Categories
мэдээ цаг-үе

Путин цөмийн зэвсэгт хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ || DNN.mn

Ням гарагийн орой ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын цөмийн зэвсэгт хүчнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тушаал өгсөн байна.

Тэрбээр ОХУ-ын батлан хамгаалах яамны сайд, зэвсэгт хүчний жанжин штабын дарга нартай уулзах үеэрээ ийм тушаал өгснөө телевизээр үг хэлэхдээ мэдээлжээ.

Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлсэнтэй холбоотойгоор Өрнөдийн орнууд ОХУ-ыг дэлхийн тавцанд ганцаардуулах олон шаттай арга хэмжээ авч байгаа.

Ийм түрэмгий үйлдлийн хариуд Орос улс цөмийн зэвсэгт хүчнээ бэлэн байдалд шилжүүлснийг тэр тайлбарлажээ.

Гэхдээ энэ нь ОХУ түрүүлж цөмийн цохилт өгөх тухай биш, зөвхөн өөрийгөө хамгаалах зорилготой гэж ажиглагчид дүгнэж байна.

Өнгөрсөн долоо хоногт Владимир Путин хэлэхдээ Украинд ажиллагаа явуулахад нь саад болсон хэн ч “урьд хожид үзэгдээгүй үр дагавар амсана” хэмээн сүрдүүлж байв. Үүнийг олон хүн цөмийн дайны сүрдүүлэг хэмээн ойлгож байв.

Ням гарагт Путиний хийсэн мэдэгдлийн дараа Европын Холбоо тус улсын эсрэг авах хориг арга хэмжээгээ лавшруулсан юм.

Тухайлбал Украинд зэвсэг илгээх ажлыг санхүүжүүлэх шийдвэр гаргаж, Оросын нисэх онгоцнууд агаарын орон зайд нь нэвтрэхийг хориглож, Спутник, Russia Today суртал нэвтрүүлгийн сувгуудын үйл ажиллагааг Европын Холбооны нутаг дэвсгэрт хоригложээ.

Путиний шийдвэрийг АНУ-ын засаг захиргаа “түрэмгийллээ зөвтгөхийн тулд хиймэл аюул занал бий болгож буй хэрэг” гэж тодорхойлоод NATO болон Украины хэн нь ч ОХУ-ын аюулгүй байдалд шууд заналхийлээгүйг мэдэгдсэн байна.

NATO-гийн нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг цөмийн зэвсгийг бэлэн байдалд шилжүүлсэн шийдвэрийг “аюултай, хариуцлагагүй үйлдэл” хэмээн шүүмжилжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *