Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас өнгөрсөн хугацаанд E-Mongolia-д хийж хэрэгжүүлсэн үйлчилгээний талаар мэдээлэл хийлээ.
ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ “E-Mongolia-д 57 байгууллагын 537 үйлчилгээ орсон. Мөн төрийн байгууллагын олон шатлалт үйлчилгээ орсон. Өнөөдрийн байдлаар 1.9 сая хэрэглэгчтэй болсон бөгөөд Монгол Улсын нийт насанд хүрсэн хүн амын 85 хувь нь E-Mongolia-г хэрэглэж байна. Төрийн үйлчилгээ цахимжснаар нийт 64.5 тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн тооцоо судалгаа гарсан. Он гараад E-Mongolia-д шинэ үйлчилгээг нэвтрүүлэх бөгөөд нийт 600 гаруй үйлчилгээг авах боломж бүрдэнэ” гэлээ.
Харин E-Mongolia-гаас эрүүл мэндийн зарим үйлчилгээг авах боломж бүрдсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн хүрээнд E-Mongolia-д эрүүл мэндийн салбарын есөн үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн болсон. 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн есөн дүүрэг, e-health программ ашигладаг анхан шатны үйлчилгээ үзүүлдэг 136 өрхийн эмнэлгийн үйлчилгээ энэ сарын 1-нээс нэвтэрсэн. Тодруулбал эмнэлгүүдэд цаг авах боломж бүрдсэн. Орон нутгийн иргэд орон нутгаас ирэх хугацаагаа тохируулаад хүссэн эмнэлэгтээ цаг авах боломж бүрдсэн. Өнөөдрийн байдлаар 1707 иргэн цагаа авсан байна. Түүнчлэн E-Mongolia-гаар дамжуулан шинжилгээний хариу авах боломжтой болсон” гэсэн юм.
Нэмэгдэж буй үйлчилгээ:
- Эмнэлэгт цаг авах
- Шинжилгээний хариу харах / ЭМЯ-ны харьяа болон 21 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өгсөн бол/
- Олон улсын аялал жуулчлалын эрүүл мэндийн гэрчилгээ авах
- Вакцины гэрчилгээ
- Эмнэлгийн магадалгаа
- Эрүүл мэндийн даатгалын лавлагаа /2016 оноос хойш бөгөөд ЭМД-ыг бүрэн төлсөн байх/
- Дархлаажсан тухай QR батламж олгох үйлчилгээг эхний ээлжид нэмжээ.
Дараагийн удаад жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас болон хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг ХНХЯ-тай хамтран оруулахад бэлэн болсон.