Монгол Улсын Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын дарга асан, академич Р.Гончигдоржтой ярилцлаа.
-Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлээд байгаа. Тэгвэл энэ өөрчлөлтөөр иргэний Үндсэн эрхийн гомдлыг Цэц хянадаг болох нь том дэвшил гэж зарим хуульчид дүгнэж буй. Энэ талаар таны дүгнэлтийг сонсмоор байна?
-Эхлээд харахад тийм юм шиг сайхан санагдаж болох юм. Харин одоогийн хүчин төгөлдөр байгаа Үндсэн хуулийн 66.1, 66.2-ыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 66.1, 66.2-той харьцуулж үзвэл огт өөр дүгнэлт гарахаар байна. Нэгдүгээрт, 66.1-д Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаан гэсэн нийтлэг агуулгатай, үүнд Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тухай маргаан багтана.Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 66.1-д үүнээс өөр маргаан багтаагүй буюу Үндсэн хууль зөрчсөн бусад маргаанаар иргэд өргөдөл, мэдээлэл Үндсэн хуулийн Цэцэд гаргах боломжгүй болж байсан эрхүүд нь хязгаарлагдаж байна. Энэ нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд 16.12-д “Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гарган шийдвэрлүүлэх эрхтэй…” гэсэнтэй зөрчилдөх Үндсэн хуулийн дотоод зөрчлийг бий болгохоор байна.
Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 66.2-т нэмэгдэж орж байгаа “УИХ-ын 10 хувиас доошгүй гишүүн”, “Хүний эрхийн үндэсний комисс” болон бусад субъектүүд Үндсэн хууль зөрчсөн тухай хүсэлтүүд нь Үндсэн хуулийн 66.2-ын 1, 2, 3, 4-т заасан, Цэцийн дүгнэлт УИХ-д орж, Цэц эцсийн шийдвэрээ гаргадаг асуудлуудаар л байхаар болж хязгаарлагдсан. Мөн хуульчдын хэлдгээр “actio popularis”-аас татгалзсан буюу иргэд нийтийн эрх ашиг зөрчигдөж буй асуудлаар Цэцэд хандахыг хассанаар иргэнийг “үндсэн эрхээ зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд л түүнийгээ Цэцэд өөрөө л асуудлаа тавь даа” гэсэн л байдалтай боллоо. Бас түүнийг нь хуульд заасан ямар үндэслэл журмаар хүлээн авч, хэлэлцэх нь тодрох юм байна.
Өнөөдөр хүн бүр ялангуяа үндсэн эрх, эрх чөлөөгөө зөрчигдсөнийг мэдэх, мэдээд Цэцэд хандаж чадах бил үү. Цэц маань хүний эрхийн талаар хэр мэргэшсэн билээ. Хуульч Н.Энхцэцэг танай сонинд өгсөн ярилцлагадаа Унгар улсыг жишээ болгосон байна лээ. Тэд манайх шиг “иргэдийн өргөдөл, мэдээллээр” гэсэн “actio popularis” зарчмыг 1990-1992 онуудад хэрэглээд больсон. Тухайн үед Унгар улс үүнийг юу гэж зөвтгөж байсан гэхээр нэгдүгээрт, Үндсэн хуулийн шүүхийнхээ практикийг хөгжүүлэхэд тустай. Мөн хүчин төгөлдөр байгаа хуулиудыг Үндсэн хуульдаа нийцүүлэн өөрчлөх боломж гэж үзсэн байсан” хэмээн Өдрийн сонины дөрөвдүгээр сарын 20-ны дугаарт ярьсан байна. Чухамхүү Унгар улс “actio popularis”-ыг хэрэглэж байсан шалтгаанууд одоо манайд байсаар байгаа шүү! Мөн хуульч “өөрт хамаарахгүй асуудлаар иргэд гомдол гаргахаа больчихвол хэн Цэцэд хандах вэ” гэсэн асуултад Хүний эрхийн комисс гэж хариулсан байна лээ. Гэтэл дээр хэлснээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 66.1-д энэ тухай байхгүй. Цэцэд хандсан асуудал нь 66.2 дахь асуудлууд л байгааг хуульч анзаарсан л баймаар. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 66.1-д тэр иргэний өмнөөс өөр этгээд Цэцэд хандахыг зөвшөөрөөгүй.
-Цэцэд хандах субъектүүд цөөрсөн, мөн хандах маргааны төрөл нь багассан гэж ойлголоо. Гэсэн ч үндсэн эрх нь зөрчигдсөн иргэн Цэцэд хандаж эцсийн шийд гаргуулах болсон нь чухал биш үү?
-Тэгж бодогдох боловч ийм маргаан шийдвэрлэх процесс нь яаж явагдаж, бусад эрх мэдэлтэй зөрчилдөхгүй үр дүнд хүрэх вэ гэдгийг бодоод үз дээ. Иргэний үндсэн эрхийг зөрчсөн этгээд нь хувь хүн үү. Хуулийн этгээд үү. Төрийн албан тушаалтан уу. Төрийн байгууллагууд уу. Тэр этгээд яаж, юугаар үндсэн эрхийг нь зөрчсөн бэ гээд задлаад үз дээ. Цааш нь ямар үйлдэл, эс үйлдлээр зөрчсөн бэ, түүнийг нь хэрхэн нотлох вэ.
Ингээд задлаад үзэхээр хоёр л хариулт надад гарч байна. Нэгдүгээрт, үндсэн эрхээ зөрчигдсөн гэсэн маргааныг шүүхэд тавьж, шүүх эцсийн шийдвэрээрээ (Дээд шүүх) зөрчилдөөгүй гэж гаргасан учир шүүхийн хэрэглэсэн хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн маргаан Үндсэн хуулийн Цэцэд гаргаж Цэц эцсийн шийдвэр гаргуулна.
Цэцээс хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэж гаргавал Үндсэн хуулийн 50.3-т зааснаар шүүх Үндсэн хуульд харшилсан хууль хэрэглэхгүй зарчмын дагуу иргэн заргаа авна. Энэ боломж нь одоо хүчинтэй Үндсэн хуулийн 66.1-ээр бүрэн бололцоотой.
Хоёрдугаарт, Үлдсэн тохиолдол нь одоогийн шүүхийн тогтолцоогоор явна. Хэрэв Цэц энэхүү шүүхийн ажиллагааг явуулж эцэслэн шийддэг болно гэвэл хэдийгээр Цэцийг Үндсэн хуулийн шүүх гэдэг ч Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт багтах шүүх биш учир энэ ажиллагаа нь Үндсэн хуулийн 47 дугаар зүйл (шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ, ямар ч нөхцөлд… шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно) 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ…)-ийг зөрчих тул энэ нь Үндсэн хуулийн (дотоод) зөрчилд хүргэнэ. Ийм л байна.
Энэ бүхнээс дүгнээд би ҮХНӨ-ийн энэ хэсгийг хүний эрхийг хангах талд ухралт болж байна гэж хэлмээр байна.
Харин хуулиар шүүхийн бүрэлдэхүүнд Хүний эрхийн шүүх байгуулбал нэг ахиц болох биз ээ. Дахин хэлье, Цэц хүний эрхийн шүүхийн ажиллагааг эрхлэх, түүнийг орлох Үндсэн хуулийн боломж байхгүй. Ийм болгоё гэвэл Үндсэн хуулийн 4, 5 дугаар бүлгүүдийг нэгтгэсэн Үндсэн хуулийн том нэмэлт, өөрчлөлт хийх хэрэгтэй болно.
Харин энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 66.2-ыг хэвээр үлдээж 66.1-д “Улсын Их Хурал” гэсний дараа “түүний 10 хувиас доошгүй гишүүд”, “прокурорын” гэсний дараа “болон Хүний эрхийн үндэсний комиссын” гэж өөрчлөх гэсэн нэмэлт оруулбал дэвшил болно. Мөн ХЭҮК-ыг Үндсэн хуулийн байгууллага болгож байгаа нь ач холбогдолтой. Энэ тохиолдолд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Шүүхийн сахилгын хороог Үндсэн хуулийн байгууллага болгосны адил ХЭҮК-ын Үндсэн хуулийн чиг үүргийг болон холбогдох зохицуулалтыг Үндсэн хуулийн хүний эрхийн 19 дүгээр зүйлд нэг хэсэг болгон нэмэлт оруулах хэрэгтэй байх. Учир нь Үндсэн хууль нь ердийн хуулиас эшлэхгүй, харин ердийн хууль нь Үндсэн хуулиас эшэлдэг. Дашрамд хэлэхэд, 2019 оны ҮХНӨ-өөр Үндсэн хуульд орсон “стратегийн орд” гэж ямар ордыг хэлэх нь Үндсэн хуулийн түвшинд тодорхойгүй байгаа.
-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, УИХ-ын сонгуулийг холимог хэлбэрээр явуулах өөрчлөлтүүдэд та ямар дүгнэлттэй байгаа вэ. Хоёрдугаар сарын 3-ны манай сонинд таны бичсэн “Үндсэн хуулийг өөрчлөх бус, үзэл санааг нь хөгжүүлэн батжуулъя” гэсэн нийтлэл гарсан. Нийтлэлд Үндсэн хуулийн нэмэлтийн болон сонгуулийн зарим өөрчлөлтийн төслийн саналаа гаргасан байсан. Одоогийн ҮХНӨ-ийн төсөлд мөн тэр санал туссан юм шиг ойлгогдож байна?
-Тийм ээ.Үндсэн хуулийн 21.1-д УИХ нэг танхимтай, УИХ-ын гишүүдийн 76 нь мажоритар, 76 нь пропорциональ хэлбэрээр сонгогдоно” гэсэн өөрчлөлтийг оруулах төсөл байна. Гишүүдийн тоог нэмэх, сонгуулийг холимог хэлбэрээр явуулах үндсэн үзэл санааг дэмжиж байна. Цаг нь болсон. Хэдийгээр Цэц холимог хэлбэрээр сонгууль явуулах нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр хүчингүй болгосон ч “Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг” гэдэг шиг Цэц энэ шийдвэрээ дахин цуцлахгүй гэсэн баталгаа байхгүй тул Үндсэн хуульдаа ингэж оруулахаас аргагүй.
Харин томьёоллын хувьд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа, сонгогдох эрхийн хязгаар хоёрыг нэгтгэсэн “будилаантай” адил байдал байна. Уг нь 2019 онд Үндсэн хуулийн 30.2-т “дөрөв” гэснийг “зургаа” гэж, 31.7 дахь “зөвхөн нэг удаа улиран сонгогдож болно” гэснийг “Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгогдоно” гэж тус тус өөрчлөх байсан юм. Цэц дур нь хүрвэл одоо ч дөрвөн жилээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж болохоор болгочихож мэдэх юм.
Одоогийн 21.1-д оруулж байгаа өөрчлөлтийг хоёр салгаж “21.1 дэх 76 гэснийг “152” (би 120 гэх саналтай л даа) гэж”, 21.2 дахь “гишүүнийг” гэснийг “76 гишүүнийг мажоритар, 76 гишүүнийг пропорциональ хэлбэрээр” гэж тус тус өөрчлөх” гэж томьёолбол зүйтэй болно. Нэг нь танхимаа бүрэлдэхүүнтэй нь тодорхойлсон, нөгөө нь сонгуультай холбогдсон хоёр өөр харилцаа шүү дээ!
152 гэсэн цочмог өөрчлөлтийн оронд 1992 онд 28-30 мянган иргэдээс нэг суудал байхаар тооцож 76 гэсэн тоог гаргаж ирсэн үзэл баримтлалын дагуу гишүүдийн тоог 120 гэж нэмэгдүүлбэл зохистой санагдана. Бас 120=2*2*2*3*5 учраас сонгогчдын тэгш эрхийг хангахаар тойрог, түүний мандатыг тодорхойлоход их тустай. Бас 120 гишүүн нь одоогийн чуулганыхаа танхимд багтаад хуралдаж болохоор байгаа нь олон талын ач холбогдолтой.
Шууд сонгох гэснийг сонгуулийн хэлбэр гэж үзээд Цэц дүгнэлтээ гаргаж байсныг санаад “нийтээрээ, чөлөөтэй, шууд” гэсэн сонгуулийн зарчмуудыг тодотгон, мөн Цэц дээр үүсч байсан сонгогчдын сонгох тэгш эрхийн зарчмыг энэ удаа нэг мөр 21.2-т “шууд сонгох” гэсний дараа “зарчмаар тэгш” гэсэн нэмэлт оруулбал тун төгс болохсон.
-Тэгэхээр ямар томьёололтой болно гэсэн үг вэ?
-Үндсэн хуулийн 21.2 нь “УИХ-ын 76 гишүүнийг мажоритар, 76 гишүүнийг пропорциональ хэлбэрээр Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчим, тэгш эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн томьёололтой болно. Минийхээр бол “УИХ-ын 60 гишүүнийг мажоритар, 60 гишүүнийг пропорциональ хэлбэрээр Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчим, тэгш эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн үг.
-Тэгэхээр энэ ҮХНӨ Сонгуулийн хуулийн гол чигийг тодорхойлж байна. Та урьд нь одоо яригдаж байгаа сонгуулийн хуулийн талаар манай сонинд байр сууриа илэрхийлж байсан гэлээ. Уншигчдад санаагаа товчхон хэлж өгөөч?
-Хүн амын амьдралын түвшин доогуур байгааг ашиглан сонгууль ил, далд мөнгө хөрөнгө цацсан “мөнгөний сонгууль” болж байна, Улсын төсөв, хөрөнгө оруулалт хөгжлийн нэгдсэн бодлого алдагдаж жижиг тойрог- (жалга довны гэдэг)-уудад үр дүнгүй цацагдан хөгжлийг боомилж байна гэдгийг дээр, дооргүй ярьдаг, зөвшөөрдөг боллоо. Ядаж л тус тусдаа засаг захиргааны нэгжээр биш бүс нутгийн хэмжээнд цаашлаад улс орны хэмжээнд уялдсан нэгдсэн бодлоготой байхын тулд УИХ-ын сонгуулийн тогтолцоог (хэлбэр журам, тойрог зохион байгуулалт) нэг мөр өөрчлөх цаг үе болсныг хүлээн зөвшөөрч байх шиг байна. Энэ нь дараах зарчимд тулгуурлан хийгдвэл болохоор санагддаг юм.
Нэгдүгээрт, тойрог бүр адил тооны мандаттай. Хоёрт, тойргуудын хүн амын тоо харьцангуй тэнцүү. Гурав, тойргийн нутаг дэвсгэр нэгдмэл (салангид хэсгүүдээс бүрдэхгүй) байх. Дөрөв, тойргийн нутаг дэвсгэр хоёроос доошгүй аймгийн нутаг дэвсгэрийг (орон нутагт) хамарсан байх. Тав, сонгууль холимог хэлбэрээр явагдах.
Нөгөө талаас сонгуулийн пропорциональ хэлбэр гэдэг маань сонгогчид намуудад санал өгч, намуудад авсан саналын хувьтай нь хувь тэнцүүлэх пропорционалиар сонгох суудлын тоог хуваарилах гэсэн үг шүү дээ. Харин тэр суудалд хэн сонгогдох вэ гэдгийг олон янзаар тогтоодог. Одоохондоо иргэдийн намд, түүний дотоод ардчилалд итгэх итгэл сул, “буруу хүн” намын жагсаалт нэрийн дор сонгогчдоос ямар ч санал авалгүй их хуралд ороод ирэх вий гэсэн хандлага хүчтэй байна. Иймд намын тухай шинэ хууль батлагдаж, түүний дагуу намууд зүй зохистой болж, иргэдийн итгэл дээшилтэл намын суудлаар УИХ-д сонгогдох гишүүд ч хатуу жагсаалтаар биш, сонгогчийн өгсөн саналын хувиар эрэмбэлэгдэж сонгогддог байх нь нийт ард түмний хүсэл зоригт нийлж байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй байх аа.
Иймд УИХ-д сонгогдохоор нэр дэвшигчид бүгдээрээ тэгш тооны холимог мандаттай тойргуудад нэр дэвшиж мандатын хоёрны нэгтэй тэнцүү нэр дэвшигчид мажоритараар сонгогдож, бусад нь сонгогчдоос авсан саналын хувиараа нам, намдаа эрэмбэлэгдэн жагсаж пропорционалиар хуваарилагдсан суудалд эхнээсээ гишүүнээр сонгогддог байх нь зүйтэй гэсэн саналтай байгаа. Одоогийн төсөлд байгаа хатуу жагсаалтыг дэмжихгүй.
-Сонгуулийн хуулийн төсөлд намд санал өгөхгүй гэвэл намын жагсаалтад байгаа аль нэг нэр дэвшигчид саналаа өгч болно. Энэ саналыг нь намд санал өгснөөр тооцно гэсэн заалт байгаа шүү дээ. Тэгэхээр таны хэлээд байгаа санаа төсөлд байгаа юм биш үү?
-Шал өөр гэдгийг мэдсээр байж надаар хэлүүлэх гээд байна аа даа. Нэгдүгээрт, сонгогчийг хуулиар залилж болохгүй! “Намд санал өгөхгүй бол жагсаалт дотроос аль нэг хүнд нь санал өгч болно” гэж бичсэнийг уншаад жагсаалт дотроос үнэлж явдаг Доржид саналаа өгчихлөө. Гэтэл сонгуулийн дүн гарахад тэр санал нь намд өгсөн санал болоод Доржид шууд хамааралгүй. Жагсаалтын байрыг ч өөрчлөхгүй. Ингээд намд саналаа өгөхгүй гэсэн чинь намд саналаа өгчихжээ.
Хоёрдугаарт, энэ нь рейтингээрээ намынхаа рейтингээс хол илүү хүнийг ашиглах, намдаа суудал нэмэх гэсэн далд санаа. Коммунизмын үед хотын гудманд томоос том “Ленин гээд намаа, нам гээд Ленинээ” гэсэн уриа байдаг байж билээ. Наад заалт чинь үүн шиг бодогдоод байна.
-ҮХНӨ-ийн бусад асуудалд ямар саналтай байна вэ?
-Онцгойлсон санал байхгүй дээ. Харин сонирхуулж хэлэхэд 1992 оны Үндсэн хуулиа боловсруулж баталж байхдаа гадаад үг оруулахгүй байхыг ихэд хичээсэн юм. “Хүн бүр хуулийн субъект байна” гэсэн үг нэг орж ирээд, тэгээд эцэст нь “хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна” гэдэг томьёололд хүрч байсан юм. Түрүүн 21.2-т “тэгш” гэсэн үг нэмээд оруулах гэсэн нь энэ заалттай нийцүүлэх гэсэн юм шүү дээ. Харин прокурор” гэсэн ганц гадаад үг үлдсэн. “Хууль сахиулагч”, “хууль мэдүүлэгч” гэсэн хувилбарууд нэг л тохирч өгөөгүй юм. Харин 2019 онд “стратегийн” гэсэн үг орж ирсэн. Одоо “мажоритар, пропорциональ” гэсэн үгс орж ирэх гээд байна. Уг нь “олонхын”, “хувь тэнцүүлсэн” гээд сольчиход будилах юмгүй л дээ.
-Баярлалаа. Ярилцлагын төгсгөлд танд нэмж хэлэх зүйл байгаа болов уу?
-Урт яриа л болж байна. Гэхдээ нэг юм хэлье. ҮХНӨ-ийг дагаж гаргадаг, түүнтэй адил хүчинтэй, уг ҮХНӨ-ийг дагаж мөрдөхөд шилжих тухай хавсралт хууль их чухал шүү. 2019 оны хавсралт хууль дутуу, нарийвчилсан зохицуулалт дутуудуулснаар том л маргаан болсон. Би хүртэл Цэцэд мэдээлэл гаргаад, мэдээж хариултгүй үлдсэн. Ийм хавсралтад Үндсэн хуулийн 70.1-ийн дагуу “хүчин төгөлдөр болсноос хойш энэхүү нэмэлт өөрчлөлтөд харшилсан хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр хүчингүй болно” гэж зааж өгөх ёстой байдаг. 2019 оны хавсралт хуульд (товчхон хэллээ) энэ байхгүй байснаас одоо болтол 2019 оны ҮХНӨ-ийн нэлээд заалтууд нь хэрэгжээгүй байгаа юм. Хатуу хэлбэл, Үндсэн хуулиа зөрчсөөр байна.
Одоогийн ҮХНӨ батлагдзвал энэ хавсралт заавал хөндөгдөнө. Тухайлбал, 3 дугаар зүйлийг хавсралт хуулиараа хүчингүй болгоно. Далимд нь 2020 оны эхний хагас жилд (өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн хуультай зэрэгцэн) багтаан Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох хэсгийг хүчингүй болгож Үндсэн хуультай адил хүчинтэй хуулиа зөрчсөн байдлаа зогсоовол зүйтэй санагдаж байна. Үндсэн хуулийн зөрчилтэй адил шүү дээ.
-Иргэн Д.Төмөрбаатар та хоёрын 2022 оны ҮХНӨ-ийн талаар Цэцэд гаргасан мэдээлэл юу болсон бэ?
-2022 оны наймдугаар сард мэдээлэл гаргаад есдүгээр сард нь гомдол гаргаад, уг нь нэг сарын дотор хариу ирүүлэх хуулийн заалттай байтал зургаан сарын дараа буюу саяхан 2023 оны гуравдугаар сард “маргаан үүсгэж хянан хэлэлцэх үндэслэлгүй” гэсэн татгалзсан хариу ирүүлсэн.
-Ямар мэдээлэл байсан талаар та уншигчдад дахин оруулах юу?
-Цэц иргэний мэдээллээр Үндсэн хуулийн 39.1-д 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орсон “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн хэсгийг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц эцсийн шийдвэр гаргаж, энэ хэсэг хүчингүй болон Үндсэн хуулиас хасагдсан юм. Гэтэл УИХ зарим хуульд нэмэлт оруулан Цэцийн эцсийн шийдвэрээр хасагдсан энэ хэсгийг “дахин” хасах тухай ҮХНӨ-ийг хэлэлцсэн. 2022 онд Үндсэн хуульд “өөрчлөлт” оруулсан юм. Тэгээд энэ өөрчлөлтийг нь бус Цэцийн эцсийн байх, гармагцаа хүчин төгөлдөр байх Үндсэн хуулийн заалт зөрчигдсөнөөр Цэцэд мэдээлэл гаргасан юм.
УИХ яалт ч үгүй Цэцийн эцсийн шийдвэрийг үл зөвшөөрч хасагдсан заалтыг хасах өөрчлөлт хэлэлцсэн. Хэрэв энэ өөрчлөлт батлагдаагүй бол Цэцийн хассан заалт хасагдаагүй мэт болно. Уг нь Цэц хүссэн шийдвэрийг нь л гаргаж өгсөн. Гэхдээ Цэц энэ шийдвэрээ хүчингүй болгочихвол “балрах” учраас Цэцэд тууштай байхад нь итгэдэггүй учраас л ийм үйлдэл хийсэн. Цэц бидний мэдээллээр маргаан үүсгэх үндэслэлгүй гэсэн нь “бид буруутай” гэж УИХ-ын өмнө бөхийж, бид Үндсэн хуулиа зөрчлөө гэдгээ хүлээсэн хэрэг. Үндсэн хуулиа зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн Цэцийн бүрэлдэхүүн байсаар л байх уу?!
Гэтэл одоо шинэ Үндсэн хууль яаж хэрэгжих нь тодорхойгүй хүний эрхийг хамгаалах “шинэ эрхийг” Цэцэд өгөх гээд байдаг!
-Та бүхнийг засч сайжруулаад батлагдаад гараад ирнэ гэж их л өөдрөгөөр бодож байна уу?
-Заримдаа ч улс төрийн хардлага төрөөд л байх юм. ҮХНӨ, Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслүүдийг харьцуулаад байхад, нэгдүгээрт, Цэцийн гишүүдийг улираан томилогдохгүй болгоод шинэ бүрэлдэхүүнийг бэлтгэж, тэр шинэ бүрэлдэхүүнд Шүүх эрх мэдлээс тасалж өгсөн өргөн эрх мэдэлтэй Цэцийг бэлтгээд. “Аctio popularis”-ыг халаад буюу Цэцийг “зовоогчдоос” нь салгаад. Хоёрдугаарт, гишүүдийн тоог 76+76 болгоод мажоритар сонгогдох 76-г сурсан (эзэмшсэн) хуучин тойргуудаасаа сонгуулаад, пропорциональ 76-даа хатуу жагсаалт хийж намдаа Л.Оюун-Эрдэнэ даргынхаа нэрийг дугуйлуулах замаар намынхаа рейтингээс дээгүүр хувиар суудал авах, дахин дийлэнх олонх болох гэсэн зорилго бүхий санаа яваад байгаа юм биш байгаа. Бяртай үедээ бярдах гээд байгаа юм биш байгаа гэж хардах л юм. Гэхдээ л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Тогтолцоогоо өөрчилж, гажуудлаа засъя” гэсэн үгэнд итгэмээр байна. Тийм учраас л би яавал зөв болох вэ гэдэг саналаа ний нуугүй хэллээ. Зөв сэтгэлээр зөв хийвэл зөвд хүрнэ…