Манчестер Юнейтэд багийн ахлагчийн туузыг арав гаруй жил эзэмшиж энэ багийн хамгаалалтын нэгэн багана нь болон гялалзаж явсан домогт хөлбөмбөгч Рйо Фердинанд зодог тайлах дөхөж буй. Өдгөө 35 настай Рио өөрийнхөө өнгөрүүлсэн амьдралын талаар намтарчилсан номоо дэлгэсэн бөгөөд зарим хэсгийг нь хамтдаа сонирхъё.
АЛЕКЕ ФЕРГЮСОНЫ ТУХАЙ
Сэр Алекстэй хамт тэр олон жилүүдийг өнгөрөөхдөө түүнийг мундаг дамжуулагч гэдгийг мэдэж байсан.Гэхдээ түүнийг явсны дараа тэр зүгээр нэг мундаг дамжуулагч бус агуу дасгалжуулагч байжээ гэдгийг улам илүү мэдэрсэн. Тэр бол том сэтгэл зүйч байлаа.Тэр жижигхээн ухуулга зохиогоод л бүгдийг сэнхрүүлж чаддаг байв. Ван Перси манайд ирээд арав орчим удаа тоглосны дараа тэр нэгэн цуглаан зарлалаа. “Хүмүүсээ, залуусаа тэр хичнээн гоё нээгдэж, хэдэн удаа хоосон зайнд гарч байгааг анзаарч байна уу. Цагийг нь тааруулаад дамжуулалтаа өгөөч дээ. Зүгээр л бөмбөгийг нь өгчих.Тэр яаж гоол хийхээ хүнээр заалгахгүй” гээд л ярьж өгсөн. Фергюсонтүүнд урам өгвөл тэр гоол хийж эхэлнэ, тэр гоол хийгээд байвал “МЮ” аварга болно гэдгийг мэдэж байв. Эцэстээ түүнийхээр болсон доо.
ДЭВИД МОЙЕСЫН ТАЛААР
Алекс Фергюсон залгамжлагчаа хайж явахдаа Мойесыг зөвхөн хүн гэдэг талаас нь харсан байх. Мойесыг хүн гэдэг талаас нь шинжвээс ямар ч өө олдохгүй яах аргагүй сайн хүн. Даанч тэр хөлбөмбөгийн онол дээр дэндүү их алдаа гаргаж эхэлсэн. Ерөнхийдөө “МЮ”-г “Эвертон” болгон хувиргаж эхэлсэн гэх үү. Тэр “хожигдож болохгүй шүү” гээд захьдаг байв. Гэтэл бид чинь олон жилийн туршид “заавал хожоорой” гэдэг захиастай талбайд гардаг байлаа шүү дээ. Тоглох тактик нь хүртэл зөвхөн тэнцэхийн төлөө философитой гээч. Нэг тоглолтод дунджаар 400 удаа дамжуулалт өгөх хэрэгтэй гэдэг байснаа болиод 600 хүргэдэг юм байна. Би лав хувьдаа арван дамжуулалтын дараа таван гоол хийхийг сонгох байсан.
ШАРСАН ТӨМС
Манайхны дунд тоглолт эхлэхийн өмнөх өдөр бүгдээрээ хамтдаа сууж байгаад шарсан төмс иддэг уламжлал байлаа. Мэдээж тэр төмс илчлэг багатай, бид ч тултлаа иддэггүй гол нь тойрчсуугаад зовлон, жаргалаа хуваалцах зорилготой арга хэмжээ байв. Мойес ирсэн даруйдаа энэ уламжлалыг халчихсан. Бүгд л гайхшраад чимээгүй өнгөрч билээ.
МЮНХЕН ХОТОД ОЧООД
“Бавари” багийн эсрэг хариу тоглолт Мюнхен хотод зохиогдсоны дараа Мойесын хувь заяа шийдэгдсэн гэхэд болно. Тэрхүү чухал тоглолтын өмнөх бэлтгэлийг жирийн нэг цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд түмэн хүний нүдэн дээр хийж билээ. Фото, видео дуран барьсан мэргэжлийн, сонирхогчдын түм буман нүдний өмнө маргааш тоглох тоглолтынхоо нууцыг дэлгээд хэн хаана яаж гүйх вэ, стандарт цохилтуудыг яаж гүйцэтгэх вэ ямар байрлалд яаж зогсох вэ гэдгээ бэлдэж болдог юм уу. Тэгсэнд орвол шууд л тоглолтынхоо тактикийг хальсан дээр бичээд өрсөлдөгч рүү явуулчихвал дээр бус уу. Бэлтгэл дууссаны дараа Мойес над руу хандан” Рио чи маргааш тоглохгүй. Надад талбай дээр хурдтай хамгаалагчид хэрэгтэй байна” гэдэг юм даа. “МЮ”-д өнгөрсөн арав гаран жилийн хугацаанд ингэж гутарч үзсэнгүй.
ФАБИО КАПЕЛЛОГИЙН ТУХАЙ
Ван Бастэн, Гуллит нарын тоглож байсан “Милан”-ы дасгалжуулагч нь Капелло байсан шүү дээ. Тэр баг миний хувьд шүтмээр, биширмээр хамт олон байлаа. Тийм ч учраас Капеллог харь гаригийн хүн мэт төсөөлжбайв. Гэтэл тэр зүгээр л нэг диктатор, өөрийнхөө үзэл бодлыг хүчээр тулгасан, бусдыг сонсдоггүй жирийн нэгэн дарангуйлагч байв. Испанийн шигшээ багийн эсрэг тоглоход төвийн хоёр хамгаалагчийг дэлхийн шилдэг гурван хагас хамгаалагчийн эсрэг зогсоож байлаа шүү дээ. Итгэмээргүй юм.
МОСКВАД ЗОХИОГДСОН АВАРГУУДЫН ЛИГИЙН ФИНАЛ
Би уг нь Анелькагийн дараа торгуулийн цохилт гүйцэтгэх ёстой байв. Николя цэг дээр очих үед нь Ван дер Сар луу “Зүүн тийшээ үсэр, зүүн тийшээ” гээд л би орилж гарсан. Тэр баруун тал руугаа үсрээд бөмбөгийг хааж бид аварга болов. Дараа нь цомоо гардах гээд шатан дээр зогсож байхдаа миний бугуйнд ахлагчийн тууз байгааг санаж хамгийн түрүүнд энэ мөрөөдлийн цомыг би атгах юм байна шүү дээ гээд бодохнээ нүд харанхуйлаад л ирсэн. Харин ард зогсож байсан Видич “Рио хөгшөөн битгий уйлаарай. Чамаас гуйж байна, битгий уйлаарай” гэдэг байлаа. Тэр энэ үгээ нилээн хэдэн удаа хэлсэн. Үүний дараа л би тайвширч биеэ барьсан даа.
“MЮ”-ИЙН ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГЧИЙН ТАЛААР
Хэрвээ Пол Скоулз, Бекхэм шиг царайлаг, сэргэлэн, хүний анхаарал татахаар эр байсан бол хөл бөмбөгийн ертөнцөд түүн шиг эрэлт хэрэгцээ ихтэй од үгүй байх байлаа. Зидан, Иньеста, Виера гээд бүгдээс нь асуу. Ингэж л хариулна. Скоулз шиг бүтэн талбайг хөндлөн хэрчээд дамжуулалт өгөх чадалтай хагас хамгаалагч нэгээхэн ч үгүй. Скоулзын ийм дамжуулалт өрсөлдөгчийн хоёр, гурван хамгаалагчийг тоглолтоос гаргаад зогсохгүй хүлээн авч байгаа хүндээ хичнээн эвтэйхэн очдог гээч. Пирло, Кроос, Алонсо нар ийм холын дамжуулалтыг сайн хийдэг ч гэлээ Скоулзын зиндаанд иртэл хол байна даа.
БЭЛТГЭЛИЙН ҮЕИЙН ЗОДООН
Манай бэлтгэл заримдаа тун ширүүн болдог байна. Нэг удаа Роналду, ВанНистерлой хоёр зодолдоод. Роналду түүнд дамжуулалт өгдөггүй, өөрөө тоглох, эсвэл өөр хүнд пааслаад байхаар нь Нистерлойгийн уур хүрсэн бололтой. Би салгах гээд дундуур нь ортол Руд намайг цохих гээд зөрчихөв. Би түүнд “Дараагийн удаа онож цохихыг хичээгээрэй. Тэгвэл хариу нь ямар байхыг мэдэрнэ шүү” гэж билээ. Энэ бол нэг жижигхэн л жишээ юм шүү дээ. Галгарсан бэлтгэл хийдэг байжээ. Гэхдээ бэлтгэл тараад сайн найзууд хэвээрээ үлдэнэ шүү.
ИЖИЛ ХҮЙСТНИЙ
ТАЛААР
Британийн эрдэмтэд олноороо цугларсан эрчүүдийн дунд заавал ганц нэг ижил хүйстэн байдаг гэдгийг нотолжээ. Хувцас солих өрөөнд байхдаа бид энэ тухай ярилцаж тэр хэн нэг нь ичиж зовохгүй өөрийгөө илчил гээд л инээдэм болгодог байлаа. Гэхдээ хэн нэг нь “битийм” гэсэн бол ямар ч байсан гадуурхана гэдэг ойлголт л лав байхгүй байсан юм. Ер нь хувцас солих өрөөнд хэн нэгнийгээ заавал шоолно. Руни дөнгөж 21 настай мөртлөө халзарч байгаа талаар “Хөөе энэ залуугхардаа. Бороо орохоор талбайгаар дүүрэн түүний үс хийсэх юм” гээд л шоолдог байлаа.
Д.БАТ-ЭРДЭНЭ