Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих саналыг Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн талаар өнөөдөр Нийслэлийн прокурорын газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман мэдээллээ. С.Баяр болон Ч.Сайханбилэг нарыг “Оюутолгой” төслийн хүрээнд 2009 оны 10 дугаар сарын 06-нд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэйшнл Холдингс Лимитед” компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны V дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэмээн АТГ-аас өчигдөр буюу энэ сарын 10-нд баривчилсан байна. Улмаар АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт дээрх хүмүүсийг яллагдагчаар татах санал ирүүлжээ. Нийслэлийн прокурорын газар уг саналыг хүлээн авч, өнөөдөр С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн цагдан хорих саналыг Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлжээ.