Хүн төрөлхтний эв нэгдлийн баяр, Зуны XXXI дэх олимпийн наадам Бразилын Рио де Жанейро хотноо ирэх наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд болно.
Монголын Үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэрээр тус наадамд оролцох Монгол Улсын шигшээ багийн ахлагч болон ахлагчийн орлогч тодров. “РИО -2016” олимпийн наадмын багийн ахлагчаар Үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, Ардын эмч, анагаах ухааны доктор, профессор Ж.Хатанбаатарыг томилсон байна. Харин МҮОХ-ны ерөнхийлөгчийн шийдвэрээр “Москва-1980” олимпийн мөнгөн медальт, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш, Гавьяат тамирчин Ц.Дамдиныг багийн ахлагчийн орлогчоор ажиллахаар болжээ.
Манай баг тамирчдаас “РИО-2016” олимпийн наадамд өрсөлдөх эрхийг чөлөөт бөх, буудлага, хөнгөн атлетик, байт харваа зэрэг төрлүүдэд аваад байгаа билээ. Жүдо бөхийн тамирчдын хувьд олимпийн эрхийн оноо олгох цуврал тэмцээнүүдэд оролцож байна.