Евгения Медведева
“Пёнчан 2018” өвлийн олимпийн 23 дугаар их наадам эхлэхэд ердөө хоёр долоо хоногийн л хугацаа үлджээ. Энэ удаагийн олимпийн наадмыг тойроод ОХУ-ын тамирчдын допингийн асуудлаас болж оролцох эрхийг хассан, Умард Солонгосын баг тамирчид оролцохоор болсон зэрэг олон дуулиантай үйл явдлууд болж байгаа.
Гурав жилийн өмнө нийслэлчүүд чөлөөт цагаараа гулгах битүү мөсөн талбайтай болж “HUNNU MALL”-ыг зорих үйлчлүүлэгчдийн тоо эрс олширсон. Үүнийг дагаад ч тэрүү өвлийн олимпийн төрлүүдээс монголчууд уран гулгалтын спортыг илүү сонирхох болсон. Пёнчаны олимпийн уран гулгалтын төрлийн тэмцээн хоёрдугаар сарын 9-23-ны өдрүүдэд Солонгосын “Ганнам Айс Арена”-д үргэлжилнэ. Хоёрдугаар сарын 9-нд багийн төрлийн тэмцээн явагдах бол 12-нд холимог хос, 16-нд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээнээр үргэлжлэх хуваарьтай байна. Хамгийн сонирхолтой буюу эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн 21-ээс 23-ны өдрүүдэд үргэлжилж аваргуудаа шалгаруулах юм.
Энэ удаагийн олимпийн наадмын эмэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан төрөлд шилдэг 30 тамирчин оролцохоор шалгараад байна. Юуны өмнө одоогоос дөрвөн жилийн өмнө Сочигийн олимпод ямар тамирчид медалийн тавцанд зогсож байсныг эргээд харъя. Эмэгтэйчүүдийн уран гулгалтын төрөлд Оросын Аделина Сотникова нутагтаа түрүүлж байсан бол “мөсний хатан” Солонгосын Ким Юу На хэл ам дагуулж мөнгөн медаль хүртэж, Италийн Коралин Костнер хүрэл медаль авч байв. Аделина Сотникова энэ удаагийн олимпийн эрхээ өвөртөлж чадаагүй бол Ким Юу На 2014 онд 24 настайдаа зодог тайлж буйгаа албан ёсоор зарласан билээ.
Пёнчаны мөсөн талбайгаас шар медаль хүртэх хамгийн өндөр магадлалтай тамирчнаар Олон улсын олимпийн хорооны нэр оролцож буй Оросын холбооны улсын тамирчин, дэлхийн чансааг тэргүүлэгч Евгения Арманова Медведева гэх 19 настай охиныг нэрлэж байна. Тэрээр 2016 болон 2017 оны уран гулгалтын дэлхийн аварга шалгаруурах тэмцээнд түрүүлжээ. Харин саяхан Оросын холбооны улсад зохиогдсон Европын аварга шалгаруулах тэмцээнд нутаг нэгт Алина Загитовад ялагдаж мөнгөн медаль зүүсэн. Иймээс дэлхийн чансааг тэргүүлэгч Медведева Загитовагаас “даагаа нэхэх”-ээр Пёнчаны мөсөн талбайд гарах биз.
Мөн медалийн тавцанд зогсох магадлал өндөртэй тамирчин нь Канадын Кетлин Осмонд. Канад бүсгүй 2014 оны олимпийн наадмын уран гулгалтын багийн төрөлд мөнгөн медаль хүртэж байсан туршлагатай. Харин энэ удаа ганцаарчилсан төрөлд хүч сорихоор болжээ. Түүний оргил амжилт нь 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 218.13 оноо авч мөнгөн медаль зүүсэн явдал юм.
Канадын өөр нэг тамирчин медалийн тааварт байгаа нь Габриел Делмэн. Сүүлийн үед ур чадвар нь хурдацтай ахиж буй Канад охин өнгөрсөн оны дэлхийн аварга шагаруулах тэмцээнээс хүрэл медаль зүүж байсан. Мөн 2017 оны хоёрдугаар сард “Ганнам Айс Арена”-д явагдсан дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээнд Японы Май Михарад л ялагдаж мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. Тивийн аваргад авсан мөнгөн медалиа олимпийн наадамд алт болгоод зогсож мэдэх л тамирчин даа.
Энэ удаагийн олимпийн наадамд өндөр амжилт үзүүлж багийн дүнгээр зөвхөн тэргүүлэх зорилготой Пёнчанд газардах гүрэн бол Америкийн нэгдсэн улс. Тэд эмэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан төрөлд Карен Чен, Бреди Тенел нарт итгэл хүлээлгэжээ. Америк иргэншилтэй Хятадад төрсөн Карен Чен 18 настай ч олимпийн наадамд амжилттай оролцох магадлал өндөр гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Ази тивийн төлөөллүүдээс өвлийн олимпийн наадмаас медаль зулгаах магадлал хамгийн өндөртэй нь Японы тамирчин Сатоко Мияахара. Тэрээр 2015 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, 2016 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль зүүж байжээ. Мөн чансаа өндөр шилдэг тамирчид оролцдог Марселийн гранпри тэмцээнээс 2016, 2017 онуудад дараалж мөнгөн медаль хүртжээ. Мияахара дэлхийн чансааны долоодугаарт эрэмбэлэгдэж байна. Харин олимпийн наадмын зохион байгуулагч солонгосчууд Чой Да Бин гэх 19-тэй охинд итгэл хүлээлгэж байна. Чой Да Бин 2017 онд Азийн өвлийн тоглолт Японы Саппарод болоход түрүүлсэн бол Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Финландад зохиогдоход аравдугаар байр эзэлжээ.
Юзүрү Ханью
Пёнчаны олимпийн эрэгтэйчүүдийн уран гулгалтын төрөлд алтан медаль хүртэх тамирчнаар 2014 оны олимпийн аварга, 2015, 2017 оны дэлхийн аварга Юзүрү Ханью нэрлэгдэж байна. Дөрвөн жилийн өмнө 20 настай хүү Сочигийн олимпод анх удаагаа оролцоод л түрүүлж байсан бол хоёр дахь олимпдоо хэрхэх нь спорт сонирхогчдын анхаарлын төвд байгаа юм.
Юзүрү Ханьюгийн хүчтэй өрсөлдөгч нь Америкийн залуу авьяастан Натан Чен байх болно. Тэрээр өнгөрсөн жил “Ганнам арена”-д болсон дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээн, энэ оны Нагоягийн гранпри зэрэг тэмцээнүүдээс алтан медаль хүртээд байгаа юм.
Мөн Пёнчанд алтан медаль хүртэх зорилготой очих өөр нэг тамирчин нь Хятадын Жин Ба Ен байх болно. Өнөө жил 21 настай Хятад залуу 2016 болон 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс дараалан хүрэл медаль зүүж байжээ. Түүнийг олимпийн наадмаас медаль хүртэх хамгийн өндөр магадлалтай тамирчнаар Америкийн Ice network.com ” сайт нэрлэсэн байна. Олон улсын олимпийн хорооны нэр дээрээс өрсөлдөх Михайл Коляда Пёнчаны мөсөн талбайд гялалзах оддын нэг нь байх болов уу. Европын аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медалтай тэрээр дэлхийн чансааны дөрөвдүгээрт бичигдэж байна. Михайл Коляда хамгийн сүүлд энэ оны Хятадын цомын тэмцээнээс алтан медаль хүртжээ.
О.ДАШНЯМ