УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлтэй ярилцлаа.
-МҮХАҮТ-аас
ам.долларын ханшийн хөөрөгдлийг зогсоох тухай гэсэн гарчигтай мэдэгдэл гаргалаа.
Монгол банкны зүгээс импортлогчдоос бусдад
нь буюу олонхид валютын ханш сөргөөр нөлөөлсөн юм алга гэж байгаа шүү дээ?
-Валютын ханшийг хөөрөгдөх үйл явцыг зогсоох талаар мэдэгдэл гаргасан.
Гаргахаас өөр аргагүй байна л даа. Хүнсний болон хүнсний бус барааны үнэ сүүлийн
хэдэн сарын турш валютын ханшийн нөлөөгөөр яаж өссөнийг хүн бүр мэдэж, мэдэрч байгаа.
Зарим хариуцлагатай томоохон албан тушаалтан хэлсэн байна лээ. Хөдөөнийхөнд, үйлдвэрлэгчдэд
мэдрэгдэхгүй байгаа гэж. Үүн шиг худлаа үг байхгүй. Хөдөөнийхөнд валютын ханш шууд
нөлөөлдөггүй юм гэхэд орон нутагт очиж байгаа бараа үйлчилгээний үнэ ямар байгаа
билээ. Өмнө нь өчнөөн хямд авдаг байсан бүтээгдэхүүнээ өнөөдөр асар үнэтэй авч байгаа.
Энэ бол валютын ханшийн хөөрөгдлийн нөлөөлөл. Экспортлогчдод нөлөөлөхгүй байж болно
л доо. Гэхдээ энэ бол цөөнхийн асуудал. Монгол Улсын томоохон экспортлогчдод нөлөөлөөд
эхэлчихсэн. Яг үнэнийг хэлэхэд банкуудад л эерэг нөлөө үзүүлж байгаа. Үүнийг үгүйсгэх
аргагүй. Дахин хэлэхэд Монголын ард түмэнд, бизнес эрхлэгчдэд сөргөөр нөлөөлж байна.
Ийм эгзэгтэй үед эс үйлдэл хийгээд байна. Манай мэдэгдэлд байгаа. Зах зээлийнхээ
зарчмаар уян хатан байна, өөрийн тохируулга хийгдэж байна гэдэг бол сурах бичигт
байдаг зүйл. Ийм юм дэлхий даяар дүүрэн бий.
Гэхдээ бодит амьдрал дээр өөр хэрэг шүү дээ. Эдийн засгийн бодит
амьдрал дээр хүмүүсийн худалдан авах чадвар эрс муудаж байна.
-Валютын
ханш өсөлтийн графиктай яваад нэлээд хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд болоод
л байсан, одоо жаахан тэвччихэд л болно гэх хүн ч байна?
-Нэг хэсэг инерциэрээ явсан юм. Явсаар байгаад инерци нь шавхагдаж
байна. Ийм тохиолдолд бид найр наадам гэж амраад, ганц Монгол банкны амыг хараад
сууж таарахгүй. Уг нь Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэж байдаг юм. Монголын
санхүүгийн секторын тогтвортой байдлыг хангах үүрэгтэй зөвлөл. Валютын зохицуулалтын
тухай хуульд валютын ханш монгол төгрөгийн худалдан авах чадварыг бууруулж, эдийн засгийн тэнцвэртэй байдлыг алдагдуулж болохгүй
гэсэн чиг үүрэг бий. Импорт сайндаа биш, орлуулснаараа биш, импорт хийх асар үнэтэй болсон. Дээр нь банкны зээлийн орчин
муу байгаа. Ийм үед импорт хийх утгагүй болж
таарна. Тэгэхээр юмны үнэ өсөх нь тодорхой. Энэ нь макро түвшинд тусахдаа урсгал
дансны хасах зөрүүнийх нь хэмжээ хумигдаад
ирж байгаа юм. Үүнийг өөрийн тохируулгаа хийж байна гэж тайлбарлаад эхэллээ л дээ.
Ийм сурах бичгийн, вакум ертөнцийн, симуляцийн ертөнцийн юм яриад байж таарахгүй.
Бодит амьдрал руу нүдээ нээж харах цаг болсон.
-Санхүүгийн
тогтвортой байдлын зөвлөлийг цаг алдалгүй хуралдуулах ёстой гэсэн үг үү?
-Яг тийм. Энэ хуралд УИХ-ын гишүүд, бизнес эрхлэгчдийг оролцуулах
хэрэгтэй. Валютын ханшийн хөөрөгдлийг яаж
зогсоох вэ гэдэг талаар ярилцах шаардлага тулгараад байна. Ханшийн зөрүүгээр ашиг олох сэдэл санаа, авир
төрх банкуудад үүсээд байна. Ченжүүдэд ч ялгаагүй. Цөөхөн хэдэн хүнд ашигтай, олонхид
нь хортой тусдаг эдийн засгийн бодлого явагдаж
таарахгүй. Үүнийг эс үйлдэл гэж хэлээд байгаа юм. Эс үйлдэл гэдэг нь үйлдэл хийхээсээ
ч илүү хортой. Өөрөөр хэлбэл ард түмний худалдан авах чадвар улайм цайм муудаж,
хувийн хэвшил улам бүр доройтож, өрсөлдөх чадвар, бизнес хийх боломж нь өдөр ирэх
бүр хумигдаад байхад ийм юм ярьж болохгүй.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдаанаар валютын ханшид нөлөөлж байгаа
бүх хүчин зүйлийг ярьцгаая. Одоо бол чөлөөтэй хөрвүүлээд байна. Долоо хоногт нэг
удаа интервенц гэж хийж байгаа. Тэгж худалдсан долларыг нь хэдэн банк авдаг. Нөгөөдүүл нь интервенцээр авсан долларынхаа
нэг хэсгийг харилцагчдад өөрсдөдөө ашигтайгаар
өгчихөж байна. Үлдсэн хэсэг нь хуримтлалд
нь ороод жилийн эцэст валютын ханшийн зөрүүгээс
үндсэн бус үйл ажиллагааны зөрүү гээд их хэмжээний ашиг олж байна. Үүнийг
зүгээр хараад сууж болохгүй.
-Таны
яриаг сонсоод байхад эдийн засаг “амарсан” энэ үед ам.доллар 1860 гараад явчихсны цаана ашиг хайгчдын хөөрөгдөл
нуугдаж байна гэсэн ойлголт төрлөө?
-Дамын хүчин зүйл их тодорхой байна. Та бод л доо. Долоо хоногт нэг
интервенц хийж байна. Доллар авч байгаа нь арилжааны дөрөв, тавхан банк. 2013 оных нь балансуудыг хараарай. Бүгд
нэмэх тэмдэгтэй. Нэг ч хасах тэмдэг байхгүй. Дамын ашиг хонжоо олох авир төрх арилжааны
банкуудад үүсчихсэн байна гэсэн үг. Арилжааны банкуудын болон төрийн өмчит үйлдвэрийн
газруудын валютын ханшийн зөрөөгөөр олсон ашгийг өөрсдийнх нь хүчин чармайлтаар
олсон ашиг биш гэж үзээд татварын хэлбэрээр төсөвт авч, тогтворжилтын сан байгуулж хуримтлуулах ёстой.
-Олон
улсын байгууллагууд валютын ханшийн өсөлт дээр ямар зөвлөгөө өгч байна?
-Нарийн нюанс, хувийн хэвшлийн бодит байдлыг харгалзахгүй дүгнэлт
хэлж байна. “Танайх өндөр өсөлттэй байсан,
тийм учраас бүтээн байгуулалт их явагдсан, бүтээн байгуулалт нь импорт шаардсан, шаардсан импорт балансыг сөрөг
болгосон, сөрөг болгосон учраас валютын нөөцөөсөө зарж байна.
Ийм сүлжээ яваад байна. Тийм учраас мөнгөө багасга, мөнгөнийхөө бодлогыг
хатууруул” гэсэн онош тавьж эм бичиж өгөөд байна л даа. Үүнд нь манай хүмүүс үнэмшээд
байх юм. Ингэвэл хувийн хэвшлийг улам бүр сөхрүүлнэ. Хувийн хэвшил сөхөрвөл үйлдвэрлэл
үйлчилгээ улам муудна. Тэгвэл хомсдол үүснэ. Өөрөөр хэлбэл үнэтэй бараа зах зээл
рүү гарч эхэлнэ. Инфляцийг өсгөнө гэсэн үг. Энэ тохиолдолд валютын ханш валютын
нөөцийг гөвөх эрсдэлтэй.
-Валютын
ханшийн хөөрөгдлийг зогсоохын тулд яг ямар арга хэмжээ авах ёстой гэж танхимаас
үзэж байна вэ, сая та банкуудын валютын зөрүүнээс олсон ашгийг төсөвт авах хэрэгтэй
гэж ярилаа. Үүнийгээ тодруулаач?
-Стандарт бус арга хэмжээ авах хэрэгтэй. Зургаан сараас нэг жилийн
дотор валютын дотогшлох урсгал нэмэгдэх бодлогын арга хэрэгсэл өөрөө ажиллаж эхлэх
хүртэл түр зуурын хугацаанд валютын ханшийн тусгай дэглэм тогтооё. Доллар тэдээс
илүү байж болохгүй гэж уяхгүй. Тодорхой коридор байж болно. Эсвэл валютын зээлийг
хумиж болно. Валютын зээл, төгрөгийн зээл хоёрын тухайд Төв банкны зүгээс арга хэрэгслээ
ашиглаж банкуудыг төгрөгт ашигтай байхаар үйлдэл хийлгэх бодлогын алхам байж болно.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд багтдаг Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн
яамны субьектууд нийлээд төсвийн урсгал дансыг хумих талаас ажиллах арга байна. Хөрөнгө оруулалтын хувьд үр ашиг муутайг нь гацаах,
зогсоох арга хэмжээ авах гарц бий. Хамгийн гол нь хувийн хэвшил рүүгээ илүү мөнгө
өгөх хэрэгтэй. Жижиг дунд үйлдвэрлэгчдийн
зээлийн хүүг бууруулах зэргээр бизнесийн орчныг бүрдүүлэх ажлууд байж болно. Дээр
нь таны сая тодруулахыг хүссэн банкуудын үндсэн бус үйл ажиллагаанаас олсон, валютын
ханшийн зөрүүгээс олж байгаа нэмэх тэмдэгтэй ашгуудыг төсөвт татварын журмаар авах
асуудал байна. Татвар гэж авсан валютыг тогтворжуулалтын санд хийх боломжтой. Тогтворжуулалтын
санд хийсэн мөнгөөрөө шаардлагатай үед нь валютын ханшийн зах зээлийг тогтворжуулах
алхмууд хийж болно. Зүгээр л олон улсын байгууллагуудын зөвлөгөөг дагаж, сурах бичгийн
хүрээнд сэтгэхгүйгээр хийх ажлууд энэ мэт өчнөөн бий. Эдийн засгийнхаа судасны лугшилтыг сайн мэдэр.
Амьсгалыг нь чагна. Бид ийм утгатай мэдэгдэл л гаргасан. УИХ ээлжит бус чуулганыг
наймдугаар сарын хорьдоор хийх байх. Энэ үеэр валютын ханшийг ярих хэрэгтэй.
-Эдийн
засгийн эрчимжүүлэх зуун хоногт валютын ханшийн талаар ийм тийм юм хийнэ гэж ороогүй
санагдах юм?
-Ерөнхий л юм оруулсан. Тухайн үед би хэвлэл мэдээллээр тодорхой
саналууд хэлж байсан. Тусгаагүй. Үр дүнд
нь өнөөдөр валютын ханшийг тогтоон барьж чадахгүй байна.
-Зуун
хоногоор валютын ханшин дээр ямар ч арга хэмжээ авсангүй өсгөчихлөө гэсэн үг үү,
тодорхой арга хэмжээ аваад хүчрэхгүй байгаа юм биш үү?
– Энэ тогтоолын төслийг анх санаачлагч нь би. Анхны нэр нь эдийн
засгийг идэвхжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах талаар УИХ-аас авах
арга хэмжээ гэж байсан. Дараа нь Засгийн газар оруулахаар болж эдийн засгийг эрчимжүүлэх
болж хувирсан. Сүүлдээ бүр 100 хоног гэсэн тоо гараад ирсэн. Харин бидний санаа
бол оны эцэс хүртэл, он өнгөрөөд эхний гурван сар болтол эдийн засгийг валютын ханш,
инфляциас эхлээд төрөл бүрийн арга хэмжээгээр идэвхжүүлэх байсан. Эдийн засаг идэвхжинэ
гэдэг нь хувийн хэвшил идэвхжинэ гэсэн үг. Хувийн хэвшил идэвхжих нь нэг тал. Нөгөө
талд хэрэглэгчдээ идэвхжүүлэх учиртай. Үүн рүү чиглэсэн арга хэмжээнүүдийг онцолсон.
Зуу хоногийн арга хэмжээ эдийн засгийг эрчимжүүлэх гэсэн утга руу орчихоор эдийн
засгийн өндөр өсөлтийг алдахгүй юмсан, тогтоогоод барихсан гэсэн чиг рүү хандсан
заалтууд багтсан л даа. Ингээд эдийн засаг идэвхжихгүй. Инфляци гэхэд оны эцэст
зоолттой хоёр оронтой тоонд байна. Тэгэхээр хүмүүс эдийн засаг сэргэнэ гэж нэг их
хүлээх хэрэггүй. Н.Алтанхуягийн буруу ч биш. Засгийн газрын алдаа ч биш. Үнэнийг
хэлэхэд УИХ-ын буруу. УИХ сайн чиглэл өгч чадаагүй. Засгийн газарт тодорхой удирдамж
өгөөгүй. Валютын ханшин дээр ямар ч тодорхой юм байхгүй. Инфляцийг хүчин зүйлүүдээр
нь задлан шинжлээд энэ чиглэлээр ийм арга хэмжээ ав гэсэн юм байхгүй. Үнэ тогтворжуулах
хөтөлбөрийнхөө хүрээг өргөтгөөд механизмаа өөрчил гээгүй.
-Валютын
ханшийг зах зээлийн бус арга хэрэглэн барьж болохгүй, ингээд сүйрсэн улс олон бий
гэсэн тайлбар байна. Энэ дээр таны байр суурийг сонсмоор байна?
-Хаана сүйрсэн улс байна, тийм жишээ би мэдэхгүй. Мөнгөний бодлого,
валютын ханшийн бодлого, төсвийн бодлого гурвыг маш сайн хослуулж хийж болно. Гэхдээ
нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Монголд валютын ханш барих нь зөвхөн Төв банкны асуудал
биш. Валютын ханшийн бодлого, мөнгөний бодлого хоёр бол хос морь. Гэтэл Төв банк
үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд инфляцид нөлөөлөх хэдэн бүтээгдэхүүн дээр баахан мөнгө зарцуулаад зохицуулах
гэж оролдлоо. Урт, богино хугацаанд явуургүй арга. Нийт бизнесийн орчин, бизнес
эрхлэх санхүүгийн орчныг сайжруулах хэрэгтэй. Тийм учраас зээлийн хүүг бууруулах
асуудлыг яамдын хооронд биш УИХ дээр ярих ёстой. Энэ мэтээр макро талаас нь харах
цаг ирсэн. Хийсвэр утгаар нь, онолын үүднээс авч үзээд, тэрийгээ эдийн засгийн өсөлттэй
холбоод байх шаардлагагүй.
Олон улсын валютын сан их зөв юм хэлдэг. Монголын эдийн засгийн хүндрэлтэй
байдлыг тэд эдийн засгийн хэт тэлэлттэй холбосон. Үнэн. Эдийн засгийн тэлэлтийн
бодлого үр ашиггүй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд чиглэвэл буруу тэлэлт болно. Тийм учраас мөнгөний бодлого аядуу байдлаар явж
байг. Төсвийн бодлого дээр илүү анхаарах хэрэгтэй. Валютын ханшийнхаа бодлого дээр
саяын хэлсэн стандарт бус арга хэмжээг зургаан сараас нэг жилийн хугацаатай авах
ёстой. Ингэж хослуулбал үр дүн гарна.
-Төв
банкнаас “Импортоор бараа оруулж ирж зардаг хэдэн нөхөд л асуудалд орж байгаа,
тэд бараагаа оруулж ирэхээ байвал үндэсний үйлдвэр хөгжинө, гаднаас авдаг бүтээгдэхүүнийг
эндээ үйлдвэрлэдэг болно” гэсэн утгатай тайлбарыг
удаа дараа өгч байгаа. Энэ хэр бодитой тайлбар
вэ?
-Зарим хүмүүс худалдааны бизнес мөхнө биз гэсэн утгатай юм ярьсан
байна лээ. Үйлдвэрлэгчдэд ямар ч эрсдэл байхгүй гэдэг бол худал зүйл. Мөхөхөө хүрвэл
бүгд мөхнө. Эдийн засаг чинь хоорондоо холбоотой, уялдаатай байдаг эд. Худалдаа
наймаа, үйлчилгээний сектор хүнд байна. Уул уурхайн бус экспортоо дэмжих санхүүгийн
хөшүүрэг нь хаана байна. Энэ чиглэлээр төр, төв банк, арилжааны банк нь юу хийж
байна. Маш тодорхой ийм асуудлуудыг гаргаж тавьж, яг энэ чигээр Монгол банк, Засгийн
газар хамтарч ажиллах хэрэгтэй. Би яг одоо Төв банкны тухай хууль, Валютын зохицуулалтын
тухай хуулийг уншаад сууж байна. Банкны тухай хуулийг харж байна. Засч сайжруулах
зүйл зөндөө харагдаж байна. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралддаг л гэсэн.
УИХ-тай яаж холбогддог нь тодорхойгүй. Ямар үр дүнтэй арга хэмжээ авсан нь ойлгомжгүй.
УИХ яагаад оролцдоггүй юм бол гэсэн асуулт байна.
-Инфляци
хоёр оронтой тоо руу орохгүй гээд байгаа шүү дээ?
-Монгол банк валютын ханшийг ганцаараа шийдэж амжихгүй. Инфляцийг
тогтвортой байлгаж чадахгүй. Монгол банкны мөнгөний бодлогын үйл ажиллагаанаас
болоод инфляци нэг оронтой тоонд орох онолын ч үндэслэл байхгүй. Практик үндэслэл
бүр ч байхгүй.
-Эдийн
засгийг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд тодруулж асуух нэг асуулт байна. Эдийн
засгийг идэвхжүүлэхийн тулд хамгийн түрүүнд хийх ёстой алхам гэвэл та юуг онцлох
вэ?
-Валютын ханш гэдэг зүйлийг л хамгийн түрүүнд онцгой дэглэмд оруулах
хэрэгтэй байна. Инфляцийг удирдаж чадахгүй байх түвшин рүү оруулчих гээд байна.
Морины явдлаар бол инфляци эхлээд шогшиж байсан. Сүүлдээ цогиж эхэлсэн. Одоо давхиж
байна. Эцэстээ жолоогоо алдах эрсдэл рүү орох гээд байна. Тэр нь гурван орон тоо.
Хоёр оронтой тоо руу ороод 12 биш бүр 32 хувь болчихвол яах вэ. Ноднингоос хойш
тавь, жаран хувь өсчихөөд байна. Гэтэл цалин хөдлөхгүй байгаа. Эхлээд Засгийн газрын
зардлыг багасгах хэрэгтэй. Сүүлийн үед дэндүү их данхайчихлаа. 1996 оноос хэрэгжүүлэгч,
тохируулагч агентлаг гэсэн Шинэ Зеландийн моделийг туршсан. Одоо тохируулагч, хэрэгжүүлэгч
агентлагаа боливол яасан юм. Төрийн өмчит үйлдвэрийн газрыг УИХ-д мэдээлэлгүйгээр
шууд байгуулах хуулийн орчин байна. Үүнийг болимоор байна. Иймэрхүү байдлаар урсгал
дансан дээр эрс шийдэмгий өөрчлөлт хийчих ёстой. Ингэж байж л төрийн албан хаагчдын
цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудлыг ярих хэрэгтэй.
Л.МӨНХТӨР