Энэ сарын 14-нд улс орон даяар Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэх гэж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн бүртгэл, улсын шалгалт хариуцсан хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Энхтуяагаас энэ талаар тодруулав.
-Энэ хичээлийн жилээс ЭЕШ-нд оролцогсод хамгийн түрүүнд монгол хэл бичгийн шалгалт өгснөөр ЭЕШ өгөх эрх нь нээгдэнэ гэл үү?
-Тийм ээ. Энэ жилийн ЭЕШ-д оролцох эрхээ монгол хэл бичгийн шалгалт өгснөөр авч байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл энэ шалгалт маань ЭЕШ-ийн монгол хэлний уралдаант шалгалтаас тусдаа гэсэн үг. Тийм ч учраас энэхүү шалгалтыг ЭЕШ-аас өмнө буюу зургадугаар сарын 14-ний 12:00 цагт орон даяар нийт төгсөгчдөөс авах бөгөөд шалгалтын дүн ЭЕШ-нд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Цаашид энэхүү шалгалтын дүн дараагийн их дээд сургуулиудад элсэхэд нөлөөлдөг болгох чигийг баримталж байгаа. Хамгийн гол нь эх хэлээ бүрэн төгс эзэмшсэн хүн дараа дараагийн шатны боловсролыг эзэмшиж чадна гэх зарчим дэлхийн аль ч оронд баримталдаг гэдгийг энд хэлэх нь зүйтэй болов уу. Монгол хэл бичгийн жишиг даалгаврыг монгол хэл, уран зохиол хичээлийн агуулгын хүрээнд, монгол бичгийн унших чадварыг сорьсноос гадна тест багтаасан жишиг даалгавруудыг БҮТ өөрийн цахим хуудаснаа өнгөрөгч хоёрдугаар сарын сүүлээр байршуулсан. Татаж аваад ажиллах бүрэн боломжтой. Тиймээс тус шалгалтыг анх удаа авч байгаа хэдий ч шалгуулагчид энэ талаар аль хэдийн төсөөлөлтэй болчихсон байгаа. Тест бөглөх, эх зохиох, богино хариултаар нөхөх гэх мэт даалгавруудаас бүрдэнэ. Шалгалт нэг цаг 40 минут үргэлжилнэ.
-Энэ жилийн ЭЕШ-ын дүрэм, журамд ямар нэгэн өөрчлөлт орсон уу?
-Монгол хэл бичгийн шалгалтыг бүх элсэгчдээс авахаар болсноос гадна шалгалтын хураамж 5800 төгрөг болж нэмэгдсэнээс өөр өөрчлөгдсөн зүйлгүй.
-Өнгөрсөн жилийн ЭЕШ-тай холбоотой ямар санал гомдол зонхилон ирсэн бэ?
-ЭЕШ-тай холбоотой гомдол саналд тулгуурлан өөрсдийн үйл ажиллагаа үргэлж сайжруулж, засч залруулах ажлыг цаг алдалгүй, тухай бүрт нь хийж ирсний дүнд жил ирэх тусам ЭЕШ-тай холбоотой санал гомдол харьцангуй багассан. Тухайлбал өнгөрсөн жил авсан оноогоо шалгалтын материалтайгаа тулгаж үзэхийг хүссэн хэдхэн санал ирсэн. Шалгуулагчид маань шалгалтын журамтайгаа нэг бүрчлэн сайн танилцаагүйн улмаас өөрийн дугуйлсан хариултаа баллаж, өөр хариулт давхардаж дугуйлах нь элбэг байдаг. Гэтэл гараар биш машинаар засдаг учраас буруу гэж бодоод дугуйлсан хариултаа баллаж эсвэл дээрээс нь дарсан ч машин хариулсанд тооцоод уншчихна. Ингээд л өөрийн зөв гэж бодоод дугуйлсан хариулттай нь нийлээд хоёр хариулт болж таарах учраас тус даалгаврын хариуг хүчингүйд тооцдог. Ер нь шалгалтын материалыг засахад хүний гар оролцолгүй, машинаар засч байгаа учраас алдаа мадаг гардаггүй.
-ЭЕШ-ын үеэр улс орон даяар бүх ангийг камержуулах боломжтой юу?
-Өнгөрсөн жил таван аймгийн төвийг камержуулсан. Хотод нилээн хэдэн шалгалтын цэгт камер байршуулсан. Хөрөнгө санхүүг нь шийдээд өгчихвөл улс орон даяар ЭЕШ явагддаг бүх анги танхимийг камержуулах бүрэн боломжтой. Гэхдээ камер байрлуулаагүйн улмаас ингэчихлээ гэх гомдол санал одоогоор ирээгүй байгаа нь өнөө маргаашгүй яаралтай хэрэгцээтэй эд биш гэсэн үг.
-Энэ жилээс долдугаар сарын 1-нээс өмнө ЭЕШ-ын нэгдсэн дүнг гаргах боломжтой гэж байсан үнэн үү?
-Жил бүрийн элсэлтийн шалгалтыг зохион байгуулж байгаа гэх утгаараа мэргэжилтнүүд маань ажилдаа гаршихын хажуугаар бидний хэрэглэдэг техник, программ хангамж сайжирч байгаа. Тиймээс цаашид долдугаар сарын 1-нээс өмнө нэгдсэн дүнгээ бүрэн гаргах боломжтой гэж үзэж байна. Дүнгээ гарсан даруйд нь шалгуулагчийнхаа гар утас, имэйл хаягаар дүнг нь явуулна.
-Энэ жилийн шалгуулагчдад юуг онцгойлон анхааруулмаар байна вэ?
-Монгол хэл бичгийн шалгалтаа өгсөн бол бүртгэлийн хуудас дээр нь галограмм буюу тусгай тэмдэгтийг наалгах ёстой. Ингэснээр ЭЕШ-таа орох эрхээ авч байна гэсэн үг. Бүх шалгуулагчид өгөх ёстой шалгалтыг өгөөгүй тохиолдолд ЭЕШ-д орох эрхгүй болно гэсэн үг. Энэ жил 38332 шалгуулагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн.
-Кембрижийн хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг дунд, ахлах сургуулиудын элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийг БҮТ зохион байгуулж байгаа гэл үү?
-Кембрижийн хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн дунд ахлах сургуулиудад элсүүлэх шалгалтын бүртгэлийг энэ жилээс БҮТ-өөс зохион байгуулахаар болсон. Бүртгэл уржигдраас эхэлсэн бөгөөд 6-ныг хүртэл БҮТ-ийн байранд тав хоног үргэлжилнэ. “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” сургуулиуд дунд ангийн сурагчдыг элсүүлдэг бол “Монгол тэмүүлэл” нь ахлах ангид элсэлт авдаг. Өмнө нь дээрх сургуулиудын элсэлтийн шалгалт наймдугаар сард болдог байсан бол энэ жил зургадугаар сарын 7-нд болгож урагшлуулсан. Сурагчид бүртгүүлэхдээ дүнгээ хувийн хэрэг дээрээ бүрэн тавиулж, дүнгийнхээ дунджийг бодуулсан сургуулийн захиргааны тодорхойлолт, төрсний гэрчилгээгээ хуулбарын хамт өөрийн биеэр авчрах шаардлагатай. Мөн үр хүүхдээ энэ шалгалтанд оруулж өгөхийг хүссэн эцэг, эхийн өргөдөл байх ёстой. “Монгол тэмүүлэл” сургуулийн есдүгээр ангид элсэгчдийн наймдугаар ангийн дүн нь 80 буюу түүнээс дээш, “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” сургуульд элсэхийг хүссэн сурагчдын дөрөвдүгээр ангийн дундаж үнэлгээ 90 буюу түүнээс дээш хувьтай байх ёстой.
М.УУГАН-ЭРДЭНЭ