Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Р.Даваадорж: Хөгжлийн банкны асуудал улс орны эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц ноцтой асуудал болчихоод байгааг хэн ч ярихгүй байна || DNN.mn

УИХ дахь Ардчилсан намын Ажлын албаны зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой ярилцлаа.


-Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын түр хороо байгуулах талаар АН-ын бүлгийн даргын санаачилгыг гишүүд дэмжээд байгаа харагдлаа. Түр хороо байгуулснаар ямар ач холбогдолтой вэ?

-УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд УИХ-ын 19 болон түүнээс дээш гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд тодорхой нэг асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулж болно гэсэн заалт бий. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Ганбат Хөгжлийн банкны олгосон чанаргүй зээлийн талаар түр хороо байгуулах санаачилга гаргасан. Өнөөдрийн байдлаар УИХ-ын 15 гишүүн түүний санал санаачилгыг дэмжиж гарын үсэг зуржээ. Удахгүй 19 гишүүн зурах нь тодорхой байна. Миний хувьд, парламентын мөрдөн шалгах ажиллагаа нь парламентаас Засгийн газрын үйл ажиллагааг шалгах үүргээ биелүүлэх хамгийн хүчирхэг хэрэгсэл гэж харж байгаа.

Өнгөрсөн жилийн сүүлээр их хурлын хяналт шалгалтын тухай хууль баталснаар УИХ-ын Хяналт шалгалтын түр хороо байгуулах эрх зүйн үндэс бүрдсэн. Аливаа шалгах асуудлаар мэргэжлийн шинжээч, хянан шалгагч нар ажиллуулах, үндсэн нотлох баримт бичигтэй танилцах, гэрчийг дуудаж асуух зэргээр эрх мэдэл нэмэгдсэнтэй холбоотой улстөржилтөөс ангид үнэн зөв дүгнэлт гарах байх гэж найдаж байна.

-Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг УИХ-аас томилогдсон шүү дээ. Тэдний үйл ажиллагаанд сөрөг хүчин ямар дүгнэлттэй байгаа бол?

-Тус ажлын хэсэг өөрийн шалгах ажлын хүрээндээ сайн ажиллаж байгаа ч иргэдийн хүсэн хүлээж буй шийдэл гарахгүй болов уу. Учир нь тус банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг байцаах, тухайн үеийн банкны зээл гаргасан эрх мэдэлтнүүдээс тодруулга авахаас эхлээд боломжгүй асуудал бий. Анх тус ажлын хэсгийнхэн шалгах материал хууль хяналтын байгууллага дээр байгаа учраас ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй талаар яригдаж байлаа. Мөн Хөгжлийн банкны удирдлагын зүгээс зээлийн материал дотроос зарим шаардлагатай нотлох бичиг баримт алдагдсан талаар ярьж байсан. Тэгэхээр мэргэжлийн шинжээчид, хууль хяналтынхны оролцоогүй бодит дүгнэлт гарахгүй гэж үзээд тус банкны асуудлаар УИХ-ын түр хороо байгуулах санаачилгыг гаргасан гэж ойлгож болно.

-Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд асар их хөрөнгө хэрэгтэй байгаа. Иймд Хөгжлийн банкны асуудлыг ил болгов уу?

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 20 орчим тэрбум ам.доллар шаардлагатай гэж яригдаж байсан. Энэ бол асар их хэмжээний санхүүжилтийн асуудал. Гаднаас зээл авах, олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс бонд босгох хоёрхон арга л бий. Гэвч Монгол Улсын өнөөгийн нөхцөлд ийм хэмжээний зээл авах, бонд босгох боломж хуулиараа боломжгүй.

Төсвийн тогтвортой байдлын тухай болон Өрийн удирдлагын тухай хуульд заасан гадаад өрийн босго заасан хэмжээнээсээ хэтэрчихсэн явж байгаа. Монгол Улс гадаад өрийн хавханд гүн бат шигдсэн. Харин яаж энэ байдлаасаа гарах вэ гэдэг нь өнөөгийн манай улсын хувьд номер нэг асуудал. Тооцоо судалгаагүй зээл авдаг, их наядаар хэмжигдэх хөтөлбөр зарладаг замбараагүй байдал газар аваад байна. Нэг хүнд ногдох гадаад өрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрсэн дампуу улсуудын нэг гэдгээ ч мэдэхгүй тууж явна. Монгол Улсын нийт гадаад өр өнгөрсөн оны байдлаар 33.2 тэрбум ам.доллар болсон. Нэг хүнд оногдох гадаад өр 30 сая төгрөг гэсэн үг. Нийт гадаад өрийн Засгийн газарт ногдох өр гэхэд л 8.5 тэрбум ам.доллар. Монголбанкных нь 2.5 тэрбум. Бусад баталгаа гаргасан өр зээлийг тооцвол нүсэр тоо гарна. Гэтэл манай улсын ДНБ ердөө 13 орчим тэрбум ам.доллар шүү дээ. Энэ бүхнийг эрүүл ухаанаар тооцож үзвэл ямар ч Засгийн газрын тэргүүний амнаас дахиж гаднаас мөнгө зээлнэ гэдэг өгүүлбэр гарах ёсгүй. Бид авсан бондоо нэрийг нь өөрчлөөд хэмжээг нь нэмээд л яваад байгаа. Тэртээ 2012 онд Сү.Батболдын авсан Евро бонд нэрээ хувиргаад л явж байгаа.

-Хөгжлийн банкнаас авсан чанаргүй зээлдэгчдийн өрийг төлүүлснээр Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төлөвлөгдсөн төслүүдийг хэрэгжүүлж чадна гэж үзээд байгаа бололтой. Харин таны хувьд тус банкны нийгэмд хөндөж гаргаж ирсэн асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Чанаргүй зээлийн хэмжээ маш их. Эргэж төлүүлэх боломж нэн хүнд. Төрийн байгууллагуудын зүгээс авсан зээл багагүй хэмжээтэй бий. Тэгэхээр чанаргүй зээлийг төллөө гэхэд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд элдэв хөтөлбөрүүдэд хэрэглэх боломж байхгүй. Ирэх жил валютын ханш нь 3000 төгрөг дотроо эргэлдэж байвал Хөгжлийн банк хоёр их наяд гаруй төгрөг төлнө. Ойролцоогоор 800 сая ам.доллар гадны хөрөнгийн зах зээлээс босгосон мөнгөө төлөх ёстой. Гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг маш анхааралтай харж байгаа. Тус банк дээр үүссэн асуудлыг хэрхэн зөв зүйтэй шударга шийдэхээс гадны хөрөнгө оруулагчдын Монголд хандах хандлага тодорхой болно.

-Хөгжлийн банкны хууль өөрчлөгдсөнөөр иргэдэд очдог байсан зээл эрх мэдэлтнүүдийн бизнесийг санхүүжүүлж, банкийг дампуурлын ирмэгт авчирлаа гэсэн шүүмжлэл бий шүү дээ. Хуульд өөрчлөлт оруулснаар зээлийн хэмжээ, улс оронд хийсэн бүтээн байгуулалтын ажлуудад хэрхэн нөлөөлөв?

-Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 195 дугаар тогтоолоор Хөгжлийн банкийг байгуулахаар шийдвэрлэж, УИХ-аас Хөгжлийн банкны тухай хуулийг 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр хэлэлцэн баталсан. Анхны хуульд хоёр чухал заалт байсан. Нэг нь, “Хөгжлийн банк нь УИХ-ын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална”. Нөгөөх нь, “Засгийн газрын баталсан Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарт хамаарна” гэсэн заалт байсан. Өөрөөр хэлбэл, 2017 он хүртэл тус банкны зээл УИХ, Засгийн газрын хяналттай байжээ. Тэгвэл 2017 онд батлагдсан шинэчилсэн хуулиар, “Төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэрийг Хөгжлийн банк гаргах ба шийдвэр гаргахтай холбоотой журмыг төлөөлөн удирдах зөвлөл батална”, “Улсын Их Хурал Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төслийн жагсаалтыг тусгайлан батлахгүй”, “Засгийн газар Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг тусгайлан батлахгүй” гэдэг гурван заалт орсноор замбараагүй зээл олголтын түүх эхэлсэн. 2017 он хүртэл 2000 орчим зээлдэгчид зээл авч байсан бол 2017 оноос хойш ердөө 50 хүрэхгүй эрх мэдэлтнүүдийн оролцоотой компани, аж ахуйн нэгжүүд зээл авчээ. 2017 он хүртэл тус банкны зээлээр хийсэн бүтээснийг яривал маш их цаг орно. Авто замын салбарт 2240.5 км хатуу хучилттай авто зам, төмөр бетон болон хөвдөг гүүр, “Дэд бүтэц”-ийн 25, нийт 50 төсөл хэрэгжсэн. Амгалан дулааны станц ашиглалтад орж, ДЦС-3, ДЦС-4 хүчин чадал 173 МВт-аар, нэмэгдэж, дулаан болон цахилгаан дамжуулах шугам, дэд станц, дулаан дамжуулах төвүүд баригдсан. Нийслэлд 33 замын уулзварыг өргөтгөж, хэд хэдэн томоохон зам тавьсны хүчинд Улаанбаатар хот өнөөдөртөө тэг зогсолт хийлгүй явж байна. Олон мянган өрх шинээр байртай болсон, хэд хэдэн цементний үйлдвэр ашиглалтад орж, арматураа дотооддоо хийх боломж бүрдэж байв. Тоочвол улс орны хөгжилд хэрэгтэй маш олон чухал бүтээн байгуулалт босжээ. Харин 2017 оноос хойш улс оронд хэрэгтэй нэг ширхэг ч бүтээн байгуулалт хийснийг би лав мэдэхгүй байна.

-Хөгжлийн банкны нууцын зэрэглэлд байсан материалыг Засгийн газрын шийдвэрээр ил болголоо. Энэ тухай та юу хэлэх вэ?

-Хөгжлийн банкинд нийтдээ дөрвөн удаа шалгалт оруулсан. Анхных нь 2016 оны сүүлээр тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийн шалгалт. УИХ дээр мэргэжлийн түвшний бус улстөржсөн гэдэг дүгнэлтийг тухайн үеийн Ардчилсан намын бүлгээс өгч байсан. Энэ шалгалтын материалыг саяхан нууцын зэрэглэлээс гаргасан. Үнэхээр хулгайн том асуудал байсан юм бол өдий хүртэл МАН яагаад амаа хамхисан юм бэ. Гэмт хэрэг байсан юм бол өнөөдрийг хүртэл хэн дарагдуулав гээд маргааны сэдэв эхэлнэ. Дараа нь 2019 онд Аудитаас гүйцэтгэлийн аудит хийсэн. 2020 онд Сангийн яам, Монголбанкны хамтарсан, шалгалт болон 2021 оны долдугаар сарын 31-ний өдөр хийсэн Монголбанкны шалгалт тус банкны бүх но-г ил болгосон байдаг юм. Энэ сүүлийн хоёр шалгалт мэргэжлийн түвшинд хийгдсэн ч өнөө болтол нууцын зэрэглэлд байна. Хөгжлийн банкны асуудал ийнхүү хоёр жилийн өмнөөс ил болсон. Түүнээс биш банкны актив, пассиваа ялгахгүй сэтгүүлчид илрүүлсэн юм байхгүй. Хэтэрхий улс төржүүлж, нийгэмд улс төрийн өрсөлдөгчөө намнах байдлаар ашиглаж байна.

-Манай улсын банкуудын нийт зээлийн хэмжээг сонирхуулахгүй юу. Үүнээс чанаргүй зээлийн хэмжээ хэдэн хувийг эзэлдэг юм бэ?

-Монгол Улсад арав орчим арилжааны банк үйл ажиллагаа явуулж нийт 21 их наяд орчим зээлийн өртэй байгаа. Үүнээс хоёр их наяд орчим зээл чанаргүй ангилалд багтаж байна. Энэ хоёр их наядын бараг 1.8 их наяд нь Хөгжлийн банкных. Төр банк удирдаж чадахгүй гэдгийг эндээс харж болно. Хөгжлийн банкны асуудал Монгол Улсын банкны салбар, санхүүгийн салбарыг донсолгох, цаашлаад улс орны эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц ноцтой асуудал болчихоод байгааг хэн ч ярихгүй байна. Чанаргүй зээл улс орны эдийн засагт ямар хор хохирол авчрахыг тоймлож хэлье. Чанаргүй зээлийн төлөлт хүндэрвэл төсвөөс төлнө. Бодит секторт зээл олголт багасахад эдийн засгийн голлох үзүүлэлтүүд огцом буурдаг. ОУВС-гаас Төв болон Зүүн Европын 16 орны 1998-2011 оны туршлагад хийсэн судалгаагаар эдийн засагт чанаргүй зээлийн хувь нэг нэгжээр нэмэгдэхэд ажилгүйдлийн түвшин гурван жилийн дотор 0.5 нэгжээр, эдийн засгийн өсөлт хоёр жилийн дотор нэг нэгжээр буурсныг тогтоожээ. Хариуцлагатай зээлдэгчид чанаргүй зээлтэй холбоотой, түүнийг шийдвэрлэхэд зарцуулах үргүй зардлыг дам хариуцан төлж байдаг. Зээл олголт буурах нь зээлийн хүү өсөх суурь нөхцөл болдог гээд тоочвол энэ банк Монгол Улсын хөгжилд сайнаар биш, саараар нөлөөлж байгааг анзаарч болно.

-Олон улсад Хөгжлийн банкны амжилттай болон амжилтгүй хэрэгжсэн туршлагуудаас сонирхуулахгүй юу?

-Дэлхийн 30 орчим улсад Хөгжлийн банк байгуулж байсан. Япон, Солонгос, Хятад, Сингапур зэрэг улсад амжилттай ажилласан түүхтэй. Харин Өмнөд Америк, Африкийн орнуудад өмнөх зорилтоо биелүүлж чадаагүй. Дээр нь Монгол Улс нэмэгдэж байна. Хөгжлийн банк хэрвээ цаашид хууль эрх зүйн орчноо өөрчлөхгүй нэрээ сольсон болоод чанаргүй зээлүүдээ активын удирдлагын компанид шилжүүлчихээд дахин гаднаас санхүүжилт аваад явна гэвэл хэдэн жилийн дараа Монгол Улс төрийн банкнаас болоод дампуурах дээрээ хүрч болзошгүй. Зээлтэй ААН-үүдээ нийтэд нь харлуулж, нэр хүндэд нь халдахаас илүүтэй гадны хүү багатай зээлийн олголтод улстөрчдийн оролцоог таслан зогсоох учиртай. Энэ маш амархан. Бондын аливаа санхүүжилтийг төрийн оролцоогүй арилжааны банкуудаар дамжуулж хийх явдал юм. 2023 онд Монгол Улсын Хөгжлийн банкны 2.2 их наяд төгрөгийн төлбөрөө хэрхэн барагдуулах, Засгийн газрын гадаад өрийн тэлэлт, түүнтэй холбоотой эрсдэлийг хэрхэн шийдвэрлэхийг гадаадын хөрөнгө оруулагчид нэн анхааралтай ажиглаж байгаа. Иймээс улс төрийн шийдлээс илүүтэй эдийн засгийн оновчтой арга хэрэгслүүдийг ашиглах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах хууль эрх зүйн орчныг цогцоор шинэчлэх, төрийн аливаа оролцоог санхүүгийн салбараас холдуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *