Categories
гадаад мэдээ

Путиныг эсэргүүцсэн иргэдийн уриалга нийтлэгдэв DNN.mn

Фронтоос буцаж ирэх хугацаа нь аль хэдийнэ өнгөрчихсөн дайнд дайчлагдсан орос цэргүүдийн төрөл төрөгсөд, найз нөхөд “Оросын олон үндэстний ард түмэнд” хандан тусламж хүсч буйгаа илэрхийлсэн уриалга, гарын үсэг цуглуулах өргөдлийг цэрэгт дайчлагдагсдын төрөл төрөгсдийн “Гэртээ харих зам” буюу “Путь домой” телеграмм сувагт нийтэлжээ.

“Энэ бол орос хүн бүрд хандсан уриалга гэхээсээ тэдэнд мөргөн байж тусламж гуйж буй хүсэлт юм. Бидний эмгэнэлт явдал та бүхний нүдэн дээр өрнөж, бид энэ бүхнийг дангаараа тээн явж чадахгүй болоод байна! Бид дарга нарын хаалга болгоныг тогшиж үзлээ. Манай төр, засаг өөрсдийнхөө уриалгыг хамгийн түрүүнд дэмжсэн хүмүүсээс нүүрээ буруулаад байна. Тэд юуны өмнө цэрэгт сайн дураар явсан хүмүүс болон тэдний ойр дотны хүмүүсээс нүүрээ буруулчихаад байна. Бидэнд найдвар бараг үлдсэнгүй. Бидний хэнд нь ч итгэл гэх зүйл алга боллоо. Олонх маань ирээдүйгүй болсон. Бид сонгогчид, иргэд биш, магадгүй бид хүн байхаа больсон… Биднээс өөрийн талынхан маань урваж бас тэд биднийг устгаж байна” гэж уг уриалгын эхэнд дурджээ.

Төр, засгийнхан Москвад бус Оросын хэд хэдэн бүс нутагт жагсаал зохион байгуулахыг хүлээн зөвшөөрсөн ч энэ нь зүгээр л хууран мэхлэлт байсныг цэрэгт дайчлагдсан хүмүүсийн төрөл төрөгсөд бид ойлгосон. “Төр засгийнхан биднийг хулхидсан. Та нарыг ч тэд хулхидна. Учир нь тэд энэ бүх хугацаанд та бидэнд зөвхөн үг хэлээрээ л тогтвортой байдал, найдвартай байдал, аюулгүй байдлыг харуулж байсан” гэж цөхрөнгөө барсан гэдгээ илэрхийлжээ.

Уг уриалгад “Ерөнхийлөгч дайчлагдсан цэргүүдийг фронтод явуулахгүй нөөцөд байлгах болно. Цэргийн тусгай ажиллагааг зөвхөн мэргэжлийн сайн дурынхан гүйцэтгэдэг гэж ярьж, амлаж байсныг бид мартаагүй. Гэтэл бидний ойр дотны хүмүүсийг шууд Украинд аваачсан байна” гэжээ.

Тэд Путины амлалтууд хоосон зүйл болж хувирсан. Олон хүн хэзээ ч эргэж ирэхгүй болсон. Дайчилгааны ажиллагаа аймшигтай алдаа болсон. Учир нь бид хуулийг дуугүй дагаж мөрдсөнийхөө төлөө шийтгэгдэж байна. Манай эрчүүд дайнд ялагдахгүй байх төлбөрийг цус, амь насаараа харин бид эрүүл мэнд, нулимсаараа төлж байна. “Манай улсад болж байгаа зүйлд ямар ч утга учир алга. Ерөнхийлөгч ирж буй 2024 оныг гэр бүлийн жил болгон зарласан. Хачирхалтай нь, эхнэрүүд нөхөргүй уйлж, хүүхдүүд эцэггүй өсөж, олонхи нь аль хэдийнэ өнчирчихөөд байна. Шоронд хоригдож байсан, цуврал аллага хийж, хүний мах идэгч-сатанист Цэргийн тусгай ажиллагааны явцад олон аллага хийсэн гэж зургаан сарын дараа эрх чөлөөтэй болж, цагаатгагдлаа. Манай Ерөнхийлөгчийн хошин шогийн мэдрэмж хэтэрч байна! Эх орон нь хэзээ ч төлж дийлэхгүй их зүйлийг эх орондоо хэдийнээ хийчихсэн манай залуус яагаад 15 сарын турш завсаргүй байлдаж байна вэ?

Учир нь Таны, Бидний эх орон маньякууд, архичид, цагаачид, хэт баяжсан түшмэдүүд болон тэдний үр хүүхдүүдийг л зөвхөн харж үздэг улс болжээ. Энэ бол манай нийгэмд буруу сонгон шалгаруулалт явагдаж байна гэсэн үг. Бид Орос ертөнцөө юу гээч юм болгочихов оо? Бид хаа нэгтээ буруу зам руу эргэсэн бололтой. Бидэнд үүнээс гарах гарц байна уу? гэсэн асуултыг дайчлагдсан цэргүүдийн төрөл төрөгсөд бид та бүхэнд тавьж, бидний шаардлагыг дэмжиж гарын үсэг зурахыг Оросын хүн бүрээс хүсэж байна” гэжээ.

Украины дайн эхэлснээс хойш Оросын энгийн иргэд ийнхүү анх удаа зохион байгуулалттайгаар төр, засаг ялангуяа В.Путиныг албан ёсоор эсэргүүцэж буй нь үнэхээр онцлох үйл явдал юм.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *