэж харж байсан. Ер нь Үндсэн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай асуудлууд байгаа л даа. Түүнийгээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу ард нийтийн санал асуулга авч, зохион байгуулах ёстой. Үндсэн хуулийн ямар, ямар зүйл заалт дээр өөрчлөлт оруулах шаардлагатайг ард түмнээсээ асуугаад, олонх нь дэмжсэн асуудлууд дээр ажлын хэсэг гаргах хэрэгтэй. Бүх ард түмнээсээ санал асуулга явуулж байж Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг баталгаажуулах ёстой.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах сэдвүүдийг өнгөрсөн жил орон даяар явуулсан зөвлөлдөх санал асуулгын үр дүнд тогтсон гэж төсөл санаачлагчид тайлбарладаг байх аа?
-Зөвлөлдөх санал асуулга гэж Үндсэн хуульд байхгүй нэмэлт хууль гаргаж ирчихээд, тэрнийхээ дагуу өөрсдийнхөө томилсон төрийн албан хаагч нар, гишүүүдийн оролцоотой санал асуулга нэрээр хурал зохион байгуулж, “Ард түмэн ийм санал өгч байна” гээд олон нийтийн тархийг угаагаад байх шаардлага байхгүй. Тэнэг хүн ч гэсэн тэрийг хараад ойлгоно шүү дээ.
Цахим бодлогын түр хороо байгуулна гэж яригдаж эхэллээ. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Түр болон байнгын хороо байгуулах нь УИХ-ын бүрэн эрхэд байгаа. Гол нь түр болон байнгын хороо байгуулах болсон шалтгаанаа сайн тодорхойлох ёстой. Цахим төрлийн үйл ажиллагаа, энэ төрлийн асуудлуудыг зохицуулах эрх үүрэг бүхий түр хороо тодорхой дүгнэлт, анализ хийнэ гэж ойлгож байгаа. Тэгэхээр шаардлага нь байгаа юу гэвэл байна. Өнөөдөр цахим орчин, цахим технологи, тоног төхөөрөмж гээд улс орны нийгэм эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд манайд нэвтэрчихлээ. Тэгэхээр үүн дээр УИХ цахим бодлогын түр хороо цаг үеэ олсон асуудал мөн.
-Нийгэмд тулгамдсан асуудал бол ажилгүйдэл болоод байна. Засгийн газар ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр бодитой ажил хийж чадаж байна уу. Сөрөг хүчний намын даргын хувьд Засгийн газрын үйл ажиллагаанд ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?
-Одоогийн Засгийн газар бол 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, зорилтоосоо нэг ч бодитой алхам хийгээгүй. Өнөөдрийг хүртэл том төслүүдээс нэг нь ч хөдөлсөнгүй. Эдийн засаг өсөлттэй байна гээд л яриад байгаа. Яг үнэндээ бол гадаад зах зээл дээр экспортын суурь бүтээгдэхүүн болох алт, зэс, нүүрсний үнэ өсч, Монголд орж ирж байгаа мөнгөний урсгал нэмэгдсэн. Үүний үр дүнд эдийн засаг өсөлттэй байгаа. Тэрнээс манайх баялаг бүтээгээд, үйлдвэрлэл өсгөөд, тэнд ажлын орон тоо нэмэгдүүлээд тэндээс орж ирж байгаа эдийн засгийн өсөлт биш.
Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бараа, бүтээгдэхүүний үнэ унавал эдийн засаг дагаад унана. Тэгэхээр өнөөдөр ямар ч тохиолдолд эдийн засгийнхаа өсөлтийг хадгалж байдаг өсөлт бол үйлдвэрлэл байдаг. Тэндээс олж байгаа орлогоос бий болж буй эдийн засгийн өсөлт бодит байна. Хоёрдугаарт, нийгэмд эдийн засаг өсч байгаа боловч нөгөө талдаа инцфляци хурдтай өслөө. 2016 онд инфляци бараг тэг рүү явж, гадаад худалдааны тэнцэл хангагдчихсан байв. Бас ч гэж одоогийн эрх баригчдын яриад байгаа шиг гадаад валютын нөөц хасах руу ороогүй байсан. Яагаад гадаад валютын нөөц хасах руу орсон гээд эд нар ярьсан гэхээр магадгүй Хятадтай байгуулсан юанийн своп хэлэлцээрийн төлбөрийг тухайн жилд төлөхтэй холбоотой байж болох юм. Эсвэл зохион байгуулалттай эдийн засгийн гэмт хэрэг гэж харж байгаа. Зориуд зах зээл дээр хэвийн байсан ам.долларын ханшийг унагаах замаар их хэмжээний ам.долларын зөрүүн дээр ашиг хийх эдийн засгийн зохион байгуулалттай гэмт хэрэг явагдсан байх магадлалтай.
-Яагаад?
-“Манай гадаад валютын нөөц хасах руу орлоо” гэж ямар ч улсын төв банкны тэргүүн хэзээ ч эдийн засгийн чадавхынхаа асуудлаар парламентын зөвшөөрөлгүйгээр, эрх барьж байгаа төрийн зөвшөөрөлгүйгээр зарладаггүй юм аа. Улс оронд эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгоно, инфляцийг хөөргөнө. Үнийн ханш гээд бүх зүйлд сөргөөр нөлөөлнө.
1960 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш оргил үедээ 2700 хүрсэн. Эд нар ам.долларын ханшийг унагааж гарч ирсэн. Дээр нь Сангийн сайд нь дефолт боллоо гэж зарлаад л. Олон “сайн” хөтөлбөрүүдийг зогсоогоод тэрийг дагаад хэвийн үргэлжилж байсан эдийн засаг зогсонги байдалд орсон. Монголын эдийн засгийн зэрэглэл B зэрэглэлд байхад хасах руу оруулсан. Үүний хариуцлагыг хэн ч хүлээхгүй. Тэр үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд нь огцорчихсон. Одоо дараагийн Ерөнхий сайд, Сангийн сайд нь гараад ирсэн. Дараагийн ээлжит тоглоомоо хийгээд явж байна.
-Гэтэл дахиад л Засгийн газрыг огцруулна гэсэн хөдөлгөөн эхэлжээ…
-Энэ Засгийн газар нь гарч ирээд долоо, найман сар боллоо. Ямар ч реформ хийсэнгүй. Юун ажлын байр нэмэгдүүлэх нь битгий хэл 2016 онд ард түмэнд дэвшүүлсэн тэр чихэр бурам шиг амлалтуудаасаа нэг ч зүйл заалтыг хэрэгжүүлээгүй. Өрийг өрөөр дарахгүй гэсэн хаана байна вэ. 2011 онд Сү.Батболдын Засгийн газрын үед авсан евро бондын өрийг бонд босгож дарсан. Чингис бондын эхний ээлжийн өрийг мөн бонд босгож дарсан. Сүүлийн үед эдний Засгийн газрын хийж байгаа ажил нь “Хэн илүү өр тавих уу” гэдэг уралдаан явагдаж байна.Сая Солонгосоос 800 сая ам.доллар, АНУ-аас 350 сая ам.долларын зээл авахаар боллоо гээд тэрийгээ баяр ёслолын байдалтайгаар зарлаад байна. Тэр зээлийг авч болно. Үр дүнгээр нь юу хийх гэж байгаа, ямар бүтээн байгуулалт хийх гэж байгаа. Ямар үр ашигтай хөрөнгө оруулалт Монголд хийх гэж байгаа нь тодорхой биш. Сая Ерөнхий сайд Хятадад айлчлаад өчнөөн тэрбум ам.долларын гэрээ хэлэлцээр хийсэн л гэсэн. Тэрнээс бодитой юу нь хэрэгжих эхэлж байгаа, юу нь хэрэгжихгүй байгаа, улс орны эдийн засагт юу нь эергээр нөлөөлж байгаа, юу нь сөрөг юм бэ гэдэг нь бүрхэг. Өнөөдөр эдийн засаг өслөө л гэж байна. Яг иргэдийн халаасанд, гал тогоонд нь юу нэмэгдсэн юм бэ. Сайд нарын хэрэглээ улам тансаг болж байна. Эхлээд нууж тансагладаг байсан бол одоо ил боллоо. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт нэртэйгээр баахан мөнгө төсөв дээр баталчихсан. Тэр мөнгөн дээрээ хоорондоо зодолдоод, тендерээ булаацалдаад байж байна шүү дээ.
-Уг нь бүтээн байгуулалтууд ч өдийд эхэлсэн байдаг сан…
-Одоо ажил эхэлсэн газар алга. Өдийд жинхэнэ бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байх ёстой. Монголд бүтээн байгуулалтын ажил ердөө зургаахан сар үргэлжилдэг шүү дээ. Гэтэл үр дүн харагдахгүй байна. Ийм байхад яаж ажлын байр нэмэгдэх юм бэ. Дээр нь улстөржсөн төрийн бодлого явж байгаа тохиолдолд шүү. Өнөөдөр 180-аад мянган төрийн албан хаагчтай гэж байна. Ардчилсан намын үед томилогдсон гэдэг шошготой 30-аад мянган хүнийг халчихсан. Оронд нь ямар ч төрийн ажлын дөргүй үүнээсээ давсан тооны хүмүүсийн төрийн албанд авчихсан. Төрийн залгамж чанар алдагдаад, чадавх нь суларч байна. Шулуухан хэлэхэд ардчиллыг нулимахын оронд үр шимийг нь зүй ёсоор үнэлэх ёстой. Саяхан нэг залуу сошиалд “Ардчилал бол тусгаар тогтнолын дэргэд юу юм бэ” гэж бичсэн байна лээ. Тэгвэл ардчилалгүй тусгаар тогтнол гэж хаана байгаа юм бэ. Энэ тусгаар тогтнолын суурь түлхүүр нь ардчилал юм. Хэрэв ардчилал байхгүй болбол Монголд тусгаар тогтнол байхгүй болно. Үнэхээр Монгол Улс тусгаар тогтносон, ардчилсан чөлөөт бие даасан улс байя гэж бодож байгаа юм бол ардчиллын үнэ цэнээ хамгаалах ёстой.
-Төрийн эрхэнд гарахаараа өмнөх Засгийн газарт ажиллаж байсан хүмүүсийг барьж хорьж, өс хонзонгоо авч буй мэт намнадаг тогтолцоо бий болчихжээ. Оюу толгойтой холбоотой асуудлаар хоригдсон хүмүүсийн тухайд та юу хэлэх вэ?
-Шаардлагатай тохиолдолд тухайн асуудал дээр шалгагдаж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ улс төрийн зорилгоор, хэн нэгнийг дарамтлах, хэн нэгэнд өөрийнхөө бий болгосон хонгилоор хүчээр явуулах гэж, утсан хүүхэлдэй шиг байлгахын тулд энэ асуудлыг хийж байгаа бол туйлын буруу. Ер нь “Махны машин их ажиллах нь аюултай” гэж ярьдаг даа. Монгол төр өөрөө баталгаатай байх ёстой. Монголын төрд ажиллаж байгаа хүмүүс баталгаатай, шударга зарчмаа барьж ажиллах хэрэгтэй. Монголын төр ч гэсэн тэр хүмүүсийнхээ аюулгүй, эрсдэлгүй байдлын баталгааг хангаж байх учиртай. Сүүлдээ төрд ажилласан хүмүүс эргээд шорон гянданд хоригддог, байцаагддаг, эрүү шүүлтэд ордог болчих юм бол Монгол төрийн төлөө хэн ажиллах юм бэ. Ерөнхий сайд байсан Амарын хэлсэнчлэн “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” байх юм бол Монгол төрийн бат бэхийг хэн бий болгох юм бэ. Үндсэн хуульд зааснаар төрийн бүх шатны байгууллага, түүний албан тушаалтнууд зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллах ёстой гэсэн байдаг. Төрийн аль ч байгууллага, ямар ч албан тушаалтан байсан хууль дээдлэх зарчмаа хатуу баримталж ажиллах ёстой. Харамсалтай нь өнөөдөр төрийн хуулийг зөвхөн өөрийнхөө юм уу, өөрийн тойрон хүрээлж байгаа хэсэг бүлэг хүний эрх ашигт нийцүүлэх гэж оролдох нь хэрээс хэтэрчихээд байгаа. Шүүх хуулийн байгууллага нь өнөөдөр аль нэг улстөрчдийн юм уу, намын захиалга дор байгаад байхаар хүмүүс шударгаар шалгаж байна гэж харахгүй. Улс төрийн өнцгөөс нь илүү хараад байгаа юм.
-Сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудлаар Хяналтын дэд хороог хуралдуулж, үнэн мөнийг тогтоох ёстой гэж танай бүлэг мэдээлж байсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт хуралдсангүй. Энэ асуудлыг орхичихгүй биз дээ?
-Орхихгүй. Үнэхээр ийм асуудал байгаа юм бол шалгаж тогтоох ёстой. Ардчиллын хоёрхон л суурь зарчим байдаг. Нэгдүгээрт, хувь хүний эрх, эрх чөлөө. Хоёрдугаарт, хүн өмчтэй байх ёстой. Хувийн өмч нь баталгаатай байх. Энэ хоёр зүйл рүү хэн ч халдаж болохгүй. Үүний төлөө Арчдилсан нам бүхий л анхаарлаа чиглүүлнэ. Шаардлагатай гэвэл тэмцлийн ямар ч хэлбэрт шилжиж, тэмцэхэд бэлэн. Тиймээс сэтгүүлчдийн эрхэнд халдсан, тагнасан, чагнасан үйлдэл байгаа бол тэрийг заавал илрүүлж, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох ёстой.
-Хүүхдийн мөнгийг олгох асуудал дээр Ерөнхийлөгч болон Засгийн газар тус тусынхаа саналыг Их хуралд оруулсан. Та бол өмнөх парламентад Хүн ам, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан хүн. Тэгэхээр хүүхдийн мөнгийг 100 хувь олгох бодит эдийн засгийн чадавх, боломж байгаа юу?
-Хангалттай бий. Жишээлбэл, 2017 оны төсвөөс давсан 55 тэрбум төгрөгийг эрх баригчид хаашаа хийхээ мэдэхгүй л байсан. Аргаа барсандаа энэ мөнгөөр төрийн үйчилгээний албан тушаалтнуудад нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон. Нэг хүнд 300 мянган төгрөг өглөө ч яалаа, байсан ч ялгаагүй. Тэр мөнгө төрийн албан хаагчдад ямар ч тус дэм болоогүй. Адаглаад байр орон сууцны урт хугацааны зээл, цалингийн зээлийнх нь тухайн сарын хүүг төлөх хэмжээнд ч хүрэх мөнгө биш. Ингэж үр дүнгүй зүйлд зарцуулж байхаар хүүхдийнхээ мөнгөнд нэмээд өгчихсөн бол дээр байсан юм. Энэ мэтчилэн хүүхдийн мөнгө олгох олон боломж бий. Төсвийн давсан орлого болох 780 гаруй тэрбум төгрөгөөр юу хийсэн юм бэ. Ямар бүтээн байгуулалт өрнүүлэв. Тэр мөнгөөр хүүхдийн хэдэн ч удаагийн мөнгө тавьж болохоор. Гэтэл ямар ч үр дүнгүй цацаад дууссан.
-Нийгмийн анхаарлын төвд орсон нэг сэдэв бол Оюу толгой байна. Энэ төслийг нэг хэсэг нь гацаая, зогсооё гэх юм. Нөгөө талдаа гэрээнд нь алдаа мадаг байгаа бол засаад төслийг явуулах ёстой гэж байна. Харин та ямар бодолтой байна вэ?
-Манайхан нэг зүйлд хандахаараа хэтэрхий туйлширдаг. Оюу толгойн гэрээг анхнаас нь шүүмжилж байсан цөөн хүний нэг бол би. 2009 онд Их хуралд орж ирчихээд Их хурлын тогтоол шийдвэр гарах гэж байхад нь эсэргүүцэж, тэмцэж байсан цөөн хэдэн гишүүний нэг нь байсан. Тухайн үед Оюу толгойн гэрээг ТЭЗҮ-гүй баталчихсан. Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, эргэн төлөх хэмжээ тодорхойгүй байсан. Үүнээс болж өнөөдрийн бүх будлианы эх үүсвэр тавигдсан. Миний санаж байгаагаар анхны хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр орчим тэрбум ам.доллар гэж байсан. Өнөөдөр долоон тэрбум давчихжээ. Цаашид хэд ч болж өсөх юм билээ. Миний авсан мэдээллээр хөрөнгө оруулалтыг тооцохдоо техник, тоног төхөөрөмжийн хэлбэрээр орж ирж байгаа хөрөнгөнд манайх бодит үнэлгээ хийх чадвар дутаад байх шиг. Дээрээс нь мөнгөн хэлбэрээр орж ирж байгаа хөрөнгө оруулалт нь дандаа зээл хэлбэрээр орж ирж байна. Тэрэнд хүү тооцож байна. Тооцсон хүү нь дахиад л анхны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байна. Монголын тал хэзээ Оюу толгойгоос хувь ашгаа хүртэх юм бэ. Өнөөдөр тэндээс олборлож байгаа эрдэс баялаг нь хэдэн хувийн агууламжтай алт, мөнгө байгааг хэн ч судалж тогтоож чадахгүй байна. Зүгээр угаагаад, шуудайлаад гаргаж байгаа. Хилийн цаана судалгаа хийдэг гэсэн. Оюу толгойн ашигтай гэрээ үнэхээр үр дүнтэй, ашигтай гэрээ мөн үү. Үүнд авах, гээхийн ухаанаар хандах ёстой. Манайхан хэт туйлшраад зогсооно, хөөнө гэж байна. Миний хувьд төрөөс тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй. Олборлолт, борлуулалт, татвар дээр тавих хяналтаа сайжруулмаар байна. Бас гэрээнийхээ үр дүнг авч үзмээр байна. Ийм эрх бидэнд бий шүү дээ.
-Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсэг одоо болтол хуралдаагүй байгаа юм биш үү?
-Санаатай, санаандгүй янз бүрийн нөхцөл байдал үүсээд хуралдахгүй байж байна л даа. Ер нь ганц Оюу толгой ч биш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэр, байгууллага дээр тавих төрийн хяналтыг эргэж харах хэрэгтэй. Ингэж чадвал уул уурхайгаас одоо орж ирж байгаа бодит орлогыг 4-5 дахин нэмэгдүүлэх боломжтой. ОУВС-гаас ч зээл авах шаардлагагүй болно. Монгол Улс жинхэнэ утгаараа эдийн засгаа бие даагаад аваад явах чадамжтай. Харамсалтай нь өнөөдөр зүй бус гэрээ хэлцлүүд, хууль зөрчсөн аливаа асуудлууд, төрийн эрх мэдэлтнүүдийн эх орноо хоёрдугаарт тавьж, гадныхныг нэгдүгээрт тавьдаг зусарган зуйварч байдлаас болж байна. Дээр нь нам дамжсан, үндэстэн дамжсан олигарх бүлэглэлүүдийн идэж уудаг байдлыг хазаарлаж, зогсоох ёстой. Тэгж байж Монгол Улс хөгжлийн замдаа орно. Баялгаа хянаж чадахгүй, эзэмшиж чадахгүй, зарцуулж чадахгүй улс яаж хөгжих юм бэ.
-Ард түмэн төрийн эрх барьж байгаа үйл ажиллагаанд бухимдалтай байна. Иргэдийн бухимдал дээр дөрөөлж, бослого тэмцэл, цус асгарсан хувьсгал хийе гэсэн уриалга сошиал сүлжээнд их давалгаалах болжээ. Энэ байдлыг та хэрхэн харж байна?
-Өнөөдөр нийгмийг аливаа тогтворгүй бай-далд уриалагчид бол дотоод, гадаадын зохион байгуулалттай нөхдүүдийн явуулгыг гардан гүйцэтгэж байгаа хүмүүс бөгөөд тэд нийгмийг турхирч байна. Хүчирхийллээс хэзээ ч сайн зүйл гардаггүй. Аливаа асуудлыг ойлголцож, зөвшилцөж, энхтайвны замаар шийддэг болохоос биш, хүчирхийллээр шийднэ гэж ерөөсөө байхгүй. Өнөөдөр хүчирхийллээр шийддэг байсан юм бол Сири асуудлаа яагаад шийдэхгүй байгаа юм. Дундад Азийн олон орон өнөөдөр юу болж хувирав. Дэлхийн улс орнууд зэвсэгт тэмцэл өрнүүлээд сайн үр дүнд хүрч байгаа нь хаана байна. Тэнд хэдэн зуун мянгаараа хүний амь үрэгдэж, хагацлын зовлонд унаж байна. Хөгжил нь хэдэн арван жилээр ухарсаар байгаа. Магадгүй зарим улс орон бусдын хоол болох л зам руугаа явж байна. Украйн, Ливи, Сири, Египет, Латин Америкийн орнууд байна. Тиймээс өнөөдөр зэвсэгт тэмцэлд уриалаад байгаа хүмүүс Монгол Улсын сайн сайхан тусгаар тогтнолын төлөө дуугарч байгаа хүн гэж харахгүй байна. Бид чинь төртэй, хуультай улс шүү дээ. Сонгуулиар төрөө өөрчлөх өчнөөн боломж байгаа. Сонгуулиар аль улс төрийн хүчин, хэнийг дэмжихээ сайн бодох ёстой. Ер нь монголчуудыг тэмцье, цус асгаруулъя гээд бичээд, уриалаад байгаа хүмүүс дандаа хилийн чандаас өдөөн хатгаж байна. Энэ бол нийгмийн амгалан тайван байдал, аюулгүй байдлыг алдагдуулах гэсэн өдөөн хатгалт. Өнөөдөр Монгол дотроо байлдлаа гээд хэн хожих юм бэ. Магадгүй үүнийг хүссэн гадны улс байгаа ч юм бил үү. Бодох л ёстой асуудал.
-Нийгэмд баячуудыг үзэн ядуулж, ард түмнийг турхираад байх шиг?
-Энэ бол хуучин коммунист, социалист онолууд. Тэр үед нударган баячуудыг устга гэдэг байсан уур амьсгал өнөөдөр явж байна.Яахаараа хүн өөрийнхөө хүчээр баялаг бүтээгээд, яагаад баян тансаг амьдарч болдоггүй юм бэ. Хулгай хийсэн байдаг юм бол тэрийг нь нотлоод хуулийн хариуцлага хүлээлгэх л ёстой. Шударгаар хөдөлмөрлөж байгаа хүмүүсийг буруутгаж болохгүй. Өнөөдөр дундаж давхаргынхныг машин уналаа, байранд амьдарлаа, ганган хувцас өмсч, сайхан хоол идлээ гэж буруутгах юм уу. Хүний амьдралын зорилго шүү дээ. Өнөөдөр ядуу л бол шударга байх юм шиг ойлголтыг нийгэмд өгч талцуулж байна. Үнэн хэрэгтэй ингэж уриалаад байгаа хүмүүс баян тансаг амьдралтай байгаа даа.
-Ингэхэд та өнгөрсөн долоо хоногт байнгын хорооны хурал дээр О.Баасанхүү гишүүнтэй маргалдаад байсан. Яагаад тэгж бухимдахад хүрэв?
-Хүн хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Ямар ч үүрэг хариуцлага хүлээдэггүй, сул гишүүн хэн дуртай руугаа дайрч, довтолж байдаг. Хэн дуртайгаа шүүмжилж байдаг. Нийгэмд дандаа буруу үлгэр дууриалал харуулж байдаг. Тэрийг нь зарим гишүүн өөгшүүлээд, О.Баасанхүү мундаг баатар гээд хөөргөөд байх юм. УИХ-ын гишүүн хүнд хуулиар хүлээж байгаа үүрэг, ноён нуруу, жудаг гэж бий шүү дээ. Тэрийгээ бодож аливаа зүйлийг ярих ёстой. “Парламентад суудалтай хоёр нам руу нулимж байвал би нийгэмд нэмэх оноо авна” гэдэг хандлагаар асуудалд хандаж байгаа юм бол туйлын буруу. Монголын ард түмний сонгоод гаргаж ирсэн парламентын гишүүд рүү хэн дуртай нь дайрдаггүй юм. Тэр бол сонгогчдын сонголт руу нулимж байгаагаас өөрцгүй. Манайхны зарим нь төр рүү нулимж, төрийн албан хаагчдыг гутааж байвал өөрийгөө баатар мэтээр харагддаг гэж боддог. Үгүй шүү дээ. Монгол хүн төрөө дээдэлж, төрөө хүндэлдэг ёс зүйтэй байсан. Тийм ч учраас төрт ёсны уламжлалыг дээдэлдэг. Нэгэнт сонгосон бол хариуцлага нэхэж, тооцох нь ойлгомжтой. Гэхдээ хэн нэгнийг доромжилж, гутаах замаар биш.