Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Реппер Н.Цэцэнбилэг: “Tsetse vs Bilgee” тоглолт бол миний тайлан DNN.mn

Реппер Н.Цэцэнбилэгтэй ярилцлаа. Түүний “Tsetse vs Bilgee” тоглолт ирэх есдүгээр сарын 7нд Цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Тэрбээр анхны бие даасан тоглолтоо 2012 онд хийж байжээ.


-Удахгүй болох тоглолтынх нь талаар ярилцлагаа эхэлье?

-Тоглолтын хүрээнд таван видео клип гаргаж байгаа. Эхний дөрвөн клип нь бэлэн болсон. Дөрөв дэхийг нь энэ долоо хоногт цацна. Хэдэн дууг хэрхэн дуулах талаар бүх дэгийг гаргасан. Зочин артистууд маань ч бэлэн. Одоо бэлтгэл ажил жигдэрч л явна даа. Тоглолтод нийт 29 уран бүтээлч оролцоно.

-Та бүрэн хэмжээний тоглолт хийгээгүй нэлээд уджээ. Олон жилийн дараа тайзан дээрээс үзэгч, фенүүдтэйгээ уулзах гэж байна. Догдолж байна уу?

-Хип хоп гэдэг урлагтай танилцаад, дуулж эхлээд 20 жил болжээ. “Миний пүүз” гэдэг дуунаас эхлүүлбэл 15 жил соло уран бүтээл хийсэн байна. Хоёр удаа бие даасан тоглолтоо хийсэн. Энэ удаагийн тоглолт бол миний гурав дахь тоглолт, миний тайлан. Миний эхний бөгөөд сүүлийн том тоглолт болж магадгүй. Уран бүтээлчийн карьер унаж босоод л явдаг. Энэ жил стадионд тоглолт хийх миний мөч гэж бодож байгаа.

Энэ удаагийн тоглолтын хувьд хамгийн том газар хийж байгаагаар онцлог. Маш их айдастай байна. Цэнгэлдэх хүрээлэн дүүрэх эсэх тал дээр нэлээд сэтгэл зовниж байгаа. Гэхдээ Цэнгэлдэх дүүрсэн ч, дүүрээгүй ч их сайхан тоглолт хийнэ ээ.

-Анхны бие даасан тоглолт тань 2012 онд болсон санагдаж байна?

-2012 онд “АСА” циркт, 2019 онд “Crocus”-т тоглолтоо хийж байлаа.

-Тоглолтын нэр их содон санагдлаа. Уран бүтээлчид дууныхаа эсвэл цомгийнхоо нэрээр нэрлэдэг шүү дээ. Таны хувьд яагаад “Tsetse vs Bilgee” гэв?

-Хоёр төрлийн уран бүтээл гаргаж байгаа гэсэн утгатай юм. Rokit Bay-гийн клипт дөрөв, таван хүн гардаг шиг надад Цэцэ, Билгээ гэдэг хоёр хүн бий гэдэг утгаар л нэрлэсэн. Зарим дуунууд маань хип хоп хараалын үгтэй байхад зарим нь хайрын дуу байх жишээний. Миний хувьд тоглолтдоо 37 дуу дуулахаар бэлдсэн.

-Тоглолтынхоо аль хэсгийг хамгийн их анхааръя гэж бодсон бэ?

-Бусдаас арай онцгой байхыг илүүд үзсэн. Тайз засалтыг ч өөрөөр харуулъя гэсэн бодолтой байгаа. Бусад тоглолтууд хоёр талдаа дэлгэцтэй байдаг. Үүнийг шинэчлэхийг зорьсон. Энэ талаараа хамтран ажиллаж буй BRB-ийнхээ хамт олонтой ярилцсан. Найм дахь жилдээ стадионд тоглолт зохион байгуулж байгаа учир их туршлагатай. Ер нь бол гадаадынх шиг тоглолтоо хийнэ(инээв).

-Урт хугацаанд бүтсэн клиптэй дуу бий юү?

-Анхны ганцаараа дуулсан “Миний пүүз” дуу байх. Америкт хийж байсан юм. Найзуудтайгаа нийлж зургийг нь авангуутаа Монгол руу явуулаад клипжүүлж байлаа. Энэ л хамгийн удаан бүтээсэн дуу болов уу.

-“Миний пүүз” тэр үедээ нэлээд хит болж байсан даа?

-“Vanquish” хамтлагаасаа тусдаа ганцаараа хийсэн анхны уран бүтээл. “Энэ бол би” гэдэг дуу анхных, харин “Миний пүүз” хоёр дахь клипжүүлсэн дуу юм. Намайг бага байхад тэр үеийнхэн пүүзээр гангардаг байсан юм. Ориг пүүзтэй бол ганган санагддаг үе л дээ. Аав, ээж жилд ганц хоёр удаа л ориг пүүз авч өгнө. Тэрийгээ нандигнаж, хайрлаж өмсөнө. Гэхдээ “Миний пүүз” дуу гарч байх үед пүүз гэдэг зүйл “моод”-ноос гарчихсан байсан. Ер нь кет өмсдөг болчихсон байсан л даа. Харин энэ дууг гаргаснаас хойш Монголд пүүзийг дахиад “моод”-нд оруулсан гэж боддог. Одоо ч хүүхдүүд “Жордан-1”-ийг өмсөж л байгаа. Монголын пүүзний зах зээлд нэлээд том хувь нэмэр оруулсан гэж бодож явдаг шүү.

-Энэ удаагийн тоглолтод “Vanquish” хамтлагаараа дуулах уу?

-“Vanquish” хамтлагийнхан маань ирж дуулна. Өөрсдийн гэсэн аж амьдралтай учир урдынх шиг байнга уулзаад байдаггүй. Гэхдээ холбоотой байгаа.

-Цаашид хамтарсан уран бүтээл гаргах уу?

-Хамтлагаараа дуу гаргах бодол бий. Энэ жил хамтлагийн 20 жилийн ой тохиож байгаа. Ирэх жилээс уран бүтээл гаргаж, тоглолт хийх төлөвлөгөө бий. Одоогоор тов гараагүй.

-Та урлагаас жаахан хөндийрөөд тогоочоор ажиллаж байсан. Ер нь яагаад тогоочоор ажиллая гэж бодов?

-2006 онд Америкт очоод ажлынхаа хажуугаар тогооч хийдэг байсан. Гриль дээр япон хэв маягаар таван жил хоол хийсэн. Монголд ирээд түүгээрээ ресторан ажиллуулсан. Нэг ажлыг 10 мянган цагаас дээш хийсэн бол мэргэжлийнх гэж ярьдаг юм гэсэн. Миний бодлоор би 10 мянгаас дээш ажилласан байна лээ. Энэ чиглэлийн хоолыг дажгүй хийнэ шүү.

-Тогооч байх үедээ урлагтаа эргээд очих юмсан гэж бодож байв уу?

-Тухайн үедээ бодож байгаагүй юм байна. Зөвхөн хоол хийхдээ төвлөрдөг байсан. Ер нь хараад байхад маш их зүйлийг хийж үзлээ. Хүн өөрийнхөө дуртай чаддаг юмыг хийх нь хүнд хэрэгтэй юм билээ. Сэтгэлзүйн хувьд ч, цалин мөнгөний хувьд ч дуртай зүйлээ хийх нь өөрт хэрэгтэй гэдгийг ойлгосон.

-Ер нь тоглолт хийе гэдэг санаа хэзээ гарсан бэ?

-Цэнгэлдэх хүрээлэн гэдэг чинь өөрөө маш том газар. Хэрвээ дүүргэж чадвал уран бүтээлчийн карьерт маш сайнаар нөлөөлнө. Мөн уран бүтээлч хүний мөрөөдөл нь байдаг. Хоёр жилийн өмнөөс Цэнгэлдэхэд тоглолтоо хийе гэж бодсон. Гэсэн ч цаг хугацаа таарахгүй явсаар ирсэн юм. Тэгээд хүмүүстэй уулзаж, энэ жил “XMF”-ийн артистаар орж есдүгээр сарын 7-нд тоглолтоо хийхээр болсон.

-Есдүгээр сарын 7-нд хэд, хэдэн газар тоглолт болох юм билээ?

-“Guys”-ийн Төгсөө ахын тоглолт, Young Mo G, Young Sub-ийн гээд хэд хэдэн тоглолт болно. Бусад хоёр тоглолтдоо амжилт хүсье.

-Та хэд хэдэн кинонд дүр бүтээсэн шүү дээ. Жүжигчний карьераа ахиулах бодол бий юү?

-Нэг кино уран бүтээл хийж, өөрөө гол дүрд нь тоглосон. Ганц хоёр кинонд туслах дүр бүтээсэн. Кино урлаг гэдэг мэргэжлийн, төгссөн хүмүүс нь хийх ёстой юм шиг байна лээ. Миний хувьд хэцүү санагдсан. Жүжиглэх гэдэг өөрөө өөрийнхөөрөө тоглосон болохоор арай гайгүй байсан. Ер нь л кино урлагийн салбар худлаа юм билээ. Би бол чадахгүй.

-Таныг тодорхойлох, илтгэх зүйлийг нэрлэ гэвэл?

-Шударга, намхан(инээв). Бас пүүз байж болох юм.

-Таны амьдралдаа баримталдаг зарчим гэвэл…?

-Худал хэлэхгүй, хулгай хийхгүй л явах юм даа. Мөн хэлсэн үгэндээ эзэн байх. Энэ зарчмыг л дагахыг хичээдэг.

-Тоглолтоо дуусгаад ямар уран бүтээл гаргахаар төлөвлөсөн бэ?

-Тоглолтоо дуусгаад дэлхийгээр аялан тоглолт хийнэ. Европ, Америк, Австрали, Япон, Солонгос зэрэг улсаар тоглоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *