Р.Амаржаргалтай ярилцлаа.
-Та Сүхбаатар дүүргээс нэр дэвшээд сонгогдох өндөр магадлалтай байсан ч нэрээ татсан. Үүнийгээ эмэгтэйчүүдийн 20 хувийн квотыг хангахгүй бол нам сонгуульд орохгүй болно гэж тайлбарлаж байлаа. Гэвч шинэ Засгийн газар байгуулахад сайд болох зорилготой нэрээ татчихлаа гэсэн яриа гадуур гараад байна?
-Би ер нь ямар нэгэн болзол тавьж ажил хийдэггүй шүү дээ. Зөв, буруу гэдэг зарчмаар л ажилладаг хүн. Намайг тэгвэл би ингэнэ үүнийг ингэвэл тэгнэ гэж наймаалцдаг зүйл надад төрөлхийн байхгүй. Тийм учраас зүгээр л тухайн үедээ зөв л гэж үзсэн миний шийдвэр юм. Ер нь бол эмэгтэйчүүдийн улс төрд оролцох оролцоог хангах, үүнийг жаахан бэхжүүлэх чиглэлээр дээр үеэс анхаарал тавьж ажилладаг байсан. 1997, 1998 онд санагдаж байна. Монголын үндэсний ардчилсан нам гэж байлаа. Талийгаач С.Зориг бид хоёр тэгэхэд МҮАН-ын гүйцэтгэх зөвлөлд эмэгтэйчүүдийн квотыг анх оруулж батлуулж байсан. Тэр үеэс эхлээд энэ явсаар байгаад өдийг хүрсэн л дээ. Угаасаа чиг хандлага нь ч тийм байгаа юм. Ганцхан Монголд ч биш дэлхий даяар эмэгтэйчүүдийн оролцоо тэртэй тэргүй нэмэгдэнэ. Эмэгтэйчүүдийн чанар чансаа нь ч гэсэн ондоо болчихоод байгаа шүү дээ. Тэдний мэдлэг боловсрол, хийж байгаа ажлынх нь цар хүрээ ямар байгаа билээ. Цаашдаа ч нэмэгдэх хандлагатай. Энэ утгаараа гарцаагүй л хэн нэгэн хүн дэмжих ёстой байхгүй юу. Том юмаа харах юм бол нэгдүгээрт нь тийм юм.
-Хоёрдугаарт нь?
-Хоёрдугаарт нь мэдээж намын эрх ашиг гээд юм байж байгаа шүү дээ. Хүн болгон дотроо зөв гэж бодож байгаа атлаа дэмжихгүй суугаад байх. “Тийм тийм уг нь эмэгтэйчүүд хэрэгтэй байгаа юм”, “Тийм ээ парламентад оруулах нь зөв, гэхдээ одоо яана аа” гээд аман дотроо шогшроод байх уу. Сая ҮЗХ-ны хуралдаанаас харагдлаа шүү дээ. Сүүл рүүгээ хүчээр шахуу нэг хэсэг хүмүүсийг хасаад оронд нь эмэгтэйчүүдийг оруулж ирлээ. Тийм байдал руу орно гэдэг өөрөө жаахан гунигтай байгаа юм. Уг нь үүнийг жаахан цэгцтэй, замбараатай, системтэй хийх хэрэгтэй байсан байх л даа. Ямар ч байсан нам 76 хүн нэр дэвшүүлж бүгдээрээ оролцохоор боллоо. Үүнээс илүү яахав. Бас ийм үр дүнд хүрэхэд миний үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн л гэж ойлгож байгаа.
-Эмэгтэйчүүдийг нэлээд хатуу учраатай тойргуудад нэр дэвшүүлсэн байдал харагдаад байгаа?
-Түүнийг бол ёстой мэдэхгүй. Би тэр юманд ердөө ч оролцоогүй. Сүүлийн сар гаруйн хугацаанд намын хороод гээд янз бүрийн нэр дэвшигчтэй холбоотой үйл ажиллагаанаас хол байлаа. Би оролцоогүй шүү, та нар л ийм маягаар хийж байгаа шүү гэдэг маягаар зугтаж байсан.
-Та аль нэг сонгуулийн штабт ажиллах уу?
-Намайг хэрэгтэй гэж үзвэл чадлынхаа хэрээр л тусална. Ерөнхийдөө Монголын гайгүйхэн шиг төр бүрдэх учиртай гэж ойлгож байгаа. Тийм учраас өөрийн зөв гэж үзсэн хүнээ хүний өөрийн гэхгүй дэмжиж ажиллана гэдгээ би илэрхийлчихсэн. Гэхдээ чухам юу хийж чадахаа сайн мэдэхгүй л байна. Хэн нэгэн хүн орж ирээд туслаарай, дэмжээрэй гэвэл би сүрхий татгалзаад байхгүй л гэж бодож байгаа.
-Блүүмбергээс таныг оны шилдэг эдийн засагчаар тодруулсан байна лээ. Ер нь эдийн засгийг тун таагүй байна гэж их ярьдаг боллоо. Нэг хэсэг нь дэлхийн эдийн засгийн хямралаас хамаарч байна гэх. Манайхаас гаргадаг байгалийн түүхий эдийн үнэ ханш унаад байгаагаас боллоо гээд янз бүрийн тайлбар явж байна. Та үүнийг юунаас шалтгаалсан гэж харж байгаа вэ?
-Наадах чинь бүгд л үйлчилж байгаа зүйл шүү дээ. Дэлхийн зах зээлийн нөхцөл байдал ч үйлчилж байна.Дотооддоо бид өөрсдөө ч бас нэг арчаагүй байдалд байна. Энэ бүх зүйлийг үгүйсгэх арга байхгүй. Ер нь юмны цаад углуурга, асуудал нь чухам юундаа байна гэдэг дээр нэлээд анхаарал тавимаар байгаа юм. Яг цэвэр эдийн засгийн талаас нь бид өдий болтол хариулт өгч чадахгүй байгаа. Осолгүй нэг хэсэг хүмүүс энд тэнд юм хэлээд онош тавиад байгаа боловч яг системийн шинж чанартай өнөөдөр үүсчихээд байгаа эдийн засгийн нөхцөл байдал маань ямар шалтгаантай юм бэ гэдгийг тайлбарлаж чадахгүй байна. Үйл хөдлөлийн эдийн засаг гэж шинжлэх ухааны нэг чиглэл байдаг. Би хувьдаа тэр талаас нь илүү харж өнөөгийн үүсчихээд байгаа байдлыг тайлбарлах ёстой юм болов уу гэсэн бодолтой байгаа. Дээрээс нь нэмээд улс төрийн эдийн засгийн талаас нь үүнийг бас тайлбарлах ёстой болов уу. Өөрөөр хэлбэл энэ хоёр арга зүйг хэрэглэж байж өнөөгийн үүсчихээд байгаа нөхцөл байдлын арай жаахан бодитой дүр төрхийг гаргаж ирэх байх.
Манайд нэг буруу ойлголт сүүлийн үед яваад байгаа. Нэг аж ахуйн нэгж, байгууллага, компани удирдаж байсан хүн хүрч ирээд улс орныг удирдаад аваад явж чадна гэж бодоод байх шиг байгаа юм. Тэндээ тодорхой хэмжээний амжилтад хүрсэн байж болно. Гэхдээ компани удирдах, улс орны эдийн засгийг удирдах чинь шал ондоо байхгүй юу. Тэс өөр эдийн засгийн нэр томьёонууд, категориуд хэрэгтэй болно. Тэр бүгдийг ойлгодог байх хэрэгтэй. Тэдний уялдаа холбоог нь хөгжил хөдөлгөөнд нь олж харж чаддаг байх ёстой. Хамгийн энгийн жишээ хэлэхэд компанийн хэмжээнд боловсон хүчин, хүний нөөцийн асуудал л гэж яригддаг биз дээ. Гэтэл улсын хэмжээнд ороод ирэхээр хөдөлмөрийн зах зээлийн асуудал болчихно. Энэ чинь хоёр ондоо ойлголт шүү дээ. Хөдөлмөрийн зах зээл дээр өрнөж байгаа асуудал, аж ахуйн нэгжийн боловсон хүчний асуудал гэдэг хоёр өөр зүйл гэсэн үг. Ялгаж салгаж чадах ёстой байхгүй юу. Манайхан үүнийг ерөөсөө ойлгодоггүй. Тэгсэн атлаа би ингэж байсан юм чинь юухан байхав удирдана гэдэг. Мөн манайд өнөөдөр яг үнэнийг хэлэхэд макро эдийн засгийн түвшинд улс орны эдийн засгийг аваад явах эдийн засагч нарын цөм ерөөсөө бүрдэж өгөхгүй байгаа. Ганц нэг хүн энд тэнд харагдаад байх боловч хүч нь нэгдэж чаддаггүй. Тэр утгаараа цаашдаа эдийн засгийн боловсролыг нэлээд гүнзгийрүүлэх, чанарын шинэ шатанд гаргах чиглэлээр анхаарч ажилладаг юм бил үү гэсэн бодол надад бий. Үүн дээр ач холбогдол өгөхгүй бол цаашдаа олигтой явахгүй юм шиг байна гэсэн ойлголт төрөөд байгаа.
-Засгийн газрыг төсвийн алдагдлыг зээлээр нөхөж байна. Энэ нь зөв, буруу гэсэн яриа их гарах юм. Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Энэ бол техникийн чанартай асуудал. Яах ёстой вэ энэ тэр гэдэг нь сурах бичиг дээр байж байдаг зүйл. Тийм учраас би хөндөж ормооргүй байна. Хамгийн гол нь энэ бүх асуудлын чинь утга учир, мөн чанар, үр дагавар нь юундаа байгаа юм гэдгийг хараад түүн дээр нь дүгнэлт хийх субьект байх ёстой. Тэр субьект байхгүй тухай асуудлыг би хөндөөд байгаа юм. Наад асуудлыг чинь Монгол Улсын Ерөнхий сайд өөрөө харж байх ёстой. Сангийн сайд харж байх ёстой. Асуудлыг бүхэлд нь харж байдаг Монголбанк гэж байх ёстой. Эд нарын чинь уялдаа холбоо энэ бүгдийг харах чадвар гэдэг чинь нэлээд чухал зүйл. Энэ субьектүүд өнөөдөр байхгүй байна. Яг ний нуугүй хэлэхэд өр ч гэж юу юм. Яаж ч тэрийг шийддэг юм. Ер нь ямар үр дагавартай байдаг юм гэдгийг дээр миний хэлээд байгаачлан компанийн хэмжээнд сэтгээд байгаа байхгүй юу. Макро эдийн засгийн хэмжээнд бол ямархуу янзын үр дагавартай юм бэ гэдгийг ердөө ойлгохгүй байна шүү дээ. Болно, болно ингээд тэгчихнэ гэсэн тиймэрхүү хандлагаар хараад байна л даа.
-Эдийн засгаа солонгоруулахын тулд уул уурхайгаа хөдөлгөх ёстой гээд байдаг шүү дээ. Уул уурхайгаасаа олсон орлогоор л бусад зүйлсээ хийж авах бололтой юм?
-Дахиад хэлье. Наадуул чинь дандаа техникийн чанартай асуудлууд юм. Хариултууд нь бэлэн байж байгаа. Солонгоруулах, солонгоруулахын тулд хөрөнгийн эх үүсвэр хаанаас авах, түүнийгээ хааш нь чиглүүлэх, юунд мөнгө зарах юм гэдгийг бүгд ярьдгаа яриад одоо сахал ургачихсан хуучин зүйл. Хүн болгон мэддэг болчихсон. Би сүүлийн үед хамгийн гол асуудал нь юундаа байна гэхээр хүндээ байна гэж л бодоод байгаа. Энэ бүгдийг чинь ойлгож, харж, хэрэгжүүлэх чадвартай боловсон хүчний асуудал. Дээр субьект гээд ярьсан шүү дээ. Тэр субьектуудын асуудал чухал. Бид тэр лидерүүдээ гаргаж ирж чадахгүй байгаа юм. Салбар салбар дээр нь бид өөр өөрсдийнх нь лидерүүдийг тодруулаад гаргаж ирэх ёстой юм л даа. Аж үйлдвэр, хөдөө аж ахуй, банк санхүү, барилга, шинжлэх ухаан, техник технологийн салбар, төсөв дээр ч гэдэг юм уу. Тэр хүмүүсээ гаргаж ирдэг механизм нь байхгүй болчихсон. Өнөөдөр улс төрийн намууд гэдэг юманд энэ байгаа цөөхөн хэдэн хүн бий шүү дээ. Тэр цөөхөн хэдэн хүн дотор бас авьяастай, чадалтай, мэдлэгтэй, боловсролтой нь бүүр цөөхөн байгаа. Тэднийгээ улс төрийн намуудаар тараагаад цөмийг нь буюу хүчийг нь бүрдүүлж өгөхгүй байгаа байхгүй юу. Тарааж хаячихаад байгаа. Ийм учраас улс төрийн нам гэж харгалзахгүйгээр Монгол Улсын эрх ашиг том юмаа хараад цаашаагаа явж чадах баг бүрдүүлэх. Тийм хүмүүсийг төр засаг руу авчирдаг механизм юу байна гэдэг дээр манай холбогдох хүмүүс анхаарлаа хандуулж, бодож, өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх цаг болсон байх.
-Улс оронд нөлөөгөө үзүүлэх томоохон төслүүдийг хөдөлгөх гэтэл улс төрийн оролцоо их байдгаас гацчихдаг гэсэн шүүмжлэл бий. Тавантолгойгоор жишээ авахад бизнесийн чиглэлээр нь явуулах ёстой гэдэг атлаа улс төрийн шалтгаанаар явуулахгүй байна гэдэг?
-Наадах чинь бол зүгээр л нэг тохиолдлын чанартай зүйл харагдаж байгаа. Том системээрээ юу харагдаад байна гэхээр шийдлүүд нь тэртэй тэргүй байж байгаа. Таван толгойг яаж явуулах вэ гэдгийг бүгд мэдэж байгаа шүү дээ. Инженер, техникийн хүмүүсийг авчраад тавьчих юм бол тэд аваад л явчихна. Үүнийг чинь хэрэгжүүлдэг тэр субьектууд нь чухам хаана, юу байгаа юм. Тэр маань үүнийг авч яваад цааш нь чанарын шинэ шатанд гаргаад ирэх тэр тогтолцоо манайд хаана байна вэ. Өнөөдөр жишээ нь Таван толгойн асуудал Улсын Их Хурлын асуудал болчихоод байгаа. Тийм биз?
-Тийм.
-Би одоогоос долоо, найман жилийн өмнө энэ бол үсрээд нэг агентлагийн газрын даргын хэмжээнд л яригдах ёстой асуудал гэж ярьж байсан. Нэг аж ахуйн нэгж байгууллагын асуудал шүү дээ. Хэрвээ төр нь ухаантай бол УИХ-аа ийш татаж оруулахгүй. Бүр яамыг ч татаж оруулахгүйгээр агентлагийн түвшинд залаад чиглүүлээд төрийнхөө эрх ашиг, Монголын эрх ашгийг хангаад явж болох байхгүй юу. Гэтэл манай тэр агентлаг энэ ажлаа хийх чадвар байхгүй. Тэгээд яам нь орж ирээд шийдэх гэхээр бас чадваргүй. Засаг нь орж ирээд бүхэлдээ үүнийг шийдэх гэхээр бас чадвар байхгүй. Тэгээд Их хурал дээрээ үүрч авчраад тавьчихсан. Ингээд хууль тогтоох байгууллага чинь Засгийн газрын ажлыг хийгээд эхэлж байгаа байхгүй юу. Энэ чинь нөгөө хамаг юмыг нь бужигнуулаад хаячихаж байна шүү дээ. Хэрвээ Монгол Улсын эрх ашиг зөв томьёологдоод түүнийг зөв хэрэгжүүлдэг механизм нь байсан бол иймэрхүү асуудлууд яамны нэг хэлтэс ч юм уу эсвэл агентлагийн хэмжээнд шийдэгдээд явах ёстой. Тэнд Монгол Улсын эрх ашиг 100 хувь хангагдаж байх ёстой. 51 хувь нь төрд байх нь ашигтай юм уу эсвэл 34 хувь нь байх ёстой юм уу. Хаанаас хөрөнгө оруулалтаа татаж байх ёстой юм. Тэр дэд бүтцийг яах ёстой вэ гэдэг тэр хэмжээнд шийдэгдэж байх ёстой. Манайх тэр хэмжээнд ажиллаж чадахгүй байна л даа. Тэгээд явсаар явсаар байгаад яамныхаа хийх ажлыг засаг нь хийгээд засгийн хийх ажлыг Их хурал нь хийж байна. УИХ-ынхаа хийх ажлыг Ерөнхийлөгч нь хийгээд Ерөнхийлөгчийнхөө хийх ажлыг агентлагийн дарга нь хийгээд байхаар энэ улс орон чинь яаж хөгжих вэ дээ. Миний нөгөө яриад байдаг зүйл чинь тэр шүү дээ. Дээрээ суудлаа олохгүй бол доороо хэзээ ч гүйдлээ олохгүй нь ээ гэж.
-Тэгэхээр одооноос яг ямар ажил хийвэл зөв голдрилдоо орох юм бэ?
-Яривал зөндөө юм байгаа л даа. Өнөөдөр ярих цаг нь мөн үү, биш үү гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Сонгууль өнгөрөөд шинэ засаг төр нь бүрдээд ирсний дараа бол ганц хоёр өөрийн гэсэн санаа, хэрэгжүүлье гэж бодож явдаг зүйлээ холбогдох хүмүүстэй хуваалцах байх. Сонсох нь уу, сонсохгүй юу тэд нарын асуудал. Миний хувьд бол юу гэж ойлгож байгаа вэ гэхээр нэн түрүүн энэ улс орон эзэнтэй л болох ёстой. Юм цэгцрэхэд энэ их чухал зүйл.
Ж.БАЯРСАЙХАН