Нийслэлийн Засаг дарга С.Батболд Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгоотой холбогдуулан хэт улс төржиж, иргэдийн дунд үймээн үүсгэхгүй байхыг АН-ын удирдлагуудад уриалсан байна.
Тус уриалгад, “Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуулийн зарим тойрогт нэр дэвшигчийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн гэм буруутайд тооцсон. Энэ дагуу Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос 2017 оны 10 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагт 1, 5, 14 дүгээр тойрогт дахин сонгууль зохион байгуулахаар товлосон байна. Миний бие бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн 35 төлөөлөгчийн олонхийн саналаар Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн Э.Бат-Амгаланг батламжилсан. Энэ нь Сонгуулийн тухай хуультай нийцэж байгаа болно.
Миний бие дүүргийн Засаг дарга нарыг томилохдоо Нийслэлийн иргэдийн сонголтыг хүндэтгэн, Үндсэн хуульд заасан “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах” зарчмыг баримталж ирсэн. Цаашид иргэдийг хууль бус ажиллагаанд татан оролцуулж, үймээн самуун үүсгэж байгаа Баянзүрх дүүргийн АН-ын удирдлагуудын үйл ажиллагааг таслан зогсоохыг уриалж байна. Бид нэг нийслэлтэй. Нийслэл хотын хөгжилд улс төржилт, талцал, хуваагдлаас том саад үгүй. Иймд Монголын том улс төрийн хүчин болох АН-ын удирдлага хий хоосон улс төржилт, зүй бус үйл ажиллагаагаа зогсоож, нийслэл хотынхоо хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна” гэжээ.