Бүгд Найрамдах Энэтхэг улсын Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Рави Шанкер Гоелтой Монгол Улс, Энэтхэг улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
-Энэтхэг улс дэлхийн анагаах ухааны салбарт тэргүүлдэг орны нэг. Монгол, Энэтхэг хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?
-Энэтхэг, Монголын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар ярилцлага өгөх боломж олгосон “Өдрийн сонин”-д юуны өмнө талархлаа илэрхийлье. Таны хэлж байгаачлан Энэтхэг эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч улс болсон гэдэг дээр санал нэг байна.
Манай улсын эмч нар их туршлагатай, өндөр боловсролтой сайн эмч нар байдаг. Энэтхэг улсын иргэдээ эмчлэхээс гадна гадаадаас ирсэн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.
Энэтхэгийн эрүүл мэндийн салбар дэлхийд шилдэгт тооцогддог хэрнээ үнэ өртөг харьцангуй бага байдаг. Энэтхэг улс Монгол Улсын анд найзын хувьд эрүүл мэндийн салбарт, Монголын ард түмэнд туслахдаа бэлэн байна. Хоёр орны эрүүл мэндийн салбарын туршлага, мэдлэгийг харилцан солилцож, монгол эмч нартай хуваалцсанаар аливаа өвчин, эмгэг бууруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Энэ салбар дахь бидний хамтын ажиллагаа хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрээр тогтохгүй эрүүл мэндийн хувийн салбарууд хамтран ажиллаж хөгжих боломжтой юм. Энэтхэг улсад хувийн салбарын шилдэг томоохон олон эмнэлэг байдаг. Эм зүйн компаниуд, эрүүл мэндийн менежментийн хүрээнд өөрсдийн шилдэг туршлагаа солилцоход бэлэн. Мөн чанар сайтай хэрнээ үнэ өртөг боломжийн үнэтэй эм танг ханган нийлүүлэхэд туслалцаа үзүүлж болно. Үүний нэг жишээ нь телемедицин техник технологиор дамжуулж аливаа эмнэлэгт өвчтнүүд шууд зайнаас эмчид үзүүлэх боломжтой болж болох юм.
-Хоёр орны Засгийн газар хооронд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн талаарх мэдээллийг хүргэхгүй юу?
-Өнгөрсөн 2015 оны тавдугаар сард Энэтхэг улсын Ерөнхий сайд Моди Монгол Улсад айлчилсан. Энэ айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг улсын Засгийн газар хоорондын уламжлалт анагаах ухаан, гомеопати буюу эмийн бус эмчилгээний салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү гэрээ хэлэлцээрийн хүрээнд 2017 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Улсын клиникийн төв нэгдүгээр эмнэлэг дээр Энэтхэгийн ЭСЯ, Монголын ЭМЯ-тай хамтран хоёр орны уламжлалт анагаах ухааны олон улсын хурлыг анх удаагаа амжилттай сайн зохион байгууллаа. Энэ чухал арга хэмжээнд Энэтхэгийн уламжлалт анагаах ухааны салбар хариуцсан Аюуш яамнаас мэргэжилтэн ирж оролцсон. Монголын уламжлалт анагаах ухааны эрдэмтэн, багш, эмч нар илтгэл тавьж, үнэтэй санал оруулж байсан. Хоёр улсын хувьд эрүүл мэндийн салбарт өнө эртнээс хамтран ажиллаж ирсэн арвин түүхтэй. Монголын уламжлалт анагаах ухаан дахь Аюурвед гэх ойлголт Энэтхэгээс үүсэлтэй, Түвдээс лам нараар дамжин Монголд орж ирсэн гэж үздэг. Манай хоёр орны эртний өвөг дээдсийн эрдэм мэдлэгийг шингээсэн энэхүү чухал салбарын хүрээнд хоёр орны уламжлалт анагаах ухааны эмч ажилтнуудыг оролцуулсан бага хурал бидний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд том алхам болсон гэж бодож байна. Энэхүү хурлаас эрдэмтдийн зөвлөмж гаргасан ба Монгол Улсын ЭМЯ цаашид Энэтхэгийн Аюуш яамтай тус зөвлөмжийн хүрээнд хамтран ажиллана гэж найдаж байна. Мөн Монголын уламжлалт анагаах ухааныг шинэчлэн хөгжүүлэхэд Энэтхэгийн уламжлалт анагаах ухааны салбарынхантай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Манай улсын Ерөнхий сайд Моди Монгол Улсад айлчлах үеэр Энэтхэгийн Засгийн газраас Хавдар судлалын үндэсний төвд хавдрын өвчтөнүүдэд эмчилгээ үзлэг хийх иж бүрэн тоног төхөөрөмжтэй Бабатрон аппарат бэлэглэсэн. Хавдар судлалын үндэсний төвийн эмч, удирдлагуудын зүгээс тус тоног төхөөрөмжийг ажиллуулж эхэлснээр хавдрын өвчтэй хүмүүс эмчилгээнд орохдоо хүлээдэг хугацаа эрс буурсан гэж хэлж байсан. Орчин үеийн анагаах ухаанд улс хоорондын хувийн эмнэлгүүдийн хамтын ажиллагаа маш сайн өрнөж байгаа. Ялангуяа Энэтхэгийн хувийн эмнэлгээс Монголын хавдрын болон элэгний өвчлөлтэй хүмүүст эмчилгээ үзлэг хийх талаар дэмжин ажиллаж байна. Энэ нэгдүгээр сар гэхэд Монголоос 10 хүүхэд зүрхний гажгийн мэс засал хийлгэхээр Энэтхэг улсыг зорьсон. Энэтхэгийн “Ротари” клубээс зохион байгуулж буй эдгээр хагалгааг үнэ төлбөргүй хийж байна. Мөн Монголын дүрс оношилгооны эмч нарыг Энэтхэгийн төрийн өмчийн хамгийн шилдэг эмнэлэг болох “Бүх Энэтхэгийн эрүүл мэндийн шинжлэх ухааны институт”-д сургалтад хамруулаад байна. Би дахин хэлэхэд эрүүл мэндийн салбарт хоёр улс хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэх бүрэн боломж бийг дурдъя. Энэтхэг улс Монгол Улсад тусалж хамтран ажиллахад бэлэн гэдгээ дахин хэлье.
-Монголын уламжлалт анагаах ухааны эхлэл, хөгжлийг Энэтхэгийн Аюурведтай холбож үздэг тал бий. Та Аюурведийн талаарх мэдээллийг манай уншигчдад сонирхуулаач?
-Аюурвед бол 5000 жилийн түүхтэй Энэтхэгийн эртний уламжлалт мэдлэг юм. Аюурвед гэдэг үгийг утгачилбал аюур буюу амьдрал, веда буюу шинжлэх ухаан амьдралын тухай шинжлэх ухаан гэж орчуулж болно. Аюурведийн шинжлэх ухааны гол ухагдахуун бол хүний тэнцвэрт байдлыг хадгалах, эрүүл амьдрах амьдралын зөв хэвшлийг зааж сургахад оршдог. Аюурвед бол зөвхөн өвчний шинж тэмдгийг эмчлэх бус өвчний гол эх суурийг үндсээр нь эмчилдэг. Монголын уламжлалт анагаах ухаанд Аюурвед тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байдаг. Энэтхэгээс Түвд рүү, Түвдээс Монгол руу нэвтрэхдээ буддын шашны лам нараар дамжин аюурвед нэвтэрсэн байдаг. Сүүлийн үед Энэтхэгийн Засгийн газраас өнө эртний үеэс үед дамжиж ирсэн уламжлалт мэдлэгийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавин ажиллах болсон. Үүний нэг илрэл нь Эрүүл мэндийн яамнаас тусдаа үйл ажиллагаа явуулдаг зөвхөн уламжлалт анагаах ухааны асуудал хариуцсан Аюуш яам ажилладаг явдал юм. Латинаар А үсэг нь Аюурвед, Y үсэг нь Йог, U үсэг нь Юнани, S үсэг нь Сиддха, H үсэг нь Гомеопати гэсэн үгсийн товчлол буюу AYUSH/Аюуш яам юм. Үүнтэй адил Монгол Улсын Засгийн газраас өнө эртний түүхтэй уламжлалт анагаах ухаанаа орчин үед хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа гэж ойлгодог. Орчин цагт Монголын уламжлалт анагаах ухааны эрдэмтэн мэргэд Энэтхэгийн уламжлалт анагаах ухааны эрдэмтэдтэй хамтран ажиллаж, хоёр орны уламжлалт анагаах ухааныг хөгжүүлж, баяжуулахад хувь нэмрээ оруулаасай гэж хүсч байна. Ялангуяа орчин үед хамтарсан судалгаа нь уламжлалт хуучин хэрнээ одоо оршин буй мэдлэгт шинэ чиглэлийг авчирна. Уламжлалт анагаах ухааны хамтын ажиллагааны хүрээнд Монголоос ялангуяа аюурведийн чиглэлээр суралцах сонирхолтой оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр санал болгож байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд Аюурведийн чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах боломжтой. Монгол оюутнууд энэ боломжийг ашиглан Энэтхэгт суралцаасай гэж хүсч байна. Одоо дэлхий нийтэд уламжлалт анагаах ухааны үр өгөөжийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Тухайлбал, НҮБ-аас иогийг хүлээн зөвшөөрч жил болгоны зургадугаар сарын 21-ний өдөр дэлхий даяар олон улсын иогийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Йогоор хичээллэснээр бие махбоди, оюун санаа, сэтгэлийн эв нэгдэл бүрддэг. Эв нэгдэлтэй байвал дэлхийд энх тайван тогтоно гэсэн үг. Иог бол амьдрах хэв маяг, ямар нэгэн шашин шүтлэг, итгэл үнэмшилтэй огт холбоогүй. ЭСЯ-наас Монголын иогоор сонирхон хичээллэгчидтэй хамтран олон улсын иогийн өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд ирэх зургадугаар сарын 21-нд ЭСЯ-наас дөрөв дэх жилдээ Монгол Улсад олон улсын иогийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болно.
-Өнөөдөр буюу энэ сарын 26-ны өдөр Энэтхэг улсад Бүгд найрамдах улс тунхагласны баяр тохиож байгаа юм байна. Баярын энэ өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх вэ?
-Энэтхэгийн ЭСЯ-наас энэ сарын 26-ны өдөр Энэтхэг улсад Бүгд найрамдах улс тунхагласны 69 жилийн ойн баярыг тэмдэглэнэ. Энэ өдөр маань үндэстний хувьд маш онцгой чухал өдөр. 69 жилийн өмнө энэ өдөр Энэтхэг улс Үндсэн хуультай болсон. Энэ Үндсэн хууль бол олон үндэстэн, олон соёлтой, олон хэлээр ярьдаг энэтхэг хүмүүсийг нэгтгэн засаглах үндсэн тулгуур, эрхэм дээд засаглал юм. Энэ өдрийг тохиолдуулан Энэтхэгийн ЭСЯ-ны байран дээр өглөө туг өргөх хүндэтгэлийн ёслол хийнэ. “Өдрийн сонин”-оор дамжуулан Монголд байгаа энэтхэг хүмүүс, тэдгээрийн гэр бүл, Энэтхэгийн анд найз нараа ЭСЯ-ны байран дээр хүрэлцэн ирж үндэсний өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхийг урьж байна.