Categories
мэдээ цаг-үе

Р.Жаргалсайхан: Хөвсгөл аймгийн 2000 орчим хүн ойгоос амьжиргаагаа залгуулж байна

Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж, үүнийг дагаад хүлэмжийн хийн ялгарал ихсэж буй. Бидний амьсгалах агаар өдрөөс өдөрт шавхагдаж байна гэсэн үг. Монгол орны ой дэлхийн сэрүүн бүсийн ойн захад оршдог онцлогтой. Тийм ч учраас Монголын төдийгүй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд НҮБ манай ойг хамгаалахад онцгой анхаарч буй. Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн тогтвортой менежментийн төлөвлөгөө болох UN-REDD хөтөлбөрөө Монголд хэрэгжүүлэх болсон нь үүнтэй холбоотой юм. Монгол Улс 2011 онд тус хөтөлбөрт нэгдэн орсноос хойших хугацаанд ойн сангаа тоолуулж, хэдий хэмжээний ойтой, түүнд нь хэчнээн төрлийн мод, ургамал байгааг мэдэж авав. Мөн ойгоо хамгаалж, нөхөн сэргээнгээ зохистой ашиглан, ядуурлыг бууруулахад чиглэсэн Үндэсний хөтөлбөртэй болов. Хамгийн чухал ололт нь иргэд эвлэлдэн нэгдэж, ой модыг зөв аргаар хамгаалангаа, зохистой ашиглаж, эдийн засгийн чадавхиа бэхжүүлж буй явдал. Монгол орны ойн сангийн гуравны нэг нь байдаг Хөвсгөл аймагт эл хөтөлбөр хэрэгжсэнээр иргэдийн амьжиргаа, орон нутгийн хөгжилд мэдэгдэхүйц ахиц гарчээ. Тийм ч учраас тус аймгийн удирдлага UN-REDD хөтөлбөрийн дэмжлэгээр орон нутагтаа бүтээн байгуулалт өрнүүлэхээр болсон аж.

Ойг нөхөн сэргээгээн зохистой ашиглаж, ядуурлыг бууруулах зорилго уг төсөлд бий. Төслийн өнөөгийн дүн, цаашид бий болох ач холбогдлын талаар тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Р.Жаргалсайхантай ярилцлаа.


-Хөвсгөлийн ойн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу. Монгол орны ойн сангийн гуравны нэгийнх нь дүр төрхийг асууж байгаа хэрэг л дээ…

-Монголын ойн сангийн гуравны нэг нь манай аймагт бий. Тэр дундаа шинэс модны “эх орон” энд байдаг. Нөгөөтэйгүүр эл ой сэрүүн бүсэд захад байрладаг онцлогтой. Тэгэхээр эл ойгоос Монголын төдийгүй сэрүүн бүсийн, ядахдаа Сибирийн бүс нутаг гээд хөрш орнуудын хүлэмжийн хийн ялгарлаас эхлээд нэлээд олон зүйл хамаарна. Нэг үеэ бодвол ойн арчлалт, хамгаалалт сайжирч байна. Ойг тогтмол цэвэрлэж, унангиар бүтээгдэхүүн хийж эдийн засгийн эргэлтэд оруулж эхэллээ. Мөн ойн зурвас байгуулахын зэрэгцээ, гал түймэр, хортон шавьжийн хэт үржил гээд мөхөлд хүргэдэг хүчин зүйлсийг нь багасгах ажил ч нэлээд хийлээ. Эдгээр ажил үр дүн сайтай байгаа. Ер нь сүүлийн жилүүдэд ойн нөхөн сэргээлт сайжирч, зулзаган мод элбэгшсэн. Ажлаа энэ хэвээр нь үргэлжлүүлбэл хэдхэн жилийн дараа ой хамгаалал мэдэхүйц сайжирна гэж харж байна.

-Ойг яг хэрхэн арчилж, хамгаалж байгаагаа тодруулахгүй юу. Нэгдсэн үндэсний байгууллагын хөтөлбөрийн бэлтгэл ажил танай аймагт хэрэгжээд дуусах шатандаа орж байна. Өнгөрсөн хугацаанд ямар үр дүн гарав. Ойг арчилж, хамгаалахад дэмжлэг үзүүлж чадсан уу?

-Аймгийн удирлага хөгжлийн бодлогынхоо тодорхой хувийг ой руу чиглүүлж ирсэн. Цаашид ч уг чиглэлээ барьж ажиллана. Энэ хүрээнд ойн алба, сумдын дундын ангиудыг байгуулж ойн салбартаа анхааран энэ чиглэлээр шинэ ажил цөөнгүй хийлээ. Тодруулж хэлбэл, бид 2014 оноос хэрэгжиж буй UN-REDD хөтөлбөрийн агуулгаар буюу ойгоо хамгаалангаа ашиглах бодлого барьж байгаа гэсэн үг л дээ. Энэ үүднээс ойн менежментийн төлөвлөгөөг гурав, таван жилээр боловсруулж буй. Үүний тод жишээ нь ойг хамгаалахдаа дэлхийн жишиг болсон нөхөрлөлийг идэвхтэй дэмжих бодлого барьсан явдал. Үр дүнд нь манай аймаг ойн 256 нөхөрлөлтэй боллоо. Тэд ойг хамгаалж, нөхөн сэргээж буй. Төрийн бодлогыг хөрсөнд буулгаж буй хүмүүс ч гэж хэлж болно, тэднийг.

-Тэгэхээр төсөл үр дүнгээ өгч байгаа гэж ойлгож болох нь ээ?

-Уг төслийн үндсэн зорилгынх нь нэг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах. Үүнтэй хамт ойд нөхөн сэргээлт хийх замаар талбайг нь нэмэгдүүлэх ажил өрнөж байгаа. Ойг хамгаалж байна гээд гар хүрэхийг эсэргүүцэх нь буруу. Өмнөх жилүүдэд Монголд ийм бодлого байсан. Тэр нь нууц бас худал биш шүү дээ. Ойг цэвэрлэхгүй бол хэт шигүү болж, нарны гэрэл тусаагүйн улмаас зулзаган мод ургахгүй хөгшин мод ихтэй болсон. Ер нь цэвэрлэгээ тааруу хийж, хамгаалах аргыг туйлшруулсны уршгаар Монголын ойн дийлэнх хувь нь хөгширсөн гэж хэлэх нь зүйтэй. Олон улсын гэлтгүй дотоодын судалгааны байгууллага үүнийг тогтоосон судалгаа цөөнгүй бий.

Харин эл төслийн хүрээнд Монгол Улс ойн сангаа тоолж, хамгаалах бодлогын баримт бичигтэй боллоо. Хамгийн том ололт нь иргэд ойг арчилж чаддаг, мэддэг болсон явдал гэж хувь хүнийхээ зүгээр боддог юм. Өмнө нь ойн цэвэрлэгээ нэрийдлээр ургаа мод огтлох зөрчил хаа сайгүй байлаа. Тэгвэл өнөөдөр хэн нэгэн ойгоос мод огтвол бүгд эсэргүүцнэ. Ийм буруу үйлдэл хийдэг хүмүүс ч ургаа мод огтолж болохгүй гэдгийг мэддэг боллоо. Сөрөг үр дагаварыг нь ухамсарласан хэрэг шүү дээ. Тэгэхээр төсөл үр дүн өгч, иргэд ойг зөв цэвэрлэж, зөв аргаар нөхөн сэргээж буй нь хамгийн том ололт юм даа.

-Ойн нөхөрлөлүүд нөхөн сэргээлт хийдэг байх нь гэж ойлголоо. Энэ чиглэлийн ажлыг туршлагагүй хүн хийж болох уу, эсвэл аймгийн удирдлага нөхөрлөлүүдээ чадавхжуулж байна уу?

-Манай аймгийн ойн нөхөрлөлүүдийн 20 хувь нь ойг нөхөн сэргээж үйл ажиллагаа эрхэлдэг. Тиймээс нөхөрлөл бүрийн нэг гишүүнийг МСҮТ-д ойн нөхөн сэргээх чиглэлээр сургаж байна. Ингээд нөхөрлөлүүд нөхөн сэргээх талаар мэдлэгтэй болж, жилд 1-2 га талбайд тарьж суулгаж байна. Цаашид нөхөн тариалах талбайн хэмжээ нэмэгдэнэ. UN-REDD хөтөлбөрийн багийн гаргасан Ойн тогтвортой менежментийн төлөвлөгөө бол иргэд болон бусад байгууллагыг уг салбарт татан оруулж орлогыг нь нэмэгдүүлэн, ядуурлыг бууруулж буй ач холбогдолтой юм. Тиймээс ийм ажил хийх сонирхолтой хүмүүсийг чадавхжуулах нь бидний үүрэг болсон.

-Ойн сан дахь хаягдлыг бүтээгдэхүүн болгож, түүгээр орлогоо нэмэгдүүлэх бодлогын талаар сая та ярих шиг боллоо. Ойн ач холбогдлыг ойлгосон иргэд ажлынхаа үр дүнг амсаж чадаж байх юм уу?

-Аймгийн хэмжээнд ойн 256 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байгаа тухай дээр хэлсэн. Эдгээрт 6000 орчим хүн үйл ажилладаг гэсэн тооцоо бий. Тэдний 2000 нь ойгоос бүх амьжиргаагаа залгуулдаг юм. Тийм учраас иргэд ойг түшиглэн амьжиргаагаа дээшлүүлж байна гэж болно. Гэвч энэ салбарт анхаарах нь бага учир өнөөдөр санаанд хүрэхээр үр дүн гаргасангүй. Богино хугацаанд сайн үр дүн гарсан болохоор чамалж байж мэдэх л юм. Цаашид ойн нөхөрлөлийн орлогыг нэмэгдүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгаа.

-Ойн дагалдах баялгийг ашиглаж буй иргэд, нөхөрлөлүүд жилд хэдий хэмжээний орлого олдог юм бол. Баримжаа тооцоо бий юү. Мэдээж төв суурин газар бараадсан нөхөрлөл орлого ахиутай байх зэрэг харилцан адилгүй л байх…

-Самар бэлтгэх зорилготой мэргэжлийн зургаан байгууллага аймагт бий. Ер нь бид уг салбарт мэргэжлийн байгууллагыг ажиллуулахыг эрхэмлэдэг. Үүнийхээ хажуугаар иргэдийг ахуйн зорилгоор самар түүхийг дэмжиж, тавих хяналтаа сайжруулж байгаа. Өнгөрсөн онд самар их ургасан. Иргэд гурван тэрбум төгрөг олсон гэсэн тооцоолол бий. Үүнийг дагаад аймгийн төсөвт төвлөрүүлэх ойн дагалдах баялаг ашигласны орлого ч нэмэгдсэн. Түүнийг нь бид эргүүлээд ойг хамгаалахад зарцуулсан. Тухайлбал, сум бүрт 5-20 сая төгрөг ойг хамгаалахад зориулан хуваариллаа. Мөн малчин өрхүүд салхинд унасан торхоор бүтээгдэхүүн хийж байна. Бэлтгэж буй модны 30-40 хувийг малын хашаа, саравчаа сайжруулахад зориул гэдэг чиглэл өгдөг. Ингэснээр малчдын амьжиргаа сайжирна. Энэ мэтээр бид өөрсдийн хэмжээнд ойг хамгаалангаа ашиглах хөтөлбөр хэрэгжүүлдэг юм.

Харин нөхөрлөлийн орлого харилцан адилгүй. Өөрийн тань ярьж буй шиг төв суурин газартай ойр нөхөрлөлүүд санхүүгийн чадамж өндөр байдаг бол захын сумдынх тааруу. Учир нь алслагдсан газарт үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлүүд зөвхөн хамгаалах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг юм. Тиймээс бид нөхөрлөлүүдийн дундын санг бүрдүүлэх ийг хичээж байна. Эл санд хуримтлагдсан хөрөнгөөр нэгнийхээ үйл ажиллагааг дэмжвэл ахиц гарна гэж тооцож буй.

-Нөхөрлөлийн олонх нь малчин өрхүүдийн нэгдэл байгаа болов уу. Гадаадын улсуудад ойг түшиглэн аялал жуулчлалаа сурталчлах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Хөвсгөл аймагт ийм арга хэмжээ зохион байгуулах боломж бий юу. Ингэвэл нөхөрлөлийн санхүүгийн чадамж жаахан ч болов сайжирна гэсэн аргачлалыг UN-REDD хөтөлбөрийн багийн хийсэн байсан л даа?

-Боломж бий. Нөхөрлөлийн 60 орчим хувь нь малчин өрх. Тэд монгол ахуйгаа сурталчилж, түүгээрээ санхүүгийн чадамжаа сайжруулах боломжтой. Ойд мориор болон явганаар аялуулдаг иргэн, аж ахуйн нэгж хэд хэд байгуулагдаад байна. Одоохондоо Хатгал тосгон, Улаан-Уул суманд энэ арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ч цаашид чиглэлээ нэмэх байх. Жуулчид нүүдлийн мал аж ахуйг их сонирхдог. Тэгэхээр тэдний сонирхолд нийцүүлэн арга хэмжээ хэрэгжүүлбэл, орлого нь нэмэгдэх нь дамжиггүй. Тиймээс бид нөхөрлөлүүддээ менежментийн төлөвлөгөө боловсруулахыг арга заасан. Тэр нь юу вэ гэхээр, ойд ургасан элдэв дүрстэй модоор бүтээгдэхүүн хийж болох юм. Түүнийгээ Хөвсгөл нуурийг үзэхээр ирсэн хүмүүст худалдлаа гэж тооцъё. Ингэснээр жуулчид энд ирээд буцахдаа нуурнаас түүсэн хэдэн чулуу, эврээр хийсэн аяга, хутга авах бус, шинэлэг зүйлтэй харих юм. Амьдралынхаа хэв маягийг сурталчилсанаар жуулчдыг татах нь зүйн хэрэг.

Аймгийн удирдлага өнгөрсөн жил энэ талаарх санал солилцож, Мөрөнд Урчуудын эвлэл байгуулахаар тохиролцсон. Өдгөө иргэд хүрз, сүхний ишийг унанги модоор хийж байна. Өмнөх онд болсон улсын чуулганд энэ чиглэлээр оролцсон манай аймгийн ойн нөхөрлөл хоёрдугаар байрт орсон. Үүнд бид урамшиж, цэвэрлэгээний модоор бэлэг дурсгалын зүйл хийхийг дэмжсэн юм. Удахгүй UN-REDD хөтөлбөрийн хүрээнд аймагт нэлээд бүтээн байгуулалт хийх гэж буй. Уг ажлыг дэмжинэ гэж итгэж байгаа.

-Төслийн багийнхэнд өөрсдийн саналаа “Өдрийн сонин”-оор дамжуулан хүргэж болно шүү…

-Бидний саналыг асуусан. Аймагт нэн даруй хийх шаардлагатай ажил нь модны үйлдвэр байгуулах. Мөн ойн зам байгуулахыг дурдах нь зүйтэй. Хөвсгөл аймгийн ойн сан өндөр ууланд байдаг. Тиймээс ашиглаж, хамгаалахдаа нэлээд бодлоготой байх хэрэгтэй. Одоогийн байдлаар мод бэлтгэх үйл явц аймагт хэлээд хүндрэлтэй байгаа. Тийм учраас ойн зам байгуулах шаардлага бий гээд байгаа хэрэг.

Эхний ээлжинд Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган чиглэлд зам тавих нь чухал байна. Эдгээр сумаас унанги мод авахад бэрх. Зам нь тааруу болохоор тэр л дээ. Тиймээс энэ чиглэлээр санал оруулсан. Хамгаалах чиглэлээр зарим үргэлжилсэн ойг зурвас байгуулж ой хээрийн түймрээс хамгаалах шаардлага бий.

У.ПҮРЭВСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *