Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Эрдмийн их сургуулийн зөвлөх профессор, шинжлэх ухаан доктор С.Буднямтай ярилцлаа.
-Эдийн засаг хүнд байгааг цар тахал болон ковидтой холбон тайлбарлаж байгаа, төр засгийн зүгээс. Цаашид бидэнд мөнгө олох ямар боломжууд байна вэ?
-Гадны нэмүү өртөг бүтээдэг улс руу бид түүхий эдээ өгдөг. Жишээлбэл, ашигт малтмал байна. Уул уурхайгаас өөр мөнгө олох боломжуудаа эрэлхийлэх ёстой. Шийдвэр гаргагчид эдийн засгаа солонгоруулна гэж байнга ярьсаар ирсэн. Тэгэхээр хөгжлийн бодлогодоо юун түрүүнд монгол хүн гэж хэн бэ гэдгийг харуулах ямар салбар байгаагаа чиг шугамаа болгож, хөгжүүлэх ёстой. Монгол хүнийг насан туршид нь тэжээж ирсэн уламжлалт нүүдлийн аж ахуйгаа түшиглэн мөнгө олох боломж бий. Манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бол органик гэдэг утгаар гадныхан их сонирхоно. Иймээс энэ салбарт хамгийн түрүүнд орчин үеийн ямар л технологи байна тэр бүгдийг нэвтрүүлэх ёстой. Ингэж чадвал бид хүнсний асуудлаа дотооддоо бүрэн шийдэж болохоор байгаа юм. Малаас гарах бүхий л түүхий эдийг орчин үеийн технологиор дэлхийн жишигт хүртэл боловсруулж, нэмүү өртөг шингээх бүрэн бололцоотой. Инновацийн хэд хэдэн гол чиглэлүүдийг сонгож аваад кластер үүсгэх ёстой. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ашигладаг, түүхий эдийг боловсруулдаг энэ салбар дахь бүгдийг уяж өгөх нь чухал. Ингэж дотооддоо инновацийн шинэчлэх салбаруудыг зөв сонголт хийвэл гаднаас валют олж чадна. Нүүрстэй адил гэсэн үг. Өнөөдөр нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр савлахад яадаг билээ дээ. Тэгэхээр бидний өөрсдийн бүтээсэн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд үнэ орвол доллар татах том боломж
-Гадны өндөр технологиудыг Монголын хөрсөнд нутагшуулахад юуг анхаарах ёстой вэ?
-Нэгдүгээрт, кластер гаргах хэрэгтэй. Өөрийнхөө эдийн засгийг солонгоруулахад боловсруулах үйлдвэрийн салбаруудаа дэмжих ёстой. Тэднийг зангидаж байгаа нь хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар байна. Хөдөө аж ахуй гэхээр хүнсний үйлдвэр нь сэргээд ирнэ. Дээрээс нь малаа үүлдэржүүлэх хэрэгтэй. Ингэх юм бол хөнгөн үйлдвэрийн салбарууд бас сэрнэ. Ийм маягаар эдийн засгийнхааа бүтцийг балансжуулмаар байгаа юм. Салбарын холбоосыг технологиор л дамжуулах ёстой. Нэмүү өртөг шингээсэн оюуны багтаамжтай технологи оруулж ирэхийг хэлээд байна л даа. Долоо, найман салбарыг санхүүжүүлбэл бусдыгаа өөд нь татна. Засгийн газрын зүгээс Шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа-2050 зэрэг хөгжлийн хөтөлбөрүүд дэвшүүлсэн. Эдгээр бодлогын баримт бичгээ боловсруулахдаа хүртэл гадна байгаа технологийн хөгжлийг эргэж харах ёстой. Шинжлэх ухаан, технологийн хөгжил асар хурдацтай явагдаж байна шүү дээ. Тэгэхээр мөнгө олоход шинэ технологи юу юунаас чухал.
-Энэ тал дээр манайд ямар байна вэ?
-Хоёр дутагтал байгаа. Нэгдүгээрт, хувийн хэвшлийн салбарууд шинжлэх ухааныг хүлээж авах мэдрэмж муутай байна. Жижиг, дунд үйлдвэрүүд анх зах зээлд суралцаж эхлэхдээ голдуу бартераар солих юм уу, гадны хэрэгцээгүй болсон хуучин технологи авчирдаг байсан. Хоёрдугаарт, бизнес эрхэлж байгаа хүмүүс өөрийнхөө салбарын хөгжлийг харахдаа шинжлэх ухаан,шинэ технологи хэрэгтэй гэдэг мэдрэмж байхгүй. Барууны орнуудын үндэстэн дамнасан том компаниуд бол өөрийнхөө дэргэдээ мотиваци центртэй байдаг. Тухайн салбарын хөгжлийг ойрын хэдэн жилд ямар технологи суулгах уу, юуг эзэмшиж нэвтрүүлбэл дэлхийд байр сууриа өргөтгөх үү гэдэгт тусгайлан бодлого гаргадаг. Түүнээс биш манайх шиг бүх юмыг төр хариуцахаар мөнгө нь ч байхгүй. Нөгөө талаар манай бизнес эрхлэгчид орчин үеийн бизнесийн хөгжлийг бага мэдэрч байна.
-Төрийн зүгээс юу хийх ёстой юм бэ?
-Ерөөсөө төр зохицуулах ёстой. Бизнесийнхэнтэй зөв харьцаж, тэднийг соёлжуулахад анхаарна. Хоёрдугаарт, өнгөрсөн 30 жилд их, дээд сургуулиуд, Шинжлэх ухааны академийн судалгаа хийдэг хүрээлэнгүүд төрийн бодлогын хараанаас гадуур явж ирсэн. Тэд ямар ч шинэчлэл хийж чадалгүй, боловсрол ч гэж боловсрол алга. Шинжлэх ухаан ч гэж авах юмгүй болов. Тэднийг буруутгах ч аргагүй. Боловсролын систем бүхэлдээ оюутны төлбөр дээр буусан учраас чанар нь муудсан шалтгаан ийм юм. Одоо төрийн зүгээс боловсролын салбартаа анхаарах нь хөгжлийн том хөшүүрэг болно. Эрх чөлөөг шинжлэх ухаан боловсролын салбар олгодог. Түүгээр дамжиж хөгжил бий болно. 21 дүгээр зуунд өрсөлдөөн оюуны салбарт явна. Манай хүмүүс өндөр боловсролтой, чанартай бүтээгч байх юм бол хэн ч, хаана ч амьдрах чөлөөтэй болчихлоо. Ингэснээр дэлхийн хөгжилд нэмэр болно гэсэн үг.
-Эдийн засгийг тэлэхэд гадны хөрөнгө оруулалт юу юунаас чухал. Манайх яавал тэднийг татаж чадах вэ?
-Уул уурхайгаас гадна валют татах салбараа олчих юм бол гадны хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй. Гадны хөрөнгөгүйгээр хөгжсөн улс гэж хаана ч байгхгүй. Шинэчлэл хийсэн орон дотроос Япон, Сингапур, Финлянд, Тайваньд ажиллах хүчин хэрэггүй байсан юм байна. Хүмүүс нь боловсролтой байсан учраас. Шинэчлэл хийх гэж байгаа бодлогыг хүлээж аваад технологийг нь маш хурдан эзэмшиж чадсан болохоор хөгжсөн. Ер нь эдийн засгаа шинэчилсэн дэлхийн түүх бол 20-25 жилийн хугацаанд он оноор нь хөрөнгөтэй, хүрэх зорилттой нь нарийн тодорхойлсон байдаг юм. Ялангуяа БНСУ-ын хөгжил ингэж явсан. Төр нь бизнесийнхэн болон иргэдтэйгээ хамтарсан байгаа юм. Тэдний хөгжилд иргэдийн дэмжлэг маш чухал байв. Ерөнхийлөгч Пак иргэддээ хандан “Та нар өөрөө өөрсдөө өөрчлөгдөөд хөгжицгөө” гэдэг лоозон дэвшүүлсэн нь ард түмэнд хүрсэн. Өмнөд Солонгосын жижигхэн хошууг хачин сайхан болгосон. Усан онгоцны Бусон боомтыг хөгжүүлэхэд том компанийн захирлуудаа дуудаад “Та нар энд хөрөнгө оруул” гээд бизнесийн эрх чөлөөг нь өгсөн. Тэр боомт дорхноо босоод ирсэн. Бусоны боомт байхгүй байхад Германы Хамбург маш ашигтай байсан. Гэтэл Бусон боомт ажиллаж эхэлснээр тэдний орлого багассан. Ийм л нүүр царайтай бизнесийг Монгол олох хэрэгтэй. Үүн дээр төр засгийн зүгээс анхаарах ёстой. Сая шинээр байгуулагдсан хоёрыг яамны хувьд салбар хоорондын холбоосыг яаж нягтруулах уу, ямар кластеруудыг хаана, хаана гаргах уу гэдгээ тодорхой болгох ёстой. Баруун аймагт, Сэлэнгэд ямар кластер байх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Тэгэх юм бол жигд хөгжил ирнэ. Одоо Улаанбаатарт төвлөрөл нэмэгдэж, хөдөө орон нутагт хүртээмж тааруу байна шүү дээ. Амьралын ялгаа асар их. Хэрэв бүсчилсэн хөгжлийн бодлогоо бүхэлд нь зангидаж, “Алсын хараа-2050” мэт хөтөлбөрөө эргэж хараад, Шинэ сэргэлтийн бодлогодоо ч тодорхой хөрөнгөөр нь уяад, аль аль салбарт яаж мөнгө хаях вэ гэдгээ яам хийх ёстой. Технологийн эрин зуунд үндэсний цахим платформыг салбар яам нь бий болгох нь нэн түрүүнд хийх ажил. Төрийн бичиг цаас гэлтгүй яамдын гаргаж ирсэн нэгдмэл салбар дундын холбоосын хөтөлбөр цахим платформ дээр хамгийн хямд явах ёстой. Цахим эдийн засгийн гол онцлог энэ. Улсын хэмжээний бүх өгөгдлүүд нэгдсэн тавцан дээр бүрэлдээд хоорондоо харилцан солилцох бололцоотой. Өндөр мэргэжилтэй хүмүүсээ сайн бэлдэх юм бол маш амархан хийчих ажил. Тиймээс их, дээд сургуулиуд өөрийнхөө сургалтын программыг өндөр түвшинд аваачаад, эдийн засийн баялаг бүтээдэг мэргэжилтнүүдийг бэлтгэж өгөх ёстой. Дэлхийн жишгээр их сургууль төвлөрсөн, мэдлэг үйлдвэрлэдэг кластер болохыг хэлж байгаа юм.
-Бид дэлхийд өрсөлдөх брэнд үйлдвэрлэнэ гэж ярихаасаа урьдаар хоёр хөрш рүүгээ экспортолдог орон баймаар байна. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?
-Эхний байдлаар хоёр хөршийн сонирхол бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн байна. Түүхийгээр нь биш, боловсруулсан байдлаар авах туйлын их сонирхолтой. Энэ хоёр бол идэж дуусахгүй. Харин манайхан хангахад анхаарах ёстой. Юун түрүүнд бид хэрэглээний барааны хувьд импортын хамаарлыг багасгах хэрэгтэй. Боловсроуулах үйлдвэрүүддээ бодлого гаргамаар байна.
Хүнсний, хөнгөн үйлдвэрийг кластеруудыг газар нутгийнхаа географикийн байршлаар хаана бололцотой байгааг тодорхойлох ёстой. Эхлээд дотоодоосоо мөнгө олдог салбаруудыг ол, эсвэл тэр салбарууд дээрээ гаднаас хөрөнгө татах хэрэгтэй.