Categories
мэдээ цаг-үе

​Р.Бат-Эрдэнэ: Аз жаргалтай байя гэвэл хүн өөрийнхөөрөө амьдрах ёстой шүү дээ

МУИС-ийн захирал асан доктор Р.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Таны “Өнөөгийн дэлхий ертөнцийн төрх, ирээдүйн хөгжлийн төлөв хандлага” лекцийг сонсоод ирээдүйдээ санаа зовсон шүү. Дэлхий нийтээрээ ирээдүй хэтээ төлөвлөөд байдаг, харин бид сонгуулийн дөрвөн жилээр хайрцаглагдаад заримдаа ухраад, заримдаа урагшлаад яваа?

-Дэлхий ертөнц хаашаа явж байна, хүний амьдрал яаж өөрчлөгдөх, үүнд хүнээ, хүүхдээ бэлтгэж чадаж байна уу гэж хөгжлийн томоохон байгууллагуудын жил тутам гаргадаг тайланг тоймлож хүмүүст мэдээлсэн юм л даа.

Аз жаргалтай байя гэвэл хүн өөрийнхөөрөө амьдрах ёстой шүү дээ. Сургууль хүнийг өөрийнхөөрөө амьдрахад нь бэлтгэж чадаж байгаа юм уу? Улс орны хөгжлийг бид яаж төсөөлөөд байгаа юм бэ. Үндэстнийхээ хувьд төсөөллөө нэгтгэж авмаар байгаа юм л даа. Монгол гэдэг улс, айл гэр, хамтаараа хаашаа явах гээд байгаа юм бэ. Ирээдүйд бид ямархуу ажил эрхэлж, бусдад юу зарж амьжиргаагаа авч явах вэ. Үүнийгээ бодох хэрэгтэй. Байгалийн асар их баялагаа уралдаад зараад байвал сайхан амьдралд хүрэх юм шиг төөрч боломгүй. Сүүлийн үед хаа сайгүй Оюу толгой биш, оюунтай толгой гээд яриад байна шүү дээ. Гэхдээ энэ ярианаас хэтрэхгүй байна. Улс төрийн намууд “Гар газар, хөл хөсөр суулгана” гэж амлаж сонгуульд ялах юм. Үнэхээр тэгчих байх гэсэн сэтгэлээр зарим нь санал өгөөд байх шиг.

Хүний амьдрал глобальчлагдсан байна. Монголчуудын эдэлж хэрэглэж байгаа зүйлсийг гаднаас авахаас өөр аргагүй. Тэднийг цөмийг нь Монголдоо үйлдвэрлэх гэж зүтгэх шаардлага байхгүй. Тэр бүхнийг авах хуримтлалтай, хариуд нь зардаг юмтай болох ёстой. Тэр нь дандаа алт зэс нүүрс үү? Арай өөр юм байх уу?

Олон юм байж болно гээд хувийн секторынхон санал санаачилга гаргаж байна. Харамсалтай нь түүнийг нь улстөрчид зогсоож байна. Жишээлбэл, тавдугаар цахилгаан станцын тухай яриа хэр удаан үргэлжилж байна. Ньюком компани өрнүүн ажиллаж байх үед ажиллах боломж надад гарсан. Тэнд байсан хүмүүсийн харц, санаачилга, хүсэл эрмэлзэл гайхамшигтай. Тавдугаар цахилгаан станцыг барьж эхлэхэд бэлэн болчихсон байсан шүү дээ. Өнөөдөр больчихсон байна. Төр засгаас зөвхөн бодлогын дэмжлэг хүсч байгаа, хувийн сектор өөрсдөө хийчихье гэсэн төслүүд яагаад явахгүй байна.

Гол саад тээг бидний амьдралыг залж байгаа тэр хүмүүсийн байр суурь, итгэл үнэмшилтэй л холбогдох юм даа. Ардчиллын тухай хаа сайгүй ярьж, зарим нь буруутгаж байна. Миний ойлгож байгаагаар ардчилал бол хүмүүсийн олонхын оролцоотойгоор төр барих соёл. Оролцоо гээд байгаа нь хүн өөрөө эхнээс нь эцсийг нь хүртэл хариуцаж болохоор ажлуудыг иргэдээс булааж авч болохгүй гэж хэлээд байна шүү дээ. Жишээлбэл, би боловсролын асуудал ярих гээд байна. Ялангуяа цэцэрлэгийн асуудал. Цэцэрлэгийг сайн ажиллагаатай байгаасай. Цэцэрлэгт явж байгаа хүүхэд хөгжөөсэй гэж хамгийн их хүсч байгаа хүн хэн бэ?

-Эцэг эхчүүд.

-Тэгвэл ээж, аавууд тэр цэцэрлэгийг авч явахад оролцоотой байх учиртай. Цэцэрлэгийн эрхлэгчээр хэнийг тавих, ямар чадвартай хүн тавих, тэр хүн нь эцэг эхчүүдтэй ямар байдлаар харилцаж ойлголцож, тохиролцож явах юм. Яагаад энийг өөрөө цэцэрлэгийн насны хүүхэдгүй хүн аль нэг албан тасалгаанаас залж зааварлах гээд зөвхөн төсвийг мэдэх эрх мэдлийн төлөө найз нөхөд, хамаатан саднаа томилоод байгаа юм бэ.

-Таны хэлээд байгаа эцэг эх нь сургууль, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгох, дүрэмт хувцсыг сонгоход оролцох, сурагчдын үдийн хоол шаардлага хангаж байгаа эсэхийг хянах эрх мэдэл хаана хэрэгжсэн юм бэ?

-Газар сайгүй л байна. Америкт таван жил болсон. Тэнд сургууль яаж ажиллаж, иргэд нь нийгмийнхээ амьдралд яаж оролцож, ямар эрх мэдэлтэй байгааг дэргэдээс нь харсан л даа. Америкийн нийгэмд боловсрол, ялангуяа ерөнхий боловсрол ард иргэдийн мэддэг асуудал байдаг. Засаг захиргааны нэгж, нутаг дэвсгэрээрээ сургуулийн сүлжээ байгуулагддаг. Тэр сургуулийг нутаг дэвсгэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн татвараас санхүүжүүлдэг. Чинээлэг хэсэгт байгаа сургуулиуд боломжийн, ядуу хэсэгт байгаа сургуулиудад санхүүжилт дутах асуудал гардаг. Түүнийг нь төрөөс зохицуулдаг. Сургуулийн дүүргийг хүүхэд нь сурч байгаа иргэд өөрсдөө байгуулдаг.

Тэр хүмүүсийн эрх ашгийг илэрхийлсэн сургуулийн board гэж бий. Тэр нь үндсэндээ сургуулийн системийн парламент. Тэд манай нутаг дэвсгэр дээр миний хүүхдэд ийм юм заана, ийм үнэт зүйлийг хөгжүүлнэ, энэ сургууль аюулгүй байхын тулд ийм нөхцөл стандартыг хангасан байна гэж тодорхойлдог. Түүнийг хэрэгжүүлж чадах хүнийг сургуулийн зөвлөл томилдог. Дээр нь сургууль болгонд багш, эцэг эхийн зөвлөл ажилладаг. Миний хүүхэд яаж өсч хөгжиж, багшаас ямар шаардлага тавьж, яаж үнэлж байна, хамтраад энэ хүүхдийг хөгжүүлэхийн тулд юу хийх ёстойг зөвлөлдөөд явж байна.

Сургуулийн зөвлөл ганц сургуулийн хүрээнд байх нь зохимжгүй. Сургууль өөрөө хэвийн үйл ажиллагаа явуулахаар бүрэлдэхүүнтэй байх хэрэгтэй. Ерээд оны дундуур “Ирээдүй” цогцолбор гээд нэгдүгээр хорооллын зургаан сургуулийг нийлүүлж, нэг сургууль болголоо. Уг нь сургуулийн дүүрэг үүсгэсэн байхгүй юу. Гэвч нэг их явсангүй. Яг шийдвэр гаргадаг эрх мэдэл нь хэрэгжээгүй. Захирал нь дахиад л улс төрийн сонгуулиас хамааралтай, албан тушаалыг авч байгаа хүн олон тохиолдолд сургуульдаа биш, өөрийг нь томилсон хүнд үйлчлэх байдал харагдаж байна. Ийм тохиолдолд сургуулийг эзэнтэй гэж хэлэхэд хэцүү. Сургуулийн үндсэн үйлчлүүлэгч хүүхдүүдийн эрх ашиг нэгдүгээрт байж чадаж байна уу гэдэг чухал.

-Дунд сургууль, цэцэрлэгийн удирдлагыг сонгоход эцэг эхчүүд оролцож зөв шийдвэр гаргах юм байна. Харин дээд сургуулийн удирдлагыг сонгоход юу гол вэ?

-Их сургуулиудын удирдлагыг сонгоход үүнтэй төстэй бүтэц Удирдах зөвлөл үүрэгтэй. Тэр байгууллагыг урагш нь явуулах, сурч байгаа хүмүүс нь хамгийн сайн боловсрол эзэмших, багш нар нь хамгийн үр бүтээлтэй ажиллах орчинг бий болгохыг эрмэлзсэн хүмүүс засаглах тухай асуудал шүү дээ. Тэр хүмүүсийг нийгмийн нийт хамтлагийн нэрийн өмнөөс эрх мэдэл авсан итгэмжлэгдсэн хүмүүсийн байгууллага болгох гэж оролдож байгаа. Арайхийж ойлголцоод УИХ нь батлаад 2016 оны дөрөвдүгээр сард хуульдаа боломжийн өөрчлөлт хийгээд ажиллуулж эхэлж байсан чинь сонгуулийн дараа шинэ сайд нь “Ийм Удирдах зөвлөл байж болохгүй” гэж хуулийг засварлах санал УИХ-д оруулаад өмнөх заалтыг буцаачихлаа шүү дээ. Ийм байгаа учраас бидний ажил явахгүй байна. Ямар өөрчлөлтийг, ямар зорилгоор яах гэж хийж байгааг гүйцэт ойлгохгүй байна. Хууль тогтоож байгаа хүмүүс маань ч хүнийрхүү байна. Нэгэнт зөв гээд гаргасан шийдвэр дээрээ тууштай баймаар байна.

-Таны лекцэн дээр хүүхдээ яаж бэлтгэх тухай яригдсан. Нэгдүгээр ангид сурч байгаа хүүхэд төгсөхдөө одоо байхгүй байгаа мэргэжлээр ажиллана гээд байгаа шүү дээ?

-Одоо байхгүй байгаа ажил хөдөлмөрийг тэр хүүхэд өөрөө ч бий болгож магадгүй. Өнөөдөр бидний олон жилээр хийж дассан ажлуудыг робот хийж эхэлж байна. Машин угсрах нь роботын ажил болсон. Робот анагаах ухааны салбарт ажиллаж эхэлж байна. Зарим мэс заслыг робот хийж байна. Хүний тухай мэдээлэл асар их хуримтлагджээ. Үүнээс хүн нэг бүрт тохирсон эмчилгээг боловсруулах боломж гарч байна. Хүн тэр бүгдийг боловсруулаад шийдэл гаргахад хүч хүрэлцэхгүй. Тэр ажлыг машин хийж байна. Тэрийг хиймэл оюун ухаан гэж нэрлээд байгаа. Ийм нөхцөлд энэ их мэдээллийн далайд ажиллаж чадах хүмүүс олноороо хэрэг болох юм байна. МУИС-д математикийн тэнхэмийн багш нар биг дата их хэмжээний мэдээллийн санг яаж удирдаж боловсруулалт хийхэд хүмүүсээ бэлтгэхээр хөтөлбөр боловсруулж байгаа. Асар их мэдээллийг цуглуулж боловсруулах, хүнд хэрэгтэй шийдэл гаргах загваруудыг бий болгох мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх нь.

Саяхан Датакомын Д.Энхбат “Хятадын Засгийн газар гадаад бодлогодоо хиймэл оюун ухаан хэрэглэж эхэллээ” гэсэн мэдээллийг хүмүүстэй хуваалцсан. Гэхдээ гадаад бодлогынхоо эцсийн шийдийг бус шийдлийн хувилбаруудыг хиймэл оюун ухаан ашиглаж, боловсруулж байгаа юм билээ. Гадаад бодлогод нөлөөлдөг хүчин зүйлс тоо томшгүй их. Хамаагүй юм байхгүй. Өнөөдөр “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөн явахад л гадаад бодлогод нөлөөлнө. Эдийн засагт, хүмүүсийн амьдралд нөлөөлнө. Дэлхийн эдийн засгийн форумын шугамаар олон судалгаанууд хийгдсэн. Ирээдүйн хүн ямархуу чадвартай байх талаар хөгжлийн олон think tank-ууд нэг утгатайгаар хэлж байгаа. Дахин давтагддаг ажлуудыг машин хийх нь байна. Машиныг эвдэж байгаад ажлыг нь хийнэ гэж санаархах шаардлагагүй. Хүнд бүтээлч ажил ногдоно. Шинийг сэтгэх, бүтээлч сэтгэлгээтэй, сониуч байх, логик холбоосуудыг харж чаддаг байх, аналитик байх хэрэгтэй. Хэвийн сайхан амьдрахад хүнд хэрэгтэй чанарууд ийм. Энэ чанарууд ихэнх нь хүнд байдаг ч хөгжүүлдэггүй. Шүүмжлэлт сэтгэлгээ гэхээр өө сэв хайх гэж ойлгоод байдаг. Эргэлзэж тээнэглэзэх, үнэхээр тийм эсэхийг нягтална, магадлана гэсэн үг. Тэгж байж итгэл үнэмшил бий болно. Түүнээс биш харанхуйгаар хэн нэгэнд хөтлөгдөж таарахгүй. Өөрийгөө бодож сэтгэхээс чөлөөлөөд, бусдын хэлсэнд хөтлөгдөөд явбал амьдрал харанхуй болно. Хүний боол болно гэсэн үг. Хүнээр амьдралаа жолоодуулахгүйн тулд бүтээлч сэтгэлгээнд сургах учиртай. Энэ чанаруудыг хөгжүүлэх нь цэцэрлэг, сургуулийн үүрэг.

-Та боловсролын шинэчлэлд үүрэгтэй оролцсон хүн. “Хүүхэд бүрийг хөгжүүлнэ” гэсэн үгтэй л багш нар хоцорчихов уу, яав?

-Яг тийм үгээр нь албан ёсны бодлого, бичиг баримт болгож, хэрэгжүүлж эхэлсэн хүн бол Л.Гантөмөр сайд, түүний багийнхан. Энэ хүмүүсийн сургууль дээр хийхийг хүссэн ажил хамгийн зөв байсан гэж боддог. Олон хүн ийм байр суурьтай байдаг юм билээ. Би Боловсролын яаманд нийлбэр дүнгээрээ хориод жил ажилласан байдаг. Олон сайдын үед ажилласан. Хамгийн богино хугацаанд хамгийн их өөрчлөлт хийсэн үе нь Л.Гантөмөр сайдын үе. Сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол, суурь боловсролын хөтөлбөрүүдийг бүхэлд нь өөрчилсөн. Өөрчлөхдөө тус бүрд нь нэг жилээс багагүй хугацаагаар сургууль, цэцэрлэгийн практикт туршиж үзээд, засч сайжруулаад албан ёсны болгож орон даяар хэрэгжүүлсэн. Бүх багш нарт энэ мэдээллээ хүргээд, ийм ажил хийх гэж байна гэдгээ ойлгуулаад, далайцтайгаар өөрчлөлт хийж чадсан. Өмнө нь хууль, хөтөлбөр өөрчлөгдөж байсан. Хэн, хаана юу хийгээд байгааг сургуульд ажиллаж байгаа хүн бараг мэдэхгүй өнгөрсөн нь олон. Энэ ажилд оролцоогүй олон хүн харлуулж дүгнэж байгаа нь харамсалтай санагддаг.

-Таны лекцэнд дурдагдсан бас нэг сонирхолтой санаа нь ирээдүйд ажлын байр гэж байхгүй болоод хүмүүс төсөл хэрэгжүүлдэг болно гэдэг. Энэ талаар тайлбарлаач?

-Эхний байгууллагууд ийм хэлбэрт шилжсэн. Мэдээллийн технологийн хувьсгал болж байна. Гар утас зөвхөн ярианы хэрэгсэл биш, мэдээлэл авдаг гол суваг болж байна. Ажил дээрээ байхдаа гэрийнхээ цахилгаан хэрэгслүүдээ гар утсаараа удирддаг болж байна. Төлбөр тооцоогоо хийж байна. Зарим юмыг харцаараа удирдах болж байна. Хөгжлийн бэрхшээл гэж байхаа болино. Гэртээ сууж байгаад хорвоотой харилцдаг болж байна. Энэ хүмүүсийн тэргэнцэр автомат удирдлагатай, ухаалаг болж байна.

Ийм үед хүнийг хуучин шиг өглөө найман цагт ажил дээрээ ирж хурууныхаа хээг уншуулаад, орой 18 цагт хурууныхаа хээг уншуулаад гарах, өдөр нүдэн дээр нь ажил хийж харагдвал ажил хийсэн гэж тооцох нь хэр утга учиртай вэ? Үүний оронд тэр хүн ямар цаг хугацаанд юу хийх ёстойг тооцоод, тэр хүн ажлаа гэртээ сууж байгаад хийнэ үү, номын санд сууж байгаад хийнэ үү, найзындаа очоод хийх нь чухал биш, ажлаа заасан хугацаанд хийж гүйцэтгэх нь л чухал биз дээ. Хүмүүсийн амьд харилцаа байнга шаардлагатай юм уу, тийм биш бол тэр хүн гэрээсээ ажлаа хийж болно. Энэ хэлбэр рүү том байгууллагууд шилжээд эхэлсэн. Олон улсын зарим байгууллагынхан долоо хоногийн нэгээс хоёр өдөр нь гэрээсээ ажилладаг болж байна. Яагаад гэвэл ажлын байран дээрээ ирж авах ёстой мэдээллийг бүгд дижитал хэлбэрээр үзэх боломжтой. Шаардлагатай бол теле конференци хийгээд хэнтэй ч ярилцах боломжтой үед наад зах нь замын түгжрэлд орохгүй амьдарч болно. Улаанбаатарын утаагаар өвөлдөө амьсгалахгүй байж болно шүү дээ. Ажлын хэлбэр, соёл боломжоо дагаад өөрчлөгдөж байна. Байнга давтагддаг ажлуудыг машин хийчихвэл илүү бүтээлч, тодорхой цаг хугацаанд, үр дүн гаргах ажлууд бидэнд үлдэнэ. Энэ нь голдуу төслийн шинжтэй ажлууд. Энэ төслийг дуусгаад дараагийн төсөлд шилжнэ. Тэрийг заавал одоогийн бүрэлдэхүүнтэй хийх албагүй. Өөр салбарын хүмүүстэй хийх шаардлага үүсч болно. Тийм болохоор албан байгууллага гэсэн ганц загвар шаардлагагүй болж байна.

Багшийн хөдөлмөрийн агуулга, мөн чанар ихээхэн өөрчлөгдөнө. Хүүхдүүдийг зөвхөн сургуульд, анги дотор хашиж байна. Тэгэхэд бусад газар гэрээсээ сурах нь олон болсон. Тэрийг зөвшөөрсөн нийгмүүд байна. Бид заавал сургуульд явах ёстой гэж үзэж байгаа учраас сургуульд явуулж байна. Зарим газраа ачааллаа дийлэхгүй 60 гаруй хүүхэдтэй ангид хүүхэд юм сурч байна гэж үзэх үү. Хиймэл оюун ухаан багшийн туслагчаар ажиллах боломжтой болж байгаа.

-Нийгэмшүүлэх үүрэг нь яах вэ?

-Заавал шил шилээ харж суух албагүй, хэсэг бүлэг клуб болж магадгүй. Уулздаг, нөхөрлөдөг, найзалдаг сонирхлоороо нэгддэг газар болж болно. Бичиж сургах гээд албадахаар хүүхдэд маш их дарамттай болно. Тоглоом хэлбэрээр сургавал хүүхэд шаардуулахгүйгээр суралцана. Тэрэн рүү сургуулийн арга барил шилжих ёстой. Уг нь бичиж сурах тоглоомоос ялгаа байхгүй. Бид түүнийг хэтэрхий хэлбэржүүлээд албадаад, залхаагаад, ажил үүрэг болгоод байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *