Монгол Улсын дэд Ерөнхийлөгч, Улсын бага хурал, УИХ-ын дарга асан Р.Гончигдоржтой ярилцлаа.
-Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгээр Ард нийтийн санал асуулга (АНСА) явуулах шийдвэр гарсан байсан боловч Ерөнхийлөгч хориг тавьсан. Энэхүү хоригийг Их хурал хүлээн авлаа. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нэлээд урт хугацаанд өрнөж АНСА явуулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тогтоол гарлаа. Энэ тогтоол гарахад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эх ямар байдалтай байна, ямар нэмэлт, өөрчлөлт орох гэж байна гэдэгт анхаарах л асуудал. Нэгдүгээрт, эхээ баталлаа. Нөгөө талаас АНСА явуулах энэ хоёр заалттай тогтоол дээр бүхэлд нь хориг тавьсныг хүлээж авсан. Ингэхээр бүх заалтууд хүчингүй болчихоод, цаашид яах вэ гэдэг асуулт гарч ирж байна. Ерөнхийлөгчийн хоригийг харахаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гээд анх тавьж байсан зорилго, шаардлагатай гэж үзэж байсан өөрчлөлтөөсөө ухарч ард нийтээр хэлэлцүүлэх гэж байгаа нэмэлт, өөрчлөлт зорилгоо биелүүлж чадахгүй болсон гэж үзээд хориг тавигджээ гэж ойлгож байгаа. Анхныхаа зорилгоор нэмэлт, өөрчлөлт оруулаач гэсэн агуулгаар би дэмжиж байгаа. Хориг тавьсан Үндсэн шалтгаан нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хууль, АНСА явуулах тухай хуулиудын дэгийг зөрчиж хийжээ гэсэн тайлбарууд байгаа боловч цаад агуулгаараа эхнээс нь эхлээч гэх утгатай. Үүнийг дэмжиж байгаа. Энэ тогтоол гарах хүртэл юугаар эхлээд юугаар төгсөв гэдгийг нарийн шинжилж үзэх хэрэгтэй. Бидний үеийнхэн бүгд л мэддэг нэг яриа байдаг. Нэг нөхөр тэрэгний гол муудчихлаа, тэрэгнийхээ голыг сольё гээд өглөө модоо цавчиж эхэлсэн байгаа юм. Өглөөнөөс хойш цавчаад байтал үдийн хавьд тэрэгний гол болох шинжгүй болоод ирж. Тэгэхээр нь сүхний иш хийе гээд зороод байтал орой болоход сүхний иш болохооргүй болчихож л дээ. Эцэст нь шүдний чигчлүүр хийдэг. Ингээд эхнэрээсээ ямар хоол хийсэн бэ гээд асуухад бүхэл хоол чаначихлаа гэхэд за ёстой сайхан таарлаа гээд гэртээ ордог юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үйл явц үүнтэй их төсөөтэй болоод байна. Эхэлж тэрэгний гол хийх гэсэн тэр зорилго өнөөдөр шүдний чигчлүүр хийгээд л болчихлоо гэж хэлж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байна. Түүнчлэн анхнаасаа АНСА-аар батлуулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдэг томьёоллоор явсан бол дээр байх байжээ гэж бодогдож байна. Анх өргөн барьсан төслийнхөө гол санааг алдахгүй явах байсан. Одоо бүхнийг эхлэх боломж гарч аврагдлаа гэж үзэж байна.
-Цаашдаа хоёр сонголт үлдлээ гэж хэлж байна л даа. Энэ нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр нь явуулах уу, эсвэл УИХ-ын 73 дугаар тогтоолоо засаад Ард нийтийн санал асуулга явуулах уу гэдэг. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Энэ тогтоолыг засах боломж ерөөсөө байхгүй. Засаад АНСА-руу оруулна гэдэг боломжгүй. Нэгэнт эхэлсэн зорилгоо биелүүлэхэд эргэж хараад анхны зорилго руугаа явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэгэхгүй бол Үндсэн хуульд нэмэлт оруулах асуудлаа зогсоосон нь дээр. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах анхны зорилго бол нэгд, парламентын засгийн хэлбэрт байдаг нийтлэг зүй тогтол руу нь оруулах. Тухайлбал, Ерөнхий сайд Засгийн газраа бие дааж бүрдүүлэх, өөрөө УИХ-ын өмнө бүх хариуцлагаа хүлээх. Өөр нэг асуудал нь УИХ-ын бүрэлдэхүүний талаар өөрсдөө сонгосон иргэд УИХ-ыг чадамжгүй, гишүүдийг үйл ажиллагаагаа явуулж чадахгүй, идэж ууж байна, ёс зүйгүй байна гэж шүүмжлээд байна. Энэ бол сонгуулийнхаа хэлбэрийг өөрчлөхгүй бол цаашаа энэ байдлаар явж болохгүй нь гэдэг харагдаж байна. Тиймээс ч Үндсэн хуульдаа сонгуулийн хэлбэрийг өөрчлөх буюу УИХ-ын сонгуулийн тогтолцоо журмыг хуулиар тогтооно гэж “тогтолцоо” гэж үг нэмсэн. Тогтолцоо гэж үг нэмж оруулснаар сонгуулийн хэлбэрийг өөрчлөх боломжийг бий болгоно, зөвхөн мажоритар хэлбэрээр явахгүй байх боломжийг гаргаж ирсэн гэж тайлбарласан. Хэрэв ингэж чадсан бол бид сонгуулиар дамжиж сонгуулийг шударга болгох, мөнгөний биш болгох, УИХ-аа илүү чадварлаг үйл ажиллагааг хангаж чадахуйц бүрэлдэхүүнтэй болгоход том алхам болох байсан. Ингэхгүйгээр цаашаа сонгууль улам бүр мөнгө зарсан, сонгогчдын саналыг янз янзын аргаар худалдаж авсан ийм л хэлбэр лүү орно. Өөрөөр хэлбэл сонгууль болоход иргэдийгээ нэр дэвшигчид нь “хахуульддаг”. Эргээд нэр дэвшиж сонгогдсон хүн нь тэр мөнгөө өөр бусад хэлбэрээр эргэж “олж авдаг” гэж яригддаг хандлага улам гүнзгийрнэ. Үүнийг одоо л зогсоохгүй бол цаашдаа их гүн гүнзгий зүйл рүү орно. Одоогийн Их хурал дээр гарч байгаа асуудлын нэг энэ байх жишээтэй. Дараа нь парламентын засгийн хэлбэртэй улсад Ерөнхийлөгчийг шууд ард түмнээсээ сонгох нь зөв үү, парламент эсвэл парламентыг арай өргөтгөсөн хэлбэр болох сонгогчдын зөвлөлөөс сонгож байх нь зүйтэй юм уу. Ард нийтээс шууд сонгогдсон мандат бол ерөнхийлөгчийн бодит эрх мэдлийг нэлээд ихэсгээд, энэ нь гүйцэтгэх засгийн хүрээнд Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрын эрх мэдлийн огтлолцлыг бий болгож байна. Хууль тогтоох УИХ, Ерөнхийлөгч хоёрын хооронд мөн хууль тогтоох болон бусад томилгооны эрх мэдэл дээр олон огтлолцолууд бий болж бэрхшээл учруулж байна гэдэг шүү дээ. Үүнийг салгах тухай асуудал байсан. Шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг илүү Үндсэн хуулийн хүрээнд илүү баталгаажуулах шаардлагатай байсан. Одоогийн Үндсэн хуульд орсноос нарийвчилж хот тосгоны эрх зүйн байдал яаж хийгдэх вэ гэдгийг илүү тодруулах, засаг захиргааны байгууллагын зарим эрхийг шилжүүлж болох уу, үгүй юу гэдэг асуудал чухал байсан. Үндсэн хуулийн эдийн засаг гэж яриад байдагтай холбоотой парламент, Засгийн газрын хоорондын эрх мэдлийн тэнцвэржүүлэлтийн тухайд УИХ төсөв батлахад гишүүдийн оролцох оролцоог төсвийн зарлага болон үндэслэлгүй орлого нэмэгдүүлэхэд хязгаарлалт тавих нэмэлт оруулъя гэж байсан. Тэрэгнийхээ голыг иймэрхүү байдлаар хийе гэж байсан. Гэтэл энэ зүйл бараг байхгүй болчихлоо.
-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орлогыг ашиглахдаа байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэх заалт орж байгаа. Энэ тухайд?
-Энэ өөрчлөлт хамгийн сүүлд МАН-ын бүлэг хуралдаад тодотгол болгон Стратегийн гэдэг онцгойллыг оруулж ирсэн нь буруу. Нэгдүгээрт, стратегийн гэдгийг УИХ л тогтоодог. Тогтоодог юм чинь эргээд стратегийн орд статусаас гаргах эрх нь ч УИХ-д байж байдаг. Тийм учраас стратегийн гэдэг нь Үндсэн хуульд тодорхойлогдоогүй. Эргээд УИХ-ын гишүүдийн мэдлээр өөрчлөгдөж байдаг тэр статус нь үүний цаад зорилгыг биелүүлж чадахгүй. Стратегийн биш болгочих юм бол энд хамаарахгүй болчихно. Стратегийн болгохоос зугтаалгах сонирхол, ашиглалтын лиценз авсан компани стратегийн биш болгуулах асуудал өмнө нь гарч л байсан. Хоёрдугаарт, стратегийн байна уу, биш байна уу ашигт малтмалын орд ашиглахад гарсан байгалийн баялгийн өгөөж нь том ч бай, жижиг ч бай бүгд ард түмэнд тодорхой хэмжээнээс доошгүйгээр ногдож байх суурь зарчим байх ёстой. Аливаа зүйлийг түгээмлээр тодорхойлж байж онцгойллыг үүсгэх, үгүй болгох сонирхлыг таслан зогсоодог. Ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гээд томьёолчихвол энэ нийтлэг шинжтэй болж байгаа юм. Маргаан нь үр өгөөж гэж юу юм бэ гэдэг дээр ард түмэнд ногдох арга хэлбэр ямар байх вэ гэдгийг нарийвчлах зүйлээ хуулиудаар сайн зохицуулах ёстой. Өмнө нь хийгдсэн гэрээ хэлцлийг яах вэ гэдэг асуудал ч гарна. Зүгээр л иргэдэд мөнгө хуваарилаад байдаг зарчим байж болохгүй л дээ. Ард түмэн өнөөдөр Үндсэн хуульд энэ зүйл заалт орчихвол бидэнд мөнгө орж ирээд байх юм байна гэх горьдлогыг төрүүлж АНСА-гаар дэмжүүлэх бодлого хэзээ ч байж болохгүй.
-Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэний нэг хувиас доошгүй иргэн эвлэлдэн нэгдэж нам байгуулна гэсэн заалт орсон. Үндсэн хуульд ингэж тусгаж заах нь хэр зөв бэ?
-Миний санал нэгдэхгүй нэг зүйл заалтын нэг нь энэ л дээ. Угтаа Үндсэн хуулийн бүтцийг зөрчихгүйгээр нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Үндсэн хуулийн хүний эрхийн хоёрдугаар бүлэгт оруулсан энэ заалт байраа олоогүй, хүний эрхийг хязгаарласан агуулгыг багтааж байна. Нам хатуу гишүүнчлэлтэй байх, гишүүнчлэлийн тоог хэт ихэсгэж байгааг хүний эрхийн бүлэг дотор оруулж болохгүй л дээ. Үндсэн хуулийн бүтцийг зөрчиж, эвлэлдэн нэгдэх эрхийг хэт хязгаарлаж болохгүй. Үндсэн хуульд нам олон нийтийн байгууллага гэсэн тусдаа бүлэг байхгүй. Энэ заалтны орох орон зай байхгүй байгаа юм. Харин Үндсэн хуулийн 16.10-д нам олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм төрийн аюулгүй байдлыг сахин хамгаалж хуулийг дээдэлнэ” гэсний дараа “Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод” гэх нэмэлтийг хийж болох гарц бий.
-Шүүх засаглалтай холбоотой заалтуудад байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Шүүхийн сахилгын хороотой холбоотой нэг асуудал байна. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо байна гэж заасан. Гэтэл шүүгчийг огцруулах, чөлөөлөх тухай заалт өөр зүйлд байгаа. Нэг талаас шүүхийн сахилгын хороо шийднэ гээд нөгөө талаас шүүх шийдвэрлэнэ гээд энэ хоёр заалт хоёр салаалуулж байна. Хоёр салаалах чинь эрх мэдлээ булаацалддаг, эсвэл эзэнгүй болгоод хаядаг. Үүнийг хуулийн цоорхой гэж нэрлэдэг. Энэ бол хуулийн цоорхойгоос илүү Үндсэн хуулийн зөрчил рүү оруулахаар байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад тавигддаг хамгийн энгийн журам бол бүх хууль журмууд Үндсэн хуулиас мөрдлөг болгож хуулиудаа гаргах бүрэн боломжтой байх ёстой. Үндсэн хууль дотоод зөрчилгүй байх ёстой. Товчхоноор хэлэхэд мөн хэмнэлттэй байх ёстой. Нэг заалтуудыг олон газар давхардуулж оруулж болохгүй.
-Та хоёр зүйлийг онцоллоо. Үндсэн хуулийн бүтцийг зөрчихгүй байх, Үндсэн хуульд онцгойллыг тэнцвэргүй оруулж болохгүй гэлээ. Үүнийгээ тодруулахгүй юу?
-2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг засч байна гэдэг улс төрийн шоуныхаа хүрээнд байх ёсгүй зүйл заалт руу өөр зүйл заалтаар зохицуулах зүйлсийг оруулчихсан. Тэр нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц зохион байгуулалтыг эвдэх эрсдэлд оруулаад байна. 2000 оны өөрчлөлтийг өөрчилж байна гэх нэрийдлээр өнгөрсөн хэдэн жил Үндсэн хуульд буруу заалт оруулснаас болж бүх зүйл болохгүй бүтэхгүй боллоо гэх популизм явуулж ирсэн. Олон эрх зүйчид, судлаачид зайлшгүй нэмэлт оруулах зүйлс байсан гэдгийг хэлдэг. Мөн Засгийн газрын гишүүн болох тухай асуудал УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хамаарах асуудал уу, эсвэл Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн асуудал дотор УИХ-ын гишүүнийг хавсрах тухай асуудал юм уу гэдэг чинь хоёр өөр зүйл. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно л гэдэг зүйл. Түүнийг бүрэн эрхт дотор нь оруулаад байлгаж байх ёстой. Засчихлаа, алга болгочихлоо гэж хуурах хэрэггүй. Ард түмнээс сонгогддог төрийн түшээд Засгийн газрын гишүүдийг хавсарч хийдэг юм уу үгүй. Ерөнхий сайд болон дөрвөөс илүүгүй Засгийн газрын гишүүдийг УИХ-ын гишүүдээс томилж болно гэж оруулаад 29.1 хэвээр үлдэх ёстой. Томьёоллыг эвдэж байдаг нэг жишээ. Үндсэн хуулийн зохицуулалтад ерөнхий өөрийн гэсэн хэв хэмжээ байдаг. Адил хэв хэмжээтэй асуудлыг нэгийг нь өөр түвшинд гаргаад ирэхээр нөгөөдүүлээсээ адил түвшинд байх зарчим эвдэгдэж дараа нь маш том зөрчил үүсэх эрсдэлтэй. Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм зорилгоор Ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно гэж заасан. Энд хоёр зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт, АНСА явуулахыг хориглоно гэхээр АНСА-аар ийм зүйлийг баталж болохгүй баталбал Их хурал батална гэсэн санаа гарч ирж байна. Үндсэн хуульдаа өөрийн тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа Үндсэн хуулийн болон бусад хуулийн өөрчлөлт оруулахыг хориглоно л гэчихвэл АНСА явуулах, Их хурал, Үндсэн хууль, органик хуулиудаар ч хориглогдчихно. Хууль тогтоодог нэг механизмаар нь болохгүй гэвэл нөгөө механизмуудаар нь болно гэсэн агуулга цаана үлддэг аюултай. Үндсэн хуулийн хоёрдугаар зүйлд Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна. Нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана гэсэн зарчим байдаг. Цаашид улс орны хөгжлийн явцад нутаг дэвсгэрүүдийн чинээлэг, чинээлэг биш байдлын ялгаа гарахыг үгүйсгэхгүй. Хаана илүү үйлдвэрлэл хөгжөөд, хаана ашигт малтмал их болоод тэндээс нутаг дэвсгэр нь авдаг татвар орлогууд ихсээд бие даах гэсэн санаа сэдэл гарч ирэхийг зарим улс орны жишээнээс харж болно. Монгол Улсын төрийн байгууламжийн нэгдмэл байдлыг үгүйсгэсэн аливаа хууль тогтоол гаргаж болохгүй гэдгийг нийтлэг зүйлээрээ зааж өгөх ёстой. Гэтэл саяны нэмэлт нь Төрийн байгууламжийн нэгдмэл байдлыг өөрчлөх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болох, ингэхийг оролдсон аливаа үйлдлийг зөвшөөрөх ойлголт төрүүлж байна. Тийм байгаа биз. Адил зүйлийг ялгаж хийхээр ийм асуудал үүсдэг.
-УИХ хянан шалгах түр хороо байгуулахаар Үндсэн хуульд тусгасан?
-Үндсэн хуульд УИХ үйл ажиллагааныхаа зохих салбар чиглэлээр байнгын хороодтой байна. Үндсэн хуулийн түвшинд хянан шалгах түр хороо гээд гаргаад ирэхээр бусад хороодтойгоо хэрхэн уялдаж явах асуудал. УИХ-ын хяналтын чиг үүргүүд нь байнгын хороодоор салбарлаж явдаг. Аливаа хуулийн биелэлт хангагдаагүй бол нийтийн ашиг сонирхол зөрчилдөж л байдаг. Хуулийн биелэлт хангагдахгүй нь нэг хүн дээр байдаггүй. Бүхэл бүтэн салбар, сонирхлын тодорхой бүлэг зэрэг олон зүйл дээр яригдана. Нийтийн ашиг сонирхлыг хөнддөггүй хууль гэж байдаггүй. Их хурлын ажлыг лут хянадаг болох гэж байгаа. Байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд өгдөг болох гэж байгаа гээд байдаг. Эдгээрийг зохицуулах ёстой. Гэхдээ Үндсэн хуулийн түвшинд популист маягаар оруулж болохгүй. Үндсэн хууль руу популизм халтираад орчих юм бол тэгээд л болохоо байлаа л гэсэн үг.
-Үндсэн хууль батлагдах цаг хугацаа байна уу?
-Зорилгоосоо хазайгаад “сүхний иш” рүү очдог хэддүгээр үе вэ гэдгээ бодох ёстой. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үед орж ирж байсан гол зүйлсүүд нь гээгдээд хэрэггүй нь орж ирсэн гэдэгтэй санал нийлж байгаа бол хоёрдугаар хэлэлцүүлгийг бүхэлд нь хүчингүй болгоод нэгдүгээр хэлэлцүүлгийн түвшнээс эхлэх асуудал ярьж болно. Тодорхой хэмжээний дэг журамд нийцэж байна уу, дэг зөрчиж байна уу, зөрчигдөхгүй байна уу гэдэг өөрөө дэгийн асуудал. Аливаа дэг, хийх гэж байгаа үйл ажиллагааныхаа онцлогт тохирч байдаг. УИХ-ын хуралдааны дэг УИХ-ын бүрэлдэхүүнтэй холбоотой байдаг. Нэг нь дангаараа олонх болчихсон байхад ямар дэгтэй байх юм. Улс төрийн хүчнүүд тэнцүү байхад ямар дэгтэй Их хурал хуралдаж байвал зүйтэй байх юм гэх мэтчилэн бүрэлдэхүүнээс хамаарсан, хэлэлцэх гэж байгаа асуудлуудтай холбоотойгоор олон янзын өөрчлөмтгий байдлууд байдаг. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн байдлыг харсан. Үндсэн хуулийг ингэж хэлэлцүүлж болохгүй. Ямар ч хуулийг ингэж хэлэлцүүлж болохгүй. Ажиглаж байхад нэг санал хураагаад тэр нь дэмжигдсэн. Гэтэл яг түүний эсрэг саналыг дахиад хурааж байгаа юм. Үндсэн суурь асуудлуудаараа санал хураалаа. Үндсэн суурь асуудлууд батлагдсан бол нөгөө бусад асуудлаар санал хураахгүй. Санал хураалт шүүлтүүрээр явдаг болохоос замбараагүй явбал сүүлд нь эмхлэх боломжгүй. Зөрчилтэй заалтууд ч дэмжигдэж болно. Хууль тогтооход зөрчилгүйн логик хамгийн нэгдүгээрт тавигдах ёстой. Үндсэн хуулийг батлагдах, үгүйг хүлээх нь буруу. Зөв зүйл болох нь уу, үгүй юу гэдгийг хүлээх нь зөв. Батлагдах нь үгүй юу гэдэг улс төрийн сонирхол. Зөв юм гарах нь уу, үгүй юу гэдэг эрх ашгийн сонирхол.
Заавал бидэнд Үндсэн хуульд нэмэлт оруулна гээд амлачихсан. Энийг батлахгүй бол болохгүй. Шүдний чигчлүүр дээр үлдсэн ч яадаг юм гэх бол улс төр. Үндсэн хууль улс төрийн хамгийн дээд баримт бичиг. Дээд түвшний нийтийн эрх ашгийн сонирхол нэгдэж явагдах ёстой. Аль нэг намын юм уу, аль нэг гишүүний, аль нэг бүлэглэлийн сонирхол хэзээ ч байж болохгүй. Цаг хугацааны хувьд, шатраар бол цейтнойтод ойрхон байна. Нэг талаас төсөв цагтаа (арваннэгдүгээр сарын 15) батлагдах ёстой. Нөгөө талаас Үндсэн хуулиа хэлэлцэж эхэлбэл дундуур нь өөр асуудал хэлэлцэхгүй. Бас сонгуулиа хагас жилийн өмнө л хэлэлцэгдэж дууссан байх ёстой.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан ямар заалтуудыг та дэмжиж байна вэ?
-Ерөнхийлөгч тодорхой бүрэн эрхээ онцгой бүрэн эрхэд заасан тэр хүрээнд хуулиар олгож болно гэж зааглаж өгч байгаа. Эрх мэдлийн огтлолцоо үүсээд байгаа газруудыг ерөнхийдөө өөр өөрийнх нь байр дээр аваачиж тавих тухай асуудал. Энд Үндсэн хуулийн эрх мэдлийг нэмэх, хасах тухай асуудал биш. Эрх мэдлийн хуваарилалт зөв тал руугаа явж байна уу, харилцан хяналт нь зөв тал руу явж байна уу тэр нүдээр л харах ёстой. Ерөнхийлөгч өнөөдөр өөртөө эрх мэдлийг олж авах, эрх мэдлийг хадгалах гээд зүтгээд байна гэж харахгүй байна. Жишээ нь, шүүгчийн томилгоо. Хэн томилсноороо шүүгчийн хараат бус байдал хамаарах юм уу, шүүгч өөрөө өөрийнхөө хараат бус байдлыг хуульд заасан эрх үүргээрээ хангах юм уу. Бүрэлдэхүүн томилсноороо хангагдах юм уу, нэг хүн, Ерөнхийлөгч томилсноороо хангагдах юм уу. Зөв сонгон шалгаруулалттай, шалгарсан хүнийг Ерөнхийлөгч томилдог. Хэрэв татгалзвал үндэслэлээ олон нийтэд ил мэдэгддэг байхад л болох юм биш үү. УИХ тарах харилцан тэнцвэржүүлэлтийн тухай асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа нь зөв зүйтэй. Ерөнхий сайдыг огцруулахдаа шинэ Ерөнхий сайдыг томилох хүний нэрийг цуг өргөн барина гэж байсан. Ерөнхий сайдыг огцорсны ачаар автоматаар нөгөө хүн Ерөнхий сайд болох гэж байгаа агуулга харагдаж энэ уначихлаа. Шинэ орж ирж байгаа Ерөнхий сайдыг эхлээд хэлэлцнэ. Томилогдвол өмнөх Ерөнхий сайдыг огцорсонд тооцогдоно гэвэл болох биш үү. Нөгөө талаар УИХ-ын гишүүдийн тоог зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэж байж нэг гишүүн дээр байх эрх мэдэл багасна. УИХ-ын шийдвэр гаргадаг гишүүдийн тоо нэмэгдэнэ. Засгийн газрын гишүүн байдаг гишүүдийн Их хурал дахь хувийн жин багасна. УИХ нь ард түмний эрх мэдлээ хэрэгжүүлэхээр төлөөлүүлэн сонгож байгуулсан байгууллага. Энэ төлөөлөх чадамж тоондоо бас байдаг юм. Математикт, статистикийн, шинжлэх ухаанд байдаг төлөөлөх чадахуйн норм хэм хэмжээ гэх зүйл. Хүн амтайгаа шууд холбоотой байдаг. Улсын бага хурал 100 гаруй гишүүнтэй байхаар оруулсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа гишүүд бага хуралд өргөн барьсан төсөл, бага хурлаас гарсан төсөл, ард нийтийн хэлэлцүүлгээр гарсан төсөл, одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Үндсэн хуулийнхаа батлагдсан түүхийг уншиж үзэх хэрэгтэй. Гишүүдийн тоон дээр тоглоом хийгээд байх шаардлагагүй. Зүй зохистой төлөөллийн зарчим гэж бий. Мөн сонгуулийн хуулиа илүү пропорцианаль чиглэл рүү ядаж нэг хэсэгтээ оруулах хэрэгтэй. Хуулийг УИХ-ын олонх эцэслэн батална гэсэн нэмэлт оруулжээ. 76 гишүүний олонх 39 гишүүн. Хэрвээ ингэж батлагдвал их л зовно. Ардчилсан холбоо эвсэл бид 50-уулаа сонгогдчихоод дандаа тээгэнд орж байсан. Ажиллахад хүнд механизм. 1996-2000 онд 50 гишүүнтэй хурлаа хуралдуулж чадахгүй, олон удаа хурлаа бойкотлуулж байсан. Одоо хуулиа эцэслэх батлуулах гэж ийм байдалд орох вий дээ. Товчхондоо бол, УИХ-ын сонгуулийг холимог хэлбэрээр явуулдаг болгоод, гишүүдийн тоог нэмж Ерөнхий сайд кабенитийн гишүүдээ өөрөө сонгон ажиллуулж чаддаг болбол, мөн Ерөнхийлөгчөө УИХ сонгодог болчихвол тэгээд боллоо доо.